“Аталанта”-гийн амжилтын үндэс 25 насандаа хөлбөмбөгөө орхисон Перкасси

“Аталанта”-гийн амжилтын үндэс 25 насандаа хөлбөмбөгөө орхисон Перкасси

Италийн төдийгүй дэлхийн хөлбөмбөгт “Аталанта” хэмээх айхавтар их хөрөнгө мөнгө цацдаггүй, алдартай том тоглогчидгүй хэрнээ амжилт гаргаж яваа баг бий.

10 жилийн өмнө Сери В-гээс доош ч унах айдаст автан суусан багийнхан өнөөдөр Аваргуудын лигийн шөвгийн 16-д Испанийн “Реал Мадрид”-тай тулна гээд арга тактикаа  хурцлан сууна.

Өмнөх улиралд тэд Аваргуудын лигийн мөн энэ шатнаас Францын “ПСЖ”-г мулталчих тун дөхсөн. Тоглолтын төсгөлд Парисын багийнхны оруулсан хоёр гоол аминд нь орсон билээ.

Энэ улиралд Аваргуудын лигийн хэсэгт “Ливерпүүл”-тэй нэг хэсэгт багтаж, талбайдаа 0:5-аар хожигдсон хэрнээ талбайд нь очоод 0:2-оор хожчихож дөнгөсөн. Харин Сери А-даа өнөөдрийн байдлаар 7 дугаар байрт явна.

“Аталанта”-гийн амжилтыг дасгалжуулагч Жанпьеро Гасперинитай холбож тайлбарлах нь их. Гэвч амжилтын гол үндэс нь клубын эзэн Антонио Перкасси юм. Эдүгээ 67 настай Перкасси Odissea Srl холдингийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олонд танигдсан нэгэн.

Бергамогоос холгүйхэн орших Клузонэд Перкасси мэндэлжээ. Багаасаа л нутгийнхаа “Аталанта”-г дэмжиж, ирээдүйд хөлбөмбөгч болж, өмсгөлтэй нь тоглохсон гэж мөрөөдөж өссөн байна. Гэхдээ зөвхөн мөрөөдөөд зогсохгүй мөрөөдлөө тэр биелүүлж чадсан юм. Хайртай багийнхаа хамгаалагчаар 131 тоглолтод гарсан нь 1970-1977 онд хамаарна. Төвийн хамгаалагчаар шаггүй амжилттай сайн тоглож байснаа дараа нь “Чезена”-д очиж нэг улирал тоглож үзжээ. Ингээд ердөө 25 насандаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлж, өөр нэгэн хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлсэн байна. Энэ нь амжилттай хөрөнгө оруулагч болох.

Перкасси хөлбөмбөгөөсөө холдож бизнесийн салбарт ажиллаж байх үедээ Benetton Group-ийг үүсгэн байгуулсан Лучано Бенеттонтой танилцаж, нөхөрлөсөн нь түшиг болж өгчээ.

Олон жилийн турш бизнесийн салбарт хичээн ажилласны хүчинд өөрийн гэсэн брэндтэй болж, томоохон компаниудад багагүй хувьцаа эзэмших болов. Forbes хөрөнгийн хэмжээг нь 2 тэрбум ам.доллар гэж тооцсон байна лээ. Италийн толгой баячуудын нэг гэсэн үг.

Амжилттай бизнесмэн боллоо гээд Перкасси дуртай хөлбөмбөг, хайртай баг “Аталанта”-гаа мартсангүй. 1990 онд клубынхээ ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ч амжилт гаргаагүй тул дөрвөн жилийн дараагаар өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.

Гэвч 16 жилийн дараагаар илүү хэрсүү сууж, хөлбөмбөгийн бизнес, амжилтыг хэрхэн босгох тал дээр мэдлэгтэй болсон Перкасси дахин клубынхээ ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Тэр их мөнгө цацаж, үнэтэй алдартай тоглогчид авья гэсэнгүй. Хамгийн эхлээд багаа доод лиг рүү унахвий гэж чичирдэггүй Сери А-гийн хүчтэй дундаж баг болгох зорилт тавьсан байна. Харин хүчтэй дундаж баг болгосны дараагаар аажим аажмаар барьцаа ахиулж, Европын дэвжээ рүү гарья, Сери А-гийн тэргүүн байр руу тэмүүлээд үзье гэсэн алсын бодлого баримталжээ.

Мэдээж, Жанпьеро Гасперини ирсэнээр багийн амжилт эрс сайжирсныг үгүйсгэх аргагүй. 2016/17 оны улиралд лигтээ дөрөвдүгээр байр эзэлж Европа лигийн эрх авлаа. Дараа улиралд нь лигтээ 7 дугаар байрт орсон ч мөн Европын цомын тэмцээнд өрсөлдөх эрхээ авч дөнгөв.

2018/19 онд “Аталанта” улам чангарч лигтээ гуравдугаар байр эзэллээ. Тэдний өмнө сүүлийн жилүүдэд дараалан аварга болж буй “Ювентус”, тэдэнтэй тэнцүүхэн өрсөлдөхийг хичээсэн “Наполи” л бичигдсэн байна. Харин “Интер”, “Милан”, “Рома”, “Лацио” гэх илүү алдартай, ахиу хөрөнгөтэй багууд ард хоцорчээ.

Түрүүн хэлсэнчлэн “Аталанта” одоо Аваргуудын лигийн хэсэгтээ ардаа “Аякс”-ыг үлдээн хоёроор гараад “Реал Мадрид”-тай таарчихаад байна. Баг дотор ямар нэгэн зөрчилдөөн үүсч ахлагч Алехандро Гомес нь өвөл өөр багт очих болсон тухай мэдээ түгж буй ч сүүлийн хэдэн жилийн турш хүчээ хангалттай зузаалсан тэдний хувьд айдгаа авдартаа хийчихсэн гэж хэлж болох биз ээ.

“Аталанта”-гийн амжилтыг зарим хэвлэл гайхамшиг, ид шид гэх мэтээр нэрлэж буй. Тэгвэл тэрхүү ид шидийн дохиуртай эрхэм нь хар багаасаа багаа хайрлаж, түүнийхээ төлөө сэтгэл оюун, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулж буй Антонио Перкасси юм.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.