Борооны улмаас улсын хэмжээнд 21 байршилд зам эвдэрч, таван хэсэгт нь 5-30 метр сэтэрчээ

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автжээ.

“Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна”

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.

Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт  5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.

Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.

Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.