Цэс Close

2014-2024 онуудад төрийн байгууллагууд цахим шилжилтэд нийт 2 их наяд төгрөг зарцуулсан байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцууллаа. Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд хийгдсэн цахим шилжилтийн үр дүнд Монгол Улс НҮБ-аас 2 жил тутамд гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, өмнөх оноос 28 байр урагшилсан. Мөн цахим хөгжлийн индексүүд сайжирч байна. Тухайлбал, төрийн үйлчилгээний цахим индекс 2020 онд 0,53 байсан бол 0,83 болж өссөн. Цахим хөгжлийн дэмжих 4 багц хуулийг батлан хэрэгжүүлж байна гээд хуулийн зохицуулж буй харилцааг танилцуулсан.

Тэрбээр цааш нь, төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, танилт, нэвтрэлтийн “ДАН”, төрийн үйлчилгээний “ХУРДАН цэг”-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тоо баримтыг мэдээлээд хуулийн хэрэгжилтийг хангах талаарх хүндрэл болон шийдлийг танилцуулав. Тухайлбал, байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрийг давхар хадгалах шаардлагатай тулгарч, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болж хувирч байгаа тохиолдлууд байгаа ажээ. Эрүүл мэндийн салбарт өвчтний түүхийг цахим системд оруулсан ч эмч нар давхар цахимаар хадгалдаг, зөвшөөрөл, тайлан зэргийг цахимаар авч байгаа ч цаасан хувийг нөхөж авдаг, хуулийн этгээд цахимаар байгуулахад дийлэнх алхам цахимжсан боловч цахимаар данс нээх, улсын бүртгэгч эх хувиуд иртэл бүртгэх боломжгүй байгаа ажээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд "Shilen.gov.mn" сайтад хуульд заасан нээлттэй мэдээллийг тогтмол оруулах, бүх төрийн байгууллага нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө  зөвлөмж, дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагууд "DocX"-т холбогдсон албан хэрэг хөтлөлтийн систем ашиглах, оpendata.gov.mn сайтад жагсаалтааар батлагдсан нээлттэй өгөгдлийг хэрэглэгч ашиглахад хялбар байдлаар оруулах, тоон гарын үсэг ашиглаж хэвших, цахим хэлбэрээр хадгалсан мэдээллийг цаасан хэлбэрээр давхардуулж хадгалахгүй байх ёстой гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, нээлттэй мэдээлэл гэдэгт 68 мэдээлэл нээлттэй байж чадаж буй эсэх, 2014-2024 онуудад төрийн байгууллагууд цахим шилжилтэд 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Хөрөнгийн задаргааг танилцуулах, хөрөнгийн үр ашигтай зарцуулах талаар хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулахыг хүссэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, төрийн байгуулалтын хооронд цаасан мэдээллийг хаахад эрсдэл бий гэдгийг сануулаад цахим гарын үсгийн шийдлийг сайжруулах ямар боломж буй эсэх болон кибер аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар асуув. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд цаасан болон цахим мэдээллийн үнэн бодит байдлыг эн тэнцүү гэж үзэх тухай заасан. Гэтэл Архивын ерөнхий газарт цаасаар мэдээллийг авч архивлах зохицуулалтай байгаа учраас асуудлыг эргэн харах шаардлагатай байна. Иргэн цахим гарын үсгээ нэг удаа өөрийн биеэр очиж, гарын үсгээ баталгаажуулах л шаардлагатай. Тоон гарын үсгийн техник, технологийг ирэх жилээс шинэчлэн олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна гэж ажлын хэсгээс хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын асуултад ажлын хэсгээс хариулахдаа, хуулийн дагуу 5 чиглэлээр 68 мэдээллийг "shilen.gov.mn" сайтад ил тод байршуулж байна. Төрийн байгууллагад цугларсан мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх төрийн байгууллагын мэдээллийг нэгдмэл байдлаар оруулах зохицуулалт хийх ажлын хэсэг ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах