Боливийн шигшээ Дэлхийн шилдгүүдийн тоонд тооцогдохын учир

Боливийн шигшээ Дэлхийн шилдгүүдийн тоонд тооцогдохын учир

Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лионель Скалони хоёр сарын өмнө Боливийн шигшээ багийг “Дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татсан.

ДАШТ-ий эхний давааг ганцхан удаа давсан Боливийн шигшээ хэзээ дэлхийн шилдгүүдийн нэг болчихов? гэж зарим нь гайхсан биз. Тэгвэл Скалонигийн үг давхар утга агуулж байлаа. Аргентины шигшээ Боливийн талбайд зочлохдоо далайн түвшнээс дээш 3637 метрийн өндөр орших “Эрнандо Силес” стадионд тоглох ёстой тул тэгж хэлсэн хэрэг. Тэр өндөрт тоглоно гэдэг гэдэг дэлхийн шилдгүүдтэй тоглохтой л адил байдгийг зүйрлэж хэлсэн нь тэр.

Боливийн шигшээ баг түүхэндээ ганц удаа ДАШТ-д оролцсон юм. Тэр нь 1994 оны ДАШТ. Тэд Герман, Испани, Өмнөд Солонгостой нэг хэсэгт орж, Өмнөд Солонгостой гоолгүй тэнцсэнээр нэг оноотой харьсан түүхтэй.

ДАШТ-ий Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан хэсэгт 10 улсын шигшээ өрсөлдөхөд Боливичууд хомоол хамах юмуу эсвэл дороосоо хоёрдугаар байрт ихэвчлэн бичигддэг. Гэхдээ тэд талбайдаа буюу өндөр уулсын дээр орших Ла Пас нийслэлийнхээ “Эрнандо Силес”-т стадионд бол хэнийг ч хожих, айлгах чадалтай.

2002 оны ДАШТ-ий урьдчилсан хэсэгт Бразилыг 3:1-ээр хожиж, Аргентинтай 3:3-аар тэнцсэнээс гадна талбайдаа ердөө ганцхан удаа хожигджээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө зочлон тоглохдоо ганц оноо авсан юм.

2006 оны ДАШТ-ий урьдчилсан хэсэгт талбайдаа мөн Бразилтай 1:1-ээр тэнцээд зогсохгүй дөрвөн хожил аваад харин өөрсдөө зочлон тоглосон 9 тоглолтдоо бүгдэд нь хожигджээ.

2010 оны ДАШТ-ий урьдчилсан хэсэгт Бразилыг талбайдаа 2:1-ээр хожиж шуугиулаад дараа нь Лионель Месситэй Аргентины шигшээг 6:1-ээр бут ниргэж алмайруулсан нь мөн л талбайдаа хийсэн тоглолт. Харин зочилсон 9 тоглолтдоо аанай л ганцхан оноо авчээ.

2014 оны ДАШТ-ий урьдчилсан хэсэгт Аргентинтай талбайдаа 1:1-ээр тэнцээд, Уругвайг 4:1-ээр хожчих нь тэр. Харин зочилсон есөн тоглолтдоо хоёр тэнцэж, хоёр оноо л авсан байна.

2018 оны ДАШТ-ий урьдчилсан хэсэгт Бразилтай талбайдаа гоолгүй тэнцээд, Аргентиныг 2:0-ээр хожлоо. Харин зочилсон 9 тоглолтдоо нэг ч оноо авч дөнгөсөнгүй.

Энэхүү статистикаас харахад л Боливийн шигшээ хэт өндөрт баригдсан стадиондоо хичнээн хүчтэй өрсөлдөгч болдгийг бэлээхэн мэдэж болохоор байгаа биз. Тиймээс л Скалони тэгж хэлсэн хэрэг. Гэхдээ энэ удаад Аргентины шигшээ Боливийг өндөр уулстай, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг стадионд нь 1:2-оор хожсон.

10 жилийн өмнө Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо далайн түвшнээс 2500 метрээс дээш газарт тоглолт явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч үүнийг Боливи, Эквадор шүүмжилж, зарга үүсгэсэн тул 3000 метр болгож дээшлүүлсэн. Мөн домогт Диего Армандо Марадона Боливийг хавчин гадуурхаж, газарзүйн байрлалаар нь ад үзэхийг буруутгаж, ОУХХ-ыг шүүмжилсэн тул  онцгойлон үзэж “Эрнандо Силес”-тээ тоглолт хийхийг зөвшөөрөхөд хүрсэн юм.

Тэгээд ч “Эрнандо Силес”-т тоглосон хөлбөмбөгчдийн дотор муухайрч, амьсгал давчдсанаас бусдаар эрүүл мэндэд нь ноцтой муу нөлөө үзүүлсэн явдал өдий хүртэл бүртгэгдээгүй тул тэнд тоглохыг хориглох бүрэн үндэслэл байхгүй.

Гэхдээ шигшээ багууд тийш очихдоо тоглолтын цагаа тулгаж очоод хурдхан буцахаа боддог. Учир нь хэт өндөрт амьсгал давчдах, толгой дүүрч өвдөх нөлөө байдаг аж. Зураг дээр Бразилын шигшээ багийнхан хүчилтөрөгчийн аппарат зүүчихээд сууж байгаа нь Боливитой хийсэн тоглолтын дараагаар давчдсан амьсгалаа жигдрүүлэх гэж буй санаа нь.

Ла Паст айлчлан тоглосон хөлбөмбөгчдөөс Лионель Месси огиулж, Анхель Ди Мариа тоглолтын үеэр хүчилтөрөгчийн маск түр зүүж амьсгалаа жигдрүүлсэн удаатай.

Либертадоресийн цомд Боливийн нэгэн багтай тоглохоор ирсэн Аргентины “Бока Хуниорс”-ийнхон цусны эргэлтээ сайжруулахаар виагра ууж тоглосон ч нэмэр бололгүй хожигдоод буцсан түүх ч бий.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.