Хартай 54 найз бүсгүйтэй Неймарын түүх

Хартай 54 найз бүсгүйтэй Неймарын түүх

Неймар бол дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч. 222 сая еврогийн үнэтэй энэ залуу одоо 28 настай. Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчөөр хоёр жил дараалан тодорчихоод Испанийн “Барселона”-д очсон. Харин дараа нь Францын “Парис Сен-Жермейн”-д дээр дурьдсан үнээр заларсан билээ.

Неймар бол зөвхөн хамгийн үнэтэй бус мөн хамгийн өндөр техниктэй хөлбөмбөгчдийн нэг. Гэнэтийн санаанд оромгүй хурд, өрсөлдөгчөө басамжлах мэт хууралтууд нь түүнийг бразил хөвгүүн гэдгийг илтгэдэг. Хэвлэлүүд бол энэ хууралт, хөдөлгөөнийг багаасаа футзал их тоглосонтой нь холбон тайлбарлах гэдэг. Гэтэл футзалын дасгалжуулагч байсан Алсидес Магри болохоор “Тэр угаасаа л ийм тоглолттой хүү байсан. Би лав юу ч зааж өгөөгүй” гэж хэлсэн байна лээ.

Неймарыг багад гэрийнхэн нь Жуниньо гэж дууддаг байж. Аав нь хөлбөмбөг тоглож явсан ч дан доод лигээр доншуучилсан нэгэн. Ээж нь аятайхан бүсгүй байжээ. Надин гэнэ. Одоо нэг бисексуал залуутай найзлаад хэвлэлээр бичигдээд байгаа үзэгддэг.

Дөрвөн сартайдаа Неймар энэ орчлонгийн хаалгаар гараад явчих тун дөхсөн авто осол болсон юм билээ. 1992 онд болсон явдал. Аав ээж хоёр нь өндөр уулнаас машинтай бууж явж, өөрсдөө урдаа суучихсан. Харин бяцхан Жуниньо арын суудалд унтаж байлаа. Гэтэл гэнэт өөдөөс нь машин гарч ирээд аав нь замын хажуу руу жолоогоо мушгаад хашлага тулж зогсчээ.

Аавынх нь шагай эргэж, ээж нь хашлагад тулаад эвдэрчихсэн машины хаалгаа онгойлгож чадахгүй орилж байхад Жуниньо арын суудалд цусанд будагдчихсан уйлж байлаа. Азаар ойр хавьд явсан хүмүүс тэр гурвыг машинаас гаргаж, яаралтай эмнэлэгт хүргэхэд Неймарын биеийн олон хэсэгт шил зоогдож шархалсан байжээ. Харин ээж нь ямар нэгэн гэмтэл аваагүй өнгөрсөн байна.

Ээж Надиных нь ярьснаар бол Жуниньо хүү нь багаасаа л бөмбөг цуглуулах хоббитой байж. Нэг удаа тоолж үзэхэд 54 бөмбөгтэй болчихсон байсан гэнэ билээ. Тэр бөмбөгүүдээ өрөөндөө оруулчихаар суурь хонин дунд харай явжж ишиг шиг харагддаг байсан биз.

20 нас хүрэхдээ Неймар бөмбөгний тухай ингэж хэлсэн байдаг. “Бөмбөг бол хартай бүсгүйтэй төстэй. Хэрвээ түүнийг хайрлаж, халамжилж, зөөлөн хандахгүй юм хайрлахгүй. Хайрлахгүйгээс гадна гай тарьж ч мэднэ. Би бөмбөгөнд ухаан хайртай” гэж.

Неймарт нэг дургүй юм байж. Тэр нь зүүн хөлөөрөө тоглох. Өсвөрийн багийн дасгалжуулагч Антонио Лима зүүн хөлөөрөө цохь, дамжуул гэж их шаардана. Гэвч Неймар их дургүй. Хожим Холбооны цомд түрүүлснийх нь дараа Лима шавь руугаа “Зүүнээрээ цохих дургүй гэхэд муугүй шүү” гэх зурвас хүртэл илгээсэн удаатай.

Неймарыг “Барселона”-гаас өмнө “Реал Мадрид” авчих тун дөхсөн юм. 14 настай Неймарыг Мадридын баг шалгаруулалтад урьсан байна. Агент Вагнер Рибейро нь “Сантос”-оос “Реал Мадрид”-д эртхэн аваачих гэж адгажээ. Ингээд очоод Мадридын багийн үеийнхэнтэй нь тоглуултал бразил хүү хавьгүй илүү нь тов тодорхой харагдав.

“Тийм ээ, бид бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Тэр манай багийн хөвгүүдээс хавьгүй илүү байлаа. Бүрэлдчихсэн багт шинэ тоглогч ирэхэд гадуурхаж, багтаа байлгахгүйн тулд янз бүрийн л юм хүүхдүүд сэддэг. Гэвч Неймар дэндүү сайн нь ойлгомжтой байсан тул хэн ч юу ч гэж хэлж чадаагүй. Харин ч бүр ав гэж зөвлөж, авбал баярлана гэж хэлж байлаа” хэмээн Мадридын академийн дасгалжуулагч Хесус Гутьеррес дурсчээ. Тухайн үед тэдний академид Дани Карвахаль, Пабло Сарабиа, Фран Соль нар байсан юм билээ.

Ингээд Неймар Мадридад 21 хоног болжээ. “Реал Мадрид”-ынхан таван жилийн гэрээ хийхээр бэлдэж, хоёр тал мөнгөний асуудлууд дээр ч тохирсон байна. Мадридын клуб Неймарыг дүү охинтой нь хамт сайн сургуульд оруулж, аавд нь цалин сайтай ажил  санал болгоно гэлээ. Мөн урамшуулал мөнгө ч амласан байна. 2005/06 оны улиралд Неймарыг Мадридын өсвөрийн багт тоглох эрхийн бичгийг нь гардуулчихаад эх орон руугаа яваад ирэхийг зөвшөөрчээ.

Гэтэл гэртээ очмогцоо Неймарын аавын бодол эргэжээ. Учир нь “Сантос” сөрсөн базаа хийсэн хэрэг. “Сантос” хүүд нь таван жилийн гэрээ санал болгохдоо сарын 4000 еврогийн цалин амлажээ. Неймар насанд хүрээгүй болохоор Мадридын баг хууль зөрчсөн хэрэгт унах магадлалтайн зэрэгцээ агент Рибейро нь өөртөө урамшууллын багагүй мөнгө шаардсан учир “Реал Мадрид” тэгтлээ хүчлээгүй ч байж болох юм. Ямартай ч Неймар “Сантос”-доо үлдэхээр болсон байна.

Ингээд 2010 он гарлаа. Неймарыг авахаар “Челси” санал тавьсан юм. Энэ тухай Неймар намтар номдоо ингэж бичсэн байдаг.

“2010 оны наймдугаар сарын 23-нд аав маань “Сантос”-ын ерөнхийлөгчтэй уулзлаа. “Челси”-гийнхэн маш сайн үнийн санал тавьжээ. /сургаар бол 30 сая евро/. Ингээд Неймарын ирээдүйн тухай ярилцаж байх зуур “Сантос”-ын ерөнхийлөгч гэнэт өрөөний гэрлийг унтраагаад хоосон сандал руу хуруугаараа зааснаа “Энэ бол Бразилын ардын баатрын суудал. Айртон Сенна зуурдаар нас барснаас хойш энэ хүндтэй суудал хоосон чигээрээ байгаа. Хэрвээ чи “Челси”-гийн саналаас татгалзаад “Сантос”-тоо үлдэхээр шийдвэл энэ суудал чинийх болох эхний том алхмаа хийлээ гэсэн үг” гэж хэлжээ.

Энэ үгийг сонсоод аав бид хоёр бодолхийлсэн. Ер нь тэр шийдвэр миний амьдралыг их өөрчилсөн юм шиг санагддаг. Бүр Пеле хүртэл над руу залгасан юм. Хөлбөмбөгийн хаан чам руу өөрөө залгаад багтаа үлдэхийг хүснэ гэдэг ямар санагдахыг төсөөлж байна уу?

Пеле надад “Сантос”-т тоглож байсан үеэсээ, шигшээ баг болон клубтэйгээ ямар цомууд гардаж байснаа хэлсэн. Тэгээд бид хэцүү ч гэсэн зөв шийдвэр гаргасан юм. Гэр бүл, найз нөхөд, хөлбөмбөгчийн замналынхаа хувьд ч зөв шийдвэр байсан” хэмээн Неймар номдоо дурссан байдаг.

Мэдээж, үлдэхээр шийднэ гэдэг “Сантос” гэрээгээ сайжруулна гэсэн үг. Таван жилийн гэрээ санал болгоход сарын цалин 70 мянган евро байсныг 250 мянга болголоо. Тухайн үед домогт Роналдо “Коринтианс”-т ирчихсэн сарын 420 мянган евро авдаг нь л Неймарын дээр гарах цалин байв.

“Сантос”-ынхон яагаад “Челси”-гийн 30 сая еврогоос татгалзсан нь бас учиртай. Нэгэнтээ том од болох нь тодорхой хөлбөмбөгчөөр мөнгө хийе, шоу хийе гэж тэд сэдсэн байна. Нэгэн тоглолтод Неймар пента-трик хийж буйг бичлэгийг Red Bull-ийнханд үзүүлээд ивээн тэтгэгч болохыг хүсчээ. Бичлэгийг үзмэгцээ Red Bull зөвшөөрсөн байна. Энэ мэтээр маш санаачлагатай зөв ажилласнаар хэдхэн сарын дотор 19 настай Неймар дэлхийн 13 том компанийг ивээн тэтгэгчээр татаж чадсанаар “Сантос”-ын орлого эрс нэмэгдэв.

Оддын өвчин гэдэг дарах эмгүй хэцүү эд. 2010 оны есдүгээр сарын 15-нд “Атлетико Гоиниенсэ”-тэй хийсэн тоглолтын үеэр Неймар оддын өвчин “хүндээр” туссаныг олон нийт анх олж харжээ. Тоглолтын 50 дахь минутад “Сантос” 0:2-оор хожигдож явлаа. Неймарын нэг маш сайн чанар бол багийнх нь тоглолт унаж, хожигдож эхэлбэл бүх ачааг өөр дээрээ авч чаддаг нь. Тэр тоглолт ч Неймар яг тэгсэн байна. Маш их хичээн, дайчин тоглосноор тоо мөдхөн 3:2 боллоо. Гурван гоолыг Неймар өөрөө оруулжээ. Дараа нь Неймар дээр алдаа гаргаж, пенальти цохих боломж гарав.

“Сантос”-ын пенальтчин нь Марсел. Неймар цохих гэсэн ч Марсел гараас нь бөмбөг авч, цохиод гоол оруулж чадсангүй. Дараа нь дахиад Неймар дээр алдаа гаргаж, дахин пенальти цохих боллоо. Марсел цохих гэтэл Неймар уурлаж, дасгалжуулагчдаа хандав. Гэвч дасгалжуулагч нь “Манай багийн пенальтчин бол Марсел” гэжээ. Үүнийг сонсоод уурлаж, бөмбөгөө газар хүчтэй шийдэж, талбайн хажуу тал руу гарч, гараа хий савлан бухимдаж уурлаж буйгаа илэрхийллээ. Бүр дасгалжуулагч Доривал руу дөхөж очоод хашгирч хүртэл үзэгдэв. Багийнхан нь тайвшруулах гэсэн ч тэднээсээ холдож, улам бухимдана.

Гэвч Марсел цохидгоороо цохиж, гоол оруулснаар 4:2-оор “Сантос” хожлоо. Тоглолтын дараагаар дасгалжуулагч Доривал “Нэг тоглогчоос баг илүү чухал” хэмээн мэдэгдэж, Неймар ч хийсэн үйлдэлдээ уучлалт гуйжээ.

Энэ тоглолтын дараагаар клубын ерөнхийлөгч дасгалжуулагч хоёр ярилцаад Неймарыг нэг тоглолтод оролцуулалгүй сануулга өгөхөөр тохирчээ. Гэтэл дасгалжуулагч Доривал нэг биш хоёр тоглолтод гаргасангүй. Тэгээд юу болсон гээч? Дасгалжуулагчийг ерөнхийлөгч нь халчихав. Саяхан л Бразилын цомын тэмцээнд багаа түрүүлгэсэн дасгалжуулагчийг Неймарыг талбайд гаргасангүй гээд халчих нь тэр. “20 ч хүрээгүй хүүхдээр Хаан хийлээ” гэж тухайн үед “Сантос”-ыг шүүмжилсэн нь олон гэдэг.

Доривал хожим Неймарын тухай ийм зүйлс ярьсан нь бий.

“Тэр жилийн нэгдүгээр сард би түүнтэй худалдааны төвд таарсан юм. Үеийн залуусынхаа адил найз бүсгүйгээ дагуулчихсан юм аваад явж байсан. Хэн ч түүнийг дагахгүй, гарын үсэг авья, зурагаа даруулья гэхгүй байлаа. Гэтэл яасан гээч. Тэр жилийн дөрөвдүгээр сард Неймар Рио руу, Сан-Паулу руу байнга шахам нисдэг тэргээр зорчих болсон. Ийм ч рекламын зураг авалт, тийм ч нэвтрүүлэгт орлоо гээд л явчихна. Гурван сарын хугацаанд амьдрал нь тэгж л өөрчлөгдсөн юм даа” гэж Доривал ярьжээ. Гэхдээ Доривал Неймарт муу санадаггүй гэдэг. “Тэр тоглолтын үеэр болсон явдал бол алдар нэр, хөрөнгө мөнгөн дээр гэнэт очсон жаалхүүгийн л араншин байсан” гэжээ.

Неймар 19 настайдаа аав болсон юм. Найз бүсгүй Каролина Дантас нь 17 настайдаа нярайлж, Давид Лукка гэх хүү төрүүлсэн. Гэвч хүүгээ төрсний дараагаар Неймар Каролинагаас салжээ. Гэхдээ хүүтэйгээ үргэлж харилцаатай байж, хөрөнгө мөнгөөр хангадаг гэнэ билээ.

Неймар бол сэтгэдэг гэвэл сэтгэдэг л залуу. 2014 онд Аваргуудын лигийн шөвгийн наймд “Атлетико”-той тоглох үеэр өмсгөлөө сөхөж, шортоо янзалсан нь камерт туссан юм. Үүнийг дотуур хувцасны далд реклам хийлээ гэж шүүмжилсэн ч мань хүн гүрийгээд л өнгөрсөн.

Үүнээс хойш хэдхэн хоногийн дараагаар “Вильярреал”-тай “Барселона” тоглоход Дани Алвешийн булангаас цохих үед хэн нэгэн гадил жимс хажууд нь унадаг. Түүнийг Дани Алвеш шууд бариад хазаж орхидог. Харахад, тохиолдлын үйлдэл мэт боловч хэвлэлийнхний олж мэдсэнээр бол энэ нь Неймарын бодож олсон ажиллагаа байсан юм билээ.

За үүгээр Неймарын тухай яриагаа энэ удаад өндөрлүүлье.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.