Ибрахимовичийн хурц хэл: Гэрт маань эгчийгээ дагуулаад ирээрэй!

Ибрахимовичийн хурц хэл: Гэрт маань эгчийгээ дагуулаад ирээрэй!

Ирэх жил 40 насны босго давах хэрнээ хоёр дахин залуу юм шиг тоглосоор, гоол оруулсаар яваа Златан Ибрахимович ааштай, авиртай, амтай хэлтэй нэгэн. Түүний хурц хэлээр зурагдан гарсан зарим сонирхолтой үгсийг тэмдэглэв.

Өөрөө гараад сайжруул!

Златан Шведийн шигшээдээ дөнгөж л тоглож эхэлсэн байсан цаг гэнэ. Бараг өмнөх зуунд хамаарах асуудал шүү дээ. Хорватын шигшээтэй шведүүд таарч, хожигджээ. Тоглолтын дараагаар тухайн цаг үедээ улсынхаа алдартай сэтгүүлчдийн нэгд тооцогдох Питр Жиде “улаан бал” барьчихаад хөлбөмбөгч бүрээс толгой дараалан нэг л зүйлийг асууж гэнэ. “Яагаад хожигдчихов. Илүү сайн тоглохын тулд яах ёстой вэ?” гэх асуултыг тоглогч бүрээс өөр өөр янзаар асуугаад явж. Тэгсэн залуухан Златан тэндээс ааштайхан хэлж гэнэ. “За за, чи өөрөө хагас хамгаалагчаар гараадах. Тэгээд тоглолтыг найруулаад, сайжруулах гээд үз. Ер нь наадахиа биднээс биш дасгалжуулагчаас асуу!” хэмээн аашилжээ.

Трезегэгээс л болж байхгүй юү!

Италийн “Ювентус”-т түүний довтолгооны хамтрагч нь Дэвид Трезеге байлаа. Турины багт Златан Ибрахимович тийм ч их сэтгэгдэл төрүүлэм гайхамшигтай үзүүлэлтэд хүрч чадаагүйнхээ бурууг франц довтлогч руу чихсэн удаатай. “Трезегэгээс л болж байхгүй юү! Тэр намайг зүгээр сууж байхад л хундага дүүргэж өгөөд байна. Би яахав дүүргээд өгсөн юмыг гээд сэтгэлийг нь бодож уусаар байгаад нэг удаа бүр ванныхаа өрөөний шалан дээр унтчихсан байсан. Гэхдээ түүний ачаар би дахиад тасрахааргүй дархлаатай болж чадсан” хэмээн өгүүлжээ.

Эгчийгээ дагуулаад ирээрэй!

Жерар Пике тэр хоёрын автомашин түшээд гар гараа атгалцчихсан зогсоо яг амрагууд шиг харагддаг зургийг хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй биз. Энэ зураг хэдэн жилийн өмнө хэвлэлийн нүүр болгон дээр гарч, одоогийн коронавирус шиг л амнаас ам дамжин яригдаж байлаа.  Юмны мууг л хайх гэдэг хүний мууд байнга дурладаг сэтгүүлчийн адил нэгэн сэтгүүлч бүсгүй “Та хоёр яагаад ижил хүйстнүүд шиг тэгж зогссон юм бэ?” хэмээн хэрэндээ их ёжтой асуужээ. Гэтэл Ибрахимович хариултыг нь огт удаасангүй. “Гэрт маань хүрээд ирээрэй, би чамд ямар ижил хүйстэн гэдгээ харуулья. Эгчийгээ бас дагуулаад ирээрэй” гэж хэлснээр хандыг нь хага дарсан байдаг.

Таг дуугүй сэмээрхэн гарсан

Златан Ибрахимович “Барселона”-д маш өндөр үнээр очсон ч Лионель Мессиг үзүүрийн довтлогчийн байрлал руу Пеп Гвардиола шилжүүлснээр байсхийгээд л сэлгээний сандалд шигдэх болсон юм. Тиймээс ч Гвардиолатай таатай харилцах боломж түүнд үлдээгүй гэж хэлж болно.

“Пеп надаас их айна аа. Нүүр тулаад ярихад хүртэл үгээ гүйцээж чадахгүй. Түүний ганц чадах юм нь намайг сэлгээний сандалд суулгах. “Вильярреал”-ын эсрэг тоглолтод надад тавхан минут тоглох боломж олгохоор нь би уурласандаа тоглолтын дараагаар хувцас солих өрөө рүү уур хилэнгээ барьж ядан яваад орлоо. Яя Туре гээд хэд хэдэн залуус тэнд сууж байсан юм. Хувцас солих өрөөнд бохир өмсгөлөө хийх төмөр хайрцаг байдаг юм. Уурандаа би өнөөх хайрцгийг 3 метрийн зайд үсэртэл нь өшиглөчихсөн. Хяналтаа бүрэн алдаж яавал яачихмаар санагдсан тэр үед Гвардиола намайг хазаарлах болов уу гэтэл өнөөх хайрцгийг босгож тавьснаа таг дуугүй сэмээрхэн гараад явчихаж билээ” хэмээн Ибрахимович номдоо өгүүлсэн нь бий.

Одоо та нар миний хэлснийг л хийнэ!

Харин “Интер”-т хамтдаа ажиллаж үзсэн Жозе Моуриньод их талтай. “Тэр бусдаас хоёр дахин их ажилладаг юм. Өөрийгөө дархлагдсан бурхан гээд бодчихсон тоглогчийг ч Моуриньо маш амархан жирийн нэгэн болгочихож дөнгөдөг. Тэр бидэнтэй анх уулзахдаа “Энэ мөчөөс эхлэн та нар миний хэлснийг л хийнэ. Ингээд гүйцээ” гэж билээ. Үнэхээр үгийг нь бүгд сонсож, дагадаг байсан. Биднийг муу тогловол тоглолтын бичлэгийг дэлгэц дээр харуулаад “Ямар аймшигтай юм бэ! Энэ талбай дээр байгаа чинь та нар уу? Үгүй байлгүй, зүгээр та нартай төстэй хүмүүс байлгүй” гэж хэлэхэд хүн бүр ичих шиг болдогсон. Тэр бол жинхэнэ мэргэжлийн хүн. Түүний төлөө би амиа ч өгөхөд бэлэн байлаа” хэмээн Златан өгүүлсэн удаатай.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.