9 удаа тоглоод л 8 сая еврогийн үнэ хүрсэн нь буюу хөлбөмбөгийн бизнес

9 удаа тоглоод л 8 сая еврогийн үнэ хүрсэн нь буюу хөлбөмбөгийн бизнес

Терем Моффи гэх нэрийг хөлбөмбөгийн фанатууд сайн мэдэхгүй. Гэхдээ энэ 21 настай нигери довтлогч ердөө есөн удаа талбайд гараад 8 сая еврогийн үнэ хүрч Францын Нэгдүгээр лигийн “Лорьян”-д зарагдсан нь өнөөдөр онцолж танилцах гол шалтгаан боллоо.

Бельгийн “Кортрейк”-т очоод ердөө есөн тоглолтод гарсан үл таних довтлогч яаж яваад 8 сая еврогийн үнэ хүрч Европын ТОП 5 лигийн нэгд очсоныг дэлгэрэнгүй хүүрнэх нь Монголын өсвөрийн хөлбөмбөгчид, овжин сүйхээтэй бизнесмэнүүд мөн дасгалжуулагчдад санаа төрүүлэх ч юм билүү.

Жил бүр Африкаас өсвөр насны олон хөвгүүд мэргэжлийн хөлбөмбөгч болох хүсэл тээн Европ тивд очдог. Тэдний нэг нь Терем Моффи. Моффи 2017 онд эхлээд Литвын “Каунос Жальгирис”-т шалгуулжээ. Шалгаруулалтад Моффи сайн байсан тул гэрээ байгуулахаар болжээ. Гэвч найман тоглолтод гарч нэг гоол оруулсных нь дараа таарч тохирохгүй байна гээд гэрээг цуцалжээ. Гэлээ ч Терем бууж өгсөнгүй. Литвад бүтэн жилийн турш баггүй байхдаа гэмтэж бэртсэн ч гэсэн өөр багуудад хүсэлтээ тавьсаар байлаа. Ингээд Литвын “Ритеряй” тоож гэрээ хийж чаджээ. “Ритеряй”-д жил орчим тоглохдоо 29 тоглолтод гарч, 20 гоол оруулав. Дараа жил нь дахиад тэндээ үлдэж, Литвын лигийг байлдан дагуулаад хаан шиг хаахалзах болох байсан ч агент Эмека Обаси нь ухаалаг нэгэн тул илүү нэр төртэй лигт очих ёстой гэж ятгажээ. Эмека Обаси бол авъяастай хөлбөмбөгчдийг таньж олж харж чаддаг сүрхий агент.

Обаси Моффиг Бельгийн лигт очвол тэндээсээ дамжаад Европын ТОП 5 лигийн аль нэг рүү явчихаж чадна гэж итгэсэн байна. Ингээд Бельгийн “Кортрейк”, “Мускрон”, “Ломмель” зэрэг клубүүдэд ханджээ.

“Обаси бидэн рүү залгасан юм. Сайн залуусыг олж чаддаг болохоор нь би түүнд итгэдэг. Моффигийн тухай тайлан бэлдээдэх гэж би клубынхээ скаутуудад хэллээ. Манай дөрвөн скаут нэг дор шахам тайлангаа ирүүллээ. Хэдийгээр Обаси санал болгосон ч гэлээ сайн мэдэхгүй лигээс ирж буй хөлбөмбөгчийг сайтар шалгаж, судлах хэрэгтэй гэдгийг та нар ойлгох байлгүй. Манай скаутууд бүгдээрээ Моффиг Бельгийн лигт сайн тоглож чадна гэж дүгнээд зогсохгүй мөн шууд тоглох боломжтой гэсэн байлаа. Ингээд бид авах гэтэл “Мускрон” урьтчихаж. Гэвч “Муксрон” эхлээд дадлага маягтай байлгая гэхэд Моффи эсэргүүцжээ. Тэгэхээр нь бид 100 сая еврог шууд “Ритярай”-д төлөөд маш сайн тоглогч авчихсан” гэж “Кортрейк”-ийн ерөнхий захирал Матиас Летерм өгүүллээ.

Харин гэрээ хийх үед Моффигийн агент Обаси ямар нэгэн урамшуулал огт авья гэсэнгүй. Бүр орчуулгын хөлс ч авахгүй гэсэн байна.

“Тийм ээ, Обаси биднээс юу ч авья гээгүй. Гэхдээ тэр биднээс нэг юм хүссэн. Моффиг өөр лигийн багт зарахдаа надад хувь өгөөрэй гэж хүссэн юм. Тэгээд яг л түүний бодсоноор болсон. Жил хүрэхгүй хугацааны дараагаар Францын “Лорьян” 8 сая евро төлөхөд Обаси дундаас нь “хөөрхөн” хувь авчихсан” хэмээн Летерм үргэлжлүүлэв.

Матиас Летерм

Харин Моффиг анх юун дээр онцгойлон үнэлснээ Летерм хэлэхдээ Зул сарын баяраар гэрийнхэн дээрээ очоод ирэх боломж олгоход зочид буудалд үлдээд, бэлтгэлээ хийснийг нь онцгойлон олзуурхсан гэжээ.

“Жил гаруй гэрийнхэнтэйгээ уулзаагүй хэрнээ бэлтгэлээ таслалгүй хийхийн тулд хаашаа ч яваагүй. Хөлбөмбөгчийг үнэлэх бас нэг чанар энэ шүү дээ” гэж Летерм өгүүлж байна.

Ингээд Летерм Бельгийн лигт энэ оны нэгдүгээр сарын 18-нд “Сент Трюйден”-тэй анх тогложээ. Эхний тоглолтдоо онцгой юм юу ч харуулсангүй. Харин дараа нь “Брюгге”-тэй 2:2-оор тэнцэхэд сэлгээгээр гармагцаа шахуу гоол оруулчих нь тэр. Тоглолтын дараагаар “Брюгге”-ийнхэн ойрд ингэж их ядартлаа тоглосонгүй гэцгээсэн нь Моффиг үнэлсэн яриа байлаа.

Терем Моффи Бельгийн лигт долоон тоглолтод гарч, дөрвөн гоол оруулчихсан явтал цар тахлын улмаас лигийн тоглолтуудыг цуцлав. Гэвч тэрхэн зуур Моффиг аль хэдийнэ хөлбөмбөгийн скаутууд олоод харчихсан байжээ. Германы нэгэн клуб 5 сая еврогоор авья гэхэд нь Летерм ахиу үнээр зарах боломж байгааг мэдээд татгалзжээ.

Тэгж байтал “Лорьян” эхний саналаа тавилаа. 3 сая евро өгье гэж. 100 мянгаар хэдхэн сарын өмнө авсан тоглогчоо 3 саяар зарна гэдэг ашигтай наймаа. Гэвч Летерм хөл алдаж, хормойгоо дэвссэнгүй. “8 сая евро! Энэ бол доод үнэ” гэж шулуухан хэлсэн байна.

Моффиг өөр олон баг авахыг хүснэ гэдгийг “Лорьян” мэдэж байлаа. Тэгээд ч багаасаа “Лорьян”-д тоглохыг мөрөөдөж өснө гэж бараг үгүй тул тэд хурдхан хөдлөхөөр шийджээ. Ингээд “Кортрейк”-ийн шаардсан 8 сая еврог төлсний зэрэгцээ мөн дахин өөр клубт зарвал зарсан дүнгийнхээ 20 хувийг өгнө гэж гэрээ хийсэн байна.

“Кортрейк”-ийн ерөнхий захирал Матиас Летермийн аав нь цагтаа Бельгийн Ерөнхий сайдын албыг хашиж явсан Ив Летерм юм байна. “Би ааваасаа олон зүйлийг сурсан. Аав маань хааяа утсаар ярьж, амжилттай ажиллаж буйд баяр хүргэдэг. Гол нь манай клубын скаутууд ажилдаа сайн. Тэдний тайлан, судалгаа зөрнө, алдана гэж бараг үгүй. Моффи дээр ч сайн ажилласан” хэмээн Летерм өгүүлжээ.

“Кортрейк”-ийн эзэн нь Малайзын бизнесмэн Винсент Тан. Гэхдээ Тан 2015 онд клубын худалдаж авснаасаа хойш нэг ч евро багтаа зарцуулаагүй гэнэ. Тиймээс ч клуб санхүүгийн хувьд тогтворгүй шигээ мөн лигийнхээ хүснэгтэд дундуур бичигддэг. Заримдаа Европа лиг рүү харайгаад гарчих юмсан гэж мөрөөддөг ч одоогоор сачий нь хүрэхгүй яваа ажээ.

“Манай эзэн Таныг би онлайнаар таван удаа л харсан. Зарим клубын эзэд чинь хөрөнгө оруулалт хийдэг биш харин олсон орлогыг нь авчихдаг юм шүү дээ. Манай клубын зарлага жилээс жилд нэмэгдэж байгаа. Бид жилдээ 4-5 сая еврог шинэ тоглогчид зарцуулах боломжтой ч тэр мөнгөө илүү сайн скауттай болох, дэд бүтцээ сайжруулахад зориулаад дуусдаг. Хөлбөмбөг бол бизнес шүү дээ. Нэг өдөр 8 сая еврогийн ашиг олоод баярлаж болох ч тэр мөнгөө юунд зарцуулах вэ? Цаашид юу бидэнд илүү ашиг авчрах вэ? гэдэг л бидний хувьд хамгийн чухал байдаг” хэмээн Матиас Летерм өгүүлжээ.

Харин Терем Моффигийн тухай мэдээлэл хайж үзэхд 188 сантиметр өндөртэй залуу довтлогч маань “Лорьян”-ы түүхэн дэх анхны нигери тоглогч очсоноосоо хойш 10 тоглолтод гарахдаа эхний тоглолтдоо л нэг гоол оруулжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.