Жокер ба нийгмийн хуваагдал

Жокер ба нийгмийн хуваагдал

Дэлгэцэнд гарснаасаа хойш дуулиан тарьсаар буй “Жокер” киног саяхан үзэв. Хоакин Фениксийн гайхамшигт жүжиглэлтийг алмайран бишрэхийн хажуугаар нэг л зүйл өр зүрхийг минь өвтгөх шиг… Зэрэгцэн суусан найз маань “Ийм солиотой амьтдыг ертөнцөд төрүүлэхгүй байх хэрэгтэй юм” гэхэд нь түүн рүү зэвүүрхэн харлаа. Яагаад ?!

Өнгөцхөн дүгнэвэл Артур буюу Жокер сэтгэцийн өвчтэй алиалагч, алуурчин. Харин киноны гүн утга руу орвол тэр нийгэмд ад шоо үзэгдсэн гадуурхагдсан нэгэн. Чухам дэлхийн олон хүн ингэж ч харсан учраас Хонгконгод болсон жагсаалын үеэр тэмцэгчид Жокерийн баг өмсөж, түүнтэй адил нүүрээ будан оролцсон юм. Уг нь тус улсад олон нийтийн жагсаалын үеэр нүүрний баг зүүхийг хориглодог атал шүү дээ… Жагсагчид өөрсдийгөө Засгийн газар, чинээлэг давхаргынханд үл тоомсорлогдсон, сэтгэл дундуур нийгмийн бүлэг хэмээсэн. Энэ нь Жокерийн намайг хэн ч сонсдоггүй гэх шаналант үгтэй утга дүйж буй юм.

Хонгконгоос гадна Ливан, Ирак, Чили, Боливид жагсагчид Жокерийг өөрсдийн бэлгэ тэмдэг болгосон нь ердөө л нэг ижил шалтгаантай. Тэд нийгмийн тэгш бус байдлын эсрэг жагссан.

Саяхан хүртэл ажин түжин байсан дэлхий ертөнц нэг л хөдөлгөөнд орж, хамгийн тайван гэгдэх улсуудад ч үе үе сонин зүйлс сонсогдож байгааг та анзаарсан л биз. Хэдхэн хоногийн өмнө болсон Давосын эдийн засгийн форумын үеэр ч тэгш бус байдлын асуудлыг нэгэн сэдвээ болгон онцоллоо. “Оксфам интернэшнл” судалгааны байгууллагын “Tim to care” тайланд орлогын тэгш бус байдлыг хэрхэн бууруулах талаар хөнджээ. Санхүүгийн хямрал нүүрлэх болсноос хойш буюу 2009-2019 оны хооронд дэлхийн тэрбумтнуудын тоо хоёр дахин нэмэгдэж өдгөө 2153-д хүрсэн байна. Тэдний нийт хөрөнгө дэлхийн хүн амын 60 хувь буюу 4.6 тэрбум энгийн иргэдийн хөрөнгөтэй тэнцэж байгаа аж. Дэлхийн 22 тэрбумтны хөрөнгө л Африк тивийн бүх эмэгтэйчүүдийн хөрөнгийг даваад байгаа, гэрийн эзэгтэйн ажилд зарцуулж буй эмэгтэйчүүдийн цалинг олговол 10.8 их наяд ам.доллар шаардагдана гэсэн тооцоо байна. Хэдийгээр шударга хөдөлмөрөөрөө олсон байлаа ч дэлхийн хүн амын зарим хэсэг хэт баян, зарим нь үгээгүй ядуу байгаа орлогын тэгш бус байдлыг халах ёстой гэсэн хандлага хүчтэй илрэх боллоо.

 

Манай орны байдал бүр ч тайван бус. Сонгууль дөхсөнийг ч хэлэх үү ямар нэг хар мэдээллийг сэвэх нь хэт  ихсэв. Өглөө сэрэхэд л нэг муу мэдээ угтаж байдаг хачирхалтай цаг дор бид амьдарч байна. Саяхны баасан гаригийн сенсаац бүр 4-5-д хүрч, эцэст нь дэлхий даяар айдас төрүүлж буй корона вирусын мэдээнд дарагдав. Манай улсад сошиал медиа хэрэглэгч 2 сая 200 шахам байгаа гэнэ. Мэдээ түгээх хамгийн хурдан хэрэгсэл болсон сошиал орчинд үнэн худал нь олдохгүй мэдээлэл хүмүүсийн толгойг эргүүлэх болов.

Тэгш бус байдлын нөлөөгөөр үүссэн нийгмийн хуваагдал хүмүүсийн дунд ч, албан байгууллагад ч, сошиал ертөнцөд ч илт мэдэгдэх боллоо. Бид хаашаа явж байна вэ.

Өмнө минь суух сайхан хувцасласан чинээлэг эр бардам зангаар бусдыг харна. Тэр өөрийгөө элит хэмээн сэтгэх бөгөөд амьдрал байнга хөгждөг, сайн муу, дээр дор гэж цаг үргэлж байсан хэмээн сургана. Харин би түүний зан төрхөөс  өөрийгөө яг Жокер адил мэдэрнэ. Яагаад гэвэл түүний их мөнгө, дээгүүр төрхийн цаана тэгш бус байдлын үүднээс олсон хөрөнгө байгаа гэж боддог учраас тэр шүү дээ. Сайн, муу, баян, ядуу, дунджаас үл хамааран өнөөгийн нийгэм хоёр хэсэгт хуваагдчихаад байна. Бүх юм зүй тогтлын дагуу яваа гэж үздэг нэг хэсэг, тэгш бус байдлыг халах ёстой гэж дүгнэх нөгөө хэсэг.

Хүнд ухаан орсон цагаас нь л бусадтай ижил тэгш гэдгээ мэдрэх хэрэгцээ үүсдэг. Ээж аавдаа адилхан хайрлагдах, алим чихрээ тэнцүү хуваахаас эхэлдэг энэ хэрэгцээ цаашдаа сонгох, сонгогдох, албан тушаал дэвших, байгалийн баялгаас хүртэх, хөрөнгө чинээтэй болох гээд бүхий л зүйл дээр нийгмийн ижил тэгш боломжоор хангагдах ойлголтоор өргөждөг.

Тэгш бус байдал буюу өөрийн нийгмийн статус, эрх чөлөө, боломж бололцоог бусдаас ялгаатайгаар хүлээн авах явдал нь ямар ч нийгмийн шударга ёсны гол асуудал. Нийгэмд шударга ёс алдагдаж, тэгш бус байдал үүслээ гэсэн хандлага хүн төрөлхтний түүхэнд олон хувьсгал, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болсныг бид бэлээхэн мэднэ.

Манай улсын хувьд тэгш бус байдал өнөөдөр хамгийн сэтгэл зовоосон асуудал болчихоод байна. Монголчуудын зарим хэсэг нь хөрөнгөө гадаадад нуучихаад байгааг, өндөр хөгжилтэй орны баячуудаас дутах юмгүй чинээлгийг нийгэм даяараа мэдэж байна. Харамсалтай нь энэ хөрөнгийн эх үүсвэр эргэлзээтэй.

Албан байгууллагад, намуудад, улс төрийн дээд түвшинд, бизнес хийхэд ч тэгш бус байдлыг алдагдуулан хэн нэгнийг илт дэмжих нь гэм биш зан. Шударга ёсыг эрэн хайх нь хүний төрөлх мөн чанарын нэг. Харин тэгш бус байдал бүхий л түвшинд эвдрэлийн үрийг тарьж, бусдаас гадуурхагдсан мэт сэтгэгдэл төрүүлж байдаг ажээ.

Оны эцэст тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр гарахад ахмадууд минь яав. Олдог хэдийгээ өөртөө хүргэх гэж ядаж байсан тэдний маань зарим хэсэг уйллаа. Ухаантай байхыг шаардаад яах билээ. Тэгш бус хандлага л тэдний уурыг хамгийн ихээр хүргэсэн нь мэдээж.

За тэгээд зөвхөн ядарсан гэх ард иргэд ч биш, задарсан гэх төрийн түшээд хүртэл намайг хэлмэгдүүллээ, тэгш бус байдал гаргалаа гэж гоморхож байна. Заримдаа ч тэр нэгийг, би ганцханыг авсан гэдэг шиг яриа ч өрнөж байгаад бид дасах тийшээ хандлаа.

Нийгэм даяараа хошуураад байгаа facebook, twitter-ийн голлох сэдвүүд шударга ёс, тэгш байдал алдагдаж, манай улс авлигад живсэн тухай, ажил албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн “татаасны” хүмүүст дургүйцсэн зүйлсээр дүүрэн байна. Манай залуусын дунд моодонд ороод байгаа подкаст сонсоход ч тэгш бус байдлыг үүсгэсэн, “идэж уусан”, Монголын нийгмийг ийм байдалд оруулсан төрийн түшээдийг шинэхэн сонгуулиар солиод өгнө өө л гэх аж. Тэгш боломж эдлэхийг хүүхдээс авахуулаад хөгшин хөвөө хүртэл хүсч байгаа нь өнөөдрийн туйлын үнэн.

Сонгууль хаяанд иржээ. Нийгмийн тэгш бус байдал руу түлхсэн хүмүүсээ энэ сонгуулиар л арчаад хаяна даа гэж хаа сайгүй бичигдэх яригдах боллоо. Үнэн болов уу, сонгууль хэмээх сонин зүйлд хэн илүү танигдсан нь ялдаг хандлага түгээмэл. Зөв шударга ч олонд танигдаагүй  шинэ хүнд боломж бага сонгуулийн тогтолцоо манайд байгаа тухай хүмүүс ярьдаг. Тааварлаад яахав, ард түмэн эрх баригчдад дүн тавьж, хүссэнээрээ улс төрд үе сольж чадах эсэх нь хэдхэн сарын дараа тодорхой болно. Гэхдээ сонгуульд ялсан улс төрийн хүчнийг  ялалтын дуунаас илүү “ял” хүлээж буйг мэдэж байгаа болов уу.

Сошиалаар бие биенийхээ бузар булайг дэлгэж, есөн шидийн хороо хэрэглээд ард түмнийг молигодон гарч ирлээ ч ирээдүйгээ зөв тооцох хэрэгтэй мэт. Монголын ард түмэн энэ олон хар мэдээллийн хөлд эхлээд ханарч, үймж шуугин итгэж байснаа одоо бүгд адилхан “луйварчин” юм байна гэдгийг ухаарч эхэлжээ. Тийм ч учраас 2020 хэмээх тэгш онд ялах улс төрийн хүчин, хувь гишүүн ч бай шударга, тэгш байдлыг л зарчмаа болгохгүй бол удалгүй дараагийн их цэвэрлэгээнд өртөх ирээдүй тэднийг отож байна. Хар масс гэж “дарга нарын” тохуурхан нэрлэдэг иргэд Жокер адил тэгш бус байдлын “золиос” болж байгаагаа мэдэрч, хувьсгалч сэтгэхүйгээр цэнэглэгджээ. Шударга ёсоор цангасан ард түмэнд хүссэн тэгш байдлыг нь бий болгож өгөх, эсвэл “хувьсгал” адил өөрчлөлтийн өмнө Монголын нийгэм ирсэн байна.  Үнэн худлыг эвлүүлж зүйх боломжгүй цаг үе эхэлжээ. Энэ удаад эвлүүлж наалаа ч тэгш ёсыг тогтоохгүй л бол эргээд задрах эвдрэл биднийг хүлээж байна.

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.