АН гарман дээр морио солихгүй

АН гарман дээр морио солихгүй

АН-ынхан удирдлагын багтаа томоохон өөрчлөлт хийж залуу, туршлагатай улстөрчдөөр багаа бүрдүүлж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны оронд томилсон. АН шинэ залуучуудаар хүч сэлбэж байгаа энэ үед МАН-аас зориудаар Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх гэж байна гэсэн мессэжийг санаатайгаар явуулж эхлэв бололтой.

АН-ынхан 2017 онд шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагийн хүрээнд Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга,  Ш.Түвдэндорж нар намын гишүүд дотроосоо өрсөлдөж олонхын саналаар Д.Баттулга Нийслэлийн АН-ын дарга болсон түүхтэй. Тэрээр өнгөрсөн хугацаанд Нийслэлийн АН-ыг зангидсан нэг гар шиг болгож, сонгуульд хүчтэй өрсөлдөж орж ирэхэд бэлтгэлээ базааж чадсан гэдэг.

Д.Баттулга нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд НИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Хотын парламентыг даргалж байх үедээ нилээдгүй шүүмжлэлд өртөж байсан ч чухал бөгөөд шуугиан тарьсан чухал шийдвэрүүд гаргаж байсан гэдэгтээ нийслэлчүүд санал нийлдэг.

Ардчиллын анхдагч нарын нэг болох Д.Баттулга Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажиллаж байгаад Нийслэлийн АН-ын даргаар томилогдон 9 дүүргийг бүхэлд нь хариуцан 2016-2020 онд ялагдал хүлээсэн хүнд үед намынхаа гишүүдийг зангидан ажиллах үүрэг хүлээж ажиллаж байгаа.

Ш.Түвдэндоржийн хувьд мөн ардчиллын анхдагчдын нэг, Нийслэлийн АН-ын дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Намдаа ч улс төрд ч нөлөөтэй нэгэн.

Ш.Түвдэндорж, Д.Баттулга нарын хувьд Нийслэлийн АН-ын сунгаанд ил тод явж өрсөлдөж байсан удаатай ч харилцан ойлголцолтойгоор энэ сонгуульд орохоор зэхэж байгаа гэнэ.

АН-ын хувьд гарман дээр морио сольдоггүй гэгчээр Нийслэлийн АН-ын даргыг солихгүй байр суурьтай байгаа гэх. Угаасаа ч УИХ-ын 2020 оны сонгууль  хаяанд ирсэн байгаа энэ үед АН дотоод ойлголцлоо барьж, шинэ залуучуудыг татан оролцуулж буй гэдгээ албан ёсоор зарлачихсан байгаа.

Саяхан Ардчилсан намаас хэвлэлийн хурал зарлаж, улс төрийн манлайлал үзүүлж, ялалтын урилга, эв нэгдлийн уриалгыг хүргүүлж, АН-аас тусдаа гарсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтэн орох эв нэгдлийг сахин сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Харин МАН-ын хувьд АН дотоодын үл ойлголцол байгаа учир ойрмогхон Нийслэлийн АН-ын даргыг өөрчилж болзошгүй байна гэх мэдээллийг зориудаар сэвж байгаа гэх мэдээлэл бий.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.