Алдар нэр гэдэг чинь нохойн баас буюу Дани Алвешийн түүх

Алдар нэр гэдэг чинь нохойн баас буюу Дани Алвешийн түүх

Дани Алвеш орчин цагийн хөлбөмбөгийн баруун захын хамгийн шилдэг хамгаалагчдын нэгд гарцаагүй тооцогдоно. Эдүгээ эх орныхоо “Сан Паулу”-д тоглож буй тэрбээр эргээд Европын багт тоглохыг хүсч буйгаа зарласан ч одоогоор хүсэл нь биелээгүй байна.

Бразилаас хөлбөмбөгийн шидтэнүүдийн урсгал тасардаггүй. Гэхдээ Дани Алвешийн өссөн Баия мужийн Жуазейро хэмээх жижиг тосгонд хөлбөмбөг тоглоход их хэцүү. Учир нь халуун нар хайр найргүй шарж, 40 хэмийн нохой гаслам халуун нүүгэлтэнэ. Гол хүртэл урсгалаа татаж, газар хагартлаа ганддаг энэ нутагт Дани Алвеш ахынхаа хөлбөмбөг тоглож буйг харж, эрээн бөмбөгт эргэлт буцалтгүй дурлажээ.

Эцэг нь халуунтай тэмцэлдэн, таван хүүгийнхээ хүчийг ашиглан фермерээ ажиллуулдаг байж. Тэд сонгино, тарвас тарина. Харин Дани Алвеш эцгийнхээ энэ ажлыг өвлөн авч, амьдрахыг огт хүссэнгүй. Тэр зургаан настайдаа л гэрийнхээ хана дүүрэн эрээлж орхижээ. Ээж нь түүнээс “Энэ юу вэ?” гэж уурлан асуухад “Энэ миний гарын үсэг. Эртхэн гарын үсгээ зураад сурчихья. Шигшээ багийн хөлбөмбөгч болохоор хүмүүс надаас гарын үсэг авахыг хүснэ шүү дээ” гэж Дани Алвеш хариулсан байна.

Ер нь Дани Алвеш манайхны ярьдгаар бол үргэлж л ямар нэгэн зүйл үглэж “бүлтэрч” явдаг хүү байж. Хаа ч явсан инээж, ах нарын дунд эргэлдэн тоглож явна.

“Хүү минь багадаа л “Би өөрөөр амьдарна. Мөн та нарынхаа амьдралыг өөрчилнө” гэж ярьдаг байсан. Би яриаг нь өхөөрдөн сонсдог байлаа. Бурхан миний хүүг агуу зүйл бүтээ гэж илгээсэн биз” хэмээн түүний ээж Дониа Лучиа өгүүлжээ.

Үнэхээр эцэг эхийнхээ амьдралыг өөрчилсөн юм. Тэдний гэр бүл фермертэй болохоор ядуу тарчиг гэгдэхгүй. Гэхдээ л одоо бол нутагтаа хамгийн том фермертэй болсон гэнэ. Дани Алвеш “Баия”-гаас Испанийн “Севилья”-д ирсэнийхээ дараагаар эхний дөрвөн сарын цалингаа үрэлгүй хадгалж байгаад эцэг эх рүүгээ илгээсэн гэдэг.

10 настай хүүгийнхээ хөлбөмбөгийн онцгой авьяастайг аав нь анзаарч, хүүхдийн баг байгуулжээ. Үндсэндээ хүүгийнхээ авьяас дээр тулгуурласан гэсэн үг. Дани дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог ч тэднээс илүү гарна уу гэхээс дутна гэж байхгүй. Эхэндээ жигүүрт болон довтлогчоор гаргадаг байж. Гэлээ ч төгсгөл тааруу байсан тул довтлогч биш жигүүрийн хагас хамгаалагчаар тоглуулах нь элбэг болжээ.

13 настайдаа “Баия” клубын академид элсэн оров. Гэхдээ зүгээр ч орчихсонгүй, дүүгээ хамтдаа авч очжээ. Төрөлх тосгоноосоо хол мужийн төвийнхөө клубын академид суралцах болсон хоёр хүүхдэдээ зориулан эцэг эх нь байр түрээсэлсэн байна. Гэхдээ “Бөмбөг хөөлөө ч гэсэн хичээлдээ заавал явна” гэсэн ам авч. Гэвч хэдэн сарын дараагаар ээж нь эргэж очтол “Хоёрдугаар сараас хойш хичээлдээ огт үзэгдээгүй” гэсэн хариу сонсчээ. Гурван сар орчим Дани Алвеш сургууль гээчийг зүгээр л мартчихаж. Ингээд ээж нь түүнтэй хатуухан ярьж, мартагдахааргүй сургамж өгсөн байна.

2003 онд “Баия”-гаас 550 мянган еврогоор Дани Алвешийг Испанийн “Севилья” худалдан авлаа. Харин үүнээс таван жилийн дараагаар “Севилья” түүнийг “Барселона”-д 64.5 дахин өндөр үнээр буюу 35.5 сая еврогоор зарсан билээ.

Түрүүн өгүүлсэнчлэн тэрбээр баруун жигүүрийг эзэгнэнхэн төрсөн хөлбөмбөгч болж өсчээ. Гэвч “Севилья”-д ирсэнээр ахлах дасгалжуулагч Капаррос “Захын хамгаалагч төвийн шугамыг давж болохгүй” гэсэн шаардлага тавьж, улмаар зөвхөн хагас хамгаалагчийн байрлалд гаргах болов. “Яагаад болохгүй гэж? Хөлбөмбөг гэдэг чинь хамгаалалт-довтолгоо биз дээ. Хөлбөмбөгт хамгаалах нь хамгаална, довтлох нь довтолно гэсэн хууль байхгүй” гэж Дани Алвеш үзэж байв. Шинэ тоглогчийнхоо хамгаалалт-довтолгооны ажлыг хамтад нь сайн гүйцэтгэдгийг магадлан мэдэрснийхээ дараагаар хамгаалагчаар тоглуулсан нь дээр гэж үзсэн байна.

Дани Алвеш өөрийгөө Месситэй харьцуулах дуртай. “Мессид хамгийн олон гоолын дамжуулалтыг би л өгсөн. Хэн хамгийн агуу хөлбөмбөгч вэ? гэвэл би Месси л гэнэ. Харин хэн Мессид дамжуулалт өгч байсан бэ? гэвэл Дани Алвеш гэж хариулна” хэмээн тэр өгүүлсэн удаатай.

Мөн “Месси “Алтан бөмбөг” аваад, харин би Оны бэлгэдлийн шигшээд багтаад байна гэдэг чинь би л түүнд дамжуулалт өгөөд байгаа гэсэн үг шүү дээ” гэж инээмсэглэн өгүүлсэн ч тохиолдол бий.

“Барселона”-гаас Дани Алвешийг явах болоход Месси клубын удирдлагадаа уурласан хэлсэн гэх яриа бий. “Яагаад дэлхийн шилдэг хамгаалагчийг явуулж байгаа юм бэ?” гэж.

Бразил залуугийн амьдралын бас нэгэн сонирхолтой тал нь түүний агент. Агент нь түүний хуучин эхнэр Динора юм. Эхэндээ Динора тэр хоёр хэзээ ч хагацаж салахгүй халуухан амрагууд шиг л байсан. Гэвч арван жил ханилсны дараагаар салж, хүү охин хоёр нь ээж дээрээ үлджээ.

Одоо бол бразил залуу маань өөрөөсөө найман сантиметр өндөр испани загвар өмсөгч Жоана Санстай найзлах болсон.

Дани Алвеш эхнэрээсээ саллаа гээд харилцаагаа тасалчихалгүй, харин ч бүр агентаараа ажиллуулсан юм. “Саллаа гээд хамтран ажиллахад маань саад болоогүй ээ” гэж Динора ярьсан байна.

Заримдаа хэвлэлээр “Барселона” бразил хамгаалагч хоёрын хооронд яс хаясан хүн бол хуучин эхнэр Динора нь гэж бичсэн харагддаг.

Гэхдээ Дани Алвеш Каталоны багаас явах болсон шалтгаанаа ингэж тайлбарласан удаатай. “Үнэлүүлж, хүндлүүлж байхыг би хүсдэг. Хэрвээ үгүй бол “баяртай”. Сүүлийн гурван улиралд байнга л намайг явах гэж буй тухай цуурхал тарах болсон. Тэгсэн хэрнээ багийн удирдлагууд надад энэ талаар огт цухуйлгахгүй, ус балгасан шиг л явцгаана. Энэ нь надад муухай санагдсан. ОУХХ-ноос “Барселона”-г шинэ тоглогч авахыг түр хугацаанд хориглох шийдвэр гаргасны дараа л сая шинэ гэрээ надад санал болгосон юм. Тиймээс би гэрээ хийхдээ өөрийн байр сууриа тулгах боломж олдсон. Ингээд би хүссэн багтаа үнэгүй очих тухай заалтыг гэрээнд оруулж чадсан” гэж Дани Алвеш өгүүлсэн байдаг.

Тэр өөрийгөө зөрүүд биш харин өөрийнхөөрөө эр гэж тодорхойлох дуртай. Дуу хөгжимд дуртай, хувцас загварт дурлагч. Гэхдээ мөн л элдэв хаалт, хориггүйгээр өөрийнхөө хүссэнээр хувцасладаг. “Би өөрийнхөө хувцаслалтыг зоримог, онцлог гэж хэлнэ. Би хэнээс ч яаж хувцаслах эсэхээ асуудаггүй. Мөн хүмүүс юу өмсөж байна гэж харж, мода хөөдөггүй. Тэглээ гээд миний хувцаслалтыг гоочлох шоолох хөлбөмбөгч лав таараагүй” гэж тэр ярьжээ.

Хэдийгээр Дани Алвеш эдүгээ Бразилын шигшээ багийнхаа ахлагчийн туузыг зүүж, аль ч багт очсон дамжуулалтын хаан, баруун жигүүрийг эзэгнэгч байж чадахаа харуулсан ч гэсэн алдар нэрд огт шимтдэггүй. Харин ч алдар нэрийг “нохойн баас” гэж хараадаг.

“Би жаргалтай байхыг л хүсдгээс биш алдар нэртэй байхыг хүсдэггүй. Намайг өндөр цалин авдаг, орлого ихтэй болохоороо санаснаа хамаагүй чалчиж байна гэх байх. Үгүй дээ. Тосгонд эцэгтэйгээ хамтдаа байсан бага насаа би хамгийн жаргалтай үеэ гэж боддог. Яагаад гэвэл мөнгө цагаан, нүд улаан гэгчээр энэ хорвоо тэр чигээрээ өнгө, мөнгөний тулаан гэдгийг хожим мэдрээд гутарсан. Яахав дээ, би багадаа энэ хорвоог таниагүй байж. Хөлбөмбөг бол үнэндээ атаа хорсол, зусарч бялдууч, хууран мэхлэгч, хуурмаг найзуудаар дүүрсэн ертөнц. Ер нь бүхэлдээ алдар нэр гэдэг нохойн баас” гэж Дани Алвеш өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.