Хэцүү хүүхэд ба Кевин Де Брюйне

Хэцүү хүүхэд ба Кевин Де Брюйне

Бельгийн шигшээ болон Английн “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйнегийн “Надад үг хэлэх боломж олгооч” өгүүллээс  хэсэгчлэн хүргэе.

…Бельгийн нөгөө захад орших “Генк”-ийн академид би суралцахаар боллоо… Эхний жил дотуур байранд байрлав. Бичгийн жижиг ширээ, унтлагын ортой жижигхэн өрөө. Дараа жил клубын зүгээс төлбөрийг нь төлж нэг айлд намайг суулгасан юм. Ер нь гэр холтой өсвөрийн хөлбөмбөгчдийг айлд байлгадаг уламжлалтай.

Айлд суух болсон ч би өөрийн дадал зуршлаараа ганцаараа л өрөөндөө таг дуугүй амьдарна. Миний хувьд бол жирийн л өдрүүд. Жил өнгөрлөө. Сургуульд сурч, хөлбөмбөгтөө шаггүй амжилт ч гаргалаа. Зодоон цохион, ер нь болохгүй бүтэхгүй зүйлд огт орооцолдоогүй.

Жилийн дараагаар би тэр айлаас явахдаа “Зуны амралтын дараа дахиад уулзья. Зуныг сайхан өнгөрүүлээрэй” гээд гарсан.

Ингээд гэртээ иртэл ижий маань хаалга нээмэгц усан нүдлээд эхэллээ. Ойрын хамаатнуудаас хэн нэг нь нас барсан юм болов уу гэж эхэндээ бодов. Тэгээд “Юу болов, ээж ээ?” гэлээ. Гэтэл миний амьдралыг нэгмөсөн цэгцэлж өгсөн тэр үгийг хэлж билээ.

“Чамайг тэр айлынхан дахиад гэртээ байлгахгүй гэнэ ээ!”. “Та юу яриад байгаа юм бэ?” гэвэл “Тэр айл чамайг дахиж харахыг ч хүсэхгүй байна гэсэн” гэв. Би гайхшран “Яалаа гэж? Яагаад?” гэхээс өөр үг олдсонгүй. Ээж хэлж байна. “Чиний зан авираас болж гэнэ. Чамайг хэтэрхий дуугүй гэнэ. Чамтай харилцаж чадахгүй байдаг гэнэ. Ер нь чамайг хэцүү хүүхэд гэлээ” гэдэг байгаа.

Би цочирдсон гэж. Миний хувьд бол энэ их эмзэг зүйл л дээ. Тэр айлынхан надад үүнийгээ шулуухан хэлчихгүй. Уг нь би ямар ч хэрэг тариагүй л юм. Зүгээр л өрөөнөөсөө толгой цухуйлгадаггүй зангаараа л байсан. Тэдэнд төвөг ч удсан удаагүй дээ. Явахад ч тэд зүгээр гаргаж өгсөнсөн. Гэвч тэд ээж рүү минь хэлээд зогсохгүй клуб руу бас утасдаад хэлжээ.

Цаашид академид суралцахад энэ том асуудал болж босч ирлээ. Би ямар од биш дээ. Клуб ч намайг хэцүү хүүхэд гэж хараад эхэллээ. Клубээс ээж рүү яриад, “Хүүг тань дахиад айлд байлгах мөнгийг төлөхгүй” гэжээ. Ингээд би дахиад дотуур байранд орсон юм. Гэхдээ тэр байр өмнөхөөсөө өөр. Жинхэнэ нөгөө хэцүү хүүхдүүдийн байр гээч нь байж билээ.

Би ч тэдгээр үгсийг сонсоод дуугүй өнөөх муу бөмбөгөө бариад гарлаа. Багаасаа ганцаараа тоглож өссөн хашаандаа бөмбөгөө өшиглөөд зогсохыг харсан ээж минь их уйлсан даа.

Би тоглох зуураа дотроо бодно. “Хэцүү хүүхэд” гэсэн үгс толгойд эргэлдэнэ. Хэдэн цагийн турш хашааг бараг нуртал нь бөмбөгөөр нүдснийхээ дараагаар би бусдад ч сонстохоор чанга хэлсэн юм. “За яахав, тэгж л бай. Бүх зүйл маш сайн сайхан болно. Хоёр сарын дараа би нэгдүгээр багийн тоглогч болохдоо болно. Юу ч болсон бууж өгнө гэж гонжийнжоо. Тэгээд би гэртээ ирэхгүй, тэндээ тоглож үлдэнэ. Юу ч болсон…” гэж хэлж билээ.

Зуны амралт дуусч, би Генкэд буцан очлоо. Намайг хоёрдугаар багт хуваариллаа. Би тэгэхэд хэн ч биш байснаа нуухгүй. Гэхдээ яаж бэлтгэл хийсэн гээч… Намайг дотроос нэг зүйл хатгаад, урагш улайруулаад байлаа. Солиотой хүн шиг л бэлтгэл хийсэн дээ.

Тэр үед л бүх зүйл өөрчлөгдчих шиг санагдсан. Баасан гаригийн орой бид тоглолттой байлаа. Тоглолтыг сэлгээний суудлаас эхлүүлэв. Хоёрдугаар үед намайг талбайд гаргалаа. Тэгэхэд би талбай дээр тэсэрсэн гэж хэлж болно.

Нэг гоол.

“Чамайг тэр айлынхан дахиад гэртээ байлгахгүй гэнэ ээ”.

Хоёр гоол.

“Чамайг хэтэрхий дуугүй гэнэ”.

Гурван гоол.

“Чамайг хэцүү хүүхэд гэлээ”.

Дөрвөн гоол.

“Тэр айл чамайг дахиж харахыг ч хүсэхгүй байна гэсэн”.

Таван гоол.

“Чиний зан авираас болж гэнэ”.

Нэг үед би ингэж таван гоол оруулсан юм.

Энэ тоглолтын дараагаар клубын удирдлага ч надтай тэс өөрөөр харилцах болсон. Хоёр сарын дотор нэгдүгээр багт орж чадлаа. Ер нь төлөвлөснөөсөө хэд хоногийн өмнө нэгдүгээр багт орсон юм. Дараа нь клубээс намайг өөр айлд байлгах мөнгийг төлөхөөр болсноо мэдэгдлээ.

Амжилт гаргаад ирэхээр хүмүүсийн харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг харах бас хөгжилтэй шүү.

Тэгж байтал өнөөх айлын хүмүүс чинь нэг өдөр бэлтгэл дээр ирэв ээ. Нөгөө эмэгтэй дөхөж ирээд “Чамайг манайд буцаад ирээсэй гэж хүсч байна. Яахав бэлтгэлтэй өдрүүддээ байрандаа байгаад амралтаараа манайд гүйгээд ирэхгүй юу” гэнэ.

Бусад хүмүүс бол тэгэхэд инээмсэглэх байсан биз. Харин би инээх юм огт мэдрээгүй. Тэд миний сэтгэлийг өвтгөсөн хүмүүс. Тийм болохоор би хэллээ. “Үгүй ээ, та нар намайг гэрээсээ гаргаж хаясан. Харин одоо амжилт гаргаад ирэхээрээ би та нарт хэрэг болоо юу?” гэж.

Магадгүй би тэдэнд талархах ёстой байсан байж мэдэх юм. Энэ явдал миний замналын гол тулгуур хүч болж өгсөн. Гэвч тэр “хэцүү хүүхэд” гэх тодорхойлолт намайг цаашид олон жил дагаж явсан юм даа…

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.