УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Оргил худалдааны төв” нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөхгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Оргил худалдааны төв” нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөхгүй байна

Хуульч A.Базартай нийтийн өмчлөлийн газар чөлөөлөлтийн асуудлаар цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр Оргил худалдааны төвтэй маргаан үүсгээд байгаа билээ.

  • Оргил худалдааны төвтэй нийтийн эзэмшлийн зам, газар чөлөөлөх асуудлаар маргаан үүсжээ. Аль аль байгууллагад хандаад байна?

Home plaza-гаас урагш буюу шинэ гүүрний урдах Оргил худалдааны төв явган хүний зам болон унадаг дугуйн замыг автомашины зогсоол болгож ашиглаж байгаа. Газар нь явган хүний зам байх ёстой бөгөөд тус худалдааны төвийн эзэмшил газарт хамааралгүй учраас чөлөөлж өгөөчэй гэсэн асуудлыг тавьж байгаа. 2020 оны 8-р сард компанид нь шаардлага өгч дараа нь  газар эзэмшигч Камдер ХХК-ийг холбогдуулаад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа унадаг дугуй болон явган хүний замыг чөлөөлүүлэх, зогсоолыг өөрийн эзэмшил газартаа багтааж барихыг даалгах шийдвэр гаргаж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн шүүхээс газар чөлөөлөлтийн асуудлаар нийслэл болон тухайн дүүргийн засаг дарга нарт ханд, хэрвээ засаг дарга нараас шийдвэрлэж өгөхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн шалтгаанаар миний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.

Ингээд энэ оны 9-р сард Камдер ХХК нь хууль бусаар газар эзэмшиж учраас чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэж нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй. Газрын тухай хуулиар нийслэлийн засаг дарга “хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй”. Гэвч энэ арга хэмжээгээ авахгүй байгаа учраас засаг даргын эсрэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхээс энэ сарын 17-ны өдөр “А.Базар гэдэг хүн хувь хүнийхээ төлөө юу эсвэл нийтийн төлөө нэхэмжлэл гаргасан уу, мөн энэ замаар хэдий яаж, хэрхэн явдаг вэ” гэдгийг тодруулж өг гэсэн. Би өнөөдөр үүнийг тодруулж өгөх гэж байна. Ерөнхийдөө шүүхийн шатны үйл явдал иймэрхүү үргэлжилж байна.

  • Тухайн худалдааны төвд шаардлага өгсөн гэсэн. Ямар нэгэн хариу өгсөн үү?

Бичгээр хандсан боловч хариу өгөөгүй. Унадаг дугуй, явган хүний зам байх хэсгийг зогсоол болгож ашиглаж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэсэн мэргэжлийн байгууллагуудаас зарим дүгнэлт гарсан байдаг юм билээ. Зогсоолыг үндсэн зам руу тулгаад барьчихсан болохоор хүн нэг бол замаар алхана эсвэл зогсоол дундуур явах шаардлага үүсч байгаа юм. Дугуйтай залуус, хүүхдийн тэрэг түрсэн иргэд гээд тухайн хэсгээр явж л байгаа бол зам дээр эсвэл зогсоол дундуур л явж байгаа юм.

  • Оргил худалдааны төвийг ямар компани нь эзэмшдэг бэ гэдэг тал дээр таньд мэдээлэл байна уу?

Төрийн байгууллагуудын шийдвэр дүгнэлтэд тусгаснаар зогсоолын газрыг Камдер гэдэг компани эзэмшдэг юм билээ. Тэр компани л эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь энэ компанийн талаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс янз бүрээр л ярьдаг. Оргил худалдааны төв, Энканто хотхон зэрэг чинь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар учраас тухайн компани ч энэ хүнийх гэдэг байдлаар ярьдаг.

  • Тухайн орчинд амьдардаг иргэдтэй холбогдсон уу?

Тухайн орчин нь барилга ихтэй хөл хөдөлгөөн ихтэй. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байдаг учраас алхах хүмүүс ч их байдаг. Хүмүүс ямарваа нэгэн байдлаар Оргил худалдааны төвийн урдуур явдаг. Би өөрөө дугуй унадаг учраас тухайн замаар байнга зорчдог болохоор сайн мэднэ. Сошиал дээр олон хүмүүс ярьж байдаг. Тиймээс энэ бол ганцхан миний асуудал биш.

  • Компаний зүгээс хариу өгсөнгүй. Шүүхэд хандаад байж байна. Цаад ямар арга хэрэглэе гэж бодож байна?

Захиргааны хэрэг үүсэх байх гэж бодож байна. Шүүхээс нийслэлийн засаг даргад газар чөлөөлүүлэх шийдвэр гаргах уу үгүй юу гэдэг асуудлыг хүлээнэ дээ. Ер нь бол энэ газрыг чөлөө гэсэн шийдвэр гаргуулах нь миний зорилго учраас эцсийг нь үзтэл явна даа. Ер нь Улаанбаатар хот автомашинтай байшинтай хүмүүсийн хот  боллоо гэсэн шүүмж байдаг. Энэ нь явган хүний зам улам л багасаж байгааг илтгэж байна. Тийм болохоор хүмүүсийг автомашинаас татгалзуулъя явган явуулъя гэж байгаа бол зам, унадаг дугуйн замыг чөлөөлж байх хэрэгтэй. Жижигхэн юм шиг харагдаж болох ч энэ чинь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал яригдана. Би хуульч хүнийхээ үүднээс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бодсон ч энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай учраас шүүхэд хандаад явж байна.

  • Тодруулга өгсөнд баярлалаа.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.