Америк Пеле буюу Хаан гэж шуугиулаад хаана нь ч хүрээгүй Фредди Аду

Америк Пеле буюу Хаан гэж шуугиулаад хаана нь ч хүрээгүй Фредди Аду

Дэлхийн аваргын “Алтан дагина”-ыг гурвантаа гардаж, хөлбөмбөгчийн замналынхаа туршид 1300 гаруй гоол оруулсан домогт хөлбөмбөгч, Хөлбөмбөгийн хаан тодотголт Пеле 1977 онд замналаа өндөрлүүлэхдээ Америкийн “Нью-Йорк Космос”-т тоглосон юм.

Хоёр Америк тивийн өмнөд нь хөлбөмбөгийн вируст нэвччихсэн бол умард нь хөлбөмбөгийг соккер хэмээн нэрлэж, хөндий зайнаас харилцдаг байлаа. Америкчуудын өөрсдийгөө аугаа гэж ойлгуулах, харуулах, нотлох гэсэн хүсэлтэй нь ч холбоотой биз. Гэвч нэг л өдөр дэлхийн хаан спорт хөлбөмбөг, тэр дундаа Хөлбөмбөгийн Хаан Пеле өөрөө тэдний “Нью-Йорк Космос”-т очин тоглож, олны анхаарлыг татаж, шинэ тивд “хуучин” хөлбөмбөгийг нутагшуулах ажлын эх үүсвэрийг тавьжээ.

Тэр цагаас хойш Америкт хөлбөмбөгийн олон авъяастан төрөн гарч, одоо цагт бүр олширч байгаа билээ. Тухайбал, Италийн “Ювентус”-ын залуухан тоглогч Уэстон Маккенни АНУ-ын Оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдээд удаагүй байна. Үүн дээр Дортмундын Жованни Рейна, “Челси”-гийн Кристиан Пулишич, “Вердер”-ийн Жош Саржент, алдарт Жорж Веагийн хүү АНУ-ын паспорттой Тимоти Веа гээд яривал чамгүй урт нэр хөвөрнө.

Гэвч энэ залуусаас хавьгүй өндрөөр үнэлэгдэж, амжилт огт гаргаагүй байхдаа алдрын оргилд заларч, асар их хүлээлт үүсгэсэн нөхөр бол Фредди Аду юм. Түүнийг хэвлэлийнхэн “Америк Пеле” гэнэ. Америкт пиар, сурталчилгаа хийхийн шидийг үзүүлж, бусад тив, улсад түүнийгээ “борлуулж” дөнгөдөг тул 16 настай Аду тухайн үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөс ч бараг илүү алдартай байлаа.

Харин одоо бол 15 жилийн өмнөх Адуг хэвлэлүүд “итгэл даагаагүй Аду” гэж нэрлэх болжээ. Аду одоо 31 настай. Сүүлийн хоёр жил түүнд тоглох клуб ч олдсонгүй. Мэргэжлийн хөлбөмбөг тоглох итгэл найдвар үгүй болжээ.

Фредди Адуг найман настай байхад гэр бүл нь АНУ-д цагаачлах эрх авсанаар  Ганаас шинэ тивийг зорьсон байна. 2000 онд Италид болсон олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний 14 хүртэлх насны ангилалд тоглохдоо Аду эхний дуулианаа тарьжээ. Тэр тэмцээнд Адугийн баг “Ювентус”, “Лацио”-г хожиж, өөрөө шилдэг мэргэн буучаас гадна шилдэг тоглогчийн шагналыг давхар атгасан байна.

Дөрвөн жилийн дараагаар өнөөх шуугиулдаг хүү 14 нас хүрлээ. “Ди Си Юнайтед” гэрээ байгуулж буйгаа сүртэй зарлаж, Америкийн хөлбөмбөгийн түүхэнд мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээнд хамгийн залуудаа гарын үсэг зурсан тоглогч болов. Тэр жилдээ буюу 14 нас 10 сар 1 хоногтойдоо “Ди Си Юнайтед”-ын бүрэлдэхүүнд багтан “Сан Хосе Эртквейкс”-тэй тоглож дахиад нэг шуугиан.

Ингээд л Америкийн спортын хэвлэлүүд нэг нэгнээсээ урьтан Фредди Адуг тойрсон үлгэрийн баатрын орчинг бүрдүүлж эхэллээ.

“Ийм авъяаслаг хөлбөмбөгч дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд маш цөөн” гэх мэт үгс бол зүгээр жирийн амны уншлага болж байлаа. “Тэр Ганын шигшээдээ тоглох уу эсвэл АНУ-ын шигшээг сонгох уу?” гэдэг асуулттай гарчиг бол зүгээр замын тэмдэг шиг үзэгдэх болжээ.

Ингээд хэвлэлээр баахан мандсан хүү 2006 оны нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын шигшээ багт анхны тоглолтдоо гарсан юм. Канадын шигшээгийн эсрэг тоглолтын 81 дэх минутад сэлгээгээр гарснаар 16 нас 234 хоногтойдоо АНУ-ын шигшээд тоглож, бас л нэгэн дээд амжилт тогтоолоо.

АНУ-ын 17 хүртэлх насны багт 15 тоглолтод гарахдаа 16 гоол, 20 хүртэлх насны багт 33 тоглолтод 16 гоол, мөн дээр нь 20 хүртлээ өсвөрийн гурван ДАШТ-д оролцсон анхны америк хөлбөмбөгч гээд л статистикаар бөмбөгддөг ажлаа Америкчууд хийсээр байв.

2006 онтой золголоо. АНУ-ын шигшээ баг Германд болох ДАШТ-ий эрхээ авчихлаа. Өнөөх Аду нь тоглоод алаад өгөх юм байгаа биз дээ гэсэн бодол Европынхон битгий хэл Азийн бидний тархинд хүртэл шивээстэй байв. Гэтэл ахлах дасгалжуулагч Брюс Арена шигшээ багтаа багтаасангүй. “Ди Си Юнайтед”-д олон тоглолтод гарч чадахгүй байгаа хөлбөмбөгчийг шигшээд авахгүй гэж Арена гүрийлээ. Адугийн зан чанарын асуудлаас шалтгаалаад “Ди Си Юнайтед”-ын дасгалжуулагч түүнийг сургаж өгөхөөр залуучуудын баг руу шилжүүлчихсэн байсан нь ийнхүү Брюс Аренад олз болжээ.

Туулайн чинээ юмыг уулын чинээ болгоод сурталчилчихсан болохоор Английн “Манчестер Юнайтед”, “Челси”-тэй хэвлэлийнхэн нэр холбож эхэллээ. Гэвч наймаа хэлэлцээр хийхдээ тулсангүй.

Фредди Аду Мэжор лигийн Бүх Оддын гэх тоглолтод хоёр удаа шалгарсныхаа дараагаар “Реал Солт Лейк”-т солилцоогоор очоод дараа жил нь Европыг зорилоо. Португалын “Бенфика” Америк Пелегийн төлөө 1.5 сая ам.доллар төлсөн юм. 18 настай хүү Европ тивийг байлдан дагуулах л юм болов.

Аваргуудын лигт тоглож үзлээ. Хэсгийн “Селтик”-тэй хийсэн тоглолтод гарахдаа Аду 18 нас 4 сар 22 хоногтой байлаа гэж хэвлэлүүд мэдээлнэ. Гэвч “Бүргэдүүд”-д гарааны тоглогч болж чадаагүй учир ирэх улиралдаа “Монако” руу зээллэгээр явлаа. “Монако” Адугийн чанарыг ойроос мэдэрснийхээ дараагаар авч үлдэхийг хүссэнгүй. Ингээд эргээд “Бенфика”-д ирсэн ч нэг ч тоглолт гаргасангүй. “Белененсеш”, “Арис”, “Ризеспор” гээд зээллэгээр “хөөж” гарлаа. 2011 оны зун арай гэж чөлөөт агентын хувиар Мэжор лигийн “Филадельфи Унион”-д ирснээр Европ тив дэх тамын жилүүд нь ард хоцорчээ.

Энэ үед түүнийг шигшээд дуудахаа больсон байлаа. Тиймээс 2010 оны ДАШТ-д мөн л оролцсонгүй. Филадельфид замналаа сэргээх гэсэн ч болж өгсөнгүй. Урьдын Америк Пелегээс юу ч үлдээгүй мэт болжээ. Дараагийн таван жилд зургаан клубээр хэсч, дөрвөн улсад тоглолоо. Тэдгээр нь Бразил, Серб, Финлянд тэгснээ эргээд АНУ. Энэ хугацаандаа Аду Англи, Голланд, Норвегийн клубүүдэд шалгуулсан ч тоож харсангүй.

2018 оны гуравдугаар  сард “Лас Вегас Лайтс”-тай гэрээ байгууллаа. Дөнгөж байгуулагдсан шинэ клуб л дээ. 14 тоглолтод гарч нэг гоол оруулснаар дахиад л зам салав. Энэ цагаас хойш Америк Пеле ажилгүй суусаар.

Адугийн бүтэлгүйтлийг аанай л нөгөө баатар болгосон хэвлэлийнхэн тайлбарлахдаа “Өсвөрийн хөлбөмбөгөөс томчуудынх руу хэт хурдан орсон нь буруу болсон” гэж тэмдэглэх нь бий. Магадгүй үнэхээр 14 настай хүү 25-30 насны ид ирэн дээрээ яваа залуустай өрсөлдөхөд сэтгэлзүй, биеийн хүч илт дутсан байхыг үгүйсгэх аргагүй.

Аду хэвлэлд олон ярилцлага өгч, од болохыг хүсэхийн оронд “Ди Си Юнайтед”-ын яхир дасгалжуулагч Петр Новакийн үгийг сонсож, хий гэснийг нь хийсэн бол өдийд ямар явааг таамаглахад бэрх. Ямартай ч тэр Америк Пеле гэж хэвлэлээр мандсан түүхтэй үлдэж байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.