Поошиг шар айраг, 15 кг зайдас, сам хорхойгоор тоглогч авсан түүхүүд

Поошиг шар айраг, 15 кг зайдас, сам хорхойгоор тоглогч авсан түүхүүд

Неймарыг “Парис Сен-Жермейн” 222 сая еврогоор худалдаж авсан цагаас хойш хөлбөмбөгийн ертөнц дэх наймааны үнэ дээд цэгтээ хүртлээ хөөрөгдөж, хоёр дахин өссөн билээ.

Тэгвэл ердөө хэдхэн жилийн өмнө хөлбөмбөгчдийг мөнгөөр биш поошиг шар айраг, тонн мах, бүр 75 кг сам хорхой за тэгээд зайдсаар хүртэл авчихаж байлаа. Ийм сонирхолтой зарим түүхээс түүвэрлэн хүргэж байна.

75 кг сам хорхой

Норвегт саяхан юм доо, “Виндбьярт”-ын довтлогч Кеннет Кристенсен 2001/02 оны улиралд өөртөө бол гайхамшигтай олон гоол буюу 14 гоол оруулжээ. Гэвч клубын эзэн нь түүнд нэг л бүрэн итгэхгүй. Учир нь Кеннет бэлтгэл хийхээсээ илүүтэйгээр Флеккерт орших загас ихтэй газар очоод загасчлаад зогсчихдог гэнэ. Гэтэл тохиолдлоор яг Флеккерийн нэгэн баг Кеннетийг авахаар санал тавьжээ. Довтлогчийнхоо хоббиг маш сайн мэдэх клубын ерөнхийлөгч мөнгөөр наймаа хийе гэсэнгүй. Харин 75 кг сам хорхой өгчих тэгээд ав гэжээ. Яагаад заавал 75 кг гэж? Тэгвэл үүний учрыг тайлж ядаад байх юм үгүй гэнэ. Кеннетийн биеийн жин 75 кг, тэгээд л яг адил жингийн сам хорхой авчихья гэжээ.

“Флеккер”-ийн ерөнхийлөгч Рольф Гуттормсен “Ийм наймаа хийгээд байж болдогсон бол бид хэнбугайг ч авчихаж чадах байх шүү” хэмээн инээмсэглэн өгүүлсэн байна. Кеннетийг авсныхаа дараа улиралд “Флеккер”-ийнхэн лигтээ түрүүлж дээшээ дэвшсэн нь ончтой наймаа хийсний гэрч болжээ.

Норвегт бас нэгэн хөгжилтэй наймаа тохироо хийсэн тохиолдол 2005 онд бүртгэгджээ. Берд-Эрик Олсен хэмээх цагтаа шаггүй тоглогч явсан эрийг тавдугаар дивизионы “Тронвик” авахыг хүссэн байна. Гэтэл Олсен хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлчихсэн тул дахиад талбайд гартал нь ятгах хэцүү байх гэж халширч очжээ. Гэтэл Олсен “Та нар надад долоо хоног болгон томоос том пицца өгөөд байх юм бол татгалзаад байх юм алга” гэсэн байна. Мэдээж, “Тронвик”-ийг түүний хүссэн пиццаг өгөхөөр тохирчээ.

Зайдсаар тулсан нь

Дэлгүүрийн лангуун дээр байнга хэвтэж байдаг зайдас хааяа бас тоглогч авах тулаа болдог ажээ. 2006 онд Румыны хоёрдугаар лигийн “Арад” клуб Мариуш Чоар хэмээх тоглогчоо дөрөвдүгээр лигийн “Регал”-д ердөө 15 кг зайдсаар зарчихжээ. Өөрийг нь хэдхэн килограмм зайдсаар тулсныг сонссон даруйдаа хамгаалагч Мариуш Чоар дахин хөлбөмбөг тоглохгүй хэмээн шийдээд, талбайд гарсангүй.

“Чоарыг авбал гуравдугаар дивизионд гарахад маань тусална гэж бодсон юм. Гэтэл тэр бүр тоглохгүй гээд замналаа өндөрлүүлчихлээ. Бидний хувьд энэ том цохилт боллоо. Бид тоглогчоо алдсанаас гадна бас бараагаа ч алдлаа. Тэр зайдас бидэнд бүтэн долоо хоног хүрэлцэх байсан юм. Тиймээс шүүхэд хандана. “Арад” бидний алдагдлыг нөхөх ёстой” гэж “Регал”-ын төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Гэлээ Чоар дахиж тоглоё гэлгүй Испани руу гарч, тэндээ фермэр нээн гахай маллаж эхэлсэн байна.

Поошиг шар айраг

Сам хорхой, зайдаснаас цаашлан одоо эрчүүдийн дуртай шар айраг руу орьё. Английн Барнслид уурхайчны хүү Эрни Блэнкинсон гэж шаггүй сайн хөлбөмбөг тоглодог залуу гарч иржээ. 1921 онд “Халл Сити”-гийн нэгэн скаут түүний тоглолтыг үзээд дэвтэр дээрээ нэрийг нь дурайтал бичээд доогуур нь чухалчлан зурж тэмдэглэсээр клубынхээ удирдлагад очжээ. Тэр үед “Халл Сити” Английн хоёрдугаар дивизионд байж. “Барнууд” Эрниг авахыг хүссэн ч бэлэн мөнгө төлөхийг хүссэнгүй. Тиймээс Эрнигийн тоглодог “Кадворт”-т поошиг шар айргаар тулах санал тавьжээ. “Кадворт”-ын эзэн энэ саналыг хүлээж авсангүй. Тэгэхээр нь “Халл”-ынхан поошиг шар айраг дээрээ 100 паунд нэмье гэж. Тэгтэл харин зөвшөөрчээ.

“Кадворт”-ын эзэн харьцангуй шударга хүн байсан тул наймааны 100 паундыг өөрөө авч буйгаа мэдэгдээд харин поошиг шар айргийг багийнхандаа өгсөн байна. Гэвч Эрни Блэнкинсон “Халл”-д очоод өөдтэй тоглосонгүй.

“Халл”-аас түүнийг “Шеффилд Уэнсдэй” худалдан авсны дараагаар харин “Шар шувуунууд” хоёрдугаар лиг рүү дэвшиж, Эрни багийнхаа лидерүүдийн нэг болж, бүр ахлагчийн тууз зүүжээ. Үүгээр “Шар шувуунууд”-ын амжилт хязгаарлагдсангүй, Эрни ч гялалзсаар байсан тул “Ливерпүүл” 5000 паундаар худалдан авсан байна. 1934 оны 5000 паунд гэдэг бол тухайн үеийн үнээр нь тооцвол 200 поошиг шар айраг гэсэн үг. Эрни “Ливерпүүл”-д очоод Английн шигшээдээ дуудагдан 26 удаа тоглохдоо таван удаад нь ахлагчийн туузтай гарсан юм билээ. Ганц поошиг шар айргийн үнэтэй тоглогч гэхэд шигшээгийн ахлагчийн тууз хүртэл зүүчихдэг хийморьтой эр.

Хаалганы тор

Английн “Манчестер Юнайтед”-ын түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчдын нэг тооцогддог Гари Паллистерийг санхүү муутай “Таун”-аас “Мидлсборо” нэг ээлжийн өмсгөл, хэдэн бөмбөг, мөн хаалганы тороор тулж авсан байдаг. Харин үүнээсээ таван жилийн дараагаар 2.3 сая паундаар “Манчестер Юнайтед”-д зарсан юм. 1989 онд энэ наймаа Их Британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байлаа.

Нэг ээлжийн өмсгөл

Жон Барнс гэж 1980-аад оны үеийн Английн алдартай тоглогч бий. Английн шигшээдээ 79 тоглолтод гарсан энэ тоглогчийн замнал сонирхогчдын “Сёдбери”-гээс эхэлсэн юм. 1981 онд “Уотфорд”-ын нэгэн скаут түүнийг олж хараад худалдаж авахыг клубын удирдлагадаа зөвлөжээ. Клубын удирдлага авья гэсэн ч эрсдэл хийхгүйн тулд мөнгөөр биш бараа бүтээгдэхүүнээр тулахаар шийдсэн байна. Ингээд “Сёдбери”-д нэг ээлжийн өмсгөл санал болгосонд нөгөө хэд нь дуун дээр нь зөвшөөрчээ.

Үүнээс зургаан жилийн дараагаар “Уотфорд”-ынхон Жон Барнсыг 900 мянган паундаар “Ливерпүүл”-д зарахад “Сёдбери”-гийн эзэн үсээ зулгааж халаглаж байсан гэдэг.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.