Гурван үеийн хөлбөмбөгч, гурван Маркос Алонсо

Гурван үеийн хөлбөмбөгч, гурван Маркос Алонсо

Бөх морь удам дагадаг гэж монголчууд ярьдаг. Тэгвэл Европ тивд ч гэсэн удам дагадаг явъяас чадвар, мэргэжил нэг гэж бий. Үүний нэг нь хөлбөмбөг юм. Тод томруун олон жишээ байна. Италийн “Милан”-ы төлөө гурван үеэрээ зүтгэж буй Мальдинигийн гэр бүл. Чезера Мальдини, Паоло Мальдини, Даниел Мальдини гээд өвөө, аав, хүү гурван үеэрээ Италийн алдарт багийн алдар сууг дуурсгаж буй билээ.

Тэгвэл Испанид мөн гурван үеэрээ тоглож хөлбөмбөгчдийн нэг нь эдүгээ Английн “Челси”-гийн хамгаалагч Маркос Алонсо юм.

Маркос Алонсогийн өвөө

Маркос Алонсогийн өвөө Маркос Алонсо Имаз буюу хөлбөмбөгийн ертөнцөд Маркитос гэх нэрээрээ алдаршсан хамгаалагч “Реал Мадрид”-д алдарт Альфредо Ди Стефано, Ференц Пушкаш нартай мөр зэрэгцэн тоглож, Европын аварга багуудын цом /одоогийн Аваргуудын лиг/-ыг таван удаа хүртэхэд багийнхаа салшгүй нэг хэсэг байж. “Реал Мадрид”-ын алдрын танхимд нэр нь залагдсан. Мадридын багийн төлөө 158 тоглолтод гарахдаа Испанийн аваргаар хоёр удаа, Европын аварга багуудын аваргаар таван удаа шалгарсан. Европын  аварга багуудын цомын тэмцээний шувтаргын тоглолтод гоол оруулж явсан.

Маркос Алонсогийн аав

Маркос Алонсогийн аав Маркос Алонсо Пеньяг долоон настайд нь “Реал Мадрид” академидаа авчээ. Тэгэхэд Маркитос багийн домог болчихсон байсан тул хүүг нь шууд авч. Гэвч төдийлөн сайн тоглогч биш гэж үзсэн тул “Расинг Сантандер” буюу аавынхаа унаган багт очжээ. Дараа нь “Атлетико Мадрид” болон “Барселона”-д тоглож байв. 1982 онд Маркос Алонсог 150 сая писет /ойролцоогоор 100 мянган паунд/-ээр авсан нь “Барселона”-гийн түүхэн дэх тухайн үедээ хамгийн үнэтэй хөлбөмбөгч болжээ. 1983 онд Европын Аварга багуудын цомын шувтаргын тоглолтод “Реал Мадрид”-ыг “Барселона” 2:1-ээр хожиход Маркос Алонсо хожлын гоолыг оруулсан байдаг. Хожим нь дасгалжуулагчийн албанд зүтгэжээ.

Маркос Алонсо

Өвөө, аав хоёрынхоо адилаар “Реал Мадрид”-д очихдоо 12 настай байж. 2010 оны зун хүртэл “Реал Мадрид”-ын нас насны ангилалд тоглосоор байсан. Нэгдүгээр багт ч гарсан удаа бий. Дараа нь Английн “Болтон”-д очсон. 2013 онд багийнхаа улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. “Болтон”-той гэрээ сунгахаас татгалзаж чөлөөт агентын хувиар “Фиорентина”-д очсон. Гэвч тэнд очоод гараанд багтаагүй тул эргээд Английн “Сандерлэнд”-д зээллэгээр ирж тоглосон. 2016 онд “Челси”-д ирсэн. Ийм л гурван үеийн түүхтэй залуу.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.