Захирлынхаа гуйлтаар машиныг нь бариад амийг нь егүүтгэсэн хэрэгт унажээ

Манай улсад авто ослын хэрэг харьцангуй олон гардаг. Энэ ослын багагүй хувийнх нь цаана ослын улмаас амь үрэгдсэн хүүхэд, хөгшид, бусад хүмүүс байгаа гэхээр бүр ч эмгэнэлтэй.  Авто аваарын хэргийн олонхи нь согтуугийн гайгаар үйлдэгддэгийг мэдэхгүй хүн цөөхөн. Гэсэн атлаа л зуу татчихаад цагдаад л баригдахгүй бол яахав хэмээн өөрийгөө хууран замын хөдөлгөөнд оролцож эрдэнэт хүний амь насыг бүрэлгэн, насаараа сэтгэлдээ шаналал тээж, нарсанд хэдэн жил өнгөрөөсөн хүн олон.

Энэ удаад бид уншигчдадаа сэрэмжлүүлэг болгон одоогоос нэлээд хугацааны өмнө гарсан авто ослын нэгэн хэргийн талаар өгүүлэхээр шийдлээ. Гэхдээ энэ бол жолооч цагаатгагдсан тун ховор гэж хэлж болох тохиолдол. Савнаасаа бусдыг дийлдэг сархдыг хэтрүүлэн хэрэглэсэн хүний балгаар мөрөөрөө явсан нэг бүсгүй цөөнгүй хоног хоригдож, хоёр хүн хорвоог орхиж, хэд хэдэн хүн гэмтэл авч, сэтгэл санаагаар хохирсон эмгэнэлт түүх юм.

Саран ээж, дүү, охины хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Наймдугаар сарын 26-н нэгэн жижиг компанид ажилладаг Сарангийн хувьд дэндүү хар өдөр болох юм гэж ёстой зүүдэлсэн ч үгүй.  Ид налайсан энэ сайхан цагаар 8 дугаар сарын 25-нд захирлынх нь төрсөн өдөр тохиожээ. Салхинд гарч цэнгэн хөгжилдье гэсэн санаачлагыг бүгд уухайн тас зөвшөөрч, захирал Төгөлдөр нь гэргий хүүхдээ аваад ажлынхантайгаа амрахаар Сэлэнгийн зүг хүлгийн жолоо залжээ. Зорьсон газартаа ч саадгүй хүрч, насны баяраа сайхан тэмдэглэж, сархад зооглон амраад 8 дугаар сарын 26-ны өдрийн үд нэлээд хэвийсэн хойно Улаанбаатар руу буцах болжээ. Салхинд гарсан хүмүүс яадаг билээ дээ тэр жишгээр тэнд архи уугаагүй хүн нэгээхэн ч байсангүй. Төлөв даруу, бас архи ууж чаддаггүйгээрээ Саран л эрүүл үлдсэн байв. Захирал нь түүнээс машиныг минь бариад яваач гэж гуйжээ. Бүсгүй нэлээд цааргалсан ч дарга нь шалаад салахгүй болохоор арга буюу зөвшөөрч.

Машинд нийт долоон хүн сууж таарчээ. Жолоочийн суудалд Саран, хажууд нь захирал Төгөлдөр, урд хоёр суудлын дундах хайрцаг дээр захирлын эхнэр Гэрлээ арагшаа харан сууж, харин ажлын гурван хүүхэн болох Дулмаа, Оюунаа, Зулаа нар арын суудалд зэрэгцжээ. Захирлын охин Халиун Оюунаагийн өвөр дээр суухаас өөр арга байсангүй. Гэрийн зүг хүлгийн жолоо залмагц захирал Төгөлдөр архиныхаа халуунд дороо хурхиран унтаад өгч. Тэд 18 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байтал захирал Төгөлдөр нь жолоо барьж яваа Саранг налж унаад, сэрэнгүүтээ машины жолооноос зүүн гар тийш нь даран өндийжээ.

Тэнцвэрээ алдсан машин нэг мэдэхэд л бүтэн эргээд дөрвөн дугуй дээрээ тогтох нь тэр.  Ямар ч байсан тогтлоо доо гэж бодохтой зэрэгцэн Саран ухаан алдсан байж. Сэргэтэл Дулмаагийн ёолох, Зулаагийн хөнгөн мэгших нь сонсдож байлаа. “Яасан бэ, зүгээр үү” хэмээн сандран асуутал “Захирал өнгөрсөн юм шиг байна аа, Оюунаа ч бас амьсгаагүй байх шиг байна. Захирлын эхнэр охиноо аваад тусламж дуудахаар явсан” гэх нь тэр. Осол болсноос хоёр цаг орчмын дараа цагдаа болон түргэнийхэн хэргийн газарт ирж, бэртэгсдийг Улаанбаатар руу авч явжээ. Аймшигт аваарын улмаас Төгөлдөр, Оюунаа нар газар дээрээ нас барж, Саран, Дулмаа нар хүнд гэмтэж, Зулаа, Халиун, Гэрлээ нар хөнгөн гэмтэл авсан байлаа.

Хажууд нь сууж явсан хүн амьсгал хураасан хар дарсан зүүд шиг өдрөөс хойш  Сарангийн амьдрал ч там болж хувирав. Бүсгүй хоёр хүн цааш нь харуулж, хэд хэдэн хүн гэмтээсэн буруутан болж, цагдаа шүүхийн үүд сахих боллоо. Саранг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан явна”, Мөн дүрмийн 9.2-д  заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг онхолдуулж, зорчиж явсан хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд, гурван хүний биед хөнгөн гэмтэл, Төгөлдөрийн автомашинд 6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгажээ.

Түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд  жолоо барих эрхийг дөрвөн жилээр хасч, 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэсэн байна. Мөн Сарангаас нийт 16 сая гаруй төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ.

Бүсгүй дээд шатных нь шүүхэд хандаж. Давж заалдах шатны шүүх хурлаас Саранд оногдуулсан 5 жил 10 хоногийн ялыг 3 жил 5 сар хорих болгон хөнгөрүүлсэн байна. Арга барагдсан Сарангийн өмгөөлөгч Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ. Сарангийн өмгөөлөгч Дээд шүүхэд гомдол гаргахдаа “Амь хохирогч Төгөлдөр машин дотор унтаж яваад жолооч руу налж, улмаар босох гэж зүтгэхдээ жолооны хүрднээс татаж, машины тэнцвэрийг алдагдуулж, онхолдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагддаг” тухай дурдаад цагаатгаж өгөхийг хүссэн аж. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим энэ хэргийг нэлээд хугацааны өмнө хэлэлцжээ. Хориход ял эдэлж байсан Саран тэр өдөр төрийнхөө сүлдэнд үнэн мөнийг минь олж өгөөч гэж өдөржин залбирсан гэдэг юм.

Дээд шүүх жолооч буюу Сарангийн болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж өмнөх шатны шүүхүүд дүгнэснийг хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж үзжээ. Мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч нар тухайн тээврийн хэрэгслийг Саран жолоодож явсныг гэрчилсэн боловч жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсныг нотлоогүйгээс гадна Сарангийн “…Төгөлдөр согтуу унтаж яваад над руу налж унаад, сэрэнгүүтээ машины жолооноос зүүн гар тийш нь дараад өндийсөн. Нэг мэдэхэд машин бүтэн эргээд 4 дугуй дээрээ боссон” гэх мэдүүлгийг үгүйсгэж няцаагаагүй байна. Мөн “… жолоочийн хажууд унтаж явсан согтуу хүн гэнэт сэрж, жолооны хүрднээс татсан нь үнэн бол уг машины тэнцвэр алдагдаж онхолдох магадлалтай, тухайн үед жолооч зогсоох арга хэмжээ авсан ба замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэвэл Саран уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу хэрэгсэхгүй болгож, Саранг цагаатгах нь зүйтэй гэж Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Дээд шүүхийн мэргэн шүүгч нарын үнэнийг тогтоосон энэхүү тогтоолын ачаар Саран хэмээх 37 настай бүсгүй ялтан нэрээс аврагдаж, ачит буурал ээж, амин хайрт охиндоо очсон юм.

Төгөлдөр захирал архи хэтрүүлэн хэрэглээгүй, жолооны хүрднээс зуураагүй бол Саран эрхээ хязгаарлуулан, хоёр жилийн турш цагдаа, прокуророор явж, алуурчин хэмээн чичлүүлж, шүүхээс ял сонсож, өндөр настай ээж, өрөвдөм охиныхоо зүрхийг шимшрүүлэхгүй байсан нь тодорхой. Бас Төгөлдөр захирал ч бяцхан охиноо цаг бусаар орхин нөгөө ертөнцөд одохгүй байсан биз ээ.

Захирлынхаа гуйлтаар машиныг нь бариад амийг нь егүүтгэсэн хэрэгт унасан бүсгүйн эмгэнэлт түүх жолооч та бүхэнд сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна.

 

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.