Гэрийн муур, зэрлэг муур хоёр буюу Ромарио – Бебетогийн хожигдоогүй хослол

Гэрийн муур, зэрлэг муур хоёр буюу Ромарио – Бебетогийн хожигдоогүй хослол

1970 оноос хойш 20 жилийн турш Бразилын шигшээ баг дэлхийн аваргын цомыг өргөж чадаагүй атал хөрш буюу заналт өрсөлдөгч Аргентин нь Марио Кемпес, Диего Марадонагийн гайхалтай хөлбөмбөгчдийнхөө ачаар хоёр ч удаа /1978, 1986/ алтан цомыг өргөөд амжив.

Харин энэ хугацаанд Бразилд Зико, Сократес зэрэг алдартай хөлбөмбөгчид төрөн гарсан ч гэсэн дэлхийн аваргын финалд ч хүрч чадсангүй. Тиймээс Бразил даяар дараагийн Дэлхийн аварга болох мөчийг тэсэн ядан хүлээж, шигшээ багаа гайхамшигтай ялалтад хүргэх шинэ авъяастнуудыг хүсэн мөрөөдөж байлаа.

Энэ их хүлээлтийн эзэд болж гарч ирсэн хоёр тоглогч бол Ромарио, Бебето нар. Хоёулаа намхан нуруутай ч байгалиас заяасан аугаа авьяас мэдрэмжтэй нь хөлбөмбөгчид. Гэхдээ тэд хоорондоо дэндүү өөр.

Бебето бол нийгмийн дундаж давхаргын айлд төрж өссөн, бурхан шүтдэг, гэрсэг залуу. Харин Роналдо бол ядуусын хороололд өсч өндийхдөө өмдөндөө үргэлж гар буу халаасалж яваад сурчихсан танхай эр. Бие жижиг бэлчээр том ч ааш авир гэж адсага.

Тиймдээ ч 1994 оны ДАШТ-д оролцохоор АНУ руу нисэхийнхээ өмнөхөн хэвлэлийн хурал дээр “Намайг энэ Бебетогоос холхон суулгаарай. Би энэнтэй чинь хамт суухгүй шүү” хэмээн хуурай агсам тавьж байхав.

Гэтэл үнэндээ Ромариог шигшээд эргүүлэн авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Бебето байлаа. Германд болсон нэгэн тоглолтод Бебето-Карекагийн довтолгооны хослолыг талбайд гаргасан нь Ромариогийн ундууцлыг төрүүлж, “Хэрвээ дахиад ингэх юм бол намайг дуудах хэрэггүй шүү” гэж зэвүүцэн өгүүлжээ. Үүнд нь дасгалжуулагч Карлос Альберто Паррейра сургамж өгөхөөр шийдэж, шигшээгээс хасчихсан хэрэг.

Гэвч Ромариогүй Бразилын шигшээ ДАШТ-ий урьдчилсан тоглолтуудад тун базаасангүй. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо Уругвайг хожихгүй бол ДАШТ-ий бараа харахгүй болчих гээд байв. Энэ үед Бебето Ромариог авчраач гэж Карлос Альберто Паррейраг ятгажээ. Бебетогоос гадна бразилчууд тэр аяараа адайр зантай ч гэсэн адтай довтлогчоо шигшээдээ тоглоосой гэж хүсч, шаардаж эхэлжээ.

Карлос Альберто Паррейра зөв харж инээж, буруу харж уйлна гэгчийн үлгэрээр ямар ч байсан Ромариог шигшээд дуудсан байна. Мэдээж, уригдаж ирсэн Ромарио улам оодорч ам хэл нь бүр гүйцэгдэхээ больжээ. “Би ирээдүйг зөгнөн харлаа. Та бүхнийхээ төлөө би энэ Уругвайг чинь хожоод өгье л дөө” хэмээн Ромарио омог бардам өгүүлсэндээ хүрч хоёр гоол оруулсанаар шигшээ багтаа ДАШТ-ийн эрхийг авч өгсөн юм. Энэ хоёр гоолын эхний дамжуулалтыг нь Бебето өгсөн байдаг.

Одоо яагаад Ромарио Бебетог тэгтлээ үзэн яддаг байсныг өгүүлье. Ирээдүйтэй залуус гэгдэж эхлэх үеэсээ л Бразилын хоёр алдартай баг болох “Васко Да Гама” болон “Фламенго”-д бие биенийхээ эсрэг тоглодог байлаа. Үүн дээр Испанийн Ла лигт Бебето “Депортиво Ла-Корунья”-д, харин Ромарио “Барселона”-д тоглож, мөн л хоорондоо тулж байсантай холбоотой.

Эхлээд Бебето Испанид очсон юм. Түүнийг өмнөх улирлыг 17 дугаар байрт өндөрлүүлсэн “Депортиво Ла-Корунья” худалдан автал Бебето удаахь улиралд нь багтаа асар их нөлөө үзүүлж 37 тоглолтод 29 гоол оруулж, Ла лигийн шилдэг мэргэн буучаар тодроод зогсохгүй баг нь гуравдугаар байр эзэллээ.

Үүнийг Йохан Кройфф зүгээр хараад суусангүй. “Барселона”-даа Ромариог авчрах нь тэр. Ромарио ирсэн улиралдаа Ла лигийн 33 тоглолтод гарч 30 гоол оруулж, мэргэн буучаар тодорлоо. Ромарио мэргэн буучийн сэнтийгээс Бебетог буулгаад зогсохгүй даруухан боловсон занг нь далимдуулан хэвлэлийн хурал дээр элдвээр муулж, гоочлох болжээ. “Жүжиглэж унах дуртай” гэх мэтээр хэлэх нь бол зүгээр л энгийн яриа нь шахуу байв.

Ла лигийн тэр улирлын сүүлчийн тойргийн өмнө “Барселона”-гаас “Депортиво” нэг оноогоор илүү байлаа. Бөмбөгийн зөрүүгээр Каталоны баг илүү учир “Депортиво” сүүлчийн тоглолтдоо “Валенсиа”-г гарцаагүй хожиж байж аварга болох байв.  Тоглолтын сүүлчийн минутад пенальти цохих эрх олдсон ч хэт сандарсан Бебето цохьё гэсэнгүй. Ингээд Жукич шийдвэрлэх цохилтыг амжилтгүй гүйцэтгэснээр тоглолт гоолгүй өндөрлөлөө. Харин нөгөө талд Ромарио шийдвэрлэх гоолыг оруулж, багтаа хожил мөн аваргын цомыг хамтад нь авч өгсөн юм.

Ийм халуун ширүүн өрсөлдөөн дунд явсан хоёр яаж ч эвтэй байх билээ. Гэхдээ хувь заяа тэднийг гэнэтийн зовлон сорилтоор эвлэрүүлсэн байдаг. 1994 оны ДАШТ-ий өмнөх тавдугаар сард Ромариогийн аавыг гэмт этгээд барьцаанд авч 7 сая ам.доллар нэхэмжиллээ.  Харин зургаадугаар сард Бебетогийн эхнэр, ах хоёрт гэмт этгээдүүд буу тулган дээрэмдсэн хэргүүд дараалан гарав. Ромарио аавыгаа барьцаанд зургаан хоног байлгасны дараагаар суллаж авч чадсан бол Бебетогийн үнэтэй цаг, эхнэрийнх нь автомашиныг гэмт этгээдүүд дээрэмдэн оджээ.

Энэ явдлын үеэр хоёр хөлбөмбөгч бие биенийгээ хэцүү цаг үед нь дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. “Бебето бол гэрийн муур шиг гэрсэг хүн. Харин би гудамжны зэрлэг муур. Гэхдээ би түүнийг хүндэлдэг. Яахав, өмнө нь таагүй үгс хэлсэн л биз. Тэр үгс одоо бид хоёрын ойлголцол тоглолтод огт нөлөөлөхгүй ээ” гэж Ромарио мэдэгджээ. Харин Бебето “Тэр экстраверт, харин би интроверт. Гэлээ ч би түүнийг үнэлж хүндэлдэг. Худлаа хэлээгүй шүү. Тэр надад дажгүй залуу шиг санагддаг. Одоо үүнийгээ бид хоёр талбай дээр л харуулах ёстой” хэмээн өгүүлжээ.

Ийнхүү бразилчуудын санаа амарч, ДАШТ-ээр ямар нэгэн сайхан мэдээ сонсох найдлага нь эрс нэмэгджээ. Ер нь Бебето, Ромарио хоёр хамтдаа талбайд гарсан 23 тоглолтод Бразилын шигшээ нэг ч удаа хожигдоогүй гэсэн гайхамшигтай статистик үзүүлэлт бий. Гэхдээ энэ нь олимпийн шигшээгийн тоглолтыг тооцоогүй дүн гэдгийг сануулах нь зүйтэй. Учир нь 1988 оны Сөүлийн олимпод оролцож, финалд ЗХУ-ын шигшээд хожигдсон юм. Сөүлийн олимпод шигшээ багийнхныхаа оруулсан 12 гоолын 9-ийг хийжээ.

Дараа жил нь Өмнөд Америкийн цомд түрүүлэхэд мөн Ромарио-Бебетогийн хослол багийнхаа 11 гоолын 9-ийг оруулсан юм. Харин 1994 оны ДАШТ-д гангарч, алтан цом гардахад шигшээ багийнхаа 11 гоолын 8-ыг оруулсан билээ.

Хөлбөмбөгийн хорхойтнууд бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн Голландын шигшээд гоол оруулчихаад дөнгөж төрсөн хүүгээ өхөөрдөн хүүхэд бүүвэйлж буй мэт гүйдэг Бебетогийн агшныг ДАШТ-ий түүхэн дэх хамгийн сайхан гоолын баяруудын нэгд гарцаагүй нэрлэдэг. Гоолын баяраа тэгэхэд Ромарио Мазиньо хоёрын хамтаар бүүвэйлж буй мэтээр хийгээд Ромариог тэврэн “Би чамд хайртай” хэмээн Бебето хашгирсан юм.

Ромарио, Бебето хоёр өөр зан араншинтай шигээ талбай дээр ч өөр тоглодог. Ромарио бол залхуу тоглогч. Тэр буцна, хамгаалалтад тусална гэж үгүй. Үргэлж л торгуулийн талбайн ойролцоо ан хийхээр манаж, агшнаа алдалгүй барьж чаддаг гайхамшигтай мэдрэмжтэй асар хурдан сэтгэдэг довтлогч.

Залхуу хүн сайн математикч болдог гэх яриа үнэний ортой эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч Ромарио бол яг тийм хүн. “Ромарио бол өөрөө хөлбөмбөг юм. Учир нь хөлбөмбөг бол нэн тэргүүнд хуурах чадвар. Хүнийг хуурах чадвар. Ромарио шиг бусдыг хуурч чаддаг хүн үгүй. Тэр залхуу зангаа хууралт болгочихсон. Би дасгалжуулагч нь байсан болохоор мэдэлгүй яахав. Багийн дамжуулалт, зохион байгуулалттай тоглолтод тэр гай л болно уу гэхээс тус болохгүй. Харин боломж гарвал түүнийгээ алдана гэж байхгүй. Хуураад л амархан хийчихнэ. Үргэлж хаалгачаас урьтаж сэтгэж, гайхамшигтай оновчтой гүйцэтгэдэг болохоор гоол байнга оруулдаг. Тэгээд л дараа нь нөгөө унтаа горим руугаа шилжчихнэ. Тиймээс талбай дээр туулсан зам нь оруулсан гоолоос нь бага шүү” гэж Хорхе Вальдано өгүүлж байлаа.

Ромарио багийнхантайгаа ч бараг харилцахгүй. Эхнэртэй ч гэлээ ихэвчлэн зочид буудлаар хэсүүчилж, Каталоноос олж болох бүсгүй бүрийг эргүүлдэг байж. Ямартаа л “Би шөнө нь хийхгүй бол өдөр нь гоол хийдэггүй юм аа” гэх алдартай үгээ хэлж байхав. Христо Стоичков нэг удаа “Энэ Ромарио хүүхэн, хөлбөмбөг хоёроос өөр юу ч сонирхдоггүй хачин хүн” гэж хэвлэлээр матаж хүртэл үзжээ.

Харин Бебето бурханд гүнээ итгэгчийн ёсоор ганц эхнэртээ үнэнч амьдрахын зэрэгцээ тамхи татахгүй, архи уухгүй. Хоёр хүүхдээ өсгөж, бурхандаа залбирна. Мөн багийнхаа төлөө талбайн хаана л бол хаана гүйж явдаг маш их хөдөлмөрч тоглогч. Тэр хоёрыг нэгтгэдэг ганц төстэй зүйл нь гоол оруулах чадвар билээ.

“Багийнхан маань тоглолтын тактик ярьж байхад Бебето бид хоёр огт сонсохгүй. Хоёулаа тус тусдаа бэлтгэл хийнэ. Цугтаа ч бэлтгэл хийхгүй шүү дээ. Бид хоёр бие биенийгээ тэртэй тэргүй маш сайн мэдэрдэг тул хамт бэлтгэл хийх шаардлага ч байгаагүй юм. Бебето үргэлж маш ухаалаг тоглогч байсан. Тэр надад байнга тусалж дэмжихийг хүсдгийн ачаар бид хоёр 23 тоглолтод хамтдаа гарахдаа 33 гоол оруулж, нэг ч удаа хожигдоогүй юм даа” хэмээсэн Ромариогийн үгээр нийтлэлээ жаргаая.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.