Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавилаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир нар оролцов.

УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэдээс 818 өргөдөл ирүүлснийг шийдвэрлэж, ажиллаж байна.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа үүрэг өгч, дөрвөн удаа албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллажээ.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэхдээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахаас гадна холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Мөн шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг.

Аливаа үйлдвэрлэлийн дамжлага болгонд хяналт тавьснаар чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргадагтай яг адилхан Өргөдлийн байнгын хороо нийгэм, нийтийн эрх ашгийг хамгаалахыг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу судалж үзээд, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаад, гаргасан тогтоол шийдвэрээ бодит амьдралд хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

Тогтоол шийдвэр гаргаад орхилгүй бодит ажил болгохын тулд хойноос нь хөөцөлдөж, хяналт тавьж ажиллавал үр дүн гардаг гэдгийг харуулахыг зорьж ажилласан” гээд 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд болон энэ удаагийн парламент бүрдсэнээс хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол гол ажлынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

Өнгөрсөн чуулганы хугацаанд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд анх удаа гүйцэтгэлийн аудит хийлгэв

-Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн хэрэглээнээс хязгаарлав

-Туул гол хамгаалах эзэнтэй болов

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолт, тээвэрлэлтийг зогсоов

-Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлснээр иргэд хүндрэл багатайгаар орон байртай болно

-1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов

-Мал хулгайлах гэмт хэргийн талаар цахим хуралдаан хийж, ялын бодлогыг чангатгах асуудлыг хөндөв

-Сурагч, багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэйг сануулж ажиллав

-Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахыг бүрэн хориглов.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.