Хаягдсан гитар

Босни ба Хэрцоговина Улсын Сараево хотод Дайны үеийн хүүхэд нас нэртэй музей бий. Югославын бутралын үед буюу 1992-1996 онуудад Сараево хот 1425 хоног бүслэлтэнд байсан түүхтэй. Бүслэгдсэн хотод амьдарч асан хүүхдүүдийн дурсамжтай холбогдох эд зүйлс, тэмдэглэл, яриа, гэрэл зураг гэх мэт үзмэрүүдийг энэ музейд байрлуулжээ. Нэгэн үзмэр дээр нүд тусаад. Минийх бил үү гэмээр танил дотно, шар банзан гитар. Хажууд нь түүхийг нь бичжээ. “Би энэ гитарыг цэргийн бааз байсан байрны доод хонгилоос дайн дөнгөж эхлээд байх үед олсон юм. Тэр өрөөнд юу ч үлдээлгүй зөөж, хоосолсон байсан ч энэ гитарыг үлдээсэн байв. Би түүнийг авч яваад, тоглож сурсан. Дууны үг, ая тэмдэглэсэн дэвтэрээ одоо ч хадгалдаг. 1994 онд болсон төгсөлтийн баярын үеэр хамт сурч байсан найзууд маань дэвтэр дээр минь үзгээр эрээччихсэн. Төгсөлтийн дараа би Өсвөрийн байлдагчдын Отряд руу хүргэгдэнэ гэдгээ мэдэж байв. Би 18 хүрээгүй байхдаа уурхайд ажиллаж эхэлсэн. Эдүгээ уурхайн шороо зөөж амьдралаа залгуулж явна. Сийд, 1975”. Танил түүх, танил амьдрал.

Социализм нурсан, ардчилалд шилжиж байгаа гэх саарал өдрүүд дурсамжид тань байдаг уу. Тэгэхэд би оюутан байв. Оюутны байраар дүүрэн өлссөн, хийцгүйрсэн залуус. Улаанбаатар тэгэхэд бүслэлтэнд байгаагүй ээ. Харсан зүгтээ явж болно, дуртай юмаа хийцгээ, дураараа дургицгаа, чи эрх чөлөөтэй гэцгээж байв. Гэвч Улаанбаатараас гараад хаачиж болохыг мэдэхгүй, суръя гэтэл юу заахаа мэдэхээ байсан хэдэн ангайсан багш, ажил хийе гэтэл үйлдвэрүүд хаагдаад эхнээсээ балгас болчихсон. Зурагтаар харин дуучин Цэрэнчимэд нэгэн нуурын эрэг дээр гитар тэврэн суугаад, “Зүүдэн бороо”-гоо, Хэнтийн ганган Төмөрхуяг гитараа мөрлөн тайзан дээр гарч ирээд, “Ухаарч амьдрах хорвоо”-гоо дуулахыг байнга үзүүлдэгсэн. Байрны оюутнууд гитар тоглодог нэгнийхээ өрөөнд цуглаад, тэр дуунуудыг ганганан дуулцгаадаг байв. Гэгэлгэн аялгуу ходоод хоосон, тархи нимгэн бидний юуг ч юм хүлээх тэвчээрийн бүсийг чангалж байжээ. Хонгилын үзүүрт харагдах гэрлийн тухай үлгэрээс илүү гэгэлгэн аялгуут дуу хуур л бидний итгэлийг хөглөж байв. Шар нар, бор хоногуудын дурсамж гитартай холбоотой байжээ. Олонх маань өнөөдөр мэдлэг, мэргэжил дутуугаараа дуудуулан гундуу хэвээр яваа.

Дайны үеийн хүүхэд нас музей 2017 онд анх нээгджээ. Сараевогийн бүслэлтийн дунд хүүхэд байсан Жасминко Халилович гэдэг залуу анх санаачилсан гэнэ. Тэрээр, “Дайны үеийн хүүхэд нас” ном хэвлүүлсэн нь зургаан хэл дээр орчуулагдаж, хэдэн он дамжин хамгийн сайн борлуулалтай номын тэргүүн эгнээнд жагссаар ирж. Номоо бичихээр судалгаа хийх явцад нь яриа, тэмдэглэл төдийгүй дайны үеийн дурсамж болон үлдсэн 3000 гаруй биет эд зүйлс цугларсан байна. Ингээд “Дайны үеийн хүүхэд нас” музей байгуулах санаачилга өрнөж, энэ төрлийн анхны музей байгуулагдсан түүхтэй.

 

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.