“ХОРЬ ХОРЬ” оны онцлох үйл явдлууд…

“ХОРЬ ХОРЬ” оны онцлох үйл явдлууд…

Улиран одож буй 2020 он Монголчуудын ажил амтдралд ямар ул мөрөө үлдээгээд одох гэж байна вэ? Цагийн урсгалтай хамт цалгиж одсон өдрүүдийг эргэн санаж, улс оронд өрнөсөн онцлох үйл явдалтай танилцъя.

  1. Сонгуулийн жил

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгууллагддаг Монгол Улсын Их хурлын болон орон нутгийн сонгууль энэ жилийн онцлох үйл явдлаар нэрлэгдэх нь дамжиггүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд 60 тэрбум болон ЖДҮ-д нэр холбогдсон хар толботонгуудад мандат олгоогүй. Зургаадугаар сарын 24-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар МАН-ын 62, АН 11, Зөв хүн электорат эвсэл 1, Бие даагч 1, Та бидний эвсэлээс 1 суудал авч парламент бүрдлээ.

Мөн аравдугаар сарын 15-нд аймаг, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонуулт болсон бөгөөд МАН НИТХ-ын 45 суудлын 34-ийг авсан төдийгүй 13 аймгийн ИТХ-д мөн олонх болсон юм. Харин АН 8 аймагт ялалт байгуулснаас гадна НИТХ-д 8 суудалтай болов. Мөн ХҮН НИТХ-д 3 суудал авч анх удаа авсан юм. Ингээд МАН УИХ, Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж,  ирэх дөрвөн жил бодлого шийдвэрээ үргэлжлүүлэхээр боллоо.

  1. Коронавирусийн хөл хорио эдийн засгийг элгээр нь хэвтүүлэв

Энэ оны гуравдугаар сард Франц улсаас ирсэн иргэнд коронавирусний халдвар илэрсэн нь Монгол улсад гадаадаас зөөвөрлөгдсөн анхны тохиолдол болж дэлхий нийтийн хамарсан КОВИД 19 цар тахал Монголыг тойрсонгүй. БНХАУ-д коронавирус анх дэгдсэн цагаас Монгол улс хилээ хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасны хүчинд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Гэвч 11 дүгээр сарын 11-нд тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүл коронавирусээр халдварласан нь тогтоогдож, дотоодын анхны тохиолдол илрэн энэ өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Монгол улс түүхэндээ анх удаа шилжсэн. Хөл хорио нь дотооддоо халдвар тархах эрсдлийг бууруулж чадсан ч эрх баригчдын алдаатай, хувирамтгай шийдвэрийн улмаасэдийн засаг элгээрээ хэвтэж, ажилгүй орлогогүй иргэдийн тоо нэмэгдлээ. Улмаар цар тахлын үеийн эдийн засаг нь энгийн иргэдэд хүртээмжгүй байсан бөгөөд аж ахуй нэгжүүд ажлын байраа ихээр цомхотгосон жил байлаа. Ойролцоогоор хагас ажлын байр цомхотголд өртсөн гэх судалгааг МҮХАҮТ-аас гаргасан билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь цар тахлын үеийн анхны гэгдэх тодотголтой ганц зүйл байсангүй. Тодруулбал “COVID-19” цар тахал БНХАУ-д ид дэгдэж байхад буюу хоёрдугаар сарын 27-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж, цар тахлын үед гадаадад айлчилсан анхны Төрийн тэргүүн боллоо. Айлчлалын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзаж, халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцсоноос гадна Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн.

  1. Ял авсан албан тушаалтнууд

2020 он улс төрийн өндөр албан тушаалд сууж байсан эрхмүүдэд халттай жил боллоо. Монгол улсын түүхэнд анх удаа шоронд ял эдэлж байгаа хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь Ж.Эрдэнэбат байлаа. Түүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, М.Энхсайхан, Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Сангийн сайд асан Б.Болор, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хорих ял авсан бол АН-ын дарга асан С.Эрдэнэ, Хотын захирагч асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өдгөө олон улсын Интерполоос эрэн сурвалжилж байгаа. Түүнийг Монгол Улсын шүүхээс Оюутолгойн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар буруутгаж, шүүх зуурт эмчүүлэх нэрийдлээр АНУ-руу яваад оргон зайлсан.

  1. Иргэдээ баярлуулсан эрх баригчдын шийдвэрүүд

Цар тахлын үед иргэдийн амьдрал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа доголдсон тул Засгийн газраас улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12-р сарын 1-ээс 2021 оны 07-р сарын 1 хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр гарсан даруйдаа олон нийтэд таалагдсан ч иргэдийн цахилгааны хэрэглээ маш ихээр нэмэгдэж, улмаал Улаанбаатар хот тэг зогсолт хийх дөхлөө. Оргил ачааллын үед ОХУ-аас худалдаж авах цахилгааны хэмжээ нэмэгдэж, улмаар нийслэлийн гэр хорооллуудад дэд станц, трансорматер зэрэг шатаж, нийслэлчүүдэд тоггүй болох дөхөв. Иймээс Засгийн газраас хэрэглээнд хязгаарлалт буюу өмнөх жилийн мөн үеийн цахилгаантай тэнцэх хэмжээний төлбөрийг төлж, илүү гарсан хэрэглээг иргэн төлөх шийдвэр гаргаснаар цахилгааны хэрэглээ хэвийн хэмжээн буурсан.

Иргэдийн баярлуулсан бас нэгэн шийдвэр бол Ерөнхийлөгчийн санаачлагаар тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлсөн юм. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сард УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхэлсэн. 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэж, 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлөх шийдвэрийг гаргасан.

  1. Уул уурхайн амин судас болсон ТӨМӨР ЗАМ

Энэ оны тавдугаар сарын 13-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг батлав. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон уг бодлогын баримт бичигт тусгагдсан гол зорилтын нэг нь дэд бүтцийн салбар бөгөөд хэд хэдэн бүтээн байгуулалт хийхээр тусгасан. Үүний нэг нь Зүүнбаян-Тавантолгойн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замчид энэ оны 11 дүгээр сарын 30-нд 4000 дахь үеэ угсарч нийт 100 километр зам тавьж дуусгалаа.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх 2022 онд дуусах бөгөөд Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг тэтгэх, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэх боломж бүрдэх юм.

  1. Оролдохгүй бол АЛДАС болно

Хөл хорионд өнгөрүүлсэн нэг жилийн Монголын эдийн засгийг Эрдэнэт үйлдвэр болон Салхитын мөнгөний орд, Тавантолгой зэрэг уул уурхайн баялаг тэтгэлээ. Салхины мөнгөний ордыг хятдуудад алдсан байсныг буцаан авчирч, улмаар ашигаар нь иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх шийдвэрийг гаргасан бол Эрдэнэт үйлвэрийн буянаар Монголчууд 2021 оны 7-р сар хүртэл цахилгаан, хог, ус, дулааны мөнгөө төрөөс хөнгөлүүллээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-иас анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, олон жил үхмэл байсан 1072 хувьцаа амь орсон. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болж, энэ 6-р сараас иргэдэд ноогдол ашиг тараасан.

Тэгвэл улс төрийн цэцэрхэл маргаан Оюутолгой төслийг тойрсонгүй. Тодруулбал Ерөнхийлөгчөөс Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх зохицуулалт юм. Тодруулбал Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах агуулгатай хууль байлаа. Ямартай ч энэхүү хууль 2018 оноос хойш парламентын босгыг даваагүй ч Ерөнхийлөгч дахин зүтгүүлж эхэлсэн одоогоор хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

  1. Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг оллоо

Археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан Улаанбаатар Их сургуулийн судалгааны баг энэ оны зургаадугаар сард Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километрт орших хотын туурьт малтлага хийж “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй вааран чимэглэл оллоо. Энэхүү олдворт үндэслэн уг газрыг Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь хэмээн зарласан юм. Т.Идэрхангай нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 жилийн турш Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав газарт хүннү булш, хотуудын байршлыг нарийвчлан судалсаар 2017 онд уг туурийг олжээ. Судалгаа, малтлагыг нарийвчлан хийх явцдаа “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр шиг өнө мөнх, мянга түм насал” гэсэн бичигтэй ваар олсон байна. Улмаар энгийн нэг ноёны ордныг “Тэнгэрийн хүү Шаньюй” гэж чимэглэх боломж байхгүй хэмээн үзэж, гурван жилийн судалгааны дүнгээ Луут хотын туурь хэмээн зарласныг онцолж байна.

  1. Саарал жагсаалтын хоригтой байсан жил

2017 оноос хойш (ФАТФ)-ын хяналтад байсан Монгол улс 2019 онд тус байгууллагын “саарал жагсаалтад орсон. Жагсаалтад орох гол шалтгаан нь мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхэд таатай буюу тэдгээрийн эсрэг хууль эрх зүй дутмаг байснаас үүдэлтэй. Нөгөөтэйгүүр эрх мэдэлтэн албан тушаалтнуудын үйлдсэн санхүүгийн гэмт хэргийн шийдвэрлэлт удаашралтай, ял завших байдал байсан учир Монгол улс саарал жагсаалтад орсон. Жагсаалтад орсноор олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах, Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах зэрэг сөрөг нөлөө байсан. Гэхдээ КОВИД 19 цар тахлын нөлөөгөөр дээрх сөрөг талууд манай улсын аж ахуй нэгжүүдэд нөлөөлсөн нь бага. Харин манай улсыг маш богино хугацаанд ФАТФ-аас өгсөн үүрэг даалгавар биелүүлсний үндсэн дээр энэ оны 10-р сард саарал жагсаалтаас гарсан билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.