Наймдугаар дивизионоос шигшээ баг руу үсэрсэн Жэйми Вардигийн түүх

Наймдугаар дивизионоос шигшээ баг руу үсэрсэн Жэйми Вардигийн түүх

Английн Өмнөд Йоркшир гүнгийн нутгийн Шеффилд хотноо 1987 оны нэгдүгээр сарын 11-нд Жэйми хүү мэндэлжээ. Ажилчны дүүрэгт өсч өндийсөн хүү өсвөр насаа гудамжинд голцуу өнгөрүүлж, үеийнхнээсээ илүү дээр нэгэн болж харагдахын тулд эрэмгий, шийдэмгий зан гаргахыг хичээдэг байлаа. Хөлбөмбөгийн академидаа ч гэсэн шилдэг нь байхыг эрмэлзэвч, 16 насандаа тэрбээр багийнхнаасаа дээрдэх юм огт байхгүйн дээр намхан нуруутай, хэтэрхий хэрзгэр туранхай учир “Шеффилд Уэнсдэй”-гийн академиас хасагджээ. Түүнийг ирээдүйд сайн хөлбөмбөгч болно гэж хэн ч итгэсэнгүй.

Ингээд 16 насандаа мөрөөдлийнх нь хаалга эгнэгт хаагдах мэт болж, Жэйми сэтгэл санаагаа зөнд нь тавьжээ. Хөлбөмбөгийн академиас хөөгдсөнийхөө дараагаар шар айргаар голоо зогоож, үе үехэн зодоон цохионд оролцох боллоо. Нэгэн зодооны үеэр баригдаж, цагдаагийн хэлтсийн камерт хоносныхоо маргааш байрлал тогтоох бугуйвчтай болоод гэртээ харьжээ. Одоо манай Хууль зүйн сайд Х.Нямбаатарын санаачлаад авчраад буй тэр байрлал тогтоогч бугуйвч шүү дээ.

Варди хэсэг зуур бодолхийлсний эцэст гарцаагүй хөлбөмбөгт дуртайн хувиар дахиад нэг оролдоод үзэхээр шийдэж, наймдугаар дивизионы “Стоксбриж”-д очиж шалгуулжээ.

“Тэр үеийн Жэймиг та нар харсан бол “Ээ хөөрхий” л гэх байх. Мөн ч олон хэрэгт холбогдож билээ. Юун хөлбөмбөгч болох шоронгийн хадаас болоод дуусах дөхсөн мөч олон шүү. Бэлтгэл, тоглолт тараад би гэр рүүгээ маш хурдан гүйж харьдаг байлаа. Учир нь өнөөх гайтай бугуйвчаар намайг гэртээ байгаа эсэхийг орой бүр шалгадаг байсан юм” хэмээн Варди өгүүлсэн байна.

Хэрвээ шалгахад гэртээ байхгүй бол шууд шоронд суулгах шийдвэртэй тул Варди маш их адгаж яардаг байж. 18:30 гэж байрлал тогтоохоор шалгахад гэртээ байх ёстой. Тиймээс заримдаа тоглолтын эхний 60 минутад тоглочихоод гэр рүүгээ хамаг хурдаараа харайлгадаг байжээ.

Гурван жил “Стоксбриж”-д бэлтгэл хийсний ачаар 20 нас хүрээд сая л нэг юм нэгдүгээр багт тоглох боллоо. Түүнд алдаа гаргах боломж үлдээгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Нэг л алдвал хөлбөмбөгч болох хөг өнгөрлөө л гэсэн үг. Тиймээс үлдсэн ганц боломжоо алдахгүй ашиглахыг маш их хичээсэн юм. “Стоксбриж”-д өнгөрүүлсэн гурван улиралд 60 гаруй гоол орууллаа. Үүний дараагаар түүнийг Баруун Йоркширийн “Галифакс” багтаа урьжээ.

Энэ баг “Стоксбриж”-тэй яг нэг лигт тоглодог. Зүгээр байршил нь өөр. Яагаад Варди тэдний саналыг хүлээж авснаа ингэж тайлбарладаг. “Тийм ээ, тэр дивизион ахисан баг байгаагүй. Нэг л лигийн баг. Гэхдээ надад хэн нэгэн итгэж урина гэдэг сайхан санагдсан юм. Би итгэлийг нь зүтгэлээр хариулья, өөрийгөө харуулья гэж бодсондоо очсон” хэмээн өгүүлсэн байдаг.

Вардигийн сонголт буруудсангүй. Жилийн дараагаар “Галифакс” дээд лиг рүү дэвшлээ. Жэйми  27 гоолтойгоор лигийнхээ мэргэн бууч ч болоо. Үүнээс гадна мөн Улирлын шилдэг тоглогчийн шагналыг давхар гардсан юм. Ийм амжилтыг өөр багууд анзааралгүй яахав. Английн тавдугаар дивизионы “Флитвүд” түүнд санал тавьжээ. Тэнд очоод Жэйми багуудын зөрүү, тэмцээний ялгааг бараг мэдэрсэнгүй. 36 тоглолтод 31 гоол оруулж, мөн л шилдэг мэргэн бууч болох нь тэр. Энэ үед “Лестер”-ийнхэн түүнийг олж ажиглажээ. Хэлэлцээрийн ширээний ард хэдэн хоног суусны эцэст “Үнэгнүүд” түүнийг авч, цэнхэр өмсгөлтэй зураг анх татуулав. Тэр үед “Лестер” Чемпионшип лигт байсан юм. Жигүүртэй мэт болсон Варди талбай дээр гараад хядаад өгье гэж бодсон ч хэрэг дээрээ маш муу тоглов. Улирлын турш ердөө таван гоол. Интернэтэд түүнийг гоочилж, элдэв янзаар зургийг нь эвлүүлж элэглэх нь ихэсчээ. Бүр Английн Лорд гэх хочийг Никлас Бендтнерээс авчих дөхөв.

“Больё, чадахгүй юм байна. Би явмаар байна” гэж Варди дасгалжуулагч Найжел Пирсоны өрөөнд орж хашгирах нь холгүй хэлжээ. Гэвч Найжел Пирсон болон түүний туслах Крейг Шекспир нар тайвшруулан суулгаж, гурван цагийн турш ярилцсан гэдэг. Энэ ярианы ачаар Жэйми бодлоо өөрчилсөн юм билээ.

“Фанатуудын санаа сэтгэл гэдэг салхи эргэхтэй адил тогтворгүй эд. Өнөөдөр чи бүтэлгүй амьтан мэт харагдаж байж болох ч ирээдүйд баатар ч болох юм билүү. Чамд бид хугацаа өгнө. Итгэж байгаа сэтгэлийг минь дааж, өөрийгөө харуулаарай” гэж хоёр дасгалжуулагч түүнийг ятгажээ. Тэгэхэд Варди 25 настай байлаа. Дахиад л талбайд гарч, өөрийгөө харуулахын төлөөх дайнд гарахаас өөр зам түүнд байхгүйг тэр ойлгожээ. Энэ мөчөөс хойш Варди илүү хичээх ёстойгоо ойлгож, бэлтгэлийн дараа үлдэж, бөмбөг тогтоолт, туулт гээд маш энгийн гэмээр дасгалуудыг уйдалгүй улам сайн давтах болсон байна.

Дараагийн улиралд нь “Лестер” Премьер лигт дэвшлээ. Лигийн эхний тоглолтдоо “Манчестер Юнайтед”-ыг 5:3-аар хожив. Варди энэ тоглолтын гоол бүрт оролцсон юм. Хожим энэ тоглолтыг өөрийнхөө хөлбөмбөгчийн замнал дахь хамгийн шилдэг тоглолт гэж дүгнэсэн нь бий.

Вардигийн амьдралыг өөрчилсөн хүн бол түүний эхнэр Ребекка гэдэг. Ребекка бол нэгэн шөнийн клубын зохион байгуулагч бүсгүй.  Төрсөн өдрийн баяр тэмдэглэхээр болж нэгэн шөнийн клубт хандсанаар Ребекка Николсонтой анх танилцаж, уулзах болжээ. Жэйми гэр бүлээсээ салчихсан нэг охинтой байсан бол Ребекка ч мөн адил нэг хүүхэдтэй эмэгтэй. Ребеккад Жэймигийн ээж их дургүй. Гэлээ ч Варди бууж өгөлгүй, Ребеккатай амьдарна гэсээр хоёр ч хүүхэдтэй болсон юм. Харин ээж нь түүнд уурлаж, харилцахаа больсон гэдэг.  Гэвч цаг хугацаа ямар ч шархыг эдгээдэг билээ.

Хоёрхон жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчийн замналдаа цэг тавихыг хүсч байсан залуу Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

“Хэрвээ гоолын боломж гарвал л Варди түүнийг бүрэн ашиглана гэж итгэлтэй хэлж болно. Тэр бараг цохилт болгоноо гоол болгож чадаж байгаа. Түүний амжилтын нууц нь энэ юм” гэж Гари Невилл өгүүлж байлаа.

Удалгүй түүнийг Английн шигшээд дуудав. Мэргэжилтнүүд ч үнэлж эхэллээ. Аргагүй шүү дээ, наймдугаар дивизионы багаас шат ахисаар Премьер лигт тоглож, мэргэн буучаар тодорч, мөн аварга болж чадсан хөлбөмбөгч маш ховор. Ингэж л кранчин аавын хүү Жэйми хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн дуулиантай лигийн шуугиан тарьсан од болж чадсан юм.

Хөрөнгө санхүүгээр харьцангуй тарчиг баг “Лестер” хөлбөмбөгийн орчин цагийн үлгэрийн баатар болж, Английн Премьер лигт түрүүлсэн нь наймдугаар дивизионд долоон жил тоглосон залуу Английн аварга болж, шигшээдээ дуудагдсан түүхтэй агаар нэгэн буюу.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.