Шүдгүй дайчин Нобби Стайлз

Шүдгүй дайчин Нобби Стайлз

Талбай дээр мөнхийн хөдөлгүүр залгуулчихсан юм шиг гүйж, нохой шиг хүн бүрийн араас элдэж, амар заяаг нь үзүүлдэггүй хөлбөмбөгчид байдаг. Өрсөлдөгч багийнхан нь тийм тоглогчийг үзэн яддаг бол өөрийн багийнхан болон фанатууд нь өргөмжлөн хайрладаг. Зарим хүмүүс “Иймэрхүү шантаршгүй гарууд рингэнд гармаар юм” гэж хэлэх нь ч бий. Тэгж хайрлуулж, мөн зүхүүлэгсдийн нэг нь Нобби Стайлз байлаа.

Одоогоос яг сарын өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 30-нд Английн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын домог Нобби Стайлз ертөнцийн мөнх бусыг үзүүлж, там диваажин хоёрын аль нэг рүү нь одсон.

Тэр 1942 оны тавдугаар сарын 18-нд мэндэлсэн юм. Магадгүй түүнийг хорвоод анх ирэхэд л бөмбөг дэлбэрч, бууны сум шунгинаж байсан болохоор тоглолтынх нь арга барил тийм ширүүн, шантаршгүй болсон ч байж мэднэ. Манчестерийн Коллихёрст дүүрэгт хорвоогийн нарыг анх харахад нь Адольф Гитлерийн арми эх нутгийг нь эзлэхээр дайтаж байв. Мөн тэрээр бага насандаа троллейбусанд дайруулж хорвоогоос явчих тун дөхсөн гэдэг.

168 сантиметр өндөртэй Нобби Стайлз ойр тойрныхондоо зөөлөн эелдэг хэрнээ өрсөлдөгчдөө бол ад чөтгөр л гэсэн үг. Харахад шавилхан, хачин гэмээр төрхтэй, үүдэн шүдгүй энэ нөхрөөс өрсөлдөгчид нь үнэхээр их айна. Ямартаа л “муу алуурчин” гэж хочилж байхав. Зарим нь үүдэн шүдгүй болохоор нь “мангас” гэж ад үзнэ.

Хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй, үргэлж үзэлцэж тэмцэж явдгийнхаа шанд үүдэн шүднүүдээ талбай дээр булга цохиулжээ. Гэвч түүндээ дасчихаад онгойтол инээмсэглэнэ. Мөн нүдний шил гаргаж ирээд зүүчихнэ. Эдгар Давидсыг хүртэлх хөлбөмбөгийн түүхэнд нүдний шилтэй талбайд үзэлцсэн цөөхөн хүний нэг нь Нобби Стайлз.

Нобби 15 настайдаа л Английн өсвөрийн шигшээ багт дуудагджээ. Гэхдээ мэргэжлийн клубт орсон нь бол 1959 он. “Манчестер Юнайтед”-д 17 настайдаа элсэж, дараа жилээс нь нэгдүгээр багт тоглож эхэлсэн байна.

Тодруулж хэлбэл, 1958 оны хоёрдугаар сарын 6-нд “Манчестер Юнайтед”-ынхан гэр рүүгээ буцаж яваад Мюнхенд онгоцны сүйрэлд өртөн багийнхаа талыг алдсан эмгэнэлт явдлаас хойш жилийн дараагаар Нобби тэндэхийн тоглогч болжээ.

Багийнхаа хагасыг алдчихсан “Манчестер Юнайтед”-ынхан эхэндээ нэг их өндөр шалгуур тавилгүй шинэ тоглогчид авсан гэдэг. Тэдний нэг нь Нобби тул фанатууд болон мэргэжилтнүүд түүнд их эргэлзэнэ. “Энэ одоо хэн болоод багт орчихсон юм бэ?” гэх нь энүүхэнд. Жижигхэн биетэй хэрнээ хамгаалалтад анх тоглож эхэлсэн Нобби Стайлз эхэндээ олны анхаарлыг татахааргүй, гологдоно уу гэхээс магтагдахааргүй тоглогч байж. Гэхдээ тэр авъяас чадвар бус дайчин чанар, хүсэл эрмэлзлэлийнхээ хүчээр гайхалтай замнал бүтээж чадсан нэгэн.

Ямар гайхалтай замнал вэ гэж үү? Англиас одоогийн Аваргуудын лигт түрүүлсэн анхны баг нь “Манчестер Юнайтед”. 1968 онд “дэлдэн чихт”-ийг анх гардахад Нобби Стайлз үүдэн шүдгүй инээмсэглэн зогсож байлаа. Үүнээс хоёр жилийн өмнө Английн шигшээ Дэлхийн аварга болоход ч тэр мөн тэгээд л зогсож байсан. Ингэж тэрбээр “Манчестер Юнайтед”-аас Аваргуудын лиг /тухайн үед бол Аварга багуудын цом/ болон Дэлхийн аварга болсон гуравхан хөлбөмбөгчийн нэг болсон юм. Нөгөө хоёр нь Сэр Бобби Чарльтон, Иан Каллаган билээ.

Сонирхолтой нь дээр дурьдсан хоёр тэмцээнд хоёуланд нь Хар Ирвэс хочит Эусебиог зогсоох үүргийг Нобби Стайлз гүйцэтгэжээ. Эхлээд 1966 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт Хар Ирвэстэй халз үзэх даалгаврыг  түүнд дасгалжуулагч Альф Рэмзи өгчээ. “Цаадахиасаа алхам ч битгий холд. Араас нь байнга элд” гэж тушаасан байна. Нобби үүргээ маш сайн гүйцэтгэхдээ Эусебио дээр нэг ч алдаа гаргаагүй нь гайхалтай. Ингээд Английн шигшээ Эусебиог хөдөлгөлгүй “барьсан” Нобби Стайлз, мөн хоёр гоол оруулсан Сэр Бобби Чарльтоны ачаар 2:1-ээр хожиж, финалд гарч ирлээ.

ДАШТ-д Английн шигшээ түрүүлэхэд Нобби Стайлз бүх тоглолтод нь гарсан юм. Хожим Альф Рэмзи түүнийг 1968 оны Европын АШТ, мөн 1970 оны ДАШТ-д авч очсон байдаг. Нобби Гурван арслангийн төлөө 28 тоглолтод гарахдаа нэг гоол оруулсан юм.

Хоёр жилийн дараагаар буюу 1968 онд Лондоны “Уэмбли”-д “Манчестер Юнайтед” тухайн үедээ ялагдашгүй гэгдэж байсан Португалын “Бенфика”-тай финалд туллаа. Хар Ирвэс хочит Эусебиог “барих” үүргийг дахиад л Ноббид ногдуулав.

Белла Гуттманны хараал үйлчилж эхэлсэн тэр жилүүдийн эхэнд “Манчестер Юнайтед” өрсөлдөгчөө 4:1-ээр хожсон билээ. Үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцэж, нэмэлт үе сунгахад Манчестерийн баг гурван гоол оруулж хожсон. Энэ тоглолтод Сэр Бобби Чарльтон дубль хийсэн бол тухайн үед архинд орж арай амжаагүй байсан Жорж Бест, мөн одоо Пеп Гвардиолагийн туслахаар ажиллаж буй Брайан Кидд нэг гоол оруулсан юм. Харин Нобби Стайлз тухайн үеийнхээ хамгийн шилдэг тоглогч Эусебиог дахиад хөдөлгөсөнгүй.

Нобби Стайлз талбайд гарахдаа хиймэл шүдээ хувцас солих өрөөнийхөө шүүгээн дээр тавиад үлдээчихдэг тул хамгийн том ялалт байгуулсныхаа дараагаар шүдгүй инээмсэглэн зогсоо нь гэрэл зураг, бичлэгт үлджээ. Харин олон жилийн дараагаар Эусебиотой дахин уулзахдаа Нобби Стайлз ярайсан сайхан хиймэл шүдтэй болчихсон инээн тэврэлдэж буй зургийг та харж байна.

“Манчестер Юнайтед”-д 11 жилийг өнгөрөөж, 297 тоглолтод гарч, 19 гоол оруулж, Аварга багуудын цом болон Английн аваргын алдрыг хоёрантаа хүртэж, Английн цом, Английн Супер цомыг гардсаныхаа дараагаар Нобби Стайлз “Мидлсборо”-д очжээ. Тэнд хоёр улирал тоглоод Английн анхны аварга “Престон”-ыг зорьсон байна. Дашрамд сонирхуулахад, “Престон” бол Английн анхны аварга төдийгүй эхний хоёр жил /1888/1889, 1889/90/-ийн аварга билээ.

“Престон”-д очсоны учир нь Сэр Бобби Чарльтонтой шууд холбоотой. “Манчестер Юнайтед”-ын төдийгүй Английн хөлбөмбөгийн түүхэн дэх аугаа хөлбөмбөгчдийн нэг, “Алтан бөмбөг”-ийн эзэн Сэр Бобби Чарльтон тэгэхэд “Престон”-ы ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан тул хуучин анд Ноббигоо тоглогч-дасгалжуулагчаар ажиллахыг урьсан юм.

“Престон”-д дөрвөн жил болсныхоо дараагаар Нобби хөлбөмбөгийн гэхэд хэцүү улсуудын нэг Канадыг зорьжээ. Тэнд “Ванкувэр Уайткэпс”-ийн дасгалжуулагчаар ажилласан байна. Дараа нь эх орондоо буцаж ирээд “Вест Бромвич”-ийг удирдаад 44 насандаа дасгалжуулагчийн замналаа өндөрлүүлсэн байна.

Нобби Стайлз дасгалжуулагчийн хувиар амжилт олоогүйдээ бухимдаж, сэтгэл санаа нь тавгүйтэж амиа хорлох тухай бодолхийлэх болжээ. Ялангуяа “Вест Бромвич”-т ажилласнаас хойш бүтэн гурван жилийн хугацаанд ажил олж чадалгүй явахдаа өөрийгөө зүхэн, энэ хорвоогоос явчихья гэж бодсон нь цөөнгүй гэнэ. Тэрээр өөрөө энэ тухайгаа хэвлэлд ний нуугүй ярьсан байдаг.

Гэхдээ “Манчестер Юнайтед”-ынхан домогт тоглогчоо гундуу явахад нь орхисонгүй. Түүнд академидаа ажиллах санал тавьснаар амьдралыг нь аварч, дахин инээд, аз жаргал бэлэглэсэн юм.

Одоо та бүхэн Дэвид Бекхэм, Пол Скоулз, Райан Гиггз, Ники Батт, ах дүү Невиллийг бол андахгүй байлгүй. Тэгвэл тэднийг чинь өдий зэрэгт хүргэж, 92 оны онжавууд гэх гайхамшигтай нэгэн үеийн хөлбөмбөгчдийг гаргаж ирсэн хүн бол Нобби Стайлз юм. 1989-1993 онд “Манчестер Юнайтед”-ын академийн тэргүүнээр ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Нобби “Манчестер Юнайтед”-ын түүхэнд нэрээ хоёр удаа алтан үсгээр бичүүлсэн хүн. Эхлээд Аварга багуудын цом /Аваргуудын лиг/-д түрүүлсэн анхны Английн баг болоход хөлбөмбөгчийн хувиар хувь нэмрээ оруулж, дараа нь дахиад клуб сэргэн, Сэр Алекс Фергюсоны үед гайхамшигтай амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хөлбөмбөгчдийг бэлдэж өгсөн гавъяатай.

Хөлбөмбөгт “өөрийн хүн” гэх ойлголт их хүчтэй. Түүнийг маш сайн мэдрүүлж, харуулсан хүн бол Нобби Стайлз. Тэр багтаа хичнээн авъяастнууд авчирч, бэлдэж өгснийг нэрлэвэл урт жагсаалт урсана. Мөн хичнээн цомын эх үндсийг тавьж өгснийг нь дурьдвал урт яриа болно.

1993 онд Нобби Стайлз 51 насандаа академийн ажлаасаа гарчээ. Түүний нэр Английн Хөлбөмбөгийн Алдрын танхимд бичигдэж, Их Британийн Хатан хаанаас эрхэм хүндтэй шагнал гардлаа.

Харин 2010 онд гол хоёр шагнал болох ДАШТ болон Аварга багуудын цомын алтан медалиа дуудлага худалдаагаар зарахад “Манчестер Юнайтед” клубын удирдлага 200 мянган паундаар худалдан авсан түүхтэй. Тэрхүү мөнгөө Нобби гурван хүүдээ хуваан өгчээ. Хөвгүүдийнх нь нэг Жон “Шэмрок Роверс” болон “Лидс”-д тоглож үзсэн ч аавынхаа дайны хөлбөмбөгч болж чадаагүй юм.

Нобби Стайлз өөрөө насаараа хөлбөмбөгөөр амьсгалсны зэрэгцээ түүний гэр бүл ч хөлбөмбөгийнхөн. Эхнэр Кэй нь Ирландын хөлбөмбөгч Жонни Жайлзын эгч. Жонни Жайлз “Престон”-д тоглогч-дасгалжуулагч байхад нь хамт тоглож байсан юм билээ.

Гэвч гунигтай нь Нобби Стайлзын амьдралын сүүлчийн жилүүд амаргүй байлаа. 2000-аад оны эхээр Альцгэймэрийн өвчин тусч, 2013 оны арваннэгдүгээр сард түрүү булчирхайн хорт хавдар туссан нь тодорхой болж, харин 2016 онд деменциа буюу оюун санаа доройтох, ой санамжаа алдах өвчинд нэрвэгджээ.

Нобби Стайлзыг нас барсны дараагаар Англи даяар хөлбөмбөгчид деменциа өвчнөөр нас барах явдал маш олон байгааг хэвлэлийнхэн дэлгэн тавьсан юм. 1966 оны дэлхийн аварга багийнхнаас нь л гэхэд 5-6 тоглогч энэ өвчнөөр нас баржээ. Одоо домогт Сэр Бобби Чарльтон ч деменциа өвчин тусч, ой санамжаа алдсан тухай хэвлэлүүд мэдээлж байгаа. Тиймээс цаашид өсвөрийн хөлбөмбөгчдийг бэлтгэл дээр бөмбөг мөргүүлэх дасгал хийлгэхгүй байх тухай ч яриа гарах болсон билээ.

Цаг хугацаа гэдэг хэнийг ч хүлээдэггүй, энэрэлгүй зүйл. Хэн ч үхлийг давж гарч чадахгүй. Хөлбөмбөгийн ертөнцийн домгууд ээлж дараалан энэ ертөнцөөс одсоор байна. Тэр бүрийд бид тэр хүн хэн байсныг тухайн агшинд нь ч болтугай эргэн дурсаж, амьдралын түүхээс нь хуваалцах нь зөв гэж бодно. Энэ удаад Английн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэж, үе үеийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хайр талархлыг хүлээсэн Нобби Стайлзын тухай өгүүллээ. Үнэхээр энгийн бус түүхтэй нэгэн гэдгийг та ч гэсэн мэдэрсэн биз ээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.