Амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнээс коронавирусийн халдвар илрээгүй гэв

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  “Дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, 6 хүн нас барсан, мөн Тайланд улсад 2, Япон улсад 1, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Мөн албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг хоёр дахь удаагаа үнэлж, “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн.

БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.

Нэгдүгээр сарын 10-наас эхлэн  БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан. Онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн.

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн.

ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Амьсгалын замын халдварын тандалт идэвхжин ажиллаж байна. Шинэ төрлийн биш өмнө нь гарч байсан томуу үүсгэгч коронавирусийн халдвар байгааг иргэд маань ялгаж ойлгох хэрэгтэй” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.