“Зээ дүү минь хамгийн төвөгтэй салбарт хамгийн зоригтой эхлэлийг тавьсан”

“Зээ дүү минь хамгийн төвөгтэй салбарт хамгийн зоригтой эхлэлийг тавьсан”

УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт /Төв аймаг/ АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тухай түүний нагац ах, Түүхийн ухааны дэд доктор, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, “морины” хэмээн алдаршсан А.Баярмагнай ийн ярьж байна.

-Та нагац ахын хувьд зээ дүүгийнхээ удам судар, эцэг өвгөдийн талаар ярьж өгнө үү?

-Тэмүүжингийн ээжийн аав нь миний ажаа буюу С.Адьяа. Хэдэн үеэрээ Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны Бачид багийн нутаг, одоогийн Төв аймгийн Өнжүүл, Алтанбулаг, Өндөрширээт, Бүрэн сумдын зааг Улхын буланд аж төрж ирсэн улс. Дорги тайжийн удам болох Сэрээтэр тайж, Адьяа тойн, Даариймаа, тэгээд Тэмүүжин. Тэмүүжиний өвөө Адьяа тойн гэж төвд, хуучин монгол, шинэ бичигтэй, Бор-Өндөр сумын долдугаар багийн даргаар 12 жил ажилласан хүн.

Нөгөө өвөө нь Л.Мөнх-Очир гуай Лүнгийн харьяат, 1950-иад оны эхээр хуульч мэргэжил эзэмшсэн, насаараа прокурор хийсэн хүн. Эмэг эх нь партизан Дагдангийн охин Лэгзмаа гэж эх баригч эмч хүн байв. Тэмүүжиний аав нь эм зүйч, ээж нь бас эмч хүн байсан. Миний зээ дүү Тэмүүжин аав, ээжийнхээ эмч мэргэжлийг биш, өвөөгийнхөө хуульч мэргэжлийг өвлөн авсан үе дамжсан хуульч байгаа юм. Миний үзэж мэдсэнээр манайхан хэдэн үеэрээ Монголын төрд чадлаараа зүтгэсэн хүмүүс.

-Түүхч эрдэмтэн С.Идшинноров гуай та хоёр бас үеэл ах дүүс гэсэн байх аа?

-Миний үеэл С.Идшинноров түүхч, эрдэмтэн хүн байсан. Тэмүүжингийн шинэлэх ухаанд дурлаж, түүх, улс төрийн үзэл бодол төлөвшихөд тэр ахын маань нөлөө их байсан. Зээ дүү минь нийгмийн хамгийн хатуу, төвөгтэй салбарт шинэчлэлийн их зоригтой эхлэл тавьсан. Одоохондоо алган дээр тавьсан мэт ил харагдахгүй ч хэсэг хугацааны дараа тод мэдрэгдэнэ.

Бараг 90 жил тогтчихсон хуулийнхны сэтгэлгээ, арга барилыг өөрчлөхөд эсэргүүцэл, дайсагнал их гарна л даа. Миний зээ дүү энэ өөрчлөлтийн төлөө ар гэр, амьдралаа золиосолж яваа гэж би ойлгодог. Ийм өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд хэн нэгэн байтугай хэсэг бүлгээрээ золиослогдож болно. Гэвч шинэчлэлийг хүссэн олон түмэн, түүнийг гардан хэрэгжүүлэх зориг эрмэлзэлтэй залуу хуульчдын бүхэл бүтэн баг түүнд байна. Цаг нь ирсэн үзэл санаанаас илүү хүчтэй зүйл байдаггүй юм. Манай хүн үүнийг хошуулчилж яваа гэж бодоход сэтгэл өег байдаг.

Б.БОЛД

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.