Анчелоттигийн “Эвертон” дахь нэг жил ба өөрчлөлтүүд

Анчелоттигийн “Эвертон” дахь нэг жил ба өөрчлөлтүүд

Хөлбөмбөгийн хорхойтнууддаа Дон Карло хэмээх Карло Анчелоттигийн Английн “Эвертон”-д ирсэнээс хойшхи үйл явдлууд, өрнөл, шийдлүүдийн тухай өгүүлье.

2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд Карло Анчелотти албан ёсоор “Эвертон”-ы ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Тэгэхэд баг нь 15 дугаарт байрт бичигдэж байлаа. Дээшээ өрсөлдөх биш доошоо унахгүйн төлөө хичээж байсан багт Анчелотти л ирэхгүй бол аврахад амаргүй болчихсон үе.

Үүнээс хойш 12 сар гаруйн хугацаа өнгөрөхөд “Эвертон” өнөөдрийн байдлаар лигтээ 7 дугаар байрт явна. Энэ улиралд Премьер лигийн багуудын оноо ойрхон, өрсөлдөөн ширүүн мөн таамаглашгүй үр дүн удаа дараалан таарч тул хэд дараалсан хожил л “Эвертон”-ыг лигийн эхний гурав руу хүргэчихээд байгаа билээ.

“Эвертон”-ы эзэн Фарад Мошири 2017 онд “Байерн Мюнхен”-ээс явахад нь Дон Карлог урьж үзжээ. Гэвч тухайн үед эелдгээр татгалзсан байна. Харин хоёр жилийн дараагаар хоёр дахь удаагаа урихдаа эхлээд утсаар холбогдож, Герман болон Лондонд хоёр ч удаа биечлэн уулзжээ. Анчелотти яриаг нь анхааралтай сонссоныхоо дараагаар Моширигийн хүсэл тэмүүлэл, илэн далангүй байдлыг үнэлж саналыг хүлээн авчээ.

“Шинэ, амжилттай төсөлд оролцох хүсэл төрүүлтэл хүсэл эрмэлзлэлээ хэлж ярьсан нь их таалагдсан. Тэгээд ч Премьер лигт буцан очих хүсэл Анчелоттид байсан юм билээ” хэмээн ойрын гэх эх сурвалж өгүүлжээ.

“Эвертон”-д Карлогийн туслахаар хүү Давиде нь ажилладаг. “Үнэндээ бид ирэхдээ багаа бүрэн судлаагүй байлаа. Хөлбөмбөгчдийн нэр, тоглолтын түвшинг багцаалах ч гэсэн 21-хэн хоногийн өмнө өөр багт ажиллаж байсан болохоор нарийн мэдэх юм бага байсан. Тиймээс эхний сар хагасын хугацаанд дүгнэлт хийх, төлөвлөгөө гаргах зэрэгт ихэнх цагаа зарцуулсан. Бид хагас хамгаалалтад хүч нэмэх гарцаагүй хэрэгцээ байна гэж үзсэн. Бэн Годфри, Хамес Родригес нарын хөлбөмбөгчид багийг илүү хүчтэй болгоно гэж тооцсон. Тэгээд ч Премьер лигт гэмтэл бэртлээс хол байх боломжгүй шүү дээ. Тиймээс багийн сэлгээний сандал урт байх ёстой. Нэг нь гэмтэхэд нөгөө нь туслахад бэлэн байх ёстой” хэмээн Давиде өгүүлжээ.

Өмнөх дасгалжуулагч Марко Силва давгүй сайн мэргэжилтэн ч гэлээ Карло Анчелоттигийн туршлага, тайван зан чанарын дэргэд аргагүй балчирдана. Тэгээд ч Карлогийн хүү Давидегийн хөлбөмбөгийн мэдлэг, мэдрэмж сайтайг нь фанатууд удалгүй үнэлж эхэлжээ.

“Давиде тактиктаа их мундаг. Хөлбөмбөгийн мэдлэг их сайтай болохоор Карло хүүдээ эргэлзэлгүй итгэдэг юм. Давиде хөлбөмбөгчидтэй хамт суугаад тоглолтын бичлэгт дүгнэлт хийдэг. Хамгаалагчдад хаанаас бөмбөг ирж, аюул учруулж буйг зааж өгдөг. Тухайн тохиолдолд хэн буруутай, хэн буруугүйг шулуухан нүүрэн дээр нь хэлчихнэ. Алдаа гаргасан тоглогчийг зэмлэлээ гэхэд зөвхөн хөлбөмбөгийн талыг л барьж ярьдаг” ажээ.

Анчелотти хэд хэдэн хувилбар туршиж үзсэн юм. 4-3-3, 3-4-3 тэгээд 4-4-2. Эхэндээ Данкан Фергюсоны системийг хөндөлгүй, түүгээр нь явуулж үзсэн.

Карлогийн хувьд хөлбөмбөг бол өөрийнхөө үзэл бодол, хувилбарыг бусдад шууд тулгах явдал биш. Тэр өрсөлдөгчөөсөө хамаарч уян хатан байдлаар ажилладаг. “Вест Бромвич”-ийг хожсон тактикаар “Челси”-тэй тоглож болохгүйг тэр сайн мэднэ. Тиймээс ч тоглолтын шинж чанар, өрсөлдөгчөөс хамаарч, хувилбар, тактикаа маш сайн өөрчилж чаддаг уян хатан мэргэжилтэн юм.

Анчелоттигийн гол ажил нь хамгаалалтын цоорхойг бөглөх байлаа. 10 тоглолт дараалан гоол алдсан тул үүн дээр ажиллахаас өөр аргагүй. Ингээд 3-4-3 биш дөрвөн хамгаалагчтай хувилбар руу шилжиж байж сая хамгаалалтын алдаа засагдана гэж үзсэн юм. Шинэ хувилбарын дагуу Мэйсон Холгэйт, Бэн Годфри нартайгаар тоглоход довтолгоо тийм их эрч хүчтэй, түрэмгий биш ч гэлээ гоол алдахгүй байх гол даалгавраа гүйцэтгэх боломжтой гэж тооцжээ.

“Хөлбөмбөгчдийнхөө ачаар бид стратегиа өөрчлөх боломжтой болсон. Хамес Родригес, Люк Динь, Андре Гомеш нарын зэрэг хөлбөмбөгчид байхад тэдэнд бөмбөг өгдөг хүн байх ёстой. Хэрвээ тэд тоглох боломжгүй бол стратегиа дахиад өөрчлөх ёстой болно. Одоо бид биеийн хүчний хувьд өмнөхөөсөө илүү сайжирсан. Стандарт, сөрөг довтолгоог тусгай мэргэжилтэн удирдан ажиллаж байна” хэмээн Давиде ярьжээ.

Анчелотти ирсэнээр хөлбөмбөгчид багт дархалсан тоглогч байхгүй гэдгийг ойлгосон. Хэд хэдэн алдаа дараалж гаргавал сэлгээнд сууна. Мөн формдоо орж чадахгүй бол шууд л сандал руу. Тэрнээс дархалсан хэдэн хөлбөмбөгч формдоо орсон ороогүй байнга гараанд хадаатай байдаг цаг өнгөрсөн. Анчелотти хамгийн сайн формтой, хамгийн их хичээж буйг нь талбайд гаргана гэдгийг залуустаа бүрэн ойлгуулжээ. Тиймээс урьдын гавъяа, нэр хүнд гараанд нөлөөлөхөө больсон нь “Эвертон”-ы өөрчлөлтийн бас нэг шинэ тал.

“Эвертон”-д өмнө нь олон дасгалжуулагч ажиллаж, янз бүрийн дүнд хүрч байлаа. Сүүлийн жишээ гэхэд л Марко Силва. Маркогийн хандлага, тактикт залуу хөлбөмбөгчид хүртэл эргэлзэж, эвгүй асуултууд тавих нь элбэг байж. Харин Карло ирсэнээр тэд тийм зан гаргаж чадахаа больсон. Карло бол дэлхийн шилдгийн шилдгүүдтэй ажиллаад сурчихсан, өөрөө дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тоглогч байсан хүн. Тиймээс ч “Эвертон”-оос явья гэсэн бодолтой байсан Доминик Кэлверт-Льюин, Мэйсон Холгэйт нарын зэрэг залуус бодлоо орхиж, Карлогоос ихийг сурья гэж тэмүүлэх болжээ.

Залуусыгаа шигшээ багтаа тоглохоор очиход Карло онлайнаар холбогдож, хэрэг ажлыг нь асууж, санаа тавьдаг гэнэ. 61 настай эрхмийг орчин цагийн дэвшилтэт технологийг залуу хүн шиг зоргоороо эзэмшиж буйг хараад хөлбөмбөгчид нь ч дуртай байдаг аж.

Тэр өөрийгөө ахмад хүн гэж боддоггүй. 61 настай гэж хойш суулгүй FaceTime-аар залуу тоглогчидтойгоо холбогдож, дүрсээ харж ярилцдаг. Ингээд яриад байхаар хөлбөмбөгч бүр өөрийгөө багийнхаа маш чухал эд хэсэг гэдгийг мэдрэлгүй яахав. Мөн Карло залуусынхаа гэр бүлийн жижиг сажиг асуудлыг андахгүй мэдэж, тэр тал дээр ч санаа тавьдаг ажээ.

Карлогийн ойр дотныхны хэлж буйгаар бол “Эвертон” түүний гэр бүл болж амжжээ. Мерсисайдын гүнгийн нутгийн Сефтон дүүргийн Кросбид Анчелоттигийнх төвхнөсөн. Завтай үедээ ойр хавиараа дугуйтай зугаална. Заримдаа эхнэр Марианнтайгаа алхана. Дуртай ресторан нь Ливерпүүл хотын төвд орших “IL Forno”. Тэнд байнга очдог болохоор ажилтнууд нь ч андахгүй. Дон Карлог тус ресторан тусгай хаалгаараа угтаж, тусгай өрөө хүртэл бэлдсэн байна.

Эхний сардаа Дон Карло Ливерпүүл хотын домог, түүх, соёл, ёс заншлыг ихэд сонирхон судалжээ. 2024 онд гэрээ нь дуусгавар болоход Ливерпүүл хотын ойролцоо амьдрахаас ч буцахгүй гэдгээ тэр аль хэдийнэ хэлчихсэн.

“Бид энд жаргалтай байгаа. Өмнөх улирлыг бодвол урагшаа нэг алхчихлаа. Шинэ тоглогчид маань их дэм болж байна. Бэлтгэл маань ч сайжирсан. Хамгийн гол нь одоо тогтвортой сайн тоглох. Тэгж чадвал хүснэгтийн дээгүүр байх болно. Дараа нь багийнхаа хүчийг илүү нэмж, бэлтгэлээ илүү үр ашигтай болгохыг хичээнэ. Бид өрсөлдөгчөөсөө муу байхыг хүсэхгүй. Үүний тулд нэг газраа зогсоод байлгүй урагшлах, сайжрах ёстой” гэж Давиде өгүүлжээ.

“Челси”, “Лестер”, “Арсенал”-ыг хожсон тоглолтууд нь “Эвертон”-ы улам хүчирхэг болсоор буйг харуулсан. Том багуудыг хожиж чадна гэдгээ харуулсан ч хамгийн гол нь түрүүн хэлсэнчлэн тогтвортой сайн тоглох чадвар одоо хамгийн чухал болжээ.

“Хэрвээ бид сайн хөдөлмөрлөж чадвал ирэх улиралд Европын цомд өрсөлдөнө. Харин түүний дараа түүнээс ч дээгүүр өрсөлдөх болно” хэмээн Давиде өгүүлсэн байна.

Р.Гэгээ

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.