КОВИД-19: Халдварыг дотооддоо алдаагүй

КОВИД-19: Халдварыг дотооддоо алдаагүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 вирус илэрлээ.

Тодруулбал… 10-р сарын 19-нд Сөүл- Улаанбаатарын онгоцоор ирсэн 31, 35, 39, 48 настай эрэгтэй, нэг эмэгтэй нийт 5 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Мөн Энэтхэгээс ирсэн 29 настай иргэний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 59 настай ОХУ-ын тээврийн жолоочоос вирус илэрчээ. Түүнчлэн 11-р сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 56 настай Беларусь улсын 1 иргэн, 52 настай Монгол улсын нэг тээврийн жолооч, 10-р сарын 17, 18-нд тус боомтоор орж ирсэн 3 тээврийн жолоочоос КОВИД-19 илэрлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 368 болж дамжин орж ирэх халдварын тоо нэмэгдсээр байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Хойд хилийн цаана хяналт сул байна. Монгол жолооч нар Улаан-Үүдийн орчид чөлөөтэй зорчиж бараа цуглуулж байна. Энэ эргээд маш их эрсдэлийг дагуулж байгаа. Олон нийтийн дунд халдвар илэрсэн сувилагчтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан. Тус сувилагчтай хамт нэг баг болж ажиллаж байсан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй.

ЦЕГ-ын дэд дарга Э.Амгалан: Хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн тосгон, хотуудад онцгойлон анхаарах шаардлагатай байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтуудад аюулын эрсдэлийн судалгааг хийж дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр хийдэг иргэд аль болох галт тэргээр бараагаа зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. Мөн иргэдийн дунд дотооддоо халдвар алдсан байх вий гэдэг мэдээлэл байна. Одоогийн байдлаар тийм зүйл байхгүй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.