Аавыг нь дээрэмдсэн хэрэгтнүүдийг суллуулж, Ерөнхий сайдын тусламжаар цэргээс чөлөөлөгдсөн Салахын түүх

Аавыг нь дээрэмдсэн хэрэгтнүүдийг суллуулж, Ерөнхий сайдын тусламжаар цэргээс чөлөөлөгдсөн Салахын түүх

Египетийн хойд хэсэгт орших жижигхэн тосгон Нагригт Мохамед Салах мэндэлжээ. Аав жирийн нэгэн жижиг наймаачин тул бусад хүүхдүүдийн адил мөнгөний гачаалыг багаасаа мэдэрч өссөн байна. Хөлбөмбөгийн жинхэнэ бөмбөг авах боломжгүй болохоор найзуудынхаа хамтаар оймс бөөрөнхийлж, түүнийгээ тойруулж скочдоод бөмбөг болгож тоглоцгооно.

Салахыг “Эраб Контракторс” баг урьснаар өсвөрийн багт нь тоглож эхэлжээ. Гэхдээ нэг хэцүү зүйл байсан нь клубын академи гэрээс нь хол зайтай. Бас хажуугаар нь сургуульдаа явах хэрэгтэй байдаг. 14 настай Салах иймийн учир сургуульдаа очсон болоод л эргээд бэлтгэлдээ амжихаар гүйдэг байж. 4-5 цагийн газар бэлтгэл хийдэг бааз нь байх тул өдөр бүр сургуулиас эрт гарна.

“Өглөө хичээл 9 цагаас орно. Харин би сургуульдаа оччихоод удалгүй гараад гүйдэг байлаа. Надад клубээс олгосон тодорхойлолт маягийн зүйл байсан юм л даа. 14 цагт бэлтгэлтэй учир хичээлээс эрт тарахыг нь зөвшөөрнө үү гэх утгатай тодорхойлолт. Тэрийг үзүүлээд л гүйдэг байлаа” хэмээн Салах өгүүлжээ.

Салах бэлтгэл тасална гэж байхгүй. Гэвч өглөө бүр хол зам туулдаг тул ядарч, хөлбөмбөгтөө бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэл учирч байв. Тэгээд ч дасгалжуулагч түүнд итгэх нь багасч, гараанд гаргахаа больжээ. Энэ үед Салах өөрийгөө ингэж өдөр бүр зовоож байхаар хөлбөмбөгөө больчихьё гэж нэг бодож үзсэн байна. Энэ бодлоо аавдаа хэлтэл “Үгүй ээ, харин ч чи илүү шаргуу бэлтгэл хийх хэрэгтэй” гэж хариу тулгажээ. Ингээд аавынхаа үгэнд орж, бэлтгэлээ улам махруу хийх болсон нь аажимдаа гараанд байнга гарахад хүргэжээ.

“Эраб Контракторс”-ийн дасгалжуулагч Салахыг зүүн жигүүрт гаргана. Довтлогчоор тоглоё гэсэн ч тус баг 3-5-2-оор тоглодог, довтолгоонд Салахаас сайн тоглодог хөвгүүд байх тул боломж олдохгүй. Нэг тоглолтод баг нь 4:0-ээр өрсөлдөгчөө бут ниргэчихээд баярлан хөөрч, байхад Салах гутран уйлж суусан гэнэ лээ.

“Хувцас солих өрөөнд багийн хөвгүүд маань баярлаж хашгирч байхад Салах буланд уйлж суусан. Ийм олон гоолтой тоглолтод гоол оруулсангүй гээд уйлсан нь тэр. Салах зүүн жигүүрийг бүхэлд нь эзэгнэж тоглохыг хичээсэн ч гоол оруулаагүй юм” хэмээн багийнх нь дасгалжуулагч Саид Аль-Шешени өгүүлжээ.

Удалгүй хүүгийн хүсэл тэмүүллийг мэдэрсэн дасгалжуулагч нь довтлогчоор гаргах боллоо. Египетийн шигшээгийн 16, 17 хүртэлх насны багт довтлогчоор тоглохдоо 35 гоол оруулсан нь 17 настайдаа Египетийн лигт тоглох замыг нээж өгчээ.

Салах Египетээс 2012 онд явсан юм. “Аль Масри”-“Аль Ахли”-гийн тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсч, 73 хүн нас барсан аймшигтай явдал гарсны дараагаар Египетийн лигийн тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад Салах Европ руу гарсан байна.

Эхлээд Швейцарийн “Базель”-д очлоо. Харин 2014 онд Английн “Челси”-гийн тоглогч болсон юм. Хэдийгээр Европ руу гарсан ч гэсэн Салах эх оронтойгоо холбоо огт таслаагүй. Египетийн 20 хүртэлх насны болон нэгдүгээр шигшээд дуудагдах бүрийдээ очиж байлаа. Египетэд дээд боловсролгүй залуусыг цэрэгт татдаг хууль байдаг гэнэ. Салахыг нэг удаа эх орондоо очиход энэ хуулийн дагуу 1-3 жил армид алба хаахыг тулгажээ. Алба хаахгүй бол хилийн дээс давахыг хориглосон байна.

“Салах тэр шийдвэрийг сонсоод үнэхээр балмагдсан. Египет улсын нэр төрийг дэлхий дахинд цуурайтуулахыг хүсч тэмүүлж явахад ийм хариу барих юм гэж тэр надад хэлж байлаа” хэмээн Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Ахмед Хассан ярьсан нь бий.

Ингээд хэрэг явдал өндөр авч, Европ тивд сайн тоглож, улсынхаа нэрийг гаргаж буй залууг цэрэг армид гялалзах жилүүдээ өнгөрүүлж, зэврүүлэхгүйн тулд Ерөнхий сайд Ибрагим Махляб сэтгэл гарган тусалснаар сая нэг хатуу шийдвэрээс мулталжээ.

Салах 2013 онд гэрлэсэн юм. Төрөлх тосгон Нагригийнхнаа бараг бүгдийг нь хуримдаа урьж, 1000 гаруй зочинтой нүсэр хурим хийлээ. Удалгүй охинтой болж, мусульманы ариун дагшин хот Меккагийн нэрийг өгчээ. Гэвч дараа нь Салах охиныхоо нэрийг өөрчилж Макка болгосон байдаг. Учир нь Мекка гэхээр “Мекка Бинго” казиногийн нэр хүмүүсийн тархинд түрүүлж буугаад байсан болохоор нялх охиноо тийм зүйлтэй хамаатуулахыг хүсээгүй гэнэ.

2018 оны ДАШТ-ий өмнө Мохамед Салах Египетийн Хөлбөмбөгийн Холбоотойгоо зөрчилдөөд авлаа. Үүрэн телефоны Vodafone компанитай хувийн гэрээтэй атал шигшээ баг нь болохоор үүрэн телефоны өөр нэгэн компани WE-тэй гэрээтэй. Ингээд WE-гийн реклам дээр Салахын зургийг тавьчихаар Vodafone дургүйцэлгүй яахав. Үүнд Салах илт дургүйцэж, олон нийтийн сүлжээгээр хэлээ хазалгүй үгээ хэлсэн. Асуудалд сүүлд нь дахиад л Египетийн төр засаг оролцож байж Салахын талд шийдэгдсэн юм.

Харин ДАШТ-ий үеэр ОХУ-ын Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнийг үүр цүүрээр юмуу шөнө дөлөөр хүссэнээрээ дуудан сэрээж, олон үйл ажиллагаанд оролцуулж үйлийг нь үзсэн удаатай.

Салах өгөөмөр сэтгэлтэй, бусдад тустай нэгэн. Египетийн ахмад хөлбөмбөгчдөд гар таталгүй мөнгөн тусламж олгоно, бүр улсынхаа мөнгөн тэмдэгтийг дэмжих үүднээс төр засагтаа 210 мянган паундын туслалцаа үзүүлж байлаа. Мөн хавдартай хүүхдүүдэд туслах эмнэлэг байгуулахад зориулан 559 мянган евро хувиасаа гаргажээ.

Vodafone Салахыг гоол оруулах болгонд хэрэглэгчддээ 11 минутын ярих эрх өгч, баярлуулсан түүхтэй. 11 гэхийн учир нь Салахын өмсгөлийн дугаар билээ.

2017 онд Салахын аавыг гэмт этгээдүүд дээрэмджээ. Хэдэн хоногийн дараагаар хэрэгтнүүдийг баривчилж хорих болоход Салах “Энэ хүмүүсийг хорих хэрэггүй. Суллачих” гэсэн хачирхалтай хүсэлт тавьсан байна. Ингээд хэрэгтнүүдийг суллахад Салах тэдэнтэй уулзаж, тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсний зэрэгцээ мөн ажилд оруулж өгчээ.

2018 оны ДАШТ-ий дараагаар бизнесмэн Мамдух Аббас түүнд том эдлэн газар бэлэглэе гэсэн ч татгалзлаа. “Эдлэн бэлгэнд өгөхийн оронд төрөлх тосгоныхны минь хөгжилд зориулж мөнгөн тусламж үзүүлээч” гэх хүсэлтийг хариу тавьж, унаган нутгийнхнаа баярлуулжээ.

Салах Нагриг тосгондоо байнга очдог. Тэр нутгийнхандаа бэлэгтэй очиж, хүссэнтэй нь зураг даруулж, энгийн сайхан ярьж хөөрдөг гэнэ. “Салах ёстой өөрчлөгдөөгүй. Багадаа ямар байсан тэр чигээрээ л байгаа” хэмээн түүний дотны найз Басуни өгүүлжээ.

Италийн “Рома”-гаас Английн “Ливерпүүл”-д очиж, Аваргуудын лигийн аваргын цомыг гардсаны зэрэгцээ 30 жилийн дараагаар Английн аварга болоход нь гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг бол гарцаагүй Мо Салах юм.

Салах бол Египетийн ард түмний баатар нь. Түүний хөрөг зураг хаана л бол хаана зураастай, өлгөөстэй. Египетийн гудамжаар баахан Салахын өмсгөлтэй Салахууд алхаастай. 2018 онд энэ улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоход олон саналын хуудас дээр Салах гэж тодоос тод бичсэн байсан гэнэ лээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.