Дэлхийн улсууд бага орлоготой иргэдээ хэрхэн орон сууцтай болгодог вэ?

Дэлхийн улсууд бага орлоготой иргэдээ хэрхэн орон сууцтай болгодог вэ?

Азийн хотууд болон Парист бага орлоготой иргэдээ хэрхэн орон сууцанд хамруулж байгаа талаар сонирхуулъя.

ПАРИС

Парис хот нь 2,3 сая оршин суугчтай. Хүн амын нягтаршил өндөртэй хот. Хотын захиргаа нь хотын бүх л хэсэгт холимог давхаргын суурьшил үүсгэх замаар дүүрэг хоорондын ялгааг арилгахаар зорьж байгаа ажээ. Өгөршиж муудсан барилгуудыг сэргээн засварлах, шаардлага хангахгүй орон сууцнуудыг нураадаг. Парис Хабитат нь Парисын халамжийн орон сууцны гол байгууллага. 1914 онд бий болсон, ашгийн бус байгууллага. Парисын халамжийн орон сууцны 50 хувийг Парис Хабитат хариуцдаг. 125 мянган халамжийн орон сууцны 90 хувь нь Парист байрладаг. Тэд зорилтот бүлэгт зориулсан үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэхээр зорьжээ. Залуу ажилтан ба оюутнуудад зориулсан орон сууц, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц, нийгмийн тусламж үйлчилгээ бүхий орон сууц, түр байршуулах орон сууц гэх мэтээр үйлчилгээний төрлөө нэмэгдүүлжээ. Хуучин цэргийн ангийн барилгыг шинэ хороолол болгон ашиглах төсөл хэрэгжиж байна. Орчныг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн ба өдөр өнжүүлэх төвийг ч шийдэж буй. Хөтөлбөрийн халамж, хотын тогтвортой байдал, эрчим хүчний хэмнэлтийн зорилгыг харгалзан төрөөс Парис Хабитад тусгай үнийн хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Шинэ хороолол төлөвлөхдөө иргэдийг оролцуулдаг. Төлөвлөгөө танилцуулах олон нийтийн уулзалт хийж, нутгийн иргэдтэй хамтарч төлөвлөгөө боловсруулсан. Цахим хуудсаар мэдээлэл түгээж, оршин суугчид, орон нутгийн нийгэмлэг, архитектор хамтарсан уулзалтыг олон удаа хийдэг.

СӨҮЛ

Сөүлийн орон сууц, олон нийтийн корпорац нь төрийн орон сууцны хамгийн том байгууллага. Төрийн эзэмшлийн түрээсийн орон сууц 207,087 байдаг. Сөүл хотын орон сууцны үнэ нь иргэдийн төлбөрийн чадвараас давах хандлагатай байна. Орон сууц худалдан авах үйл явц удаашралтай, түрээсийн үнийн дарамт нэмэгдсээр байгаа ажээ. Зөвхөн барьцаа байршуулах замаар түрээслэх боломжтой орон сууцны эзлэх хувь багасч буй. Түрээсийн дарамтад байгаа өрхийн 45 хувь нь 40 хүртэлх насныхан байна. Түрээслүүлэгчдийн 15 хувь нь уг байрандаа амьдардаггүй байрны эзэд. 43 хувь нь түрээслэж байгаа байрандаа амьдардаг байрны эзэд байдаг. Сөүл 2018- 2022 оны хооронд 240 мянган халамжийн түрээсийн орон сууц барихаар төлөвлөжээ. Нийлүүлэлтийн 30 хувийг Сөүлийн орон сууц, олон нийтийн корпорац хариуцна. Газар дахин зохион байгуулах замаар эрэлт ихтэй байршлуудад орлогод нийцсэн орон сууц нэмэгдүүлэхээр зорьж буй. Ногоон бүсэд халдахгүйг зорьдог. Хөгжүүлэх боломжтой газар хомс, дахин төлөвлөлтийн боломж буурч байгаа нь асуудал. Дэмжигч нийгмийн энтрепренёруудын оролцоотойгоор хувийн салбарын халамжийн орон сууц бий болгохыг дэмжиж байна. Сөүлийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын зээлийн тусламжтайгаар төрийн санхүүжилт багатай, орлогод нийцсэн орон сууц барихыг дэмждэг. Илүүдэлтэй байгаа оффис, зочид буудлыг орлогод нийцсэн орон сууц болгохоор ажиллаж байна. Сөүлийн орон сууц, олон нийтийн корпорацаас ирэх 30 жилд орлогод нийцсэн, хүртээмжтэй компакт Сөүл хотыг бүтээхээр зорьжээ. Нэгэн хэвийн шийдлээс иргэд олон нийтийн онцлог, хэрэгцээнд тохирсон шийдэл бий болгохыг илүүд үзэх болжээ.

БЭЭЖИН

 БНХАУ нь нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны шийдлийг оновчтой тодорхойлсон гэж өөрсдийгөө үнэлдэг. Хот суурин газрын нэг хүнд ногдох орон сууцны хэмжээ 1949 онд 8,3 м2 байснаа 2018 онд 39 м2 болж, хөдөө орон нутгийн нэг хүнд ногдох орон сууцны талбай 47,3 м2 болж өссөн. Дахин төлөвлөлтөөр 80 сая гаруй орон сууц барьж, 200 сая иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн. Дэлхийн хамгийн том орон сууцжуулах хөтөлбөрийн тогтолцоог бий болгожээ. Бээжин хот олон жилийн хөгжлийн явцад “Түрээслээд өмчлөх” бодлогын тогтолцоог нэвтрүүлсэн. Төрийн түрээсийн орон сууц нь бага дунд орлоготой иргэд, шинэ ажилтан, цагаач ажилчдад зориулагджээ. 2011 оноос Бээжин хотод төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, барилга угсралт, хянан шалгах, хуваарилах, ба менежмент гэсэн дөрвөн чиглэлд төвлөрч ажилласан байна. Засгийн газраас төлбөрийн чадваргүй иргэдийг түрээсийн орон сууцанд амьдруулах боломжоор хангахын тулд түрээсийн нөхөн олговор өгдөг. Засгийн газар нь шинээр орон сууц барихаас гадна зах зээл дээрх барилгыг худалдан авах, үнэ ба нөхцөл тохиромжтой барилгуудыг хэсэгчлэн урт хугацаагаар түрээслэх замаар халамжийн орон сууцныхаа нөөцийг нэмэгдүүлдэг. Төрийн түрээсийн орон сууц барих ашиглалтын явцад татварын хөнгөлөлт эдэлнэ. Захиргааны хураамж ба Засгийн газрын тусгай сангийн татвараас чөлөөлөгддөг. Нэр хүндтэй том аж ахуйн нэгжүүдэд барилга барих давуу эрх олгодог байна. Төрийн түрээсний орон сууцнууд нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх барилгын материалыг ашигладаг. Төрийн түрээсний орон сууцны оршин суугчдад түрээсийн үйлчилгээ, СӨХ-ийн үйлчилгээ ба үл хөдлөх хөрөнгийн засвар сайжруулалтын үйлчилгээг нэг дор багтаасан гурвалсан менежментээр үйлчилдэг.

ФИЛИППИН

 Дунджаас дээш болон өндөр орлоготой зах зээлд зориулсан орон сууцны эрэлт ханасан учир барилгын компаниуд үнээ бууруулан, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэн, цаашид тэлэх боломжтой барилга байгууламж барих болжээ. Орон сууцны хөгжлийн дундын сан бий болгож, Халамжийн орон сууцны санхүүгийн корпорац байгуулсан. Орон сууцны хөгжлийн дундын сан нь орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр, эцсийн хэрэглэгчдэд зориулсан орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь дундаж орлоготой зорилтот бүлгийн өрхүүдэд олгох зээлийн хэмжээ илүү байдаг. Халамжийн орон сууцны санхүүгийн корпорац нь халамжийн орон сууцны хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын агентлаг юм. Тэд Олон нийтийн моргейжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Орхигдсон эсвэл хөгжүүлэхээр төлөвлөсөн бүсэд амьдарч байгаа, хууль ёсоор зохион байгуулагдсан албан бусаар суурьшсан өрхүүд, эзэмшиж байгаа газраа эсвэл шилжин суурьшихаар сонгосон газраа эзэмших, дэд бүтэц, орон сууцны барилга барих боломж олгодог. Засгийн газраас хот доторх болон хотоос холгүй орон сууцны төсөл хэрэгжүүлж, замын усыг зайлуулан аюултай бүсийг шинэчлэн тохижуулж буй. Мөн иргэдийн санаачилсан орон сууцны төслүүд хэрэгждэг. Хямд болон дундаж өртөгтэй, нээлттэй худалдаалах орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид нь нийт барилгын 15 хувь, эсвэл санхүүжилтийн таван хувьд халамжийн орон сууц барих үүрэг хүлээдэг.

ВЬЕТНАМ

 2020 онд халамжийн орон сууцны хэрэгцээ 12,5 сая м2 болно гэсэн тооцоог хийсэн. Халамжийн орон сууцнуудыг нэмэхийн тулд хөрөнгө оруулагчдыг газар ашиглалтын төлбөр, газрын барьцаа төлбөрөөс чөлөөлөх, НӨАТыг 5-10 хувиар бууруулах, ААНОАТыг 10-25 хувиар бууруулах эсвэл давуу тал олгох, төслийн хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, нөхөн төлбөр, дэд бүтцийн зардлыг тухайн орон нутгаас бүрэн эсвэл хэсэгчлэн олгох бодлого барьдаг. Мөн Засгийн газрын батлан даалт бүхий бонд гаргадаг. Орон сууцны барилгын 20 хувийг бизнес үйлчилгээний талбай болгох боломж олгодог.

ТАЙЛАНД

Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барьж байгуулахад төр, хувийн хэвшил, иргэний түншлэлд ач холбогдол өгөх болсон. Хотын орхигдсон хэсгийг хөгжүүлэхэд урт хугацаанд томоохон хөрөнгө оруулалт шаардаад зогсохгүй бас Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP) Иргэн-төр- хувийн хэвшлийн түншлэл (PPPP) шаардагдаж буй. Дин Даенг хотын шинэчлэл төсөл хэрэгжүүлэхэд хотын оршин суугчид эхэндээ эсэргүүцсэн боловч сүүлдээ шинэчлэлийн төлөвлөгөөнд хамтран оролцох болсон байна. Хотын шинэчлэл төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болсон.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.