Санчес: Машин угааж, гудамжинд сальто эргэж мөнгө олдог байлаа

Санчес: Машин угааж, гудамжинд сальто эргэж мөнгө олдог байлаа

Чилийн хөлбөмбөгийн түүхэнд тод нэрээ зурж яваа Алексис Санчес эдүгээ Италийн “Интер”-т тоглож явна. Английн “Манчестер Юнайтед”-д өнгөрүүлсэн амаргүй хоногуудын дараагаар Антонио Контегийн шаргуу дуудлагаар Милан хотын багт ирсэн Хэрэм хэмээх хочтой Алексис Санчесийн тухай цухас өгүүлье.

Алексис Санчес 1988 оны арванхоёрдугаар сарын 19-нд мэндэлсэн. Монголоор бол луу жилтэй эр ажээ. Биеийн өндөр нь 169 сантиметр, жин нь дунджаар 62 кг.

Чилийн 25 мянган хүн амтай жижиг хот Токопильяд төрж өссөн. Загасчин айлын хөвгүүн. Тарчигдуу айлын хүү тул хөлбөмбөгийн өөдтэй пүүз ч авч чадалгүй 15 нас хүрчээ. Өсвөрийн тэмцээнд авхаалжтай чадварлаг хөвгүүн тоглож буй ажсан Токопилья хотын дарга Санчест хөлбөмбөгийн анхны пүүзийг бэлэглэсэн гэдэг.

Энэ тухайгаа Алексис Санчес ийн өгүүлсэн удаатай. “Тэгэхэд би ихэвчлэн хямдхан кеттэй тоглодог байсан юм. Харин хотын дарга пүүз бэлэглэхэд нохой хоёр сүүлтэй болчихсон юм шиг л баярласан” гэж. Ер нь Санчес аливаа зүйлийг нохойтой их зүйрлүүлж ярьдаг. Учир нь нохойнд их хайртай.

Одоо түүнд Атом, Умбер гэх хоёр нохой бий. Атом гэхээр хүмүүс “Ахлагч Цубас” хэмээх хүүхэлдэйн киноны баатар Атомын нэрийг өгч гэж их боддог аж. Хамес Родригес, Алексис Санчес гээд Өмнөд Америкийн хөвгүүдийн нэгэн үе энэ л хүүхэлдэйн киног үзэж өссөн гэдгээ нуудаггүй болохоор тэр биз.

Гэвч нохойгоо бол Алексис Санчес Атом хэмээх роботын нэрээр нэрлэжээ. Хуучирсан робот Атом хамгийн сүүлийн үеийн роботуудыг шаардлагатай үед дандаа ялж чаддаг хүүхэлдэйн кино байдаг гэнэ. Түүнээс л санаа авч, нохойгоо Атом гэж нэрлэсэн байна. Харин Умбер гэдэг нь бол түүний ахын Умберто гэх нэрнээс үүдэлтэй. “Умберто Умбер хоёр хоорондоо адилхан. Тэд гэртээ тавтай сайхан суугаад хөлбөмбөг үздэг юм” гэж Алексис Санчес инээмсэглэн өгүүлжээ.

Алексис Санчес Италийн “Удинезе”-гээс Каталоны “Барселона”-д очсон хойноо багийнхантайгаа ч нэг их ойртож найзлахгүй, хоёр нохойгоо дагуулаад салхинд гарч, тэдэнтэйгээ ярилцдаг байсан гэдэг.

“Би яриад л байдаг. Тэд ойлгохгүй л дээ. Гэхдээ нохойтойгоо байх шиг сайхан зүйл үгүй” гэж тэр хэлдэг. Тиймдээ олон нийтийн сүлжээнд нохойны бүлгэм хүртэл нээчихсэн. Заваа гарахаар бичлэг, мэдээлэл оруулна.

Нохой нохой гээд байгаа нь бас нэг талдаа Алексис Санчесийн ганц бие залуу гэдэгтэй холбоотой биз. Хөлбөмбөгийн талбайд бужигнуулдаг шигээ бүсгүйчүүдийн дунд ч Санчес амжилттай эр. Ихэвчлэн жүжигчин, загвар өмсөгчтэй найзална. Одоо Чилийн жүжигчин Майте Родригестой найзалж буй юм билээ.

Санчес 18 нас хүрээгүй байхдаа шигшээдээ тоглосны зэрэгцээ мөн тухайн үедээ Италийн “Удинезе”-д гурван сая ам.доллараар очсон байдаг. Эхлээд “Удинезе” түүнийг “Коло Коло”, “Ривер Плейт” гэх мэтчлэнгээр зээллэгээр хэд хэдэн багт өгч. Харин дараа нь үндсэн тоглогч болж, бүр покер хийж олны анхаарлыг татаж эхэлжээ.

2011 оны зун “Удинезе”-гээс “Барселона” 26 сая паундаар авч байв. Ингэснээр Чилийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон төдийгүй “Барселона” дахь анхны чили тоглогч болжээ. Алексис Санчес 9 дугаарыг авсан нь шүтэн биширч өссөн Бразилын домогт Роналдог хүндэлсэн хэрэг гэдгээ хэлсэн удаатай.

Каталонд гурван улирал тоглосны дараагаар Алексис Санчесийг Английн “Арсенал” 35 сая паундаар авсан юм.

2015 оны Америкийн цомын шувтаргын тоглолтын төгсгөлийн пенальтийг Алексис Санчес амжилттай гүйцэтгэж, аваргын цомыг авчирч байлаа.

Санчес сэлгээгээр суух их дургүй. Үүнийгээ шулуухан илэрхийлдэг. “Тийм ээ, би суух дургүй. Хар багаасаа л хөлбөмбөгт дурласан. Нөөцөнд сууна гэдэг миний хувьд жаалхүүгээс бөмбөгийг нь булаачихтай л адил. Багадаа өдөр олон цагаар хөлбөмбөг тоглодог байлаа. Гэртээ орж ирсэн ч хөлөөс бөмбөг салахгүй. Бөмбөг надтай байхад өөрийгөө өөр ертөнцөд байгаа шиг мэдэрдэг. Муу муухай зүйлийн тухай бодолгүй, ирээдүйн талаар санаагаа чилээхгүй байхад бөмбөг тусалдаг. Би өөр зүйлийн тухай боддог ч үгүй. Хөлбөмбөгт тийм л хайртай хүн” гэж Алексис Санчес өгүүлжээ.

Санчесийн хөлбөмбөгт хичнээн дуртайг тоглолтоос нь харахад л мэдрэгдэнэ. Хэдэн жилийн өмнө “Арсенал” Английн доод лигийн хагас мэргэжлийн “Саттон” багтай тоглоход Алексис Санчес сэлгээгээр талбайд гарсан юм. Тэр тухайн тоглолтод өөрөө очиж тоглоё гэсэн юм билээ. Тэрнээс тэргүүн зэргийн тоглогчоо тийш илгээхдээ татгалзаж байж. Санчес талбайд гараад яг л дэлхийн хамгийн шилдэг багийн эсрэг тоглож буй мэтээр хичээн зүтгэсэн нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Ямар байрлалд тоглохыг хүсдэг тухайгаа нэг удаа ингэж ярьсан удаатай. “Довтолгооны аль ч байрлал сайхан. Гэхдээ зүүн жигүүрт байвал илүү тавтай. Учир нь би зүүнээс төв рүү нэвтэрч баруун хөлөөрөө цохилт хийхэд эвтэйхэн. Арай амар байдаг гэсэн үг л дээ. Гэхдээ дасгалжуулагчийн заасан байрлалд гарах болно” гэж.

Алексис Санчесийг хөлбөмбөгийн замналаа дөнгөж эхлүүлж байхад үед жижигхэн биетэй, авхаалжтай, хөдөлгөөний эвсэлтэйгээс нь үүдээд хэрэм гэж хочилж эхэлсэн юм билээ.

Түрүүн өгүүлсэнчлэн Алексис Санчес тарчиг амьдралд өсчээ. Эцэг нь Алексисийг 11 настай байхад гэр бүлээ орхин салж оджээ. Ингээд дөрвөн хүүхдийнхээ ирээдүйн төлөө ээж нь ганцаараа хичээн зүтгэх болж. Гэвч өрх толгойлсон эхэд хичнээн хичээгээд ч амьдрал амаргүй. Тиймээс Санчес мөнгө олохын тулд машин угааж, заримдаа сальто эргэдэг чадвараа ашигладаг байж. “Тийм ээ, би машин угаадаг байсан. Мөн гудамжинд сальто эргэнэ. Сальто эргэхэд хүмүүс 50-100 песо өгнө. Гэхдээ яахав дээ, ядуу тарчиг ч гэсэн жаргалтай байлаа. Найзуудтайгаа зугаалж, их эрх чөлөөтэй явжээ” хэмээн тэр ярьсан байдаг.

Алексис Санчес багаасаа бокст дуртай, мөн төгөлдөр хуур тоглочихдог гэнэ. “Удинезе”-гийн анхны цалингаа цуглуулж байгаад ээждээ сайхан байшин авч өгчээ. Мөн хожим нь төрөлх хот Токопильядаа хөлбөмбөгийн хэд хэдэн талбай байгуулсан юм.

“Хөлбөмбөгт дуртай хүүхдүүдэд талбай байг л дээ. Миний бага насанд ийм сайхан талбай байсангүй. Гэхдээ би азтай. Хилийн чанадад тоглож, чамгүй мөнгө олж байна. Гэтэл Токопильягийн хөвгүүн бүр ийм азтай биш шүү дээ” гэж Алексис Санчес өгүүлсэн байна лээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.