Улаан авахгүй гэж улаанаар амаа тагласан Жоване Элбер

Улаан авахгүй гэж улаанаар амаа тагласан Жоване Элбер

2000-аад онд гялалзсан довтлогчдын нэг бол Бразилын Жоване Элбер. Германы “Байерн Мюнхен”-д зургаан жилийг өнгөрүүлж, Аваргуудын лигийн цомыг гардсан энэ довтлогч одоо Бразилынхаа төрөлх Лондрина хотдоо өөрийн фермдээ мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ сайн үйлсийн аянд үргэлж тус дэм болдог ажээ.

Роналдо, Ривалдо зэрэг үеийнхээ гоц авъяастай довтлогчдод “дарагдаж”, шигшээ багтаа төдийлөн олон тоглож чадаагүй ч гэсэн Жоване Элбер бол “Байерн”-ы түүхэн дэх гарцаагүй том довтлогчдын нэг юм.

“Би түүний тоглолтоос сул тал олж харахгүй байна” хэмээн домогт Герд Мюллер хүртэл мэдэгдэж байсан удаатай. Мюнхений багт очихоосоо өмнө эхлээд Элбер “Штутгарт”-д тоглосон юм. Болгарын Красимир Балаков, Германы Фредди Бобичийн гурвалыг “Штутгарт”-ын фанатууд гайхамшигт гурвал гэж нэрлэж байлаа.

Гэхдээ Элберт нэг алдаатай тал байсан нь их заргач, хэрүүлч нөхөр.

Өрсөлдөгч дээрээ алдаа гаргана гэхээсээ илүү шүүгчтэй хэрэлдэж, заргалдаж байгаад шар хуудас авчихна. Заримдаа бүр улаан хуудас хүртээд талбайгаас ууртай гээч нь гарна.

1996/1997 оны улиралд Жоване Элбер сурсан зангаараа талбай дээр хэнтэй л бол хэнтэй заргалдаж, муудалцаж явжээ. Таван шар хуудас хүртсний хоёр нь улаан өнгөнд хувирсан нь түүний хэл ам загатнаад байдагтай шууд холбоотой.

1997 оны гуравдугаар сард “Мюнхен 1860”-тай тоглохдоо 26 дахь минутад шүүгч Франк Флескег элдвээр харааж хашгичсаныхаа төлөө шар хуудас авчих нь тэр. Ингээд хоёрдугаар үед дахиад хэл нь загатнавал улаан хуудас хүртэх магадлалтай тул мань хүн талбайд гарахдаа улаан скочоор амаа дарчихсан гарч ирсэн байна. Өөрөө үүндээ тайлбар хийгээгүй ч нэгд, шүүгчийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хоёрт, өөрийнхөө хэл амыг шийтгэснээ харуулсан нь энэ.

Ингээд овоо элдэв асуудалгүй тоглож байгаад 78 дахь минутад өрсөлдөгчөө тохойлдсон хэргийн улмаас хоёр дахь шар хуудсаа хүртээд, багаа арвууланг нь орхиод гарахад хүрчээ.

Энэ тоглолтын дараагаар хэвлэлийнхэн болон фанатууд Элберийг элдэж хөөхөд бэлэн байсан тул стадионы “арын хаалгаар” гарч, тэнд хүлээх найзынхаа скутерд дайгдан ум хумгүй зугтжээ.

Тухайн үед “Штутгарт”-ын ахлах дасгалжуулагч нь одоогийн Германы шигшээ багийн Йоахим Лёв байж. “Өөрт нь бол хөгжилтэй гоё л байгаа биз. Гэхдээ арай л хэтрүүлчихлээ” гэж Лёв мэдэгдэл хийсэн байна. Харин “Штутгарт”-ын эзэн Майер-Форфельдер “Хоёр дахь шар хуудсыг авахгүй гэвэл эхний хуудсыг авахгүй байх хэрэгтэй байдаг юм. Хэнд ч хэрэггүй хэрүүл маргаан ямар ч шаардлага байгаагүй” гэжээ.

Жоване Элберийг багийнхан нь “наргианч” гэдэг. Учир нь тэр байнга л томоогүй гэмээр зүйл сэдэж, нэгнээ цаашлуулахын зэрэгцээ гоолын баяраа ч гойд содноор тэмдэглэдэг нэгэн.

“Байерн Мюнхен”-д зургаан улирлыг өнгөрүүлсний дараагаар Францын “Лион”-д очсон тэрбээр эргээд Мюнхений багтай Аваргуудын лигт таарч, гоол оруулсан удаатай. Түүнийг хуучин багтаа гоол оруулахад “Байерн”-ы фанатууд бухимдалгүй харин ч дэмжин алга ташсан нь үнэлж, хайрладгийн илэрхийлэл болж байлаа.

“1994-1997 онд Италийн лиг л дэлхийд ганцаараа цойлж, харин Германы Бундеслигийг Бразилд үздэг, мэддэг хүн ч их цөөн байлаа. Гэхдээ намайг “Байерн”-д очсоноос хойш харин элэг нэгтнүүд маань үзэж эхэлсэн шүү. Надаас гадна чамгүй олон бразил тоглогчид Бундеслигт байдгийг тэгэхэд л олж харсан байх” хэмээн Жоване Элбер өгүүлсэн нь бий.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.