Нийслэлчүүд 30 минут алхах зайд автомашинтай түгжирч байна

  Нийслэлийнхэн өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацаж” байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгдсэн бол тун удахгүй их, дээд сургуулиудын хичээл эхэлнэ. Гэвч замын ачаалал одоогийнхоос илүү нэмэгдэж, иргэд түгжрэлд түгжүүлэх нь гэх болгоомжлол ч бас байна. Иймд түгжрэлийг бууруулж, замын ачааллыг багасгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа


-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш замын ачаалал эрс нэмэгдээд байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр энэ жил нийслэлийн замын ачаалал харьцангуй буурсан. Өдөрт дунджаар 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хотынхон түгжрэлийг хэсэг хугацаанд мартсан. Энэ тоо наадмын үеэр 300 мянга болон буурч, зам ачаалалгүй байлаа. Наадмын дараа иргэдийн амралт дуусч, ажил эхэлсэн төдийгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тул замын ачаалал наймдугаар сараас эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 600 мянган автомашин бий. Мөн орон нутгийн дугаартай 132 мянган автомашин өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Нийт 700 гаруй мянган автомашины 20 хувь нь буюу 140 орчим мянга нь дугаарын хязгаарлалтад хамрагддаг. Ер нь дунджаар 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож байна. Гэтэл нийслэлийн  1132 км авто зам  314 мянган автомашин даах хүчин чадалтай.

Ийм тохиолдолд цагт 30-40 км/цаг хурдтайгаар замын хөдөлгөөнд түгжрэлгүй оролцох боломжтой атал замын ачаалал даруй хоёр дахин нэмэгдээд байна. Тиймээс бид автомашины тоонд зайлшгүй анхаарал хандуулах цаг нь болсон. Өдөрт 250-280 автомашин импортолж байгаа нь жилд 100 орчим мянган машин болж өсч байгаа юм. Хэрэв автомашины импортод хязгаарлалт тавихгүй бол 2025 он гэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэг саяд хүрэх тооцоо бий. Иймд автомашины тоон дээр анхаарах цаг нь болсон.

-Замын хөдөлгөөн бараг “зогсоод” байна. Ирэх долоо хоногоос оюутнуудын хичээл эхлэхээр тэг зогсолт хийх нь. Түгжрэл бууруулж, замын ачааллыг багасгах чиглэлд хэрхэн анхаарч байна. Ямар зохицуулалт хийх вэ?

-Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 21-ний өдрөөс эхэлнэ. Оюутнуудын хувьд орон нутгаас ирж, хотод төвлөрөөд эхэлсэн. Нийслэлд 92 мянган оюутан бий. Тэдний 70 мянга нь нийтийн тээврээр зорчдог бол 17 мянга нь явганаар, 12 мянга орчим нь хувийн автомашин болон таксигаар гэр сургуулийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог. Бид оюутнуудад зориулж биш, нийслэлийн замын ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, түгжрэлийг багасгах чиглэлд урт, богино, дунд хугацааны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн түрүүнд авто зогсоолын нэгдсэн системийг аравдугаар сарын дунд үеэс хэрэгжүүлэх юм.

Хотыг гурван бүсэд ангилж, нэгдүгээр бүсэд нэгдсэн систем нэвтрүүлж эхэлснээр авто зогсоол хайж, зохиомол түгжрэл үүсдэг асуудлыг цэгцэлнэ.  Хотын нэгдүгээр бүс болох Бага тойрууд автомашин хоёр цагаас илүү зогсохгүй байх зохицуулалт хийнэ.

Иргэд авто зогсоол хайж, хиймэл түгжрэл үүсгэхгүйгээр утсаараа тухайн очих гэж буй газартаа урьдчилан зогсоолоо захиалах боломж бүрдэнэ. Авто зогсоолын нэгдсэн системд шилжсэнээр түгжрэлийг 18-20 хувиар бууруулна гэж үзэж байна. Бид бүхэн түгжрэлийг бууруулах богино хугацааны 30 гаруй төслийг Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар замын ачааллыг бууруулах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Дугаарын хязгаарлалтад хамрагдсан 140-160 гаруймянган автомашин замын хөдөлгөөнд өдөр бүр оролцдоггүй. Энэ нь мэдээж түгжрэлийг сааруулахад нөлөөлж байгаа болов уу. Бид бүхэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, орон сууцны хороолол дунд автозамын урсгалыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Мөн гурван замын уулзвар буюу Т хэлбэрийн замын 30 метрийн зайд зэргэлдээ байгаа явган хүний гарцын нэгийг хасч, автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байна. Түүнчлэн зүүн эргэх уулзварыг өөрчилснөөр түүгээр нэвтэрч буй автомашины тоо нэмэгдсэн. Жишээ татъя, Гадаад харилцааны яамны баруун хойд талын уулзвараар нэг цагт 4133 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол одоо 5700 болж, автомашины тоо 38 хувиар нэмэгдсэн. Бид бүхэн аль болох авто зам дээрх огтлолцлыг багасгах чиглэлээр зохицуулалт хийж байна.

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр 2012 оноос хойш зохицуулалт хийсэн ч бодит байдал дээр жилээс жилд замын ачаалал нэмэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд  үр дүнгээ өгөөгүй гэсэн үг үү?

-Дугаарын хязгаарлалтыг 2012 онд хэрэгжүүлэхэд нийслэлд 228 мянган автомашин бүртгэлтэй байсан. Одоо энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Тухайн үед 228 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог байхад түгжрэлийн асуудал яригдаж байлаа. Улмаар дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэтэл өнөөдөр зам нэмэгдэж шинэчлэгдээгүй байхад автомашины тоо өссөөр байгаа учраас л түгжрэл асуудал болж, тэг зогсолт хийх гээд байгаа юм.

Автомашины олон улсын индексээр 0-0.25 хүрвэл 15 км/цагийн хурдтай буюу хамгийн их түгжрэлтэй байна гэсэн тооцоо бий. Мянган хүнд ногдох автомашины түвшингээр 130 хүрвэл нийтийн тээврийг илүү ашиглана гэж олон улсад үздэг. Хэрэв 1000 хүнд ногдох автомашины түвшин  230-д хүрвэл импортыг хязгаарлах шаардлагатай. Манай улсад 1000 хүнд 327 автомашин ногдож байгаа нь автомашины импортыг хязгаарлаж, нийтийн тээврийг шинэчлэхгүй бол тэг зогсолтоос гарч чадахгүй. Тиймээс нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, автомашины импортыг хязгаарлах шаардлагатай.

Мөн автомашины хэрэглээг багасгах цаг нь болжээ. Түгжрэлийг бууруулахад зөвхөн төрөөс арга хэмжээ авах бус, иргэдийн ухамсар оролцоо маш чухал. Автомашины хэрэглээг бууруулснаар түгжрэлийн асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болно. Өнөөдөр автомашины импортыг дагасан хэрэглээ өссөн нь түгжрэх шалтгаан болж байна.

Тухайлбал, нийслэлийн төв цэгээс 20 минут алхах зай буюу нэг км зайд 75 мянган иргэн оршин сууж байна. Энэ бүсэд оршин сууж буй иргэдийн 50 хувь нь нэг км зайд явахын тулд автомашин унадаг. Хоёр км зайд 190 мянган иргэн оршин суудгаас 50 хувь нь буюу 100 мянга нь 30  минут алхаад хүрэх газарт автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог.

Иймд автомашины хэрэглээг багасгаж, эко орчинг бүрдүүлж, алхъя. Миний хувьд ч бас автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр зорчдог болсон. Гэрээс ажил руу таван км зайд автомашинтай явахад нэг цаг зарцуулдаг. Нийтийн тээврээр зорчиход 30-40 минут зарцуулж байгаа юм.

-Нийслэлд замын ачааллын зураглал тооцоо бий юу. Хамгийн ачаалалтай түгжрэлтэй бүсийг нэрлэвэл?

-Сургууль, цэцэрлэг төвлөрсөн газруудад хамгийн их түгжирдэг, замын ачаалал их байдаг. Бага тойруу гэхэд төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, сургууль цэцэрлэг төвлөрсөн байдаг учраас хамгийн их түгжирдэг. Дараа нь Их тойруу хамгийн их ачаалалтай нь.

Түгжрэлийн оргил цаг мэдээж өглөө ажил эхлэх 08:00-09:00 цаг болон орой ажил тарах 17:00-18:00 цаг. Энэ үед бүх шатны байгууллагын ажил эхлэх, тарах, хичээл сургуулийн тарах цаг давхцдаг. Тиймээс түгжрэлийг бууруулахад цагалбар чухал нөлөөтэй.

Төрийн байгууллагууд 07:30 цагаас ажил эхэлдэг бол хичээл сургууль 08:30 цагт эхэлдэг байх, орой тарах цаг ч мөн адилгүй байвал нийтээрээ түгжрэхгүй байх боломж бий.

Б.ЦЭЦЭГ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.