“Жаст” Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн хэргийн шүүх хурлын шийдвэр гарах гэж байна

“Жаст” Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн хэргийн шүүх хурлын шийдвэр гарах гэж байна

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт” банкнаас банкнаас 110 сая ам.долларын  зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Уг хэрэг 2009 онд болсон ч хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор энэ аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм. Тодруулбал, “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.19/ 09.00 цагт  нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арав дахь  өдрөө үргэлжилнэ.

Ямартай ч олон хоног үргэлжилсний эцэст “Жаст групп”-ийн захирал асан  Ш.Батхүү  тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дууссан байна.

Олон жил шалгагдаж, шүүхэд шилжиж ирсэн Ш.Батхүүд холбогдох хэрэг одоо л эцэслэн шийдэгдэх нь хэмээн анхаарал тавих олон хүн бий.  “Жаст” группын захирал асан   Ш.Батхүү  нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм. Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет”, “Жаст ойл”,  “Олон овоот”  ХХК-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй  нь энэ юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргуулж, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас зээлсэн өрийг нь дарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв. Ийнхүү олон жилийн дуулиан тарьсан хэргийн шүүх хурлын шийдвэр гарах дөхөж байна.

Б.АНХМАА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.