Т.Доржханд: Бусад улс орнуудад ​хэрэгжүүлээд үр дүн гарсан хөтөлбөр, бодлогууд минь бэлэн байна. Үүнийгээ Монголдоо хэрэгжүүлье гэж зүтгэж байна

Т.Доржханд: Бусад улс орнуудад ​хэрэгжүүлээд үр дүн гарсан хөтөлбөр, бодлогууд минь бэлэн байна. Үүнийгээ Монголдоо хэрэгжүүлье гэж зүтгэж байна

Эдийн засагч, төрийн санхүүч Тогмидын Доржхандтай  ярилцлаа. Түүнтэй төсөв, төсөл хөтөлбөр зэрэг хүнд сэдэв биш хувь хүнийх нь талаар хөөрөлдсөн юм.


-Доржханд гэдэг залууг нийгмийн тодорхой хэсэг ХҮН намын дарга гэдгээр мэднэ. Дунд сургуульд байхдаа ямар хүүхэд байсан бэ. Үе тэнгийн, таныг  мэдэх залуучууд бол олимпиад энэ тэрд тэргүүлдэг, тэр цагийнхаар бол цоорчихсон хүүхэд байсан гэх юм билээ?

– Манай аав бас хичээлээ нэг их сайн хийдэггүй ч анги дээрээ үзсэн хичээлээ шалгуулаад онц аваад явчихдаг хүүхэд байсан гэдэг. Миний хувьд тэр занг нь дуурайсан юм шиг байна лээ. Хичээлээ нэг их шамдаж хийгээгүй, 5, 6 дугаар анги хүртлээ урсгалаараа явсан. Амархан санагддаг байсан юм болов уу. Шатар, даам их тоглодог, бас өндөр болно гэж нэг хэсэг хичээлээ хаяад сагс, гар бөмбөг ч сонирхсон. Гэхдээ монгол хэл, орос хэл, физик гээд маш олон төрлийн олимпиадад оролцож байсан.  Аравдугаар ангиа төгсөх үедээ сургуулиасаа нэг бил үү, хоёроор гарч ирсэн. Тухайн үед, 1990-ээд оны эхээр Орос болон бусад орнуудын улсуудын тэтгэлэгт хөтөлбөр зогсчихсон байлаа. Ингээд арай гайгүй хүүхдүүд нь МУИС-ийн эдийн засгийн ангид элсэн суралцсан юм. Оюутан байхдаа оройд нь халтуур хийж  мөнгө олно. Сүхбаатарын цалин гээд жаахан цалин авдаг. Өнчин хүүхэд гээд бас жаахан тэтгэмж авдаг. Ер нь бол сургалтын төлбөрөө аргалчихдаг, сургуулийнхаа сагсны дэд мастер,  бильярдны спортын мастер, шилдэг төгсөгч болж байлаа.

-Хүүхэд насаа ийм идэвхитэй өнгөрүүлсэн хүн хүүхдүүддээ шаардлага тавьдаг вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охин. Том хүү маань эдийн засагч мэргэжлээр Кембриджийн их сургуулийг энэ жил төгсч байна. Хүүгээ жаахан туршлагажиж Монголдоо ирээд ажиллаасай л гэж бодож байна. Аав,  хүү хоёр яриад оюутан цэрэгт явъя гэсэн боловч гадаадад суралцдаг болохоор болохгүй гээд явж чадаагүй.

– Гэхдээ бидний өссөн орчин ч гэх юм уу, аливаа зүйлийн үнэ цэнийг арай өөрөөр хэмждэг болгочихоод байна. Нэг ёсондоо үнэтэй брэнд сонирхох гэхээс илүүтэй арай өөр үнэ цэнийг эрхэмлэдэг болж.  Таныхаар  үнэ цэн гэж юу юм бэ?

-Хорвоо дэлхий дээр хамгийн үнэ цэнтэй зүйл бол хүн, хүний амьдрал гэж боддог. Аз жаргал гэдэг бол тухайлсан нэг зүйлийг хэлдэггүй. Аз жаргал бол процесс. Өөрөөр хэлбэл тухайн мөчийг хамгийн сэтгэл ханамжтай өнгөрүүлж чадаж л байвал хүний амьдралын хамгийн сайхан зүйл нь тэр. Тухайн мөчөөс олон мөч бий болно. Төрөхөөс үхэх хүртэл хамгийн аз жаргалтай өнгөрүүлсэн мөчүүдийг аз жаргал гэж боддог. Тэгэхээр хүн амьдралынхаа хугацаанд их аз жаргалтай амьдаръя гэвэл өөрөө түүнийгээ бий болгох хэрэгтэй.

-Таны улс төрийн түүх бол нэлээн саад бэрхшээлтэй бичигдсэн байгаа. Алдаж оноод явахдаа аз жаргалтай байсан уу. Эсвэл хэцүү байсан уу. Өнгөрсөн хойно нь  бодоход нэг их  том асуудал биш  байна уу.

-Ер нь хүний амьдралд  дээшээ, доошоо унаад л босох үе зөндөө. Туг ч барина, тугал ч  хариулна гэдэг дээ. Монгол Улс хүчирхэг байгаагийн давуу тал нь юу вэ гэхээр эдийн засаг нь ч тэр, хүмүүсийн амьдрал ч хүн өөрөө яаж хичээхээс шалтгаалж уруудах уу, өгсөх үү гэдэг нь харагддаг сонирхолтой нийгэм. АНУ-д амьдарч байхад өчигдөр, өнөөдөр, маргааш яг адилхан өнгөрдөг. Гэтэл Монголд ирэх юм бол амьдрал буцалж байдаг. Шөнө дунд  найз чинь 100 граммтай орж ирээд зовлон яриад л… Японд бол сарын өмнө ажлаа төлөвлөдөг бол АНУ-д долоо хоногийн өмнө төлөвлөдөг. Тэнд  би гурван жилийн дараах энэ өдрийн 14:22 минутад дээд сургуулийнхаа найзуудтайгаа уулзаад юу хийж байхаа мэдчихсэн байж байна. Гэтэл Монголд найз минь хоолонд даая гээд мөнгийг цацаж байснаа  дараа  ирэхдээ  л мөнгө зээлээч гээд явж байна.  Дахиад уулзахад  “Хөрөнгө оруулалт босгоё” гэчихсэн ярьж явах жишээтэй. Маш донсолгоотой хэрнээ, сонирхолтой амьдардаг ч юм шиг.

Зарим үед бол хүмүүс гайхдаг. Жишээ нь өмнөх сонгуулиар нэр дэвшиж байхад хүмүүс “Дэлхийн банкинд ажиллаж байсан хүн орон сууцны хороололд дэвшихгүй яагаад гэр хороололд нэр дэвшиж байгаа юм бэ” гэж асууж байсан. Надад бол тэр газраар явахад л хүүхэд нас маань бодогдоод, хүмүүсийн амьдрал харагддаг. Энд л өөрчлөлт хийх ёстой шүү дээ гэж боддог учраас гэр хорооллыг би сонгож нэр дэвшиж байсан.  Монголчуудын маань дийлэнх нь ядуу зүдүү байна. Очоод уулзаад ярилцахаа улс орныг минь өөрчлөөд өгөөчээ гэсэн хүмүүсийн нүдний харцтай би тулгардаг.

-Тэр үед аав, ээж хоёр нь ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Ээж маань Худалдааны нэгдүгээр конторт мэргэжилтэн. Харин аав маань түүхий эд боловсрууулах нэг агентлагт боловсон хүчин хийдэг байсан. Үндсэндээ манай ах, эгч нар бага тойруугийн тэнд өсч торнисон. Хоёрдугаар сургуульд сурсан. Миний бага нас гэр хорооллын гудамж, Дэнжийн мянга, Хайлааст, Яармаг гээд гэр хорооллын дунд өнгөрчээ. Дэнжийн 1000-гаас сургууль хүртлээ алхдаг байлаа. Амьдрал хэцүү байсан үе бий. Айлд ус авч өгнө. Хүүхдүүд эсгий гутландаа тэшүүр  хийчихээд гулгачихна. Заримдаа тэшүүрэндээ нойтон бээлийгээ наачихна. Салгаж авч чадахгүй. Урчих юм бол ээждээ загнуулна.

-Та ер нь угаасаа ийм даруухан юм уу. Эсвэл даруухан харагдах тактик хэрэглээд байна уу?

-Би нэлээн бүрэг хүүхэд байсан. Есдүгээр анги хүртлээ охидтой ярьж чаддаггүй байлаа. Сангийн яаманд ажиллаж байхдаа ч хүнтэй нэг их юм яриад байдаггүй, хувь хүн маань жаахан даруухан, битүү хүн байхгүй юу. Гэхдээ найз нөхдөө хамгаалаад хүүхдүүдтэй зодолдчихдог л хүүхэд байсан. Сүүлдээ Олон улсын байгууллагад ажиллаад, ажлын шугамаар олон төрлийн хэлэлцээр хийгээд ярьж хэлэх маань задраад ирсэн.  Улс төр бас л тэгэж задалдаг юм байна. Даруухан байж болохгүй юм байна гэдгийг ойлгоод өөрчлөгдөхөөс өөр аргагүй болсон гэх юм уу.

ХӨМСӨГ СОРМУУСАА ХУЙХАЛЧИХААД МАСК ЗҮҮГЭЭД Л АНГИДАА ОРООД ЯВЧИХЛАА

-Мэдээж бас аз жаргалтай дурсамжууд байгаа, түүнээсээ хуваалцахгүй юу?

– Хөмсөг, сормуус, толгойныхоо үсийг түлж байсан инээдтэй дурсам маань  санаанаас ер гардаггүй юм. Модны үртэс мэднэ биз дээ. Айлууд нүүрс түлдэг байхад манайх үртэс түлдэг байлаа. Үртсээр галладаг айлуудын зуух их том байдаг юм л даа. Зуух руугаа хоёр мод хийж босгож тавиад дээрээс нь үртсээ хийж байгаад гишгэж чигждэг. Чигжиж байгаад хоёр модоо сугалахаар модны ором үлддэг. Түүн рүү нь цаас хийж байгаад үртсээ асаадаг байхгүй юу. Галаа аль болох удаан барихын тулд хэт их халчихвал цас хийж унтраагаад, ахиад галлах жишээтэй. Хамгийн эрсдэлтэй нь үртсийг гишгэхээр даралт бий болдог. Сайн чигжиж чадахгүй бол нурдаг, нурахаараа бууддаг. Тэгээд нэг удаа тоглох гэж яарч байгаад үртсээ дутуу чигжиж, асаах цаасаа шургуултал гал асдаггүй. Ахиухан цаас хийж байгаад үлээсэн чинь өөдөөс буудаад, бөөн хиншүү хярвас үнэртээ л явчихсан. Хөмсөг, сормуус,  үс байхгүй ээ. Тухайн үед 6-7 настай жаахан л байсан.

-Аав, ээж нь байхгүй байсан уу. Хараад юу гэсэн бэ?

-Аав, ээж ажилтай юм чинь өглөө гараад орой ирдэг. Манай аав бол тоохгүй. За яахав, яахав ургачихна л гэж байгаа юм. Ээж харин уулга алдаад үртсээ аятайхан гишгичихгүй гэж нэг над руу хандаад, үртсийг нь гишгэж өгөөд явчихгүй яасан юм гэж аав руу хандаад, сандарсан байх ээж маань. Надад бол хамгийн хэцүү нь ангидаа орох байсан. Охидууд өөдөөс хараад байдаг. Би гэж нэг хачин юм. Ядаж байхад бор  царайтай. Ямар ч үс ноос байхгүй. Тэр үедээ маск зүүгээд ангидаа очсон юм. Одооных шиг дасал болоогүй байсан болохоор маскаа тайл гээд бөөн юм болж байлаа. Нэг ийм хөгжилтэй түүх бий. Одоо бол хүмүүс арай илүү тухтай амьдарч байна. Нүүрстэй, нүүрсийг нь бэлдээд, дөхүүлээд худалдаалж байна. Үртэс өөрөө дулаанаа л барьдаг болохоос халуун гэдэг ойлголтгүй. Өвлийн хүйтэнд пүү гээд үлээхэд амнаас уур гарч байдаг. Даарахгүйн  тулд л хэрэглэж байгаа юм шүү дээ. Тэгээд бас үртэс чинь элбэг биш байсан. Үртсээ олж авна гэдэг хэцүү. Эргэн тойрны сургуулиудаас шуудайгаар ч болов цуглуулна. Сургуулиудын ард мужааны цэг байдаг байсан. Тэндээс ганц,  хоёр шуудайг авна. Зарим үед  үртэс байхгүй бол гал ч байхгүй. Галгүй өглөө хамгийн түрүүнд босч цай чанах л хэцүү байсан. Одоогийн 6 настай хүүхэдтэй харьцуулаад төсөөлөөрэй. Зургаан настай хүүхэд гадаа хасах 40 хэм, гэрт хасах 30 хэмийн хүйтэнд хөнжил дотроо “хүү” гэж үлээж байгаад гялс үсэрч босоод хувцасаа өмсөөд цайгаа чанадаг. Би ийм амьдрал дунд л өссөн.

АХ МИНЬ НАМАЙГ АЙЛД ӨРГҮҮЛЭХЭЭС АВАРЧ ҮЛДСЭН ЮМ

-Тэр амьдралаасаа хэзээ жаахан шат ахисан юм бэ?

-Манай аав байранд байж чадахгүй бачимдаад байдаг учраас дургүй. Залуудаа морь малтай ноцолдож явсан юм болохоор ч тэр үү, байрыг нэг их тоодоггүй. Аав маань Завханых л даа. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн анхны төгсөгч нь. Намайг 14 настай байхад аав маань өөд болсон. Ээжийн ажлаас дөрвөн өнчин хүүхэдтэй гээд байр өгч байлаа.  Аавтайгаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. Аав маань олон сайхан бөхчүүдтэй нөхөрлөдөг, намайг хараад энэ хүүхдэд бөх болох  шинж алга аа л гэдэг байсан. Харин манай эгчийг “Энэ хүү байсан бол барилдуулах байсан юм” гэж цаашлуудаг байсан. Харин манайхаар ирдэг лам нар “Энэ чинь харин ном эрдэмтэй болох хүү байна” гэдэг байлаа. Би 7-8 настайдаа Энэтхэг рүү шашны сургуульд явж, хамаатныхаа айлдаа өргүүлэнгээ алдаж байлаа. Манай ээж олон хүүхэд гаргаад жаахан тамирдсан юм шиг байна лээ. Тэгсэн хамаатны эгч манайх хүүхдээ болгоод хөдөө авч явъя гэсэн юм гэдэг. Тухайн үед манай дунд ах зургадугаар ангид байсан. Дүүг айлд өгөх гээд байгаа юм уу, тэгвэл би сургуулиасаа гараад дүүгээ харъя л даа гэж байгаад, ээжид цочроо өгч байж намайг  авч үлдсэн байдаг.

-Дүүгээ авч үлдсэн ахдаа бол амь биз дээ?

-Тэгэлгүй яахав.  Бас л хэцүү цаг үед байсан. Ухаан ороход л гэр хороолол. Айлын бага хүүхдүүд эрх байдаг байхад би хамаг ажлаа л хийдэг байлаа шүү дээ. Би зургаан наснаасаа бүх өрөөгөө цэвэрлэдэг, галаа түлдэг, цайгаа чанадаг, хоолоо хийдэг байсан. Дээрээс нь эмээ, өвөө нарт очиж усыг нь авч өгч халтуур хийдэг байсан. Хүүхэд нас ийм байдалтай өнгөрсөн. Хүүхэд наснаас залгаад 1990 оны их хямрал, картын барааны үетэй залгасан. Дараалалд зогсож өгч хүмүүст бараа авч өгөөд шагналд нь нар хамба, надин чавга авчихдаг байсан. Тэрнийхээ төлөө хөлсөө гартал дугаарладаг байлаа шүү дээ.

ДҮҮРГИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЭЭД АТАМАНЫ КАРЬЕРАА ДУУСГАСАН ДАА

-Энэ их ачааллын хажуугаар хичээл номоо хийхэд хэцүү байсан уу?

-Би ер нь гэртээ хичээл хийдэггүй байсан. Хичээл дээрээ үзчихээд л цээжилчихдэг. Таван настай байхдаа эгчтэйгээ хамт шалгалтанд ороод тэнцчихсэн. Манай эгч найман настай байсан. Багаасаа толгой сийрэг  байсан. Таван настайдаа 1000-ын хооронд цээжээр бодож, үсгээ цээжилчихлээ. Хичээл сурлагадаа гайгүй, тэгээд ангийн аатман. Атмануудын нэг зовлон нь ангийнхныгаа өмөөрч зодолдоно. Нэг удаа хүүхэд зодсон хэргээр Хичээлийн эрхлэгчийн өрөөнд сандал өргөөд зогсож байсан чинь нэг багш орж ирээд “Тооны олимпиад  болж байна, орох хүүхэд байна уу” гэж сурдаг юм. Тэгээд багш нар “Энийг оруулчихъя” гэж ярилцаад шийтэлээс мултарсан даа. Нөгөөдөх нь олимпиадад ороод тоогоо бодчихоод л гараад зугтаачихсан. Тэгсэн чинь гурав хоногийн дараа захирал дахиад дуудаж байна. Одоо бас яачихсан болоо гээд  очсон чинь олимпадад түрүүлчихсэн гээд баяр хүргэдэг байгаа. Тэгсэн тэр нь  дүүргийн олимпиад байсан гэнэ. Тэр үеэс л нөгөө сахилгагүй нөхөр чинь од болж, онц сурдаг болж, дүрдээ ороод ангийнхаа ариун цэврийн дарга ч болсон. Ингээд л атаманы карьер дууссан даа.

-Атаман хэр олон найзтай вэ?

-Маш олон найзтай. Олон нийтийн дунд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Багаасаа л ангийн дарга, пионерийн дарга гээд карьериа эхлүүлж, Бүлгийн дарга болоод ирэхээр нэр төр чинь дагалдаад ирж байгаа юм.  Би нэгдүгээр ангидаа хамгийн өндөр нь байсан юм. Дөрөвдүгээр ангид ороод дороосоо хоёрт жагсдаг юм. Охидуудтай зэрэгцээд зогсохоор нүүр яг цээжнийх нь харалдаа ирчихдэг болохоор ичээд уулзахаа больсон. Охидууд ч тоохгүй болохоор сэтгэлээр унаад… Ингээд тоо боддог, шатар даам тоглодог карьераа орхиод өндөр болно гээд сагс, гар бөмбөг хөөж эхэлсэн.

-Найзуудынхаа ямар чанарыг харж нөхөрлөдөг вэ. Хүн найзуудаа сонгодог уу, эсвэл хувь тавилан тэднийг нөхөрлүүлдэг үү?

-Миний найзууд их даруухан шүү дээ. Хүүхэд байхаасаа л найзуудыгаа өмөөрч хамгаалж, дээрэлхүүлж байгаа хүүхдийг хараад танихгүй байсан ч хамаагүй очоод өмөөрчихөг, тэгээд зодоон хийчихдэг байсан. Манай найзууд  их сайхан сэтгэлтэй хүмүүс. Эргээд харахад би 10 жилийнхээ сагсны, реп бүжгийн од ч юм уу тийм хүүхдүүдийг биш илүү даруухныг нь, арай намханыг нь сонгож найзалсан байсан. Тэдний маань итгэлцэл, хүлээлт хэдэн жил хол байсан ч эргээд ирэхэд хэвээрээ байж байдаг. Надад бол хэзээ ч ямар ч үед хэн хэнийгээ өмгөөлөх, хамгаалах сэтгэл байж л байдаг. Би бол сайн яваа, сайхан яваа найзуудаасаа аль болох зай бариад, хүнд хэцүү үед нь дэргэд нь байхыг хичээдэг. Багаасаа зовлон үзсэн болох хүний зовлонг их ойлгоно оо.

-Яг одоогийн Доржхандын үзэл бодол, хүн чанар 10 жилийн дараа ямар байх юм бол. Хэт өндөр албан тушаалууд, хэтэрхий их хүндлэл, тойрон хүрээлэгчдийн далдаганал хүнийг их өөрчилдөг юм шиг. Өөрийн чинь хувьд 10 жилийн дараа чиг шугамаа хадгалгаад өнөөдрийн Доржхандаараа үлдэж чадах болов уу. Арван жилийн дараа таны энэ ярилцлагыг сөхөж харах ч хүн гарч ирнэ шүү дээ?

-Ер нь бол юм үзсэн, амьдрал үзсэн хүмүүс өөрчлөгддөггүй юм аа. Өөрийгөө олчихсон хүмүүс амархан өөрчлөгддөггүй. Явж явж оюун санааны дархлаа муутай хүмүүс л амархан өөрчлөгддөг байхгүй юу. Тийм хүмүүс ямар нэгэн шашинд амархан автдаг. Монголчууд дасан зохицох чадвар сайтай. Гэхдээ тархины дархлаа муутай учраас л маш хурдан өөрчлөгдөж байна. Япон хүн АНУ–д очоод хэзээ ч өөрчлөгддөггүй японоороо л байдаг. Хятад хүмүүс хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэнд күнзээ яриад явж байдаг. Гэтэл эсрэгээрээ  манайхан очоод англиар, японоор ярьдаг.  Яг л япон, солонгос хүмүүс шиг харагддаг. Дэлхийн банкинд ажиллаж байхад 20-30 монгол хүүхэд англиар санхүүгийн хэлээр яриад сайхан байгаа юм. Тэгээд үнэн хэрэгтээ өнөөх нь нойлын ногоон тэг. Тэгсэн мөртлөө бөөн хэлбэр. Аав, ээжүүд нь хуруу хумсаа хугалчих шахаж байгаад хүүхдээ арай гэж өөр түвшинд аваачсан байгаа юм. Ийм хэлбэрдэлт хэрэггүй гэдэг бол миний итгэл үнэмшил.

-Хайрын түүхээсээ хуваалцахгүй юу?

-Манай эхнэр Сангийн яаманд ажилладаг байсан. Нэг ёсондоо бид хоёр ажлын байран дээрээ танилцсан гэсэн үг. Яамныхан Шинэ жилийн комисс байгуулаад, залуучуудаа идэвхитэй хамруулахын тулд гайгүй бүсгүйчүүдээ бас татаж, ажил хуваарилж өгнө шүү дээ. Тэнд би эхнэртэйгээ анх танилцсан. Нэг даруухан охин яваад л байдаг байсан. Тэгсэн чинь нэг удаа бороо ороод… Гадаа зогсож байсан чинь тас хар бенз машинтай бүсгүй, “суучих аа хүргээд өгье” гэдэг юм. Тэр үедээ намайг нэг их настай хүн гэж бодож байсан юм шиг байгаа юм. Замд яриад явтал зан ааш аятайхан юм аа. Зам дагуу настай хүн, хүүхэдтэй хүн таарвал их тусалдаг байхгүй юу, манай хүн. Одоо ч тэр  зан нь хэвээр. Тэгээд тэр зангаараа бороотой өдөр хамт ажилладаг нэг настай хүнээ хүргээд өгье гэж санасан юм шиг байгаа юм. Гэтэл тэр үед чинь би дөнгөж 30 настай. Манай яамныхан бол намайг “Чи нэг бензэнд л явчихлаа” гэж цаашлуулдаг байсан юм. Тухайн үед манай эхнэр 25-тай л  байсан болов уу. Тэгээд нэг гэр бүлийн хоёр яаж нэг газар хамт ажиллах вэ гээд манай хүн ажлаа орхисон. Гэхдээ “бензэнд явсан”-даа харамсдаггүй ээ. Одоо 4 хөөрхөн хүүхэд байна.

-Одоо танай гэргий ямар ажил хийж байгаа вэ?

-Аавынхаа бизнесийг өвлөөд ажиллаж байгаа. Даатгал, санхүүгийн салбарт. “Монро импекс” гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бизнесээ үргэлжлүүлээд явж байна.

-Та улс төрч мөн үү?

-Өөрийгөө улс төрч гэж ойлгож байгаа. Улс төрөөр тууштай явна.

-Та бол эдийн засагч хүн. Бидний мөлхөөд байгаа энэ цаг үе, энэ эдийн засгийг гэгээтэй болгох тийм онцгой санаа Танд бий юу?

-Миний мөрөөдөж байгаа зүйл бол дийлэнх, олонхоороо ажилтай орлоготой, авсан цалиндаа сэтгэл хангалуун, үр хүүхдүүд маань гадаа тоглохдоо айх айдасгүй, хөгшид гудамж талбайдаа нарлаад, тухтай сууж ярилцдаг хүн болгон тэгш боломжтой, ажиллах ажлын байр нь элбэг, иргэд нь эрүүл саруул, залуус нь боловсролтой ийм л нийгэм байгуулахыг хүсч байна. 3.2 сая монгол шүү дээ. Тэгээд 7.5 сая хүний зах зээл дээр хар, цагаан арьстнуудтай, хойноо оросуудтай, урдаа хятадуудтай өрсөлдөх чадвартай монгол хүнийг бүтээчих юм бол энэ бидний хүсч байгаа нийгэм. Арабын орнууд 1960-1970 онд Африкийн орнуудтай ижил гараанаас үзсэн. Энэ бол том кэйс. Өнөөдөр арабууд нь тасраад явчихлаа. Арабууд яасан бэ гэхээр бүгд баялагтай, баялагаа ашиглахдаа хүндээ хөрөнгө оруулалт хийчихсэн байхгүй юу.

-Зорилгодоо хүрэхийн тулд та нар заавал нам байгуулаад үйл тамаа үзэж байхаар нэг том  нам  дагаж байгаад санаагаа эвтэйхэн хүргэчихдэг, хэрэгжүүлчихдэг байж болохгүй юм уу. Цаг хугацаа хайран биш үү?

-Цүнх баригч бол гэж үү. Тэр цүнх барьдаг нөхдүүд чинь өрөвдөлтэй шүү дээ. Нэгдүгээрт, мэдлэг алга. Хоёрдугаарт, өөрсддөө итгэх итгэл алга. Тогтолцоо нь цүнх баригчдыг төрүүлээд, гайгүй гэсэн сэхээтнүүд нь дандаа боломж хайж байна. Энэ хоёр намд л орох юм бол би сайд дарга болно, илүү шанстай гэдэг байдлаар АН, МАН хоёрыг харж байна. Намгийг дотроос нь хатаадаггүй юм. Намгийг нар ээж гаднаас нь л хатаадаг.

-Сүүлийн үед хүмүүс биенийхээ удам судрыг ярихаар дооглож тохуурхдаг болжээ. Удам судар ер нь хэр чухал вэ?

-Сайн хүний  үр, сүүт гүүний унага гэж монголчууд ярьдаг. Түүн шиг удам судар хүнд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Сангийн яаманд ажиллаж байхад залуучууд ажилд их орсон. Бүгдээрээ 2-3 хэлээр ярьдаг, боловсролтой, гэхдээ маш бага цалингаар ажиллаж байсан. Тэр үед төрийн албан хаагчдын, сэхээтнүүдийн хүүхдүүд ордог байв. Тэд нарын хүмүүжил, чадвар маш сайн. Баг болоод ажиллахад маш богино хугацаанд үр дүн гардаг. Нөгөө талдаа хөдөө орон нутгаас ирсэн залуучуудтай ч ажиллаж байсан. Ажлын ачаалал сайн даана. Гэхдээ хүмүүжлийн асар том ялгаа гардаг байсан. Нэр төр, удам судрын үнэ цэн гэдэг бол удамшдаг гэдэгт би итгэдэг. Ном эрдэм судалсан хүмүүсийн үр хүүхдүүд тийм л байдаг. Хүний хамгийн эрхэм чанар бол нэр хүнд, өөрөө байдаг байдаг. Хүний өөрийнх нь түүх байдаг.

Манай аавын өвөө Гомбосүрэн тайж гэж хүн байсан. Өвөө маань маш их ажилсаг, эрдэм номтой хүн байсан юм билээ. Ээж бас тайжийн ач охин байсан. Завхан чинь хутаг хувилгаадын нутаг, удам судраа би их оюунлаг хүмүүс гэж боддог. Ном сонин их уншдаг, мэдлэг хамгийн чухал гэдэг гэр бүлд  өссөн болохоор үр хүүхдүүддээ ч ийм байгаасай гэж боддог. Том хүү номын санд л сууж байдаг юм, охидууд маань ч зузаан ном барьж аваад дор нь уншаад дуусчихдаг, бага хүү ч ялгаагүй номонд дуртай. Ном уншдаггүй хүн бол нэг хүний амьдралаар амьдардаг бол ном уншсан хүн 100 хүний амьдралаар амьдардаг гэсэн үг байдаг даа. Эрдэм номын мөр хөөсөн хүмүүст ийм зан чанар уламжилж үлддэг байх гэж боддог. Түүнийгээ дагаад хүмүүжил нь зөв байдаг байх. Зөв хүмүүсээс зөв л юм гардаг. Ийм хүмүүс олон байдаг бол манай улс хөгжчихнө. Ер нь тэгээд удам судар гэхээсээ илүү айлын хүмүүжил гэдэг зүйл илүү бодитой байх шиг байгаа юм. Манай ээж бол шууд цус ярьдаг. Доржхандаа миний ээж, өвөө төр улсаа түшиж явсан юм. Та нар дундаас төр түшилцэх ганц хүн алга уу гээд…?

-Ээжийнх нь үг танд нөлөөлчихсөн юм биш үү?

-Ер нь бол нөлөөлсөн байх. Намайг улс төрд ороход хамгийн их баярласан хүн бол ээж маань. Өөрөө МАН-даа жигтэйхэн үнэнч.  Сү.Батболд эд нарын сонгуулийн сурталчилгаанд үнэ төлбөргүй явдаг тийм л хүн. Нийгэм, улс төр гэх мэт зүйлээс кайф авдаг. Хүүгийнхээ сонгуульд л явж баймаар байна гээд догдлоод байсан. Тэгээд бие нь тааруу байхдаа миний эмчилгээ яах вэ, хамаатнуудаа дуудна гэж ярьдаг, тэгээд босч чадахгүй байж байгаад өнгөрсөн дөө. Улс төрд ороод хүн  хайртай хүмүүсээ алддаг юм байна. Энд янз бүрийн золиос байдаг гэдгийг ойлгосон. Тэгсэн хэрнээ ээжийнхээ “Миний хүү тууштай, зоригтой байгаарай. Удам судраа бодоорой” гэж хэлсэн үгнээс зориг авч явдаг байхгүй юу. Аав бол бидэнд эрдэм номтой, боловсролтой л хүн бол гэдэг үгийг байнга захидаг байсан.

ХАМГИЙН ТОМ СЭТГЭЛ ХАНАМЖ БОЛ ЯЛАЛТЫН МЭДРЭМЖ

-Та аз жаргалыг юугаар хэмждэг юм бэ?

-Ханамжийн эдийн засгийн онол гэж байдаг. Ханамж гэдэг бол хэрэглэж байгаагаа эд зүйлээсээ, идэж, ууж байгаагаасаа авч байгаа ханамж. Үүнийг далимдуулаад аз жаргал гэж зүйл яригдах болсон байна. Хүмүүс бол хамгийн ихдээ хоолноос авдаг. Дараа нь худалдан авалт хийх, секс, гадагшаа аялах гэх мэт зүйлс ордог юм байна л даа. Харин хамгийн хүчтэй сэтгэл ханамжийг хаанаас авдаг юм бэ гэхээр ялалтаас. Тэмцээнд ялах, баг хамт олноороо ялах, сонгуульд ороод ялах гэх мэт. Харин аз жаргалын хэмжүүрийг тухайн мөчөөс хэр их аз жаргал, сэтгэл ханамжтай байгаагаар хэмжигддэг. Тодорхой үр дүн гарах сайхан. Үр дүн гаргахын төлөө явж байгаа үйл явц бас үнэ цэнтэй. Тухайн ажлын ард гарахын тулд хамт олон бий болдог. Тэд хамтдаа  сайн муу бүхнийг хамдаа туулдаг. Гэхдээ зорилгынхоо төлөө явж байгаа процессоосоо сэтгэл ханамжаа аваад явах юм бол хамгийн чухал л гэдэг юм. Зорилоосоо илүү процесс нь чухал гэсэн үг.

-Та ялалтын мэдрэмжийг хэр зэрэг мэдэрч байсан бэ?

-2016 оны сонгуульд ХҮН нам оролцож чадаагүй шүү дээ. Бөөн асуудал үүсээд. Тэрний дараа намар Орон нутгийн сонгууль болоход ХҮН нам арчигдсаан, байхгүй болчихсон гээд зогсож байсан хүмүүс гайхсан байх. Би тэр үед дотроо ялалтын мэдрэмжтэй зогсож байсан. Маш богино хугацаанд нийгэмд танигдаж, судалгааны дүнгээс нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байгаагаа мэдрээд итгэл үнэмшил төрж, ялалтын мэдрэмжийг авч байлаа. Бас ОУВС-д хоёр тэрбум долларын хөрөнгө босгож, Оюутолгой, РИО-гийн багийнхантай бид бол тусгаар улс шүү гэсэн байдлаар хандаж байхдаа ийм гоё мэдрэмж авч байсан.

ОУВС-д ажилд ороход сайхан мэдрэмж авсан юм байна. Ази номхон далайн бүс нутагт хамаарч байгаа Шинэ Зеланд, Австрали, Солонгос, Казакстан гээд төв азийнхан, дэлхийн олон орны маш олон эдийн засагчидтай өрсөлдөсөн. Миний хувьд Сангийн яаманд 15 жил ажиллаад, төсвийн бодлого, санхүүгийн бодлого хариуцсан газрын даргаар ажилласан нь давуу тал болоод явсан.  Олон улсын байгууллагууд бол хөгжиж байгаа улс оронд ажиллаж байсан ажлын туршлага, мэдлэг чадварыг харгалзаж сонголтоо хийдэг. Хоёрдугаарт хэлний чадвар шаардлагатай. Англи хэл дээр мэргэжлийнхээ ажил, тэгээд бусад хэл нь давуу тал болдог. Тийм болохоор өрсөлдөхөд ч урамтай байсан. Тэр дундаас цор ганц хүнээр нь сонгогдоно гэдэг бол ялалтын мэдрэмж. Ямар  ч эдийн засагч хүний хувьд олон улсын түвшинд гарч ажиллах, тэр дундаа ОУВС бол банк санхүүгийн салбараа баздаг байгуулагад ажиллана гэдэг мөрөөдөл шүү дээ.  Эндээс гаргасан шийдвэрийг үндэслээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын банкууд тэндээс удирдамжаа авна. Бүх Засгийн газрууд тэндээс удирдамжаа авч, тэндээс эдийн засгийн төсөөлөл, үнэлгээ гарч байгаа бодлогуудыг авдаг. АНУ, Англи, Япон хөгжиж байгаа орнууд ч ялгаагүй. Тэнд дэлхийн хамгийн сайн 2000 эдийн засагч тажилладаг. Тэр 2000 хүний нэг нь болж ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг л дээ.

-ОУВС-даа ажиллаад байж болоогүй юм уу. Монголдоо ирээд улс төр, ХҮН нам гээд өөрийгөө тарчлаах хэрэг байсан юм уу?

-Би эдийн засагч мэргэжлээрээ ажиллаад мэргэжлийнхээ карьерыг тултал нь хийчихсэн гэж боддог. Улс төрийн карьер бол өөр л дөө. Улс төрд орно гэж тооцож байгаагүй. ОУВС-нд Африк, латин америкийн орнууд ялангуяа Франц, Английн клон байсан орнуудын эдийн засгийг хариуцан ажилласан. ОУВС-ийн шийдвэр Захирлуудын зөвлөлөөс гардаг юм. Нэг ёсондоо манай парламент шиг. Ази номхон далайгаас тухайн бүс нутгийг хариуцсан нэг захирлыг томилдог. Тухайн үед манай захирлаар солонгос хүн ажиллаж байсан. Энэ хүний зөвлөхөөр ажиллаж байхдаа ОУВС-ийн захирлуудын зөвлөлд гаргаж байгаа асуудалтай нь холбоотойгоор бүс нутгаа төлөөлж байр сууриа илэрхийлдэг байсан. Та нарын гарц, бодлого зөв байна, буруу байна гэх мэт. ОУВС чинь гишүүн 198 орондоо жил бүр үнэлгээ хийдэг. Гамшиг болсон эдийн засагтай улсуудад очиж зөвөлгөө, өгч, хөтөлбөр тохирч мөнгө өгдөг НҮБ-ын эдийн засгийн асуудал хариуцсан байгууллага. Энд 200 орчим улсын асуудал орж ирж, өдөр бүр 100, 100 хуудастай асуудал дагуулсан үнэлгээний тайлангууд орж ирнэ. Дотор нь дандаа л тоо. Тэгэхээр захирлын ачаалал ихэсдэг. Нэг захиралд 4-5 зөвлөх байдаг. Яг шийдвэр гаргах түвшинд нь ажиллаж байсан монгол хүнийхээ хувьд африк, латин америк гэх мэт хөгжиж байгаа улсуудыг хариуцаж ажилласан учраас тэр улс орнууд зээлээ яаж авдаг юм бэ, өрөө яаж удирдаж байна вэ, өрийн хүндрэлээс яаж гарч байгаа вэ гэдгийг мэддэг. Харьцангуй туршлагатай учраас Монголынхоо гарах гарцыг олоод харчихсан байгаа.

Намайг зүгээр л нэг гадаадад сургууль төгсөөд диплом өвөртлөөд ирсэн хүн шиг харж болохгүй л дээ. Тийм биш учраас ядаж 10 жилийн туршлагатай нэр цэвэр, сэтгэл, зориг, зүрхтэй залуучуудыг цуглуулаад өөрчлөлт хийе гэж шийдсэн. Ирээдүйд үр хүүхдийнхээ өмнө хэлэх үгтэй байя, дараа нь харамсаад суухгүйн төлөө хувь хүнийхээ өмнөөс зориг гаргаад оролцъё гээд улс төрийн хүчин байгууллагад явсан. Маш олон хүн чи үнэхээр тэнэг, өндөр  цалинтай ОУВС-ийн тийм сайхан ажлыг орхиод ирлээ гэж хэлж байсан. Дөрвийн дөрвөн хүүхэдтэй, Английн лордууд буюу элитүүдийн хүүхэд явдаг сургуулийн сургалтын төлбөрийг төлөөд өгдөг газраас гараад яах гэж ирж байгаа юм гэж байсан л даа.

Би ийм орчныг орхиод эх орондоо ирсэн. Одоо манай хүүхдүүд Яармагийн гудамжинд хүүхдүүдтэйгээ тоглоод,  хамт англи хэл заагаад явж байна. Би төрийн албанд ч ажиллалаа, олон улсын байгууллагад ч ажиллалаа. Янз бүрийн амьдрал үзлээ. Тансаг гэхээсээ илүү хөгжиж байгаа, учраа олохгүй байгаа ард түмэнтэй очиж ажилласан учраас хүний амьдралд нэг их юм хэрэггүй байдаг юм байна гэдгийг залуу насандаа ойлгосон. Хүн бол өөрөө хамгийн үнэ цэнтэй зүйл. Толгойд байгаа жаахан мэдлэг туршлагаа ашиглаад, хэрэгжүүлчих юм бол энэ улсыг өөрчилж болно. Бусад улсуудад зөвлөөд, хэрэгжүүлээд үр дүн гарсан хөтөлбөр, бодлогууд нь бэлэн байж байна. Тийм болохоор үүнийг ирээд хийе, хийхдээ ганцаараа биш багаараа хийе л гэж бодсон.

-Гаднаас хараад бүх зүйлийг шүүмжлээд, өөрчилмөөр байна гэдэг. Дотор нь орохоороо гадаа дуугарч байснаасаа өөр болчихдог нь бас олон. Өнөөдрийн Доржханд зорилгодоо хүрээд өөрчлөлтийг хийх зэвсэг болж чадах уу, өнөөх асуудлуудад дэвшил гарах болов уу. Яг зорьсондоо зүтгэж чадах хүн мөн үү, дунд ороод жижиг, сажиг ашиг сонирхолдоо хөтлөгдөөд алга болох юм болов уу гэсэн гайхшрал бас төрөөд байна?

-Манайхан өөрсдийгөө дасан зохицох чадвартай, гадагшаа яваад богино хугацаанд хэл сурдаг. Тухайн улсынхаа соёлыг хүлээж авахдаа мундаг гэж ярьдаг. Би үүнтэй бол санал нийлнэ. Үнэндээ бол манайханд оюун санааны дархлаа гэж алгадаа ийм болчихоод байна. Гэхдээ олон цагаар номын санд суугаад тархиндаа ном, мэдлэг чихчихсэн шингээчихсэн хүмүүс өөрчлөгддөггүй юм аа. Ямар хүмүүс өөрчлагддөг юм бэ гэхээр тархины дархлаа муутай, чадвар султай хүмүүс л өөрчлөгддөг. Гадагшаа яваад өөрчлөгддөг яг энэ зан чанар монголын улс төрд бас байна. Өөрөөр хэлбэл үзэл санаа нь өөрчлөгдчихдөг, системийн нэг хэсэг болчихдог, зөв эрүүл байдлаа алдчихдаг. Энэ бол тархины дархлаатай холбоотой. Энэ бол мэдлэггүйн  шинж . Монголын улстөр ийм л байдаг. Тархины дархлаатай хүмүүс бол бараг өөрчлөгдөхгүй. Баабар бол Баабараараа л дуусах байх. Талийгаач О.Дашбалбар гуай бол Дашбалбараараа л дууссан. Тэгээд хүмүүсийн дунд “Та нар ч гэсэн ялгаагүй, гарч ирээд худлаа, яриад хулгай хийгээд явчих байх” гэсэн үл итгэх хандлага бол байдаг. 1990 оны хувьсгал хийсэн хүмүүс, МАН-ын удирдлагууд бол тэрний тод жишээ болчихоод байна. Арчилсан хувьсгалыг хийхдээ залуучууд дөнгөж 20 гаруй настай байсан. Ц.Элбэгдорж гэхэд л 27-той. Тэд ямар нийгэм байгуулах гэж байгаагаа мэдээ ч үгүй явсан. Өнөөдөр бид 30 жил зах зээлийн эдийн засаг, ардчилсан нйигэмд амьдраад үзчихлээ. Энэ нийгэмд амьдрахаас гадна 10-20 жид ийм нийгэмд ажиллаад, амьдраад ирчихсэн залуучуудтай, дээр нь гадаадад төгссөн мундаг суралцсан боловсон хүчинтэй болчихлоо. Гадаадад сургуульд сурах, богино хугацаанд курст суугаад ирэх хоёр ялгаатай шүү. Хэдэн жил суралцаад тэр улсын хуулийг дагаад, төлбөр тооцоо хийж хэвшээд татвар төлөөд, хууль ёсны дагуу ажиллаж ирсэн дүрэм жура гэж юу вэ гэдгийг мэддэг залуучууд өнөөдөр хаалга тогшоод улс төрд ороод ирж байна.

Бид худлаа ярьж, хулгай хийх хүмүүс биш. Бидний үеийхэн бол өмч хувьчлал, газрын наймаа, уул уурхайгаас хол явсан. Харин ч Монгол Улсынхаа хамгийн сайн багш нараар хичээлээ заалгаад, Монгол Улсдаа бүтээн байгуулалт өрнөж байхад амьдраад гаднаас хамгийн сайн боловсролын системээс суралцаж, өөртөө шингээгээд ирлээ. Тийм болохоор бусад үеийнхэнээс иүү ачаагаа үүрэх ёстой юм аа. Бид бүгдээрээ амьдралаа аваад явж чадаж байна. Дунджаар 45 настай нэр дэвшигчид учраас бидэнд авилга авна, албан тушаалын төлөө явна, эрх мэдэлтэн болно, дарга болно, бүдүүн гэдэстэй болно, хоолойгоо шахаж ярьж хүмүүсийн анхаарлыг татахгүй. Манайхан бол энгийн даруу, эрдэм мэдлэгтэй хүмүүс. Шинэ, хуучин ямар нийгмийн зааг ялгааг мэдэх учраас бидэнд хулгай хийх сэтгэхүй байхгүй. Дэлхийн ямар ч улсад очоод тархиндаа цуглуулсан жаахан юмаараа мэргэжлийнхээ дагуу ажиллаж, гэр бүлээ авчих сайхан залуучууд энд байна. Улс орныхоо хөгжлийн төлөө, өөрчлөлтийн төлөө гэж эх орондоо ирээд хөгийн тогтолцоог өөрчилнө л гэж байгаа хүмүүс. Бидний үнэ цэн бол нэр хүнд. Эсрэгээрээ ийм үнэ цэнээ ойлгоогүй хүмүүс улс төрд орж ирсэн учраас хулгай, дээрэм гараад байна. Хулгайчтай хулгайч тэмцдэггүй юм. Хулгайчтай хулгай хийдэггүй хүн тэмцдэг. Ийм системийг энэ системд автсан хүмүүс хэзээ ч өөрчлөхгүй. Системийг шинээр угсрах чадвартай, тархины боломжтой хүмүүс л үүнийг өөрчилнө. Үүнийг бид хийж чадна. Зорьсон зорилгоосоо бол ухрахгүй.

-Ингэхэд Та ямар машин унадаг вэ?

-Цахилгаан машин унадаг. NISSAN –ны LEAF гээд машин бий. Хөөрхөн жижигхэн. Нэг удаадаа 3-4 цаг цэнэглээд 130 орчим километр явчихна. Замын зардал нь найман мянган төгрөг болдог юм.

АРВАН ЖИЛ ӨМССӨН ПҮҮЗЭЭ ТАВАН УДАА НӨХҮҮЛСЭН

-Яагаад бусадтай адил том машин унадаггүй юм бэ?

-ОУВС-нд ажиллаж байхдаа би эхний хоёр сарын цалингаараа л “Range Rover” авч байсан. Яг өөрөө эд анги бүрийг нь захиалаад авч байхад бол гоё санагдаж байсан. Одоо тэр машинаа зарах гээд зар тавьчихсан байна. Эсрэгээрээ бүр их таалагддаг машин бол одоо унаж байгаа машин. Манайхны хамгийн их унадаг “Prius”-тай ижил 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ наад зах нь байгальд ээлтэй, утаа гарахгүй. Дөрвөн жил Яармагийнхаа гудамжаар явахдаа би долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлийн хувцастай л явж байлаа. Би ер нь минималист болчихсон байна билээ. Нас жаахан яваад тэгсэн ч юм уу хандлага бүр ийм болчихож. Өмнө нь жолоочтой, хүүхэд хардаг хүнтэй байсан бол одоо өөрөө жолоочоо хийгээд, хүүхдээ хараад, оройн хоолоо хийгээд болоод л байна. Хуучин манайх  илүү их  зардал гаргадаг байсан бол одоо бага зардлаар болгоод л байна. Амьдралын энэ хэв маяг улам л таалагдаад байгаа. Жишээ нь одоо өмсч байгаа пүүзээ 10 жил өмсч байна гэвэл хүмүүс гайхах л байх. Таван удаа нөхүүлсэн шүү дээ.

-Нөхүүлж байхаар шинийг аваад өмсчихвөл амар биз дээ?

-Нэгдүгээрт хөлд эвтэйхэн. Хоёрдугаарт шинээр авах шаардлага байхгүй.

-Уйддагүй юм уу?

-Гутал бол хэрэглээ болохоос биш гоё сайхны хэмжүүр биш. Миний энэ хандлага амьдралын үнэ цэнийг арай өөрөөр хардаг болсонтой холбоотой байх. Энэ барьж байгаа үүргэвч хаанахынх ч байж болно. Хамгийн гол нь үүргээ сайн гүйцэтгээд байхаар хайрлаад хаямааргүй санагдаад, брэндээс илүү брэнд шиг санагддаг л даа. Хэрэглээгээ бууруулсан маань надад гоё байна. Бага багаар зөв хандлага рүү явж байна. Хүнд гоё харагдахаас ч ядардаг болж. Залуу байхад тултал нь гангараад хүнд харагдах байдалдаа ач холбогдол өгдөг байж.

-ХҮН намын тухай ярихаар дандаа задарсан, бутарсан, хүнд чадуулсан асуудал хөндөгдөөд байдаг. Ер нь анх яагаад ХҮН намыг байгуулахаар болсон юм бэ. Яаж тэр олон залуусыг эгнээндээ нэгтгэсэн юм бэ?

-Үүсэл гарал нь Оюутолгой, Дубайн гэрээ байгуулах асуудалтай холбоотой. ОУВС-нд ажиллаж байхад эдийн засаг хямарчихсан, Ардчилсан нам эдийн засгийг самраад хаячихсан байсан. Тэгээд ОУВС-ийн хөтөлбөрийг оруулж ирэхгүй бол болохгүй боллоо. Оруулж ирэхдээ санхүүг нь өсгөж л оруулуулахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Хуучин 200-300 сая доллар оруулж ирдэг байсан бол дор хаяж тэрбум, хоёр тэрбумыг оруулж ирье гээд тэр ажлыг би өөрөө ОУВС дээр хийсэн л дээ. Миний хариуцсан 18 орны нэг нь манай Монгол байсан юм. Би чинь ОУВС-нд эх орноо хариуцсан монгол хүн болохоор Япон, Солонгос руу нисээд дэлхийн банктай ч уулзаад 1.5-2 тэрбум долларыг арай гэж босгож ирсэн. Тэгээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбогддог юм. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан. “За ингээд мөнгө босгочихлоо, хөтөлбөр хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ улс чинь болохгүй  боллоо” гэтэл С.Баярцогт “Сайхнаатай ярья аа. Яаж ийж байгаад нөлөөлье” гэдэг юм. Эсрэг талд нь Монголбанкны нэг залуу, “найрлаад” байсан. Хэрвээ ОУВС сан ороод ирвэл эдийн засгийн хатуу сахилга бат тогтоно. Найрлаж чадахгүй болчих байхгүй юу. Хоёр тэрбум доллар гэх юм бол хүмүүс ойлгохгүй юм байна. Манай бүс нутгийн 40 гаруй улс орныг хариуцсан солонгос эмэгтэй байсан л даа. Сайхан сэтгэлтэй. Одоо л та нар алдах гээд байна шүү. Танай тэр РИО-гийнхон чинь шахаад байна. Нөгөө талд РИО бас мөнгө босгоод ОУВС-аас мөнгө авах гээд хэлэлцээр нь уначих гээд байдаг. Аль болохоор Монголд саад болох гээд. Тэгээд би бүр РИО-гийн хүмүүстэй муудалцаж байсан шүү дээ. Монголдоо хүрч ирээд Ч.Сайханбилэгтэй уулзаад “Ямар ч байсан Монгол Улс эдийн засгийн энэ асуудлаа шийдчих юм бол бид хаашаа ч хэлэлцээр хийх чадвартай болно” гэдгээ хэлсэн. Хамгийн том экспэртийн баг 10-14 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Би бүр ийм бүрэлдэхүүнтэй ирсэн. Ч.Сайханбилэг эхний өдрөө “Би та нартай зүгээр танилцах уулзалт хийсэн юм аа. Ирсэнд их баярлалаа” гэж хэлээд гаргачихсан байхгүй юу. ОУВС-ийн төлөөлөгчид шоконд ороод, манай нөгөө хүн чинь ээрч муураад, би чинь тэнд ажиллахад ичмээр байдалд орсон. Бүх юм баталгаатай, нотолгоотой байгаа. Эдийн засгаа аврахгүй бол болохгүй нь гээд би баахан хүн бужигнуулчихсан. Ингэсэн нөгөө бор хүн чинь нүүр час улаан болсон доо, гунигтай.

Биднийг явсны маргааш Ч.Сайханбилэг мессэжээр бүсээ чангалах уу, том төслөө явуулах уу гээд, “Өө том төслүүдээ явуулъя” гэж хэлээд тэгээд шууд Дубайн гэрээг хийгдчихсэн юм аа. Энд л миний дургүй асар их хүрсэн. Манай америк, Солонгосчууд хэлж байгаа юм. “Еээ үхэж байсан, хогийн Ерөнхий сайдтай, ийм улс төрчидтэй танай улс бол 1998, 1999 оны Солонгос байна” гэж хэлсэн. Жилдээ нэг хувийн хүүтэй хоёр тэрбум доллар олоод өгч байхад, олон улсаас мөнгө босгох гэж чи ямар их зовлоо. Яаж энэ багийг бүрдүүллээ. Тэгтэл ямар ч ойлголтгүй, түй ч мэдлэггүй зүгээр л нэг муу наймаачин байна шүү дээ, наад хулгайч чинь. Ийм хулгайчдаасаа болоод танай улс дампуурах юм байна гэж байсан. Ингээд хоёр гурав хоног архи уугаад байж байтал яг тэр үеэр үйлийн үртэй юм шиг С.Ганбаатар ороод ирсэн. АНУ-д шүү дээ. Намайг бүр эрж сурсаар байгаад хүрээд ирсэн. Өнөөх маань Оюутолгойг эсэргүүцдэг. Би бол Ч.Сайханбилэг эд нарыг чинь толгойндоо жаахан ч болов гэгээтэй юмтай байх гэж боддог байсан чинь эсрэгээрээ байсан. Би С.Ганбаатарыг гудамжны популист  гэж хардаг байсан л даа. Гэтэл өнөөх маань орж ирээд тэмцэгч болоод явчихсан. Ийм хөгийн хулгайчуудтай үзэхийн тулд С.Ганбаатарыг дэмжихээс аргагүй юм байна гэж бодож байгаа юм.

С.Ганбаатар манайд ирж хоноод, яриа нийлээд, архи уугаад л… Тэгээд за Доко “Хэрвээ чи улс төрд орон, ийм юмнуудтай үзнэ гэвэл би өөрийнхөө 10 жилийн гуламжны амьдрал, хөдөлмөрөө та нарт өгөхөд болж байна гэдэг юм. Үнэхээр дургүй хүрч байсан. Сахал Эрдэнэбилэг, Монголбанк, Сангийн яам хоёрын кассчин шиг ажилладаг болчихсон. Тэгээд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын байгаа царай. Дубайд очоод алуулчихаж байгаа байхгүй юу. Тэгээд шийдвэрээ гаргаад ХҮН намыг үүсгэсэн. Дөрөвдүгээр сард Ажлын хэсэг дээр хамгийн анхны уулзсан хүн бол Найдлаа. Найдлаа гэхдээ “Би нэг гэрээтэй юм аа, одоо бол шууд элсэх боломжгүй” гэсэн. Хоёр дахь уулзсан хүн бол Боргил. АНУ-д 10 гаруй жил болчихоод ирсэн байсан. Боргил өөрөө банк санхүүгийн салбарын хүн, Дубайн гэрээн дээр дотоодын экспертээр ажиллах талаар яригдаж байсан, гэрээний процессийг мэдэж байсан хүн болохоор таван минутын дотор л намд элсэх шийдвэрээ гаргасан. Тэгээд Боргил намын дарга болсон. Хүмүүс ингэж нэг нэгээрээ цуглаад 10 болоод дараа нь энэ 10 задарсан. Миний хувьд ОУВС-нд санд ажиллаж байсан учраас гадагшаа ажлаар явахдаа Японд, Лондонд ямар залуучууд байна гэдгийг судлаад уулзаад яваад байсан.

-Хэдий хугацаанд хичнээн гишүүнтэй болсон бэ?

-Хагас жилийн дотор 200-300 залуу элссэн байсан. Зарим нь гадаадад, зарим нь энд. Жишээ нь АНУ-д PHD  хийсэн найман хүний дөрөв нь гэр бүл бүх зүйлээ орхиод ирж байсан. Ер бол зүгээр нэг дипломтой биш, очоод ажиллаад, амьдраад мэргэжил дээшлүүлсэн, зарим нь олон улсын байгууллагад ажилласан тийм хүмүүс ирсэн. Тэд надад итгэсэн байхгүй юу. Яагаад гэвэл би ОУВС, Сангийн яамд ажиллаж байсан. Тэгээд бүгдээрээ улсаа сэргээх эдийн засгийн схем зураад, тэр схемэндээ итгэж байсан. Үүнийг л хийж чадвал өөрчлөгдөнө гэж бид үзсэн. Манай монголчууд ч хулгай хийж байгаагүй, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй залуучуудыг хүлээж байсан. Гэхдээ бид жаахан хүүхдүүдийг ажлын туршлагатай, дунджаар 40 орчим насны залуучуудыг сугалж ирсэн. Бид нийлээд цуглахад дэлхийн 22 хэл дээр мэдээлэл авах боломжтой болсон. Монголд ийм институц ховор шүү. Япон, БНСУ, Америк, Герман, ОХУ, Англид сургууль төгссөн залуучууд холбогдож орж ирээд, эндээс “Хөгжил хүн” клуб үүсгээд анхныхаа уулзалтыг хийж байсан. Эдийн засагч  Жаргалсайхан ах орж ирээд “Намайг 1990 онд  хүн цуглуулахад ангилиар ярьдаг 10 хүрэхгүй хүн цугларч байсан. Энд чинь заал дүүрэн хүмүүс байна шүү дээ. Ах нь яаж туслах вэ” гэж байсан. Би тухайн үед ОУВС-аас гараагүй байсан. Олон улсын байгууллагад ажилладаг хүн улсынхаа аль нэг эвсэлд орж болдоггүй хатуу гэрээтэй. Тэгээд би мэдээллээр хангах үүрэг хүлээсэн. ХҮН намд анх эхэлсэн түүх ийм. Тэгээд цааш нь юу болсныг та мэдэж байгаа шүү дээ. Би энэ талаар зөндөө ярьсан. Гэхдээ одоо өмнөх болсныг биш ирээдүйгээ хармаар байгаа болохоор энэ сэдвийг ингээд цэглэе.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.