Хуульч Ч.Өнөрбаяр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулан өгнө гэв

Хуульч Ч.Өнөрбаяр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулан өгнө гэв

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 26-нд ёсчлон баталж, хүчин төгөлдөр болсноор нийтээр дагаж мөрдөж буй. Тэгвэл өнгөрсөн таван сарын хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагалдах органик хуулиудыг боловсруулах, өөрчлөх ажил явагдах ёстой байв. Улмаар 2020 оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон дагалдах хуулиудыг улс орон даяар шууд хэрэгжүүлэх ёстой байсан юм. Гэвч УИХ, Засгийн газар хууль боловсруулах, хуулийг дагаж мөрдүүлэх ажлаа хийхгүй байгаагийн улмаас Үндсэн хуулийн хэрэгжилт гацаанд ороод байна.

Тиймээс Засгийн газрыг ирэх тавдугаар сарын 25-наас өмнө дагалдах хуулиудыг өргөн барих ёстой гэсэн байр суурийг МУИС-ийн багш, хуульч, доктор Ч.Өнөрбаяр илэрхийлж байна. Тэрбээр  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээрээ хэвлэсэн байгаа. Тэгэхээр уг хуулийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөж эхэлнэ гэж ойлгож байгаа. Хэрэв Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай хуулиудыг боловсруулж амжихгүй байсан юм бол Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа хугацааг нь ахиу тавихгүй яасан юм. Улс төрийн намтай холбоотой заалтыг 2028 оноос мөрдөнө гэж бичсэн байна. Мөн Дархан, Эрдэнэтийг улсын чанартай хот болгох заалтыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэнэ гэж тов тодорхой бичсэн байна. Тэгвэл Засгийн газартай холбоотой, амжихгүй гэж үзээд буй асуудлаа сэтгүүл дээрээ бичиж болох л байсан. Энэ утгаараа УИХ-ын гишүүдийн яриад байгаа Үндсэн хууль нэгдүгээр зүйл гээд яриад байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулиудыг нийцүүлэх тухай ойлголт юм шүү дээ. Тиймээс л дээрх хугацаанаас өмнө энэ хуулиудыг өргөн барьсан байх ёстой гэж үзээд байгаа юм” гэв.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийн чадамжтай байх тухай асуудлыг ийн судлаачид хэлж байна. Засгийн газрын өргөн барих хуулийн төсөл, УИХ-ын батлах хууль нь өөрөө Монгол төрийн бодлого болж үлдэх юм. Тиймээс Үндсэн хуулиа дээдэлж, дагаж мөрдөх хуулиа өргөн барих ёстой гэсэн зарчмын байр суурийг тэд илэрхийлж буй. Түүнчлэн Ч.Өнөрбаяр хуульч Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанд хүргүүлэхээр зэхэж байгаа аж.

Үндсэн хуульд Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн УИХ-ын албан тушаалыг хавсран гүйцэтгэж болохоор тусгасан байгаа юм. Тиймээс Хууль зүйн сайдыг УИХ-ын гишүүн байж болно гэж тэрбээр үзжээ. Учир нь төрийн ажил хуулийн дагуу явах ёстой бөгөөд батлах гэж буй бодлого, хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь Үндсэн хууль болон органик хуулиудтай уялдаж байгаа эсэхэд тодорхой түвшинд байр сууриа илэрхийлдэг байх ёстой гэж үзэж буй тул ийн тус салбарын сайдыг “давхар дээл”-тэй байхыг зөв гэж үзэж буй аж. Мөн төрийн бодлого шийдвэр төсвөөс гадуур байж таарахгүй учраас Сангийн сайдыг, үлдсэн хоёр нь цэвэр Ерөнхий сайдын өөрийн бодлогын түвшний хүн байх ёстой гэлээ. Тухайн Ерөнхий сайд уул уурхайн, эсвэл шинжлэх ухаан, технологийн хөгжлийг эн тэргүүнд тавих гэж байгаа бол тухайлсан салбарын сайд нарыг “давхар дээл”-тэй байлгах юм.

Тиймээс энэ удаагийн Засгийн газар Үндсэн хуулийн чадамжтай болохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагалдах хуулиудыг ирэх тавдугаар сарын 25-наас өмнө өргөн барьж, батлуулах ёстой болоод байна.  Засгийн газрын тус хугацаанаас хойш гаргах бүх шийдвэр хуулийн хүчинтэй эсэх нь маргаан дагуулах учраас хуульчид ийнхүү сануулга өгч байна.

Гэтэл УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Улстөрч хуульчид гэж байх ёсгүй. Хуульчийн тангараг өргөсөн хүмүүс улс төрийн өнцөгөөр хууль гуйвуулан тайлбарлаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар харилцааг зохицуулна гэсэн заалттай. Өнөөдөр Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна. Магадгүй тавдугаар сарын 25-наас өмнө амжихгүй байх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй” гэсэн юм. Тэрбээр энэ байр сууриараа өөрийгөө энгийн нэг хуульчаас боловсрол мэдлэг, хуулийн тухайн уншсан судалсан мэдлэгээ ямар түвшинд байгаагаа харуулж, дүн тавиулсан үйлдэл гаргав. Уг нь УИХ-ын гишүүн, дээрээс нь Хууль зүйн байнгын хороог даргалж буй хүн хуулийг өргөн мэдлэгтэй, ялангуяа, Үндсэн хуулийн талаар нүдээ аниад ярих хэмжээнд байх ёстой. Гэвч ийм арьсаа хамгаалсан, хуулийг гуйвуулсан мэдэгдэл хийгээд зогсож байгаа нь Х.Нямбаатарыг УИХ-д тэнцэхээргүй нэгэн болохыг нь харууллаа.

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.