Зиданаас “Гутлаа тайлах уу?” гэж асуусан нь буюу Мбаппегийн түүх

Зиданаас “Гутлаа тайлах уу?” гэж асуусан нь буюу Мбаппегийн түүх

 

Дэлхийн аварга, Францын “Парис Сен-Жермейн”-ий довтлогч Килиан Мбаппегийн өгүүлсэн түүхийг та бүхэнд толилуулья.

“Бонди, Иль-де-Франс болон хөдөө нутгийн хөвгүүдэд би энэ түүхийг ярьж өгье. Хөлбөмбөгийн тухай түүх гэдэг нь ойлгомжтой. Ер нь миний хувьд бүх юм хөлбөмбөг л байдаг. Итгэхгүй бол ааваас минь асуугаарай. Дөрвөн настайд маань аав 4х4-ийн жижиг тоглоомон машин бэлэглэлээ. Төрсөн өдрийн бэлэг юм. Нэг тийм цахилгаан мотортой машин байдаг даа. Та нар мэдэх байлгүй. Сууж, явж, жийж болдог. Ер нь яг л машин шиг. Тэр машиныг унаад гудамж хөндлөн гарч, хөлбөмбөгийн талбайд очихыг минь аав ээж зөвшөөрсөн юм. Яг л жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгчид бэлтгэлдээ машинтай очиж буй мэт. Би ч яг л тэгж сэтгэнэ.

Тэгээд машинаа унаж очоод буланд үлдээгээд хөлбөмбөгөө тоглохоор гүйчихнэ. Найзууд маань тэр машиныг хараад атаархдаг ч миний хувьд зүгээр л хөлбөмбөгт очих унаа төдий байлаа. Надад ганц л хэрэгтэй юм  бөмбөг. Бөмбөг бол миний хувьд бөөрөнхий дэлхий л гэсэн үг.

Тэгэхээр энэ бол хөлбөмбөгийн тухай түүх. Гэхдээ энэ түүхийг уншихын тулд заавал хөлбөмбөгт дуртай байх хэрэггүй шүү. Үнэндээ мөрөөдлийн тухай яриа юм. Бонди буюу 93-ынхан (Парис хотын ойролцоохь Сен-Сен-Денигийн тааруухан нэртэй газрын тоон нэр) мөнгөөр нэг их хахаж, цацаад байдаггүй нь үнэн. Гэхдээ тэнд жинхэнэ мөрөөдөгчид аж төрдөг юм. Тэнд төрсөн бүгд л мөрөөдөгчид байдаг. Магадгүй мөрөөдөхөд мөнгө төлдөггүй болохоор тэр биз. Мөрөөдөл гэдэг чинь “үнэгүй” эд шүү дээ.

Тэнд франц, африк, ази, араб гээд дэлхийн бүхий л төрлийн хүмүүс амьдардаг. Францад хөдөө нутгийнхны талаар дандаа л муу үг унагадаг. Гэвч тэр хөдөө нутагт амьдарч үзээгүй бол яг ямар байдгийг мэдэхгүй л дээ. Дээрэмчид байдаг л гэж ярьцгаана. Гэтэл тэр яриад байгаа дээрэмчид чинь дэлхий даяар л байдаг шүү дээ. Яахав, амьдралын хатуу хүтүүг үзэж яваа хүмүүс л биз. Гэхдээ дүүргийн хамгийн танхай хулигаан хүртэл эмээгийнхээ хоол хүнсийг зөөгөөд явж байхыг харж л байлаа. Энэ талаар та бүхэн хэвлэлээс олж уншихгүй л дээ. Зөвхөн муу муухайг нь л хэвлэлээр цацдаг. Сайн сайхныг огт үгүй шүү.

Бондид нэг бичигдээгүй хууль байдаг юм. Түүнийг багаасаа л мэдэрнэ. Гудамжинд явж байтал буланд 15 хүн зогсож байвал чамд хоёр л сонголт бий. Нэг бол гараараа алсаас даллах, үгүй бол очоод бүгдтэй нь гар барих.

Хэрвээ очоод нэгтэй нь гар баривал бусад 14 нь чамайг хэзээ ч мартахгүй. Чамайг ямар хүн гэдгийг бүгд мэдэж авах болно. Бондигийн амьдралын тэр заншил одоо ч намайг дагаж явдаг. Өнгөрсөн жил FIFA Best Awards-т эцэг эхтэйгээ хамт очихдоо би Жозе Моуриньотой таарлаа. Өмнө нь уулзаж байсан л даа. Гэхдээ энэ удаад тэр 4-5 найзтайгаа хамт зогсож харагдана. Тэгэхээр би яах ёстой вэ гэж бодож байлаа. Яг л Бонди шиг. “Холоос гараараа даллаад өнгөрөх үү, эсвэл очих уу?” гэж.

Тэгэхэд би очоод Моуриньотой эхэлж гар бариад дараа нь сурсан зангаараа бүгдтэй нь гар барьсан.

“Бонжур!”. Гар барилаа.

“Бонжур!”. Гар барилаа.

“Бонжур!”. Гар барилаа.

“Бонжур!”. Гар барилаа.

Ингээд дараалаад гар барьчихаар нөгөө хүмүүс гайхаж байгаа нь илт. Хөгжилтэй ч юм шиг. “Хөөе, энэ залуу чинь мэнд мэдэж байна” гэх шиг нааш харцгаана.

Тэднээс жаахан холдтол аав инээснээ “Хэ хэ, энэ яг Бондигоос болж байхгүй юу” гэдэг юм. Рефлекс шиг болчихсон хэрэг. Бид энэ дүрмийн дагуу амьдардаг. Бондид хөлбөмбөгөөс ч гүн гүнзгий үнэт зүйлийг олж авдаг юм. Бүх юманд адил тэгш ханддаг болдог гэсэн үг. Учир нь бүгд адилхан хүсэл мөрөөдөлтэй.

Би ч, миний найзууд ч мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж найдаагүй. Үнэхээр бодоогүй. Төлөвлөөгүй. Харин мөрөөдсөн юм. Үүнд ялгаа их бий. Зарим хүүхдүүдийн өрөөний хананд супер баатруудын зураг наагаастай. Харин бидэн шиг хөлбөмбөгт дуртай хүүхдүүдийн хувьд бол өөр. Ээх, Зидан, Роналдогийн хичнээн ч зураг ханаар дүүрэн байв даа. Үнэнээ хэлэхэд, жаахан өсөөд ирэхдээ Неймарын зургийг ч ханандаа хаддаг байлаа. Үүнийг сонсохоор тэр инээгээд байдаг юм. Гэхдээ энэ өөр түүх л дээ.

Манай нутгаас яагаад тийм олон авьяастан төрж гардагт зарим хүмүүс гайхдаг л юм. Манай нутгийн усанд ид шид байна ч гэж бодох нь холгүй. Эсвэл биднийг өөр маягийн бэлтгэл нууцаар хийдэг ч гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Гэвч Бондигийн хөлбөмбөгийн клубыг ирээд харвал та нар жирийн л нэг гэр бүлийн гэмээр багийг харна. Тэнд цөөн хэдэн байшин мөн хиймэл зүлэгтэй хэдхэн талбай л бий. Зүгээр л бид хөлбөмбөгийг бусдаас арай өөрөөр хүлээж авдаг юм. Энэ их онцлог. Өдөр бүр бид хөлбөмбөг бол бидний хувьд талх, ус маань юм шиг л байдаг.

Сургуулийн 6-9 дүгээр ангийнхны дунд хөлбөмбөгийн тэмцээн болно. Тэр нь бидэнд яг л Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн мэт санагдана. Хоёр еврогийн үнэтэй хуванцар цомын төлөө бид үхэл амьдралын төлөөх тулаан шиг тэмцэлддэг байлаа. 93-т хүн бүр нэр төрийнхөө төлөө тулалддаг юм. Гэхдээ нэг содон дүрэмтэй нь баг бүрт, охид, хөвгүүд байх ёстой. Холимог баг байх ёстой. Гэвч охид тэмцээнд орохгүй гэнэ. Тэгэхээр нь “найрах” хэрэг гарна даа. Би лав найз охиндоо шинэ будаг шунх авч өгнө гэж нэг удаа ятгаж чадсан юмдаг. Тэмцээнд түрүүлээд цом, мөнгө аваад авч өгнө гэж байгаа хэрэг шүү дээ. Өмнө нь сөгдөж суугаад мөргөхөд ч бэлэн байж билээ.

Та нар намайг хачирлаж байна гэх биз. Гэвч үнэн маань л энэ. “Энэ чинь 93. Бид хожигдож хэрхэвч болохгүй” гэж өөрсдөдөө хэлдэг байлаа.

Тэгээд Жюль Римегийн цомын төлөө тэмцэх мэт үзэлцэнэ. Ийм л байсан. Магадгүй багш нарт маань амаргүй байсан биз. Одоо энэ дашрамд уучлалт гуйя. Нэг удаа сургуулийн захирал надад есөн янзын сануулга нэг дор өгснийг санаж байна.

“Килиан гэрийн даалгавраа хийгээгүй”, “Килиан хичээлийн үеэр хөлбөмбөг ярьсан”, “Килиан ном дэвтрээ орхиж явсан” гэх мэт. Үнэндээ тэгэхэд би үүлэн дээгүүр нисч явсан юм аа. Би муугүй авьяастай хүүхэд байлаа. Гэхдээ 11 настайд минь болсон 93-ын цом хэмээх тэр тэмцээн миний амьдралын эргэлтийн цэг болж билээ. Бид шөвгийн дөрөвт шалгарч, Ганьи дахь хөлбөмбөгийн жинхэнэ стадионд тоглох эрхтэй боллоо. Лхагва гаригт тэр тоглолт болсныг ч санаж байна. Тийм олон үзэгчдийн дунд, тийм том стадионд тоглож үзээгүй байлаа. Аймшигтай санагдсан. Их айсандаа бараг гүйж ч чадаагүй. Бөмбөгөнд ч бараг хүрэхээс айж билээ. Тэгээд талбайгаас гартал ээж миний чихийг маш чанга мушгисныг сайн санаж байна. Муу тоглосонд минь биш харин айсанд минь уур нь хүрээд тэр.

“Ингэснийг минь чи насан туршдаа мартахгүй. Бүтэлгүйтлээ ч гэсэн өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй. 60 удаа алдаж өшиглөж болно. Тэр ямар хамаатай юм. Харин чиний айгаад тоглож чадахгүй байна гэдэг чамайг насаар чинь дагаж явах зүйл” гэж хэлж билээ. Яг ингэж хэлсэн. Энэ үгс намайг их өөрчилсөн. Түүнээс хойш би ямар ч талбайд гараад айхаа больсон. Тэгэхээр Килиан Мбаппе гэх одоогийн энэ хөлбөмбөгч ээж, аав болон манай дүүрэг, миний найзуудгүйгээр бий болохгүй байсан юм аа.

Магадгүй та 93-ынх биш болохоор намайг бүрэн ойлгохгүй байх. Жишээлбэл, 11 настайдаа би Лондон руу явж, тэнд “Челси”-гийн өсвөрийн багийнхантай хамт хэдэн хоног бэлтгэл хийсэн юм. Их сандарч, догдолсон болохоор найз нартаа ч хаашаа явах гэж буйгаа хэлээгүй. Эргээд иртэл “Килиан, өнгөрсөн долоо хоногт чи хаачив аа?” гэж найз нар шалгааж байна.

“Би Лондонд, “Челси”-д очоод ирлээ” гэж би хэлсэн. “Пүүх, худлаа яриад л” гээд тэд итгэх янзгүй. “Үгүй ээ, үнэн. Бүр Дрогбатай уулзсан” гэж хэллээ. “Чи сайхан залдаг болох нь хэхэ. Дрогба тэгээд Бондигийн хүүхэдтэй уулзаад явж байх уу. Худлаа туу!” гэцгээлээ.

Тэгэхэд би утасгүй байсан болохоор ааваас утсыг нь гуйж зургуудаа үзүүллээ. Тэгж байж л нэг үнэмшүүлсэн юм даа. Тэгэхэд найз нар минь надад атаархаагүй шүү. Бүр өчүүхэн ч атаархаагүй. Тэд зүгээр л баярлаж, хөөрцгөөсөн. Өөрсдөө очиж үзмээр санагдсан. Дараагийн тоглолтын өмнөхөн хувцсаа сольж суутал найз маань “Килиан, дараа нь намайг дагуулаад явж болох уу?” гэж билээ.

Би яг л өөр гаригт очоод ирсэн шиг. “Үгүй ээ, бэлтгэл цугларалт тэгээд дууссан. Уучлаарай” гэж би хариу хэлсэн. Тэд зургуудыг хараад толгойгоо сэжлэн “Килиан, бид чамтай цуг байсан юм шиг санагдаад, ямар гоё юм бэ” гэж хэлсэн. Найз нарын минь хувьд ийм л эрхэм зүйл. Тэнд очиж үзнэ гэдэг өөр гаригт очсон мэт.

“Челси”-д очиж үзсэн тэр цагаас хойш би Бондигоос явж, өөр том багт очуулахыг аав ээжээсээ гуйх болсон юм. Гэхдээ аав ээжийгээ бас ойлгох хэрэгтэй. Тэд намайг гэртээ үлдэж, энгийн амьдралын мөр хөөгөөсэй гэж хүсч байлаа. Тэгэхэд би аав ээжийгээ одоогийнх шигээ ойлгодоггүй байж. Тэд намайг илүү хүнд хэцүү зам руу орж, зовж зүдрэхвий л гэж болгоомжилж байсан хэрэг шүү дээ.

Клерфонтенд бэлтгэл хийгээд эхэлсэн үед хүртэл аав минь надад нэмж бэлтгэл хийлгэдэг байлаа. Намайг 10 жил дасгалжуулсан хүн. Клерфонтен бол дэлхийн хамгийн шилдэг академи шүү дээ. Тэнд бэлтгэл хийж ирчихээд амралтын өдөр Бондигийн хагас мэргэжлийн багт буюу аавынхаа багт тоглоно. Клерфонтен дэх нэг ч зугаа яриаг тэр сонсохыг ч хүсэхгүй. Гэтэл би тэндээс ирэхдээ дасгалжуулагчийн дуу хоолой чихэнд бүр сонстоод байгаа юм чинь. Аав хэлнэ. “Наад хөлөө илүү чанга, хүчтэй болго” гэж. Академид хөлбөмбөгийн ур чадвар дээр ажилладаг бол Бондид амьдралын арга ухаан дээрээ ажиллана. Бид хагас мэргэжлийн багийнхан байлаа. Заавал хожих л ёстой.

Нэг удаа би Бондид тоглож байхдаа жигүүрт баруун хөлөөрөө бөмбөг мөн ч сайхан тогтоож авлаа. Гэтэл чихэнд Клерфонтений дасгалжуулагчийн “Килиан, зүүн хөлөөрөө илүү сайн тоглох тал дээр ажилла!” гэж үг сонстох шиг болж билээ. Тэгээд би зүүнээрээ холын дамжуулалт өгөх гэтэл ёстой хөгийн юм болсон. Тэр дамжуулалт оновчгүй болсны гайгаар өрсөлдөгчид бөмбөг авч, харин аав намайг зүгээр л байхгүй болгосон юм. Яаж хашгирч загнасныг нь одоо ч санаж байна.

“Килиан, би энд тэр Клэрфонтэнийнхоо загвар маягийг харуулах гэж ирээгүй шүү! Энэ чинь том тэмцээн ойлгов уу? Чи тэндээ очоод үлгэрийн мэт талбайдаа үнсгэлжин шиг бүжиглэдэг юм байгаа биз. Энэ бол Бонди. Энэ чинь амьдрал, за юу!!!” гээд л аав хашгирсан.

Одоо ч би тэдгээр үгсийг санаж явдаг. Үүлэн дээгүүр хөөрч явааг минь аав мэдэж байж. Тиймээс намайг тэндээс газарт буулгах гэж хичээсэн нь тэр.

14 насны төрсөн өдрөөр аав надад гэнэтийн бэлэг барьсан юм. Аав руу “Реал Мадрид”-аас хэн нэгэн утасдаад Испанид долоо хоногийн бэлтгэл хийхийг урьж буйгаа дуулгажээ. Би бүр балмагдчихсан. Учир нь аавд тэр хүн “Зидан чиний хүүг харахыг хүсээд байна” гэж хэлж байгаа юм. Тэгэхэд Зизу Мадридын багийн спортын захирал байлаа. Мэдээж, би тийм үг сонсоод тэсч ядан, догдолж дэвж байлаа.

Гэвч хөөрсөн зүйлд маань хэцүү тал бас байлаа. Манай багийн тоглолтыг скаутууд үзээд эхэлчихсэн, хэвлэлийнхэн намайг сонжиж гарав. 13 настай хүү ийм нөхцөлд хэрхэхээ ч мэдэхгүй. Гэр бүлийнхэн маань хэвлэлийнхнээс хол байлгаж, элдэв сэтгэлзүйн дарамтад оруулахгүйг хичээнэ.

Тэр долоо хоногт төрсөн өдөр минь болсон юм. Мадридынхантай аав ээж хоёр маань нийлээд гэнэтийн бэлэг барих гэж буйг би мэдээгүй явлаа. Мадрид явах тийз бэлэглэхэд би үнэхээр баярлаж билээ. Гэнэтийн хамгийн сайхан бэлэг!

Та итгэхгүй байж мэднэ. Гэхдээ би тэгэхэд ч хаашаа явах гэж буйгаа хэлээгүй. Хамгийн сайн найздаа ч хэлээгүй. Тэгтлээ догдолсон хэрэг. Намайг авахгүй бол, голвол яана гэж бодсондоо найз нартаа муу чимээ дуулгахгүй гэсэндээ тэр.

Нисэх онгоцны буудлаас шууд бэлтгэлийн бааз руу чиглэхээр боллоо. Тэгтэл Зидан биднийг автозогсоол дээр угтаж авдаг юм. Тэр их гоё машинтай. Тэр бидэнтэй мэндэлснээ бэлтгэлийн бааз руу дөхүүлээд өгье гэлээ. Тэгээд урд хаалгаа онгойлгоод “Суугаарай” гэлээ. Би суухаас эмээн түр зуур зогссоноо “Гутлаа тайлах уу?” гэж асууж билээ.

Хахаха! Яагаад тэгж хэлснээ мэдэхгүй юм. Гэвч тэр чинь Зиданы машин шүү дээ! Тэр инээмсэглэн “Мэдээж тэгэлгүй яахав, алив суу” гэсэн. Тэгээд бэлтгэлийн талбай руу явж байхдаа би Бондигийн жирийн нэг жаал Килиан ингээд Зизугийн машинд суугаад явж байх гэж хэмээн итгэж ядсан. Итгэмээргүй. Зүгээр л онгоцоор нисч явахдаа унтаад зүүдэлж мэт санагдаад болдоггүй.

Заримдаа ч бодит уу, зүүд үү гэдэгт эргэлзэх юм гардаг юм билээ. Орост болсон ДАШТ-ий үеэр би бас тийм мэдрэмж амссан. ДАШТ-ийг би хэрсүү эрийн нүдээр биш хөөрч баярласан хүүгийн нүдээр харсан юм. Эхний тоглолтод Австралитай тулахаар хонгилд зогсож байсан агшнаа би хэзээ ч мартахгүй. Усман Дембеле дэргэд минь зогсоод бид хоёр толгойгоо сэгсрэн итгэж ядан бие бие рүүгээ инээмсэглэж билээ.

Би түүнд “Хар даа, Усман. Чи Эврегийнх, харин би Бондигийнх. Хоёулаа ДАШТ-ий талбайд гарах нь ээ” гэхэд тэр “Ямар гайхамшигтай юм бэ” гэж дуу алдсансан. Талбайд гарахад биднийг 65 мянган үзэгч угтан авлаа. Марсельезег сонсохдоо би уйлах дөхсөн.

Дэлхийн аварга болсон тэр багийнхнаас маань хэд нь хөдөө гэдэг зайдуу тосгонд төрж өссөнийг мэдвэл сонин л байна. Алслагдмал нутагт. Тийм нутагт гудамжинд хүмүүс хичнээн янзын хэл, аялгаар ярьдаг гэж бодож байна? Тэр гудамжинд чи 10 биш, 14 биш бүр 15 хүнтэй дараалан гар барих болдог.

Бонди, Иль-де-Франс, хөдөө нутгийнхан бид бүгдээрээ Францчууд. Бид франц хүмүүс. Бид галзуу мөрөөдөгсөд. Азаар мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм даа. Үнэндээ мөрөөдөл үнэгүй дээ л бид өсч өдий болцгоосон.

Таныг хүндэтгэн ёсолсон

Бондигийн Килиан”

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.