Марадонагийн долоон эмэгтэйн 10 хүүхэд ба өв хөрөнгийн асуудал

Марадонагийн долоон эмэгтэйн 10 хүүхэд ба өв хөрөнгийн асуудал

Хөлбөмбөгийн түүхэнд мөнхөрч, гоц авъяас, дайчин зан чанар, гайхамшигтай мөн шуугиантай гоолуудаараа фанатуудын зүрхэнд хоногшсон Диего Армандо Марадонагийн хүүхдүүд болон мөн түүний өв хөрөнгийг залгамжлагчдын тухай яриа гарах боллоо. Энэ ч зүй ёсны хэрэг биз ээ. Гэхдээ Марадона жирийн нэг биш байсан шигээ амьдрал нь ч жирийн нэгнээс адармаатай.

Тэр гурван өөр улсын долоон эмэгтэйн арван хүүхэдтэй хүн. Үүнээс таван хүүхэд нь албан ёсных. Мөн тав нь хууль бус. Хууль бус хүүхдүүдийг Марадонагийнх яг мөн эсэхийг зарим нь нотлоогүй байгаа юм. Тиймээс энэ ертөнцөөс одсон хойно нь ч гэсэн ДНК-гийн шинжилгээнд оруулж, эцэг нь тогтоолгохоор зүтгэж буй хүмүүс ч байна. Гэхдээ бүхнийг эхнээс нь зүй тогтлынх нь дагуу хүүрнэе.

Диего Армандо Марадона анхны хайртайгаа 26 жил хамт амьдарсан юм. 1976 онд 16 настай хүү хөрш айлын 18 настай бүсгүйд сэтгэл алдарчээ. Жилийн турш сэтгэлээ илчлэх гээд зориг зүрх нь хүрэхгүй явсаар арай гэж нэгэн зуны өдөр бүсгүйг бүжгэнд урьсан гэдэг. Тэр хоёр шөнөжингөө бүжиглээд харин өглөө нь Марадона бүсгүйгээ дагуулан эцэг эхдээ танилцуулсан түүхтэй. Тэр бүсгүйг Клаудиа Вильяфане гэнэ.

Клаудиа бол Марадонаг элдэв зүйлд сатааралгүй зөвхөн хөлбөмбөгт өөрийгөө зориулахыг зөвлөсөн анхны хүн. Зөвхөн зөвлөөд ч зогсохгүй ёстой дэслэгчээс маршалл хүртэл нь хамтдаа байж, урам зоригийг нь сэргээж, уяа сойлгыг нь тааруулсан ачтай эмэгтэй.

Барселон, Неапольд очиход нь Клаудиа л дэргэд нь байсан юм. Мөн хар тамхинд донтож, “араар нь тавьж”, зугаалж наргиж явахад ч хаяж одоогүй. Тиймээс эхнэрээс Марадона бүхнээс илүүтэй хүндэлж, итгэдэг байжээ.

Марадона Клаудиатай хуримаа хийхдээ 2 сая ам.доллар зарцуулсан байдаг. Тэдний хуримд Италийн Ерөнхий сайд асан,“Милан”-ын эзэн Сильвио Берлускони ч очиж байлаа. 2003 онд Марадона Клаудиа хоёр салсан ч хуучин эхнэрээ агентаа хэвээр үлдээсэн юм.

2005 онд Диего Марадона 25 настай биеийн тамирын багш бүсгүй Вероника Охедатай танилцжээ. Охеда бол Марадонагийн өсч торнисон дүүрэгт амьдардаг бүсгүй. Тэд найман жилийн турш дотно харилцаатай байсан гэгддэг ч тэр жилүүдэд хар тамхи, наргиан цэнгээнд живчихсэн байлаа. Вероника хэд хэдэн удаа зулбасан бөгөөд таван сартай жирэмсэн байхад нь Марадона салж оджээ.

Салж одох шалтгаан нь Росио Олива хэмээх бүсгүй байв. Тэд 2010 онд танилцаж, 2013 онд хамтдаа амьдарч эхэлнэ. Өөрөөсөө 30 дүү бүсгүйгийн үйлийг үзэж, гар далайна. Хариуд нь Олива гэрээс нь хулгай хийж, хөрөнгөнөөс нь хумслана. 2014 онд Арабын Нэгдсэн Эмират улсад амьдарч байхдаа Марадона 400 мянган евро хулгайлчихлаа гэж Росио Оливаг цагдаад өгсөн юм. Бүсгүй шоронд 15 цаг суугаад гарсан түүхтэй. Гэлээ ч шоронгоос гарч ирснийх нь дараа тэд дахин хамтдаа амьдарсан төдийгүй бүр гэрлэх болно. Гэхдээ гэрлээд жил бололгүй хөөж явуулсан юм.

Үүнээс гадна Неаполийн загвар өмсөгч Кристиана Синагра, боулингийн төвийн үйлчлэгч бүсгүй Валериа Сабалайн нар Марадонагийн хүүхдийг тээж төрүүлсэн. Ер нь Марадона Италийн “Наполи”-д тоглож байхдаа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явжээ. Зарим эх сурвалжийн батлан ярьснаар бол Марадона тэр үед өдөр бүр бүсгүй сольдог байж. Гэхдээ өдөрт нэг биш бүр 2-5 бүсгүйтэй уулздаг байсан гэж ярьсан нь бий.

Тэгэхээр Марадона нийтдээ хэдэн бүсгүйтэй вэ гэх бус харин хэдэн хүүхэдтэй вэ? гэдэг асуулт илүү оновчтой хариулт авах боломжтой. Түрүүн хэлсэнчлэн, албан ёсны тав, албан ёсны бус мөн таван хүүхэд байдаг гэж үздэг.

Анхны хайр, эхний эхнэр Кладиагаас Дальма, Жаннина хэмээх хоёр охин мэндэлсэн нь одоо 33, 31 настай. Дальма нь жүжигчин болж, олон кинонд тоглосон. Харин Жаннина нь Серхио Агуэротой гэрлэж Бенжамин хэмээх хүү төрүүлсэн. Тэр хүүгийн загалмайлсан эцэг нь Лионель Месси билээ. Гэхдээ Жаннина Агуэро хоёр хэдэн жилийн өмнө салчихсан.

Дальма бол Марадонагийн анхны хүүхэд биш. Неаполийн загвар өмсөгч Кристиана Синагра 1985 онд хүү төрүүлж, Диего Армандо Марадона Синагра гэж нэрлэсэн юм. Тэр хүү нь Марадонагийн оршуулах ёслол дээр очих гэсэн ч коронавирусийн халдвар авч эрчимт эмчилгээний тасагт бие нь муу хэвтэж байсан тул очиж чадаагүй.

Марадона эхэндээ амидаа хүүгээ хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Тиймээс Синагра шүүхэд хандаж, харин шүүх ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг даалгахад ч Марадона “гүрийсээр” байлаа. Хэрэг явдалд сүүлдээ Католик шашины тэргүүн Ромын хамба лам хүртэл оролцож байж Марадона хүүгээ хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд хүүд нь түүний нэрийг өгөхийг шүүх зөвшөөрч, сардаа хэдэн мянган ам.долларын тэтгэмж төлөхийг шаардсан байна. Марадона эхэндээ тэтгэмж төлөхгүй гэсэн ч хүн чанартаа “баригдан” төлж эхэлсэн байдаг.

Гэхдээ хүүтэйгээ уулздаггүй байлаа. Аргаа барсан хүү нь түүнийг гольф тоглож байхад нь талбай руу гүйн гарч ирэхэд айсан Марадона машин унаад зугтаачихсан юм. Гэвч түр бодолхийлснийхээ дараагаар эргэж ирээд хүүтэйгээ 40 минут орчим ярилцаад, үнэхээр царай зүс төстэйг нь хүлээн зөвшөөрч, уярчээ.

Одоо Диего хүү нь 34 настай. Аавыгаа дуурайж хөлбөмбөг тоглож үзсэн. “Женоа”, “Наполи”-гийн академид суралцаж байхдаа Италийн өсвөрийн шигшээд дуудагдаж байв. Гэхдээ Сери С буюу доогуур зиндаанд ихэвчлэн тоглосон. Элсний хөлбөмбөгт хожим илүү дурлаж, Италийн элсний хөлбөмбөгийн шигшээд багтан дэлхийн аваргын финалд хүрсэн амжилттай нэгэн.

1996 онд боулингийн төвийн үйлчлэгч бүсгүй Сабалайн Марадонагийн өөр нэгэн охиныг төрүүлжээ. 11 жилийн турш төрсөн эцгийг нь Марадона гэдгийг тогтоолгохоор шаргуу явсны хүчинд хүссэндээ хүрч, эцгээр нь овоглох эрх авсан байна. Гэхдээ Сабалайн хөрөнгө мөнгө, тэтгэмж огт нэхсэнгүй. Зүгээр л охиноо төрсөн эцгээрээ овоглох ёстой гэж үзсэндээ тууштай зүтгэсэн эмэгтэй юм. Охиноо 18 нас хүрэхэд Марадона түүнтэй уулзаж, үнсчээ.

“Тэр миний өмнө сөхөрч суугаад нүд рүү минь харж байгаад уучлалт гуйсан. Бид гурав анх удаагаа тэгэхэд тэврэлдсэн. Гурвуулаа уйлсан. Тэр нүдэндээ нулимстайгаар намайг охиноо гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ мөчийг би их удаан хүлээсэн” хэмээн Сабалайны охин Яна өгүүлсэн удаатай. Одоо Яна загвар өмсөгчөөр ажиллаж, үеэл эгч нартайгаа сайн харилцаатай байдаг ажээ.

Марадонагийн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тав дахь хүүхэд бол 2013 онд Вероника Охедагаас төрсөн хүү. Охеда хэд хэдэн удаа зулбасан гэдэг. Харин таван сартай жирэмсэн байхад нь түүнийг Марадона хаяж оджээ. Азаар хүү нь эндэлгүй хорвоод мэндэлж, улмаар Диего Фернандо гэж нэрлэгдэх болсон юм. Хожим Марадона хүүгээ хүлээн зөвшөөрч, эргэж тойрдог болжээ.

Өөр таван хүүхдийг Марадона өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Энэ таван хүүхдийн гурав нь гурван өөр куба бүсгүйгээс төрсөн. 2016 онд Фидель Кастрогийн урилгаар Диего Марадона хар тамхинаас ангижрах эмчилгээ хийлгэхээр Кубад очихдоо Хоан, Лу, Хавиелито хэмээх гурван хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Марадона байсхийгээд Кубад очдог байсан тул эдгээр хүүхдүүд түүнийх байхыг үгүйсгэх аргагүй.

Мөн хоёр аргентин хүүхэд бий. 23 настай Магали Хилийг багад нь өөр айл үрчилж авчээ. Тэрбээр том болоод төрсөн ээжтэйгээ уулзахдаа Марадонаг ааваа гэдгийг мэдсэн гэж мэдэгдсэн юм. Өөр нэг хүүхэд бол Сантьяго Лара. Марадонагийн гэрэл зургийг сэтгүүлийн нүүрнээс хараад маш адилхан гэдгээ мэдэрснээр эцгийгээ гэж мэдэгдэж, ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг шаардаж яваа. Түүний шаардлагаар одоо домогт хөлбөмбөгчийн цогцосноос ДНК-гийн шинжилгээ авахаар болоод байна.

За ийнхүү Марадона гурван улсын долоон эмэгтэйн 10 хүүхэдтэй. Тэгвэл өв залгамжлах хөрөнгө мөнгөний хувьд домогт хөлбөмбөгчийн данс бараг улайчихсан байж. Аргентины алдартай сэтгүүлч Луис Вентурагийн өгүүлсэнийг хүргэе. “Диегогийн дансанд бараг мөнгө үлдээгүй. Тэр ядуу байж байгаад нас барсан. Түүний данс руу хичнээн ч хүн гар дүрдэг байсан юм бэ дээ. Хулгайлдаг байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Марадона тэр хүмүүст гуйх бүрт нь харамгүй өгдөг байлаа” гэжээ.

Марадонагийн хуульчаар ажиллаж байсан Анжело Пизани ч үүнийг баталсан байна. “Тэр хөрөнгө мөнгө хадгалж, хуримтуулдаггүй байлаа. Их өгөөмөр сайхан сэтгэлтэй болохоор зүгээр л тараачихна. Диегогийн мөнгө хааччихсан юм бэ? гэж ойр тойрныхноос нь л асуу. Марадона түрийвчиндээ 100 евротой явсан удаа бараг үгүй байх шүү” гэж Пизани өгүүлжээ.

Тиймээс Марадонагийн бараг мөнгө үгүй.  Гэхдээ хөрөнгө бол бий. Аргентины нийслэл Буэнос-Айрест хэд хэдэн байртай, эдлэнтэй, мөн үнэтэй хэд хэдэн автомашинтай. Үүнээс гадна Куба болон Италид хөрөнгө оруулалт хийсэн, Хятадад хувийн хөлбөмбөгийн сургуультай. Гэхдээ хамгийн үнэтэй хөрөнгө нь түүний дүр төрхийг ашиглах эрх юм.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.