Чихээ таглахын учир буюу Бруно Фернандешийн түүх

Чихээ таглахын учир буюу Бруно Фернандешийн түүх

The Players`Tribune-д алдартай тамирчид өөрсдийн түүхийг өгүүлдэг. Энэ удаад Английн “Манчестер Юнайтед” клубын гол найруулагч, уураг тархи нь болоод буй португал хагас хамгаалагч Бруно Фернандешийн өгүүлсэн түүхийг хүргэж байна.

“Яриагаа би ахаасаа эхэлье. Түүнгүйгээр миний амьдралын түүхийг ярих ямар ч боломжгүй юм л даа. Тэр бол миний ах, хамгийн муухай нь “Барселона”-гийн фанат. Та нар дургүйцэхгүй бол түүний тухай нэгэн хөгжилтэй түүхийг эхлээд хүүрнэчихье.

Тэр надаас тав ах. Хамт шуугилдаж л өслөө. Хоёулаа нэг өрөөнд амьдарна. Бага насанд бүх л юм хөөрхөн, хөгжилттэй санагддаг шүү дээ. Харин жаахан том болоод ирэх үед асуудлууд гарч эхэлдэг. 15-16 нас хүрээд ирэх үедээ би гэртээ найз нараа авчрахыг хүслээ. Харин тэр цухалдаж, өрөөндөө тайван амгалан байх гэнэ. Би ч яахав амар амгаланг нь эвдэж, гэрээр нэг гүйж харайна даа, хөөрхий. Сүүлдээ бүүр залхаад “Хөөе, Бруно! Гарч тоглооч ээ!” гэж хашгична.

Ингэж хашгачуулсныхаа ачаар би гудамжинд гүйн гарч, сургууль юмуу цэцэрлэгт хүрээлэнд очиж, бөмбөг хөөдөг байв. Бусад улс оронд ямар байдгийг мэдэхгүй юм, харин Португалд бол хөлбөмбөгт нэг дурласан л бол түүгээр насан туршдаа “амьсгалдаг”.

2004 онд Португалд болсон Европын АШТ бидний үеийн хөвгүүдийг хөлбөмбөгөөр бүрэн амьсгалахад хүргэсэн юм. Тухайн үеийн шигшээ багийн тоглогчид ч үнэхээр хүчирхэг байлаа.

Тэр цагт Роналдо, Месси хоёр дөнгөж гарч ирж, харин Роналдиньо ид шуугиулж байв. Хаашаа л харна, хөвгүүд бүр хөлбөмбөгийн тухай ам уралдан ярилцаж, бусдаас дээр гарахыг хичээнэ.  Ах бид хоёр ч ялгаагүй. Энэ жил “Алтан бөмбөг”-ийг хэн хүртэх вэ? Хэний гоол хамгийн шилдэг нь вэ? Тэгвэл Дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ? гэх мэт асуулт, маргаан өрнөөстэй.

Би ийм маргаанд үргэлж Криштиано Роналдог сонгодог. Харин ах үргэлж Месси гэнэ.

Нэг жилийн Зул сараар бид Швейцарьт ажиллаж буй аав дээрээ очлоо. Тухай үед интернэт наймаа тэгтлээ хөгжөөгүй байсан л даа. Тиймээс Премьер лигийн багийн тоглогчдын өмсгөлийг Португалд олж өмсөх амаргүй. Олдлоо гэхэд үнэ нь дийлдэхгүй. Тиймээс аав дээрээ очиход бид хоёрыг дагуулан Nike-ийн дэлгүүр орж, хүссэн хувцсаа ав гэсэн юм. Тэр дэлгүүрээс сонголт хийж хувцас авна гэдэг миний хувьд их чухал зүйл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ах яахав “Барселона”-гийн шар өнгөтэй хоёрдугаар өмсгөлийг авч байгаа юм. Харин би …Тэгэхэд л би аль хэдийнэ өөрийн гэсэн сонголтоо хийчихсэн байсан гэж бардам хэлж чадна. Миний сонголт “Манчестер Юнайтед”-ын өмсгөл.

Цагаан эмжээртэй, бага зэрэг улаан оруулгатай тэр цэнхэр өнгийн өмсгөлийг одоо ч би тод санадаг. Криштианогоос болоод Английн багуудаас дэмждэг нь “Юнайтед” байлаа.

Багш маань надад байнга шахуу нэг юм хэлнэ. “Бруно хөлбөмбөгч болно гэдэг чинь сайхан мөрөөдөл ч гэлээ өрсөлдөөн ихтэй шүү. Тэрний оронд чи хичээл номоо сурсан шиг сурвал дээргүй юү!” гэж. Харин би дотроо “Намайг бодож ингэж хэлж байгаа байлгүй дээ. Хэрвээ тийм юм бол би бэлтгэлээ улам сайн хийнэ ээ” гэж бодно.

Чамд ямар нэгэн мөрөөдөл бий бол түүндээ бүх анхаарлаа хандуулж, донтох хэрэгтэй гэж би боддог. Мөн бүтээлчээр сэтгэн бодох ёстой. Бид багадаа хаана л бол хаана хөлбөмбөг тоглочихно. Зүлэг олдохгүй бол элсэн дээр, хаалга олдохгүй хаалга хийгээд тоглочихно. Элсэн дээр хөлбөмбөг тоглох эхэндээ их эвгүй. Тийм эвгүй газар хөлбөмбөг тоглоход эвгүй асуудлууд ч үүснэ.

Саявтархан Линделоф бид хоёрын хооронд үүссэн шиг асуудал шүү дээ. Европа лигийн шөвгийн дөрвийн тоглолтын үеэр бид хоёр хэдэн үг хаялцсан нь хэвлэлийнхний анхаарлын гадна яаж үлдэх билээ. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгоод л дэвэргэж өгсөн.  Үнэндээ тэр явдал төрөлх хотдоо найз нартайгаа тоглож, маргаж өссөнөөс огт ялгаагүй. Португалд хүүхэд бүр хөлбөмбөгийг тэгж л тоглодог. Бид тоглолтын үеэр байнга ярилцаж, маргахдаа маргана. Ямар нэгэн болохгүй зүйл хийвэл тэр дор нь хэлдэг. Би хөлбөмбөгийг тэгж мэдэрч, тоглоод сурчихсан болохоор одоо ч тэр янзаараа. Гэхдээ толгой хагаравч малгай дотроо, тохой хугаравч ханцуй дотроо гэдэг шиг хөлбөмбөгийн талбайгаас гадна тэр яриа гарах ёсгүй. Маргааш өглөө нь бид эргээд л гар бариад уулздаг найзууд. Тэгээд ирээдүй рүү хамтдаа алхдаг.

Зүрхэн дээрээ гараа тавиад шүүмжлэлд би дуртай гэж андгайлан хэлж чадна. Учир нь шүүмжлэл надад биеэ сул тавих, хойргоших боломж өгдөггүй юм. Харин ч бүр сэргээж, өдөөж өгдөг. Хүмүүс араар нь муулах, шүүмжлэх дуртай байдаг шиг билээ. Харин би үнэнийг нүүрэн дээр нь хэлж, болохгүй байгаа зүйлсийг газар дээр нь ярьчихдаг хүмүүст дуртай.

Гэртээ харихад “Би чамд хайртай л даа, гэхдээ өнөөдөр чи гоол оруулах ёстой байсан юм. Чи сайн дамжуулалт өгсөн, гэхдээ хичнээн боломж алдчихав аа” гэж шулуухан үгс угтахад би дуртай байдаг.

Одоо охин Матильда маань хүртэл тэгнэ. Дөнгөж гурван настай шүү дээ. Гэхдээ тэрний шүүмжлэл нь хөлбөмбөгийнхөөс арай өөр сэдэвтэй л дээ. Эхнэр бид хоёр түүнийг “Тараасан тоглоомоо хураа” гэсэн юм. Тэгсэн тэр чихээ таглаад, чанга дуугаар “Бла, бла, бла, ааваа би чамайг сонсохгүй байна” гэж хашгирч билээ.

Охины маань тэр үйлдэл надад их өхөөрдөм хөөрхөн санагдаад гоолын баяраа яг тэгж хийх болсон. Охин маань ч намайг тэгж чихээ таглаад гүйж байхыг зурагтаар хараад өөрт нь зориулж буйг мэддэг. Тэгэхээр би одоо гоол оруулчихаад чихээ таглахгүй бол эсвэл зурагтын камер тэр агшинд над руу чиглэхгүй бол баларлаа л гэсэн үг. Гэрт хөл тавимагц л “Аав аа, та яагаад тэгсэнгүй вэ?” гээд шалгааж зандарч эхэлнэ шүү дээ. Ха-ха-ха, миний амьдрал нэг иймэрхүү л байдаг юм.

Би цаашид илүү ихийг сурч, сайжрахыг хүсдэг. Өдрөөс өдөрт илүү сайн Бруно байхыг хичээдэг.

Миний гэр бүлийн хүмүүжил надад ийм тэмүүлэл өгсөн юм. Аав минь миний хэдэн гоол оруулсан, хэдэн гоолын дамжуулалт өгснийг огт тоодоггүй байлаа. Харин түүний анхаардаг зүйл бол тоглолтын үеэр хэдэн алдаа гаргасан, илүү сайн тоглох боломжоо яаж алдсныг л тооцдог.

“Боавишта”-гийн 15 хүртэлх насны багт байхдаа “Порто”-той тоглосноо санаж байна. Тэгэхэд би сайн тоглосон юм. Том том биетэй, хурдтай хөлбөмбөгчдийн эсрэг намайг хамгаалалтад гаргачихдаг юм. Тэгэхэд бид 0:1-ээр хожигдсон ч би их сайн тоглосон учир хүн болгон л намайг магтаж билээ. “Порто”-гийн дасгалжуулагч хүртэл хүрч ирээд “Энэ жаал жинхэнэ хөлбөмбөгч болно оо” гэж мөрийг минь алгадсан. Тэр үгийг сонсоод би зүгээр л сансарт хөөрчих шиг болсон.

Гэтэл аав намайг тэс өөр үгээр угтлаа. “Чи тэд гоолоо яаж оруулсны харав уу? Хэрвээ чи тэгтлээ арагшаа сууж хамгаалаагүй бол тэдний тэр гоолын хөндлөн дамжуулалт тийм амархан нэвтрэхгүй байсан юм!” гэж аав надад хэлсэн.

Тэгээд би тэр гоолын тухай бодож эхэллээ. Үнэндээ тэр гоолд ямар ч буруугүй мэт санагдана. Гэвч аав намайг буруутай гэж бүр нөхцөл байдлыг дэлгэрүүлж үнэлж цэгнэж эхэллээ. Үүнээс хойш би хожигдох бүртээ хоол унднаас гарч, байнга шаналах болсон. Унтлагын өрөөндөө ороод дотроос нь түгжчихнэ. Өнгөрсөн тоглолтын талаар бодох гэж тэр шүү дээ. Ингэж л одоогийн миний энэ сэтгэлийн хүч бүрдсэн юм. Зарим хүнд бол илүү юманд санаа зовоод байгаа мэт санагдаж мэднэ. Харин надад бол үгүй.

Энэ бодол, сэтгэлийн хүч маань намайг өдий хүргэсэн. 14-15 насанд их юм өөрчлөгддөг юм билээ. Авъяастай байх хангалтгүй, хөдөлмөрч байх ч хангалтгүй, сэтгэлийн хүчтэй байх ч хангалтгүй. Харин энэ бүхнийг нэгтгэж чадах хэрэгтэй. Хөлбөмбөгөөр бүрэн амьсгалж, түүгээр амьдрах хэрэгтэй.

Хэдэн жилийн дараа би Итали руу явж, тэнд шалгаруулалтад оролцлоо. 17 настайдаа огт мэдэхгүй улсад очиж байгаа минь тэр. Хэлийг нь мэдэхгүй, таних хүн байхгүй, үнэхээр хэцүү санагдсан. Их ганцаардаж, их шаналсан. Зүгээр хаяад явчихмаар, бууж өгмөөр үе зөндөө гарсан.

Хэрвээ аав минь надад тэр сэтгэлийн хүчийг өгөөгүй бол Италид үлдэж, тэмцэж чадахгүй байснаа ойлгодог. Хэрвээ аав минь “Чи гайхалтай сайн байлаа, хүү минь” гэж үргэлж магтдаг хүмүүсийн нэг байсан бол би тэнд үлдэж чадахгүй байсан. Учир нь бодит амьдрал үргэлж миний толгойг илэхгүй шүү дээ. Хэн ч тоглолт бүрийн дараа “Чи гайхалтай байлаа” гэж хэлэхгүй.

Харин ч хүмүүс шүүмжилнэ, хангалттай сайн байсангүй гэнэ. Хөлбөмбөгийн ертөнц ийм л байдаг. Тэгэхээр шүүмжлэлийг инээмсэглэн хүлээн авах чадвартай, түүнийг үнэн зөвөөр дүгнэж үнэлэх ухаантай, эргээд дараагийн тоглолтдоо өөрийгөө илүү сайжруулах хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

“Бруно, энэ бол чиний мөрөөдөл. Чи бууж өгөх эрхгүй. Чи урагшаа л харах ёстой” гэж гэр бүлийнхэн маань надад зөвхөн үнэнийг хэлж байсан. Тэдний энэ үнэн үг надад маш чухал. Тиймээс ч би урагшаа л харсан, алхсан. Тэгээд хэдэн жилийн дараа гайхамшигтай зүйл болно гэж итгэсэн.

2017 оны наймдугаар сарын 27-ны өдрийг би сайн санаж байна.

ДАШТ-ий урьдчилсан хэсгийн Фарерын аралтай хийх тоглолтод намайг анх удаагаа Португалын шигшээд дуудсан өдөр. Хэнтэй ч тоглох бай эх орныхоо дуудлагыг хүлээн авна гэдэг асар их нэр төрийн хэрэг.

13 жилийн өмнө би нүүрээ будчихаад Португалын төрийн далбааг барьчихаад явж байсан гээд та нэг бод доо. Тэгэхэд би гэр бүлийнхэнтэйгээ хамт хотынхоо төвд асар том дэлгэцээр Европын АШТ-ий финалыг үзсэн юм. Тэр жил бол Криштиано Роналдо дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа үсрэн гарч ирсэн үе байлаа. Тэр жил бол Португал хүн бүрийн мартахгүй үе. Гэхдээ есөн настай хүүд бол тийм ч чухал санагдахгүй. Тэгэхэд манай шигшээ хожигдож, хөлбөмбөгч бүр нүдэндээ нулимстай харагдсныг би санадаг.

Гэтэл 13 жилийн дараа би өөрөө шигшээ багийн хувцас солих өрөөнд орж ирлээ. Криштианог орж ирэхэд бага зэрэг нэрэлхэн таг дуугүй суув. Сэтгэл их түгшиж байна гэж жигтэйхэн. Саяхан л Криштиано шиг болохыг хүсч, түүн рүү бишрэнгүй ширтэж байсан атал одоо дэргэд нь сууж байдаг.

“Манчестер Юнайтед”-тай гэрээ байгуулсан маань миний мөрөөдлийн өрнөл хэсэг болсон юм. Үнэхээр ийм гэрээ байгуулах боломж байгаа тухай агент маань хэлсний дараагаар миний бодол тэртээх Швейцарьт өнгөрүүлсэн өдрүүд рүү эргэн аяллаа. Энэ хэдэн жилийн хугацаанд зөвхөн манай гэр бүлийнхний л мэдэх хүнд хэцүү үйл явдлууд өчнөөн тохиолдсон.

Гэрээ байгуулахаар болсон тэр өдөр би эхнэр, охин хоёртоо хэлээд биеэ барьж дийлээгүй… Би зүгээр л шууд уйлчихсан. Энэ бол баярын нулимс, аз жаргалын нулимс, дурсамж бодлын минь нулимс байлаа.

Италид байхдаа одоогийн эхнэр тухайн үед бол найз бүсгүй рүүгээ утсаар залгаад бууж өглөө, буцлаа гэж хэлж билээ. Тэгэхэд тэр маань надад “Үгүй ээ, үгүй, үгүй шүү. Энэ чиний мөрөөдөл. Ямар ч байсан бууж өгөхгүй шүү” гэж хэлснийг нь саналаа.

Дараа нь би ах руугаа залгаад дахиад л уйлсан. Багадаа хэнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэж боддог, аль багийг Аваргуудын лигт түрүүлнэ гэж итгэдэг, “Манчестер Юнайтед” энэ зун хэнийг авах бол гэж ахтайгаа үргэлж маргадаг байснаа дурсан ярьж, уйллаа. Ах минь утасны цаана бас уйлж сонстсон.

Мэдээж, дараа нь би аав руугаа утсаар ярьсан. Миний хамгийн том шүүмжлэгч, мөн миний мөрөөдлийн хамгийн том хөшүүрэг болсон энэ хүн гэр бүлээ тэжээх гэж, биднийг сайхан амьдруулах гэж эх орноо орхин Швейцарь руу ажиллахаар явсан юм. Тэгээд яасан гээч? Аав маань ч гэсэн утасны нөгөө үзүүрт уйлж байгаа нь сонсогдсон.

Энэ удаад аав маань надад ямар ч шүүмжлэл хэлээгүй. Мөн магтсан ч үгүй. Тэр зүгээр л уйлж байлаа. Аавын минь дэргэд миний ээж, дүү охин яриаг сонсон мөн уйлж байлаа.

Одоо би “Юнайтед”-ын тоглогч, аав минь шүүмжлээд байх нь цөөрч, тоглолтын дараагаар хэсэг зуур чих амраах болсон. Тоглолтын дараа 24 цагийн турш ямар нэгэн зүйл хэлэхгүй байж байгаад шүүмжээ хэлдэг юм.

Магадгүй би дэлхийн аварга болчихвол, мөн аваргын төлөөх тоглолтод гоол оруулчихвал чихээ даран гоолын баяраа тэмдэглэснийхээ дараагаар анх удаагаа аавынхаа шүүмжлэлийг сонсолгүй 48 цагийн турш амар амгаланг мэдрэх биз ээ.

 

Орчуулсан Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.