Бөмбөг зөөгч хөвгүүдийн “эцэг” хамгийн бүдүүн хаалгач

Бөмбөг зөөгч хөвгүүдийн “эцэг” хамгийн бүдүүн хаалгач

Хөлбөмбөгт зарим зүйл мөнхөд байсан мэт санагдах нь бий. Пенальти, отон тоглолт, дасгалжуулагчийн бүс, хаалгач руугаа бөмбөгөө хөлөөрөө дамжуулбал барьж болохгүй гэх мэт дүрмийн заалтууд. Эдгээрээс сүүлийн хоёр нь л гэхэд сүүлийн хэдхэн жилд бий болсон ч мөнхөд байсан мэт санагдана. Үүн шиг хөлбөмбөгт байнга байсаар ирсэн мэт санагддаг нь бөмбөг зөөдөг хөвгүүд. Талбайн хажуугаар шувуу шиг эгнэн сууж, талбайгаас гарсан бөмбөгийг эргүүлж оруулдаг энэ хүүхдүүд “Челси”-гийн зартай бүдүүн хаалгачаас эхтэй юм.

Лондоны багт Уильям Фулк хэмээх 193 сантиметр өндөртэй, 152 кг жинтэй хаалгач байв. Мань эр “Челси”-гээс өмнө “Шеффилд Юнайтед”-д хэдэн жил тоглож, Англи даяар алдаршжээ. Хэдийгээр нүсэр том биетэй ч гэсэн хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Фулк сайн хаалгач байв.

Тэрбээр 1874 онд Английн Доули хэмээх жижиг хотод мэндэлжээ. Энэ нутаг бол манай Архангай аймгийн Батцэнгэл сум шиг том хүдэр биетэй эрчүүдээрээ Англидаа зартай газар гэнэ. Английн хамгийн бүдүүн хүн Уильям Болл энэ нутгийнх юм билээ.

Фулк уурхайд ажиллахын зэрэгцээ орон нутгийнхаа багт хаалгач хийнэ. Амьдралын жирийн л өдрүүд урсаж байв. Гэтэл Derby Daily Telegraph-ийн сэтгүүлч орон нутгийн багуудын тоглолтыг үзэж яваад өнөөх бүдүүн эрийг харчихаж.

“Тарган ч гэсэн тэр залууд дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн хаалгач болох өгөгдөхүүн байна” гэх мэтээр нийтлэл сониндоо бичжээ. Ингээд удалгүй олон баг Фулкийг сонирхож, “Шеффилд Юнайтед” 19 настай бүдүүн хүүгийн төлөө 20 паунд төлж, худалдан авчээ. Эхний улиралдаа Фулк 30 тоглолтын 29-д нь гарчээ. Удаахь дөрвөн улиралд ердөө гурван л тоглолтыг өнжсөний зэрэгцээ долоо хоног бүр 4 паундын цалин авна. Хүчтэй өрсөлдөгчөө хожчихвол 5 паундын нэмэлт урамшуулал хүртчихнэ. Тухайн үед эмч, дипломатч, эрдэмтэд долоо хоногийн 1 паундын цалинтай байсан гээд бодохоор бүдүүн хаалгачийн цалин урамшуулал бол тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй хэрэг. Мэргэжлийн хөлбөмбөгчөөр 10 хүрэхгүй жил тоглосныхоо дараагаар дэлгүүр, паб нээгээд амжсан гэхээр бизнес талдаа ч сэтгэлгээ сайтай нэгэн байсан аж.

Фулкийн үед буюу 1898 онд “Шеффилд Юнайтед” ганц удаа Английн аварга болсон юм билээ. Тэр том биетэйгээс гадна бас авиртай. Нэг удаа “Шеффилд Уэнсдэй”-гийн толгогч Лорри Белл дээр уначихаад “Золгүй явдал боллоо. Хоёулаа бөмбөг рүү л үсэрсэн юм. Гай болж тэр дор уначихаж. Үхэж байгаа мэт түүний царайг би хэзээ ч мартахгүй” гээд цээж ханхалзуулан мушилзан зогссон гэдэг.

1905 онд “Шеффилд Юнайтед” бүдүүн хаалгачийнхаа цалинг нэмэхээс татгалзсан тул тэрбээр “Челси” рүү оджээ. “Стэмфорд Бридж”-ийн удирдлага бүдүүн хаалгачдаа бөмбөгөө хурдан авч тоглолтод оруулахад нь туслахын тулд түүний хаалганы ард хоёр хүү зогсоож, бөмбөг зөөлгөх болсон байна. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр бол тэр хоёр хүү бөмбөг зөөх нь гол биш хаалгачийнхаа үлэмж том биеийг хүүхдүүдийн турьхан биетэй харьцуулж харуулах гэсэн “Челси”-гийн  маркетингийн нэгэн нүүдэл байсан гэгддэг.

Фулк “Челси”-гээс явсаны дараа бөмбөг зөөдөг хоёр хүүгийн хэрэггүй гэж үзэв. Гэвч хэдэн тоглолтын дараагаар бөмбөг зөөдөг хөвгүүд тоглолтын хэмнэлд их хэрэгтэй байсныг ойлгоод хаалганы ард дахин гаргажээ. Энэхүү туршлагыг Английн бусад багууд ч удалгүй өлгөн авч бөмбөг зөөдөг хүү талбайн захад байх болсон түүхтэй ажээ. 1920-оод он гэхэд бөмбөг зөөдөг хүү хөлбөмбөгийн тоглолтын салшгүй нэг хэсэг болчихсон байлаа.

Харин бүдүүн хаалгач маань 42 насандаа элэгний церрозоор энэ ертөнцөөс оджээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.