Ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг гоонь эр Оны шилдэг фанат болсон түүх

Ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг гоонь эр Оны шилдэг фанат болсон түүх

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо жил бүр шилдэг хөлбөмбөгч, шилдэг дасгалжуулагчийг тодруулдгаас гадна мөн Оны шилдэг фанатыг нэрлэдэг билээ. Энэ удаад Бразилын нэгэн гоонь эр Колумбын шигшээ багийн галзуу фанатуудаас олон санал авч, тус шагналыг гардлаа.

Тэр өөрийн амьдардаг хот Помбосоос 64 километрийн зайд орших Пернамбукано мужийн төв хот Ресифигийн “Спорт Ресифи” багийг насаараа дэмжиж буй нэгэн. Хэдийгээр энэ баг муждаа 42 удаа түрүүлсэн ч гэлээ улсдаа бол ганц л түрүүлсэн нь 1987 онд аж.

Маривалдогийн хувьд сүүлийн гурван жилийн турш “Спорт Ресифи”-гийн талбайдаа хийх тоглолт бүрийг үзэхээр хоногийн өмнө юмуу эсвэл өглөө эртлэн замдаа гарч, нэг талдаа 11 цаг орчим алхаж стадионд хүрдэг ажээ. Түүнд замын зардал байхгүй тул алхдаг, очоод тасалбар авах мөнгөгүй тул сайхан сэтгэлтнүүдийн буянаар яаж ийж байгаад стадионд орчихдог.

“Намайг галзуу солиотой гэх юмуу эсвэл тэнэг маанаг гэж гоочлох хүмүүс байдаг л юм. Гэвч би тоодоггүй ээ. Учир нь би тэнэг маанаг амьтан биш гэдгээ мэдэх юм чинь. Яагаад алхдаг вэ гэхээр нэгд надад замын зардалд өгөх мөнгө байхгүй. Би ээжтэйгээ цуг амьдардаг ядуу эр. Гэхдээ хайртай багийнхаа тоглолтыг үзнэ дээ гэж бодоод алхахад зам урт санагддаггүй. Ер нь би хөлбөмбөгт баярлаж явах ёстой шиг санагддаг. Хөлбөмбөгийн ачаар л амьдралын аз жаргал гээч юу болохыг ойлгож мэдэрсэн.Хүн бүр амьдралыг өөр өөрийнхөөрөө хардаг. Миний хувьд бол “Спорт Ресифи” амьдрал маань. Хөлбөмбөг бол миний дэлхий” хэмээн Маривалдо өгүүлжээ.

Тэрбээр гэрээсээ алхам хэмжигч, хуучин пүүз, жижиг үүргэвч тэгээд мэдээж “Спорт Ресифи”-гийн өмсгөлтэйгээ л гардаг.  Стадион хүрэхэд ойролцоогоор 74995 алхам болдог гэнэ. Энэ бол түүний өөрийнх нь хэлсэн тоо.

Маривалдог нутгийнхан нь андахгүй. Нөгөөх чинь замдаа гарчээ гэж алсаас харуулдаж, ойроос сонирхон харах нь бишгүй. Маривалдо замдаа Эдмилсон гэх найзынхаараа гялс ороод өнгөрөх бөгөөд найз нь түүнд хоёр литр цэвэр ус, хоёр уут жигнэмэгтэй өгдөг нь уламжлал болжээ. Энэ унд хүнсээр тэр 10 хэдэн цагийг туулна.

Гэхдээ Маривалдо насаараа ч алхаад байсан хэрэг биш ээ. Гурван жилийн өмнө ажилгүй болсноосоо хойш хөгшин ээжтэйгээ хамт ядуу тарчиг амьдралд улам живсэн тул аргагүйн эрхэнд алхах болжээ. 48 настай хэрнээ эхнэр, хүүхэдгүй. Аав нь түүнийг багад нас барсан болохоор сургуулиасаа гарч, зах дээр ажилласан юм байна. Одоо ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг ч гэлээ дунд сургуулийн хичээл үзэж, бага ч гэсэн боловсрол эзэмшвэл ажил олдож магадгүй гэж найддаг гэнэ.

“Хөлбөмбөгт дуртай болсон маань аавтай холбоотой. Миний мэдэхээр ухаан орсон цагаас манай гэр “Спорт Ресифи”-гийн зургаар дүүрэн байсан. Хана, сандал, ширээ, буйдан гээд хаана л бол хаана энэ багийн л зураг наагаастай. Манай хотынхон ч гэсэн хөлбөмбөгт дуртай. Гэхдээ хүн бүр тоглолт бүрийг очиж үзээд байх мөнгө, цаг зав үгүй.

Ээж бид хоёр хэзээ ч баян чинээлэг байж үзээгүй. Үргэлж л ядуу байсан. Гэхдээ би нэг удаа өөртөө хэлсэн юм. “Бурхан надад хоёр хөл өгсөн байна. Мөн хөлбөмбөгт хайртай зүрх хайрлажээ. Тиймээс хайртай багийнхаа тоглолт бүрийг заавал үзэж байя гэж өөртөө хэлсэн юм” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Цар тахлын улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд стадионд фанатууд оруулахгүй байгаа ч стадионы үүдийг нээмэгц аанай л алхаж очно гэж анаж хүлээгээ аж.

“Намайг заримдаа замд таарсан хүмүүс хүргэж өгдөг. Тэрнээс би өөрөө гар өргөж машин огт зогсоодоггүй. Ер нь машин тэргэнд сууж очих нь ч ховор. Учир нь тэр хүмүүс надад өртэй биш шүү дээ. Би өөрийнхөө хүслээр л явж байгаа хойно өөрөө л алхах сайхан. Хүмүүс хүргээд өгье гэвэл “Баярлалаа, би өөрөө явчихья” гэж хэлдэг” хэмээн Маривалдо ярьж байна.

“Эхэндээ Ресифид алхаад очиход таньдаг хүн огт байгаагүй. Тасалбаргүй болохоор орох гэж янз бүрийн арга хэрэглэнэ. Гэвч олон сарын турш тэгээд яваад ирэхээр хүмүүс таньж мэддэг болсон. Тэгээд тасалбар авч өгнө. Мөн идэх юм өгнө. Тэр хүмүүсийн тусламжгүйгээр би хөлбөмбөгөө үзэж чадахгүй байх байсан” хэмээн Маривалдо өгүүлжээ.

“Спорт Ресифи”-гийн нэг тоглолтын тасалбар дунджаар 4 ам.доллар орчим. 2019 онд Маривалдо хайртай багийнхаа 25 тоглолтыг үзсэн гэхээр 100 ам.долларын тоглолт үзчихсэн гэсэн үг. Энэ бол Бразилын ажилгүй ядуу эрийн хувьд банкинд л байх мөнгө.

Харин одоо Маривалдо “Спорт Ресифи”-гийн бэлэг тэмдэг шахуу болжээ. Харсан хүн бүр туслах гэнэ. Оны шилдэг фанатад нэр дэвшсэнийг дуулаад хүмүүс бүр зураг авахуулах гэж шаваад хэцүүдсэн гэнэ.

“Манай багийн фанатууд бол нэг гэр бүлийнхэн. Би ээжтэйгээ хамт амьдардаг ч миний гэр бол багийн маань стадион. Стадионд ороход бүх юм хачин сайхан болох шиг санагддаг. Тийшээ ороход урьд нь огт харж мэдэрч байгаагүй ертөнцийг олж хардаг. Өмнө нь би хөлбөмбөгийг бөмбөг хөөсөн 22 хүн л гэж бодож явлаа. Харин стадионд ороод уур амьсгалыг  мэдрэхээр бүхэл бүтэн ертөнц гэдгийг нь ойлгодог” хэмээн Маривалдо сэтгэл хөдлөн өгүүлжээ.

Түүнийг Оны шилдэг фанатад нэр дэвшсэний дараагаар “Спорт Ресифи”-гийн удирдлага хотынхоо нэгэн зочид буудалд байрлуулж, шууд онлайнаар холбогдох боломжийг олгосон байна. “Рууд Гуллит миний нэрийг хэлэхэд би ялагчаар тодорчихлоо гэдгээ мэдээд их сандарсан. Уг нь өмнө нь өөрийгөө тайттгаруулж, биеэ овоо л бэлдсэн юмсан. Тэгснээ хэрнээ л их балмагдсан” хэмээн тэрбээр ярьжээ.

Оны шилдэг фанат болсных нь дараа клубын зүгээс түүнийг Помбос хот руу нь машинаар дөхүүлж өгсөн ч Маривалдо хотынхоо захыг харчихаад өөрөө буугаад алхсан гэнэ.

“Би гэрээсээ гарахдаа баг маань хожигдоно гэж огт боддоггүй. Хожигдлоо ч гэсэн миний баг дэлхийн хамгийн шилдэг нь хэвээрээ л байх болно. Намайг стадионд очвол баг маань хожно гэсэн итгэлтэй төрдөг. Хожигдвол дараагийн тоглолтыг хожно гэж хүлээдэг. Хүмүүс яагаад алхаад байдаг юм бэ? гэж их асууна. Зарим нь алдар нэрд гарахын тулд ингэдэг гэж боддог ч байх. Би тэр хүмүүст юу гэж хариулахаа мэддэггүй. Энэ миний л амьдрал шүү дээ” хэмээн Маривалдо өгүүлжээ.

Хоёр талдаа 130-аад километр алхаж хайртай багийнхаа тоглолтыг алгасалгүй үздэг Маривалдогийн энэ намтар олон мянган хүнд хүсэл тэмүүлэл байхад хүршгүй зүйл байдаггүйг ойлгуулсан тод жишээ болоод байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.