Шуугиан тарьсан анхны “найраа” буюу “Ливерпүүл”, “Манчестер Юнайтед”-ынхны тохиролцоо

“Найраа” хэмээх үгийг зөвхөн монгол бөхөд бус бас хөлбөмбөгт хэрэглэж болдог. Анхны найраа бүр 1915 онд болсон гэсэн баттай баримт ч бий. Гэхдээ хэн хэнтэй “найраа” хийсэн нь одоо цагт бол гайхмаар. “Манчестер Юнайтед”-“Ливерпүүл”-тэй шүү!

1915 оны хавар “Манчестер Юнайтед” Английн дээд лигээс мултрах гээд байж. Харин “Ливерпүүл” хүснэгтийн дундуур бичигдэж байсан тул сүүлчийн тойрогт тус хоёр баг таарахад найраа хийх хувьсгалын тохироо бүрдсэн хэрэг.

Тухайн үед Дэлхийн нэгдүгээр дайн болж байжээ. Тавдугаар сар гэхэд Английн дээд лиг бүрэн зогсож, ойрын хэдэн жилдээ дайны улмаас хөлбөмбөгийн тэмцээн болохгүй нь тодорхой байж. Тэгэхээр ажилгүйдэл ядуурал, өлсгөлөн нүүрлэсэн дайны хүнд хэцүү өдрүүд хүлээж байгааг хөлбөмбөгчид урьдчилан харж, дайны үеэр хэрэглэх мөнгө зэхэхээр шийдсэн нь энэ. Ингээд хоёр багийн зарим хөлбөмбөгчид нууцаар ярилцаж, найрааны төлөвлөгөө боловсруулан талбайд гарчээ.

Тэд 2:0-ээр “Манчестер Юнайтед” хожихоор тохиролцоод бүгдээрээ тоглолт ийм дүнгээр дуусна гэж бооцоо тавьжээ. Энэ бол 1915 оны дөрөвдүгээр сарын 2-нд болсон явдал.

Тус тоглолтод Жорж Андерсон дубль хийсэн байдаг. Тоглолтын явцад шүүгч болон үзэгчид “Ливерпүүл”-ийнхэн өөрсдийгөө дайчлахгүй, их үлбэгэр сул байгааг анзаарчээ. Мөн “Юнайтед”-ын Патрик О`Коннелл пенальтиас гоол оруулах боломжоо хаалганы хажуугаар цохиж алдсаныхаа дараагаар харамссан шинжгүй инээмсэглэсэн нь ихээхэн сэжиг төрүүлжээ. Баг нь доод лиг рүү уначих гээд байхад пенальти алдчихаад инээж зогсоно гэдэг сэжиг төрүүлэх нь зүй. Түүний энэ байдлыг ажаад хүмүүс “Юнайтед”-ынхан хожно гээд “ярьчихсан” байна гэж таамаглажээ.

Хэдийгээр баг нь хожиж яваа ч гэсэн “Юнайтед”-ын фанатууд тоглолтын турш шүгэлдэн эсэргүүцлээ илэрхийлж, багийн ахлах дасгалжуулагч Жек Робсон дургүйцсэндээ бүр талбайгаас гараад явчихаж. Ингээд тоглолтын дараагаар цагдаа нар мөрдөн шалгаж эхэллээ. Гэтэл бооцооны газар 2:0-ээр хожно гэсэн мөрий тавьсан нь ил болов. Цагдаа нар бооцоонд хожигсдод мөнгө төлөхгүй байхыг тушаагаад хэрэгт нэмэртэй мэдээлэл өгсөн хүнд 50 паунд амлаж буйгаа ил зарлажээ.

Английн Хөлбөмбөгийн Холбоо асуудлыг өвөр зуураа шийдэхээр болж, хянаж шалгах болов. Тэд “Юнайтед”-аас Сэнди Тернбулл, Артур Уолли, Инок Уэст нарын гурван хөлбөмбөгч, “Ливерпүүл”-ээс Жек Шелдон, Том Миллер, Боб Перселл, Томас Фейрфол нарын дөрвөн хөлбөмбөгч найраанд оролцсоныг тогтоожээ.

Жек Шелдон

Өмнө нь “Юнайтед”-д тоглож явсан дараа нь “Ливерпүүл”-д ирсэн Жек Шелдон найрааны гол зохион байгуулагч болж таарч. Гэхдээ тухайн тоглолтод найраа хийсэн хөлбөмбөгчдөөс “Юнайтед”-ын ганц Инок Уэст л талбайд гарсан бол “Ливерпуль”-ээс дөрвүүлээ тогложээ. Найраа хийж буйг мэдсэн “Ливерпүүл”-ийн Фрэд Пэгнэм болон “Юнайтед”-ын Жорж Андерсон нар ятгалгад өртөлгүй, шударга тоглохыг шаардсан байдаг. Пэгнэм бүр найрааг нь нураахын тулд хаалга руу хүчтэй цохиж, нэг цохилт нь хаалганы хөндлөвч онож, найраачдыг айлгажээ. Хэрвээ найраанд оролцвол 3 паунд өгнө гэж ятгасан тухай Пэгнэм мэдүүлэгтээ дурьдсан байна. Харин “Юнайтед”-ын тухайн үеийн хамгийн алдартай хөлбөмбөгч Билли Мередит тоглолтын явцад түүнд хэн ч дамжуулалт өгөхгүй нэг л сонин байсныг мэдүүлэгтээ тэмдэглэжээ.

Ингээд 1915 оны арванхоёрдугаар сарын 27-нд найраа хийсэн гэх долоон хөлбөмбөгчийн хөлбөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасав. Гэхдээ зөвхөн Английн багт тоглох эрхийг хасах эрх Английн Хөлбөмбөгийн Холбоонд байсан тул найраачдын ихэнх нь шотланд хөлбөмбөгчид байсан тул Шотландын лигтээ үргэлжлүүлэн тоглох боломжтой байв. Гэлээ ч дайн тэдэнд ч, бусад хөлбөмбөгчдөд ч үргэлжлүүлэн хөлбөмбөг тоглох боломж олгосонгүй. Харин “Манчестер Юнайтед” болон “Ливерпүүл”-ийн удирдлага, дасгалжуулагчид найраанд оролцоогүй тул клубыг торголгүй өнгөрчээ. Ингээд “Юнайтед” дээд лигтээ үлдэж чадсан байна. Тэд “Челси”-гээс нэг оноогоор илүү гарч дээд лигт үлдсэн байдаг. Гэхдээ дайны дараагаар 1919 онд Английн дээд лиг 20 багаа 22 болгож өргөтгөснөөр “Челси” доод лиг рүү уналгүйгээр дээд лигтээ үлдсэн юм.

Найраа хийсэн гэх “Юнайтед”-ын Инок Уэст өөрийгөө буруугүй хэмээн давж заалдах шатны шүүхээр хоёр ч удаа орсон ч амжилт олоогүй ажээ.

Сэнди Тернбулл

Найраа хийсэн долоон хөлбөмбөгчийг Их Британийн армид алба хааж, дайнд оролцвол шийтгэлийг хэрэгсэхгүй болгоно гэж Английн Хөлбөмбөгийн Холбоо мэдэгджээ. Ингээд Инок Уэсээс бусад нь дайнд морджээ. Сэнди Тернбулл дайнд яваад 1917 оны тавдугаар сарын 3-нд амь үрэгдэв. Артур Уолли хүнд шархдсан ч амьд гарч чадсан бөгөөд хожим хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглосон юм. 1919 онд Инок Уэстээс бусад найраа хийсэн хөлбөмбөгчдийн шийтгэлийг хэрэгсэхгүй болгож, талбайд дахин гаргах эрхийг нь өглөө.

Шелдон, Миллер, Перселл, Уолли нар хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглосон бол Фейрфол хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлжээ. Харин Инок Уэстийг хожим бүр 1945 онд 59 настай байхад нь хөлбөмбөг тоглох эрхийг нь сэргээсэн байдаг.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.