Дербитэй өдрүүд буюу ****-ийн Тауны фанатыг чадсан минь

Дербитэй өдрүүд буюу ****-ийн Тауны фанатыг чадсан минь

Хамгийн тайван хөгжөөн дэмжигчийг хүртэл галзуурдаг нэг зүйл бий. Энэ бол дерби. Энд газарзүйн байршил хамгийн чухал байр суурь эзэлнэ. Ерөөсөө цагийн газар байрладаг өрсөлдөгчтэйгээ тэмцэлдэнэ гэдэг л дерби. Бид улирал бүрий нэг л үгийг байнга амандаа уншиж, хараан зүхдэг ч гэсэн түүнээсээ хэзээ ч уйдаж, залхдаггүй. “Тэр муу новшнуудыг л хожвол цаашид хэрхэх нь огт хамаагүй” гэж бид боддог. Дерби гэдэг бол хамгийн ердийн хөгжөөн дэмжигчийн зүрхэнд болгоомжлол, сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж өгдөг шидтэй. Мэдээж, жинхэнэ дербид цөөхөн тоглолтыг тооцох нь бий. Тухайлбал, Мерсисайд, Манчестерийн дерби мөн “Тоттенхэм”, “Арсенал”, “Вест Хэм”, “Челси”-гийн хоёр хоорондоо таарахад дерби гэж тунхаглана. Гэвч үнэн хэрэгтээ дерби бүр хөгжөөн дэмжигчдийнхээ хувьд асар их ач холбогдолтой тоглолтууд болдог. Магадгүй, томоохон тэмцээний аваргын төлөө өрсөлдөж буй багууд доод дивизионы багуудын өрсөлдөөнийг сонсоод үл ойшоож болох юм. Гэтэл “Бристоль Роверс”-ийн хөгжөөн дэмжигчдээр “Бристоль Сити”-гийнхний эсрэг тоглох нь ердийн зүйл гэж хэлүүлэх гээд үзвэл хэзээ ч бүтэхгүй. Эсвэл “Кардифф”-ынхан “Суонси”-тай, “Кэмбриж”-ийнхнийг “Питерборо”-той тоглохыг энгийн гэж хэлж хэрхэвч болохгүй. Дербигийн үеэр хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн дунд аймшигтай үзэн ядалт бий болдог. Энэ нь өдөр тутмын амьдралд хүртэл илэрнэ. Хэрвээ та дербигийн үеэр үүсдэг энэ бүх асуудлын үнэн эсэхэд эргэлзэж байвал Максуэлл “Оксфорд”, “Ридинг” хоёрыг нийлүүлэх гэсэн оролдлого нь юунд хүргэснийг санахад л хангалттай. Цаасан дээр хоёр багийг нийлүүлчихэж болох ч гэсэн амьдрал дээр хэзээ ч бүтэшгүй зүйл гэдгийг тэгэхэд хэн бүр ойлгосон. Энэ явдал ноён Максуэлл хөгжөөн дэмжигчдийн сэтгэлзүйг огт ойлгодоггүй гэдгийг бэлхнээ харуулсан. Үнэндээ тэр бол багийн бусад эздийн адил үзэл бодолтой нэгэн шүү дээ.

Бид ч хувьдаа дерби гээчийг онцгойгоор хүлээн авдаг. Бидэнд ч бас “Новшийн Таун” хэмээн нэрлэсэн дайсан бий. Уг нь нэр нь “Лутон Таун” л даа. “Шар зөгийнүүд”-ийнхээ төлөө олон жилийн турш тэмцэж ирсний хувьд бидний мэдэрдэг бүхнийг бусад дербигийн үеэр өөр багийн хөгжөөн дэмжигчид ч мэдэрдэг гэдгийг би ойлгож авсан юм.

“Лутон”-ыг санагдуулсан бүх зүйлийг бид үзэн яддаг. Тэдний бэлэг тэмдгээс өгсүүлээд. Тэдний гажиг стадион, тоглогчид, эсвэл тэнэг дасгалжуулагчийнх нь нэрийг хэлэхэд бид ихэд бухимддаг. Тэдний дасгалжуулагч хэн ч байсан хамаагүй тэр бол адгийн новш. Мөн тэр багийг дэмждэг мэдрэл муутай хүмүүсийг харахаар огиудас хүрдэг. Үнэндээ долоо хоногийн сүүлч бүрт тэдний тоглолтын үзэж сууна гэдэг галзуурч, солиормоор зүйл. Мөн тэдний бэлэг тэмдэг, элдэв өмсгөл бүхий спорт барааны дэлгүүрийн үүдээр бид алхдаггүй. Азаар тиймэрхүү дэлгүүр цөөхөн хэрнээ хол байдаг юм. Тэднийг ивээн тэтгэдэг фирм, компанийн бараа бүтээгдэхүүнд бид гар ч хүрдэггүй.

Азаар тэдний тоглолтыг телевизээр ч цөөхөн үзүүлдэг. Тэднийг ямар ч багтай тоглосон бид үздэггүй. Харин дүнг нь хараад хожигдсон байвал гутамшиг болж, гоол алдсаныг нь бахдалтай аргагүй үздэг. Мэдээж, зөвхөн бид ийм биш ээ. Манай нэг найз далбаа, элдэв баннерын худалдаа эрхэлж, ашиг сайтай байж. Гэтэл нэг дүүрчихсэн тэнэг амьтан утсаар залгаж, цэнхэр-цагаан-улбар шар өнгийн далбаа захиалж гэнэ. Мэдээж, тэр амьтанд найз маань байж болох хамгийн муу муухай үгсийн цуглуулыг “бэлэглээд”, утсаа чулуудсан гэдэг. Бид тэднийгн тухай нэг л зүйлийг сонсохыг хүсдэг. Энэ бол тэд ээлжит тоглолтдоо хожигдож, лигийн жагсаалтад биднээс доогуур бичигдэх. Тэгээд ч бид тэднийг түлхүү хождог нь яамай даа. Өөрөөр хэлбэл, “Бид Лутоныг үзэн яднам”, “Бид Лутоныг үлдэн хөөнөм” хэмээх үгсээр өөрсдийгөө цэнэглэдэг нь бидний чин сэтгэлийн дуулал юм. Заримдаа багийнхан маань бидний энэ үзлийн тухай дуулаад яах бол гэж гайхдаг. Ихэнх хөлбөмбөгчдийн хувьд баг бол ажлын түр зуурын байр төдий гэдгийг би дээр дурьдсан. Тэд гэрээгээ дуусгаад л яваад өгдөг. Үүнийг яах ч аргагүй. Хөлбөмбөгчид мөнгө төлж буй хүмүүсийнхээ төлөө буюу манай багийн төлөө тоглож буйг бид мэддэг. Гэхдээ бид манай багаас дайсан руу одсон хөлбөмбөгчийг хэзээ ч уучлахгүй бас хэзээ ч ойлгохгүй. Тэд яаж тэгж чадаж байна вэ? Саявтархан “Уотфорд”-ын хөгжөөн дэмжигчид дотор “Новшийн Таун”-ы довтлогч байсан нэгнийг авах гэж буй тухай цуу дэгдлээ. Үүнийг дуулсан хөгжөөн дэмжигчид багийг нураачих дөхсөн. Бид хэзээ ч ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр тоглогч манай багт сая жил тоглолоо ч бид хэзээ ч дэмжихгүй. Учир нь бид түүнд хэзээ ч итгэхгүй. Багтаа үнэнч сэтгэл зөвхөн хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд л цохилж байдаг. Харин өстөн дайснаа үзэн ядах сэтгэл тэрхүү зүрхний чанадад булгилж байдаг юм.

Дербигийн хамгийн шинж бол хүчирхийлэл. Дербиг элдэв хүчирхийлэл, зөрчилдөөнгүй өнгөрч байсныг ч би санадаггүй. Багийн удирдлага, цагдаагийн байгууллага дербигийн өмнө хэвлэл мэдээллээр хөгжөөн дэмжигчдэд удаа дараалан анхааруулга хүргэж, тайвршуулахыг хичээдэг ч амжилт олдоггүй. Учир нь ихэнх хөгжөөн дэмжигчдийн хувьд дерби дэндүү чухал зүйл. Мерсисайдад өнөө цагт улаан, хөх өмсгөлтэй хүмүүс зэрэгцээд тайван зогсож болдог байж. Гэвч манай багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд болон бусад ихэнх багийн үнэнч шүтэн хорхойтнуудын хувьд дерби гэдэг бол дууссаных нь дараа л тайвширч болох ассан там юм. Хөлбөмбөг бол он цагийн эрхээр янз бүрийн уламжлал тогтоож болдог эд. Жишээ нь, шигшээ багийн тоглолт юмуу цомын аваргын төлөөх тоглолт “Уэмбли” болдог уламжлал тогтоод байна. Гэвч үүнээс хавьгүй өмнө, бүхний түрүүнд дербигийн үзэн ядалт үүссэн гэж хэлж болно. Дербигийн үеэр багийнх нь тоглогч гоол оруулбал энэ нь хамгийн сайхан амралт, хамгийн сайхан баяр болдог. Хэдийгээр энэ нь тийм таатай санагдахгүй байж болох ч гэсэн үнэхээр маргашгүй үнэн юм. “Уотфорд”-ын хөгжөөн дэмжигчдийн хувьд өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан гоол гэдэг дэндүү үнэтэй зүйл. Учир нь бид тэдэнтэй тоглохдоо ихэвчлэн азгүйтдэг. Бид лигт тэднээс олон байрын өмнө явлаа ч гэсэн хэзээ ч хожиж чадахгүй юм шиг сэтгэгдэл бүр тогтчихсон. Талбайдаа юмуу талбайд нь тоглох хамаагүй. Тэдний эсрэг хийсэн тоглолт бүр хүнд, азгүй явдал дагуулдаг бид тэсэрч уурлан, хүчирхийлэл үйлдэхээс өөр аргагүйд хүрдэг юм. Тэдэнд хожигдвол бид бүтэн улирлын турш бухимдаж, үзэн ядалт минь улам буцалдаг.

“Уотфорд”-ын хөгжөөн дэмжигчийн зүрхэнд явдаг үзэн ядалт, хилэнг дараахь хоёр өгүүллээр илэрхийлье гэж бодлоо. Энэ хоёр түүх инээдтэй. Мэдээж, бид илүү хүнд, таагүй зүйл нийтлэхээс цэрвэсэн юм. “Лутон”-ы хөгжөөн дэмжигчдийн зүгээс ч бидэнд номд оруулахын аргагүй үгс бичиж ирүүлсэн тал бий. Тэднийг илгээсэн материалыг оруулаагүй нь уур бухимдлыг нь төрүүлсэн бол сайн хэрэг.

Дөхүүлж өгсөн нь

Дээр үеддээ, 1983 он юмуу даа, би өөрийнхөө бахархал болсон “Форд”-оороо нисч явлаа. Төмөр хүлэгт маань зургаан хүн өлхөн орчихно. Манай багийнхан зочлон тоглоход бид машиндаа чихээд очдог байв. Миний бодлоор бид 20 тоглолтод лав тэр хүлгээрээ очсон юмдаг. Ингэж явахдаа би хожим олон удаа бах тав болгон ярьсан нэгэн явдалтай тулгарсан юм. Би энэ түүхийг хэзээ ч мартахгүй, учир нь дэндүү хөгжилтэй.

“Ноттс Каунти”-гийн эсрэг тоглолтыг үзэхээр бид явж байлаа. Тавуулхнаа явсан болохоор машин нэг л зайтай оргиод болдоггүй. Бид замдаа багийнхаа нэг хөгжөөн дэмжигчийг дайчихья гэж бодож явтал “Новшийн Таун”-ын хөгжөөн дэмжигч хуруугаа гозойлгоод зогсож байна. Бид нар баярласандаа нүдэндээ ч итгэсэнгүй. Сайхан зүүдний биелэл л ийм байдаг байх. Бид зогстол мань эр “Залуус аа, та нар Лутон руу явж байна уу?” гэдэг байгаа. “Мэдээж” гэж бид хариулаад “Суу суу, бид чамайг Арндейл дөхүүлээд өгье” гэлээ. Арндейл гэдэг нь тэдний стадионоо гэж нэрлэдэг саравчнаас холгүйхэн байдаг худалдааны төв л дөө.

Тэгсэн өнөөх мал чинь хичнээн их баярлав аа. “Би таван минут ч хүлээсэнгүй шүү. Баярлалаа, залуус аа. Та нар тоглолт бүрийг үздэг үү?” гэж аальгүйтэж байна, тэнэг чинь. Тэр хүнэнцэр 17 юмуу 18 настай л болов уу. Ямартай ч амьдралыг бүрэн ойлготлоо өдий л амьтан байсан. Тэр ам хамхилгүй чалчиж, бид хариу толгой дохиод яваад байлаа. Бид хэд яаж инээд алдчихалгүй тэсээд байсан юм, бүү мэд. Гэтэл биднийг Лутон руу нь эргэлгүй, хурдтай давхиад өнгөрмөгц мань эр байдал бишдсэнийг ойлгож эхлэх шиг боллоо. Нөгөө үглээд, чалчаад байсан ам нь авиа ч гарахаа болив. Тэгснээ “Та нар Лутон руу явж байгаа биз дээ?” гэж шивнэх төдий асуулаа. “Жаал минь, бид жилдээ нэг удаа Лутон руу явдаг юм. “Уотфорд” маань тэнд тоглох өдөр л. Харин чи өнөөдөр бидэнтэй хамт “шар зөгийнүүд”-ийн тоглолтыг үзэх хувьтай юм байна. Тэгэхээр чичрээд байлгүй, тайван сууж хайрла” гэж хариу өчлөө. Түүний нүүр гэнэт улаан чавга шиг болчихлоо. Тоглолт үзэхээсээ өнгөрснөөс гадна огт танихгүй залуустай үл мэдэх газар руу явж буйгаа ойлгосон байх. Мөн хамгийн гол нь өөрөө юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрсэн биз. Ингээд бүтэн цагийн турш тэр багийг нь хэрхэн үзэн яддаг тухай, мангар тоглогчид, тэнэг дасгалжуулагчийг нь муулсан үгсийг сонсон сууж билээ. Бид Ноттингемт очмогцоо өнөөхийг буулгаад дурсгал болгон ороолтыг нь авсан юм. “Та нар намайг буцаад хүргээд өгөхгүй юм уу?” гэж тэр хамгийн сүүлд асууж билээ. Энэ тэнэг асуулт арван жилийн дараа ч гэсэн инээдийг минь байнга хүргэдэг. Бид түүнийг Ноттингемд аваачаад хаячихсан юм. Тэр амьтан яаж гэртээ харьсныг ч бүү мэд. Ер нь тэр харьсан эсэх нь ч хамаа алга. Үнэндээ энэ бол миний хөлбөмбөгтэй холбоотой түүхүүдээс хамгийн хөгжилтэй нь. Түүнийг буулгаад давхин одоход үлдэж хоцорсон царайг нь санахаар сонгодог зохиол шиг санагддаг юм.

/Дуги Бримсоны “Хөлбөмбөгийн хөшигний ард дахь хүчирхийлэл” номын хэсгээс орчуулснаа оруулав/.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.