Сэхээнээс сэргэсэн Төв цэвэрлэх байгууламж

Сэхээнээс сэргэсэн Төв цэвэрлэх байгууламж

Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэсэн бохир усыг өдөр тутам цэвэрлэж байдаг Төв цэвэрлэх байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагааг сурвалжлахаар зорилоо.
Өдөрт 4000-5000 килограмм хатуу хог хаягдал гардаг.

Өдөрт нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэглэсэн бохир усыг 1200 болон 1400-ийн багтаамжтай хоёр шугамаар дамжуулан хүлээж авдаг гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер О.Оюунбаяр хэлж байна. Бид бохир усыг цэвэршүүлэх хамгийн эхний дамжлага болох хатуу хог хаягдлыг шүүдэг хэсэгтэй танилцахаар явлаа. Тус хэсэгт хатуу хог хаягдлыг сараалжин төмөр хаалтуудын тусламжтай шүүж авдаг байна. Сараалжин төмөр дээр ундааны сав, ариун цэврийн хэрэглэл, үсний сэв, бэлгэвч, хоолны үлдэгдэл гэх мэт зүйлс харагдана. Энэ дамжлагаас өдөрт 4000-5000 килограмм хатуу хог гардаг байна.

 

Харин манай улстай дүйцхүйц хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай улс орнуудад манайхаас 10 дахин бага буюу 400-500 килограмм хог гардаг аж. Учир нь иргэд, аж ахуйн нэгжүүд усны хоолойгоор юу урсгаж болох, болохгүйг сайн мэддэгээс гадна ус бохирдуулсны төлбөр өндөр байдагтай холбоотой. Угтаа бол ариутгал татуургын шугам сүлжээ нь биологийн бохирдлыг арилгах зориулалттай. Гэтэл энд ариун цэврийн цаас, хэрэглэл, аяга таваг угаадаг порлон, даавуу, ундааны сав, таг цуглуулж, шүүж байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд нэмэлт ачаалал үүсгэж буйг инженер залуу учирласан. Усны хоолойгоороо юу урсгаж болохгүйг мэдэхгүй хүн цөөн л баймаар. Эсвэл хоёр алхаад хогийн саванд хийхийн оронд усанд урсгахыг илүүд үздэг юм болов уу. Хогоо зохих газарт нь хаячихдаг бол тав дахин өндөр ачаалалтай ажиллаж байгаа Төв цэвэрлэх байгууламждаа учруулах хүндрэлээ төдий хэр багасгах боломжтойг иргэд ойлгоосой. Хэдийгээр 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ-аас баталсан боловч дагалдах журмууд нь батлагдалгүй 2017 онтой золгожээ. Улмаар дуншиж, дуншсан журам нь 73 дугаар тогтоолоор баталгаажиж, ирэх тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр болсон байна. Юутай ч хэрэв одоо та ус бохирдуулбал хуульд заасан хариуцлагаа хүлээж эхлэх нь байна шүү. Тэгэхээр олон жилийн турш иргэд, аж ахуй нэгжийн хандлагыг өөрчилж, усны хоолой руу дуртай хогоо урсгадаггүй их хотын иргэдийг бий болгохын төлөө сэтгэл зовнидог байсан Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудад дэм болох нь дамжиггүй.

Өдөрт 1200 метр куб лагийг 4-5 цагийн дотор усгүйжүүлж байна

Ийнхүү яриагаа үргэлжлүүлсээр ус цэвэршүүлэх дараагийн дамжлага болох тунгаагуурын хэсэгт ирлээ. Төв цэвэрлэх байгууламж хоногт 150 мянган метр куб бохир ус хүлээж аваад 98 хувийн чийгшилтэй 1000- 1200 метр куб лагийг энэ хэсэгт тунгааж авдаг байна. Энд явагдаж байгаа үйл явцыг энгийнээр тайлбарлавал, хатуу хог хаягдлыг нь шүүсэн ус энэ дамжлага руу ирж тусгайлан байрлуулсан дөрвөн том сав руу ордог байна. Ингээд тус сав дүүрч ус нь халиад дараагийн дамжлага руу явдаг бол доор нь бохир хэсэг нь тунан үлддэг байна. Тунгаагуурын хэсэгт тунасан лагийг нацосс станцын тусламжтай усгүйжүүлэх дамжлага руу шахдаг байна. Саяхныг хүртэл Төв цэвэрлэх байгууламжаас ялгардаг үнэр хотынхны толгойны өвчин болж байсан. Учир нь анх цэвэрлэх байгууламжтай болсон 1965 оноос хойш л лагийг 10 га газар хамарсан 44 ширхэг / карт буюу нойтон лагийг цутгаж дүүргэхээр бэлдсэн дөрвөлжин талбайд ил асгаж байгалийн аргаар хатаадаг байсан байна. Нэг дөрвөлжин талбайд асгасан лаг 4-5 жилийн дотор бүрэн хатдаг байжээ. Ингээд хатсан лагуудаа ачиж зөөвөрлөн урд талдаа байрлах талбайдаа асгаж дүүрсэн картууддаа суллаад дахин ашигладаг байв. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг дээ. Тиймээс салхи ихтэй үед эсвэл бороо орсны дараа ил задгай асгасан хуурай болон нойтон лагийн өмхий үнэр хот даяар үнэртдэг байжээ. Харин өнгөрсөн оны есдүгээр сард лагийг усгүйжүүлэх технологийг нэвтрүүлснээр өдөрт гардаг 1200 метр куб лагийг 4-5 цагийн дотор усгүйжүүлж, 180-200 метр куб лаг гардаг болжээ. Өөрөөр хэлбэл тус технологийн тусламжтайгаар 4-5 жил ил талбайд үнэр ялгаруулдаг байсан лагийг 4-5 цагийн дотор усгүй болгож, хэмжээг нь 4-5 дахин багасгасан гэсэн үг юм. Энэ ажил цэвэрлэх байгууламжид хийсэн томоохон бүтээн байгуулалт юм. Лагийг усгүйжүүлэх технологи нэвтрүүлснээр цэвэрлэх байгууламжаас гарах лаг ор тас алга болчихсон гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хэмжээ нь багассан ч дараа дараагийн шийдэх ёстой асуудлууд байгаа гэдгийг учирлана лээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад цэвэрлэх байгууламжаас гарсан лагаа хатааж барилгын материал, бордоо болгон ашигладаг сайн жишээ олон бий. Ингэснээр усгүйжүүлсэн лагийн хэмжээ дахиад 10 орчим хувиар буурах гэнэ. Одоогоор өнөөх 44 картнаас тав нь дүүрч, 39 нь хоосон байгаа аж.

Бохир усыг 90 орчим хувиар цэвэршүүлж байна

Дараагийн дамжлагууд мөн л тунгаагуурын, шүүлтүүрийн хэсгүүд байлаа. Нэгдүгээр тунгаагуурын хэсгээс шүүгдсэн ус дараагийн цэвэрлэгээний шат болох хоёр дахь тунгаагуурын хэсэгт ирнэ. Нэгдүгээр тунгаагуурын хэсгээс ирсэн усыг дөрвөн метр гүнтэй саванд хүлээж аваад ашигтай бактери үүсгэж өөрөөр нь цэвэрлэхийн тулд агаар өгч байсан. Усны бохирдлын түвшин и байх тусмаа өөрийгөө цэвэрлэх ашигтай бактери үүсгэх нь багасдаг. Тиймээс стандартад нийцсэн бохирдолтой ус хүлээж авдаг болох асуудал маш чухал байгаа аж. Хэдий хэмжээний биологийн хэрэгцээт хүчилтөрөгчтэй ус хүлээж аваад хэд болгож цэвэршүүлснээр нь энэ байгууламжийн ажлыг хэмждэг. Тэгвэл манай Төв цэвэрлэх байгууламж бохир усыг 90 орчим хувиар цэвэршүүлж байгаа гэсэн үзүүлэлт гуравдугаар сарын 11-нд гарсан байна. Ийнхүү 90 орчим хувиар цэвэршүүлсэн усаа эцсийн шатанд халдваргүйжүүлж, байгальд нийлүүлдэг. Одоогоор цэвэрлэх байгууламж стандартаасаа тав дахин их бохирдолтой ус хүлээж авч байгаа ч 90 хүртэл хувиар цэвэршүүлж байгаа аж. Тиймээс иргэд усаа ариг гамтай хэрэглэх, угаалтуур луугаа элдэв хог хаягдал хийхгүй байх, анхан шатандаа шүүлтүүр хийж цэвэрлэх байгууламжид ирэх бохирдлын хэмжээг багасгавал цаашид цэвэршүүлэх хувиа ч нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавирусийн тархалттай холбоотойгоор иргэд гэртээ байхыг илүүд үзэх болсон. Тэр хэмжээгээр иргэдийн хэрэглээ өсч, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж байгааг ч тэд хэлж байна. Төв цэвэрлэх байгууламжид 91 хүн ажиллаж байгаагаас 55 эрэгтэй, 36 эмэгтэй аж. Тэд хотынхоо иргэдийн тав тутай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө 24 цагийн турш ажилласаар байна. Төв цэвэрлэх байгууламжид шинэ технологи, шинэ инновац нэвтрүүлэхтэй зэрэгцээд ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлж, сургаж хөгжүүлэх ажилд анхаарлаа хандуулдаг байна. Өнгөрсөн есдүгээр сард лагийг усгүйжүүлэх технологийг нэвтрүүлэхээс өмнө ажилчдадаа танхимын сургалт оруулж, дараа нь дадлагажих сургалт мөн явуулсан гэдгийг хэлж байна.
Төв цэвэрлэх байгууламжийг зорихоосоо өмнө амьсгал авахын эцэсгүй газар очих нь гэсэн төсөөлөлтэй байсан бол өөрчлөлт, сайжруулалтын үрээр байдал өөрчлөгдсөнийг биеэр мэдрээд буцлаа. Бидэнд АСЕМ-ийг зохион байгуулах өдрүүдэд хотынхоо өмхий үнэрийг дарахын тулд арга ядаж байсан хүнд өдрүүд бий. Тэр ч бүү хэл Таван шар луу дөхөөд л толгой дүүрч, өмхий үнэрт мансуурдаг байсан цаг саяхных. Харин одоо иргэдийн оролцоотой шинэчлэл, сайжруулалт чухал болсныг сануулъя. Та бохир усны хоолой руугаа бохир усаа л урсга. Элдэв хог бүү хий. Хэтийдсэн бохирдлоор тэдний ажилд бүү хүндрэл учруул. Тэгвэл ачааллаа дийлэхгүй зогсохдоо тулж байсан Төв цэвэрлэх байгууламж, сэргээд ирсэн энэ цаг үедээ иргэдийнхээ оролцоотой илүү сайжрах боломжтой болсон шүү.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.