Коронавирус ба нийгмийн сэтгэл зүйд гарсан эерэг нөлөөлөл

БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусын халдвар улс орнуудын хэмжээнд айдас, болгоомжлолыг бий болгосон. Хил залгаа улс орны хувьд ч Монголчууд вирусын халдварыг нэлээн соргог хүлээн авсан. Өвчний тархалт цаг хугацааны хувьд хурдтай тэлж байгаа ч вирусын сураг Монголын нийгэмд, нийгмийн сэтгэл зүйд хэд хэдэн эерэг хандлагыг бий болгоод эхэлжээ.

Үргэлж шүүмжлэл, талцалаар дүүрэн байдаг онлайн ертөнц, олон нийтийн сүлжээнд вирусын халдварын тухай янз бүрийн цуурхал дэгдэх нь хязгаарлагджээ. Дуулиан, шуугианыг даган нийтэлдэг хэвлэл мэдээлэл ТВ, сонин, сайтууд вирусын тархалт, дотоодод илэрсэн амьсгалын замын цочмог, хурц өвчний тохиолдолд болгоомжтой хандан, мэдээллийг албаны эх сурвалжаас авч, иргэд, олон нийт рүү гол төлөв өвчнөөс сэргийлэх чиглэлийн мэдээлэл хүргэх зорилго тавьж байгаа нь нийгмийнхээ амгалан, тайван байдлыг нэгдүгээрт тавьсан эрүүл шийдвэрт тооцогдож байна.

Хэвлэл мэдээллийн үндсэн үүрэгт иргэд, олон нийтээ талцуулсан мэдээ мэдээлэл түгээхгүй байх, тэднийг ямар нэгэн тэмцэл, цуглаанд уриалахгүй байх, үндэстэн ястан, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх, нийгмээ айлган, сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд оруулсан мэдээ мэдээлэл түгээхгүй байх асуудлууд багтаж байдаг.

Коронавирусын халдвар, дэгдэлтийн үед хэвлэл мэдээллийн редакциуд энэ байр суурь дээр зогсож эхэлсэн нь нийгэм, иргэдийн хувьд сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байх боломжийг бүрдүүлээд эхэлжээ.

Улс орны хэмжээнд онцгой байдлын дэглэм тогтсон цаг үед иргэдээ мэдээ мэдээллээр шуурхай хангаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа Төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааг энд бас дурдахгүй өнгөрч болохгүй.

Коронавирусын халдварын голомтоос оюутнуудаа авчирсан, хил гаалийн үйл ажиллагааг зохицуулж, экспорт, импортыг хэвийн хэмжээнд байлгах, өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар гаргасан гэх мэт Засгийн газрын шийдвэрүүд нийгмээ тогтвортой байлгахад нөлөөлж байгаа бол,

Эрүүл мэндийн яам Коронавирустай холбоотой албан ёсны эх сурвалж болж хэвшив. Олон нийтийг эрүүл мэндийн яам нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй байгаа үед иргэдээ шаардлагатай мэдээллээр цаг алдалгүй хангаж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж хэвшээд байна.

Энэ нь нийгэмд үүссэн айдас түгшүүрийг багасгаж, цахим орчноор өргөн хүрээг хамран тардаг элдэв хуурамч худал мэдээний орон зайг хумиж, хуурамч мэдээнд төөрөлдөж, гэнэтийн шийдвэр гаргах эрсдлээс  иргэдээ хамгаалах сөрөг арга хэмжээ болгох эхлэлийг бүрдүүллээ.

Хууль хяналтын байгууллагууд ч энэ өдрүүдэд завгүй ажиллаж байгаа. ТЕГ, ЦЕГ хамтарсан мэдэгдэл гаргаж, “Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг мэдээллийг хяналтандаа авч, хариуцлага тооцоохоо мэдэгдэн, нийгмээ үймэх эрсдлээс хамгаалаад эхэллээ.

COVID-2019 Коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ дэмжин давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг чөлөөлж, зөвхөн судалгааны хөлсийг авахаар шийдвэрлэжээ. Цаг үеийн байдал, үүссэн орчин бизнес эрхлэгчдэд багагүй хэмжээний хохирол үүсгэх эрсдэл даллаж буй. Тиймээс аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ биелүүлж чадахгүй гэдэг үндэслэлээр амсаж мэдэх эрсдлийг МҮХАҮТ энэ шийдвэрээрээ хааж байгаа нь энэ.

Салбаруудын энэ мэт  харилцан уялдаатай шийдвэрүүд нэг нэгнээ харилцан адил нөхөж байгаа нь нийгэмд сүүлийн 20 жил гарч байгаагүй эрүүл үзэгдэл, эерэг хандлага болж байна.  Нийтийн эрх ашгаас давсан нэг хүний эрх ашиг гэж ямар ч нийгэмд байх учиргүй, байдаггүйг эргэн сануулсан эерэг уур амьсгал, асуудал бүрийг улстөржүүлэн талцахыг мартуулсан нийгмийн сэтгэл зүйд гарсан энэ эерэг хандлагаар Монголын нийгэм дутаж байжээ.

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.