Х.Баттулга: 340 тэрбумыг зувчуулсан Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад 50 мянгыг хулгайлсан иргэн ял авч байна

Х.Баттулга: 340 тэрбумыг зувчуулсан Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад 50 мянгыг хулгайлсан иргэн ял авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

” Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье.

Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.

Тиймээс шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн, ийм ухамсар, соёл, хандлагад тулгуурласан байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг бага байгаа учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юм уу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэж ард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.