Я.Содбаатар: Вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна

Я.Содбаатар: Вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна

Монгол Улсад коронавирусний вакцин энэ оны эхний улиралд багтан орж ирэх бөгөөд, вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Учир нь дэлхийн олон орон вакцин хийлгэсэн хүнийг л хилээр нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гаргах магадлалтай байгаа юм байна. Тиймээс вакцин хийлгэсэн тухай мэдээллийг иргэний бүртгэл, гадаад паспорттой нь уялдуулах шаардлага үүснэ гэдгийг тэрбээр онцлов.

Шадар сайд Я.Содбаатар: Манай улс дархлаажуулалтын хуультай. Энэ хуулиар сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийдэг. Манай улсын вакцинжуулалтын горим, дэглэм, дэд бүтэц харьцангуй сайн улсын тоонд ордог. Хүйтэн хэлхээ 0-8 градус буюу дэлхийн хэмжээнд гараад байгаа 6-7 вакцины гурвыг нь шууд хүлээж авах боломжтой. Баруунд хамгийн их хэрэглэж байгаа Pfizеr, Moderna компанийн вакцинуудын нэг нь -20, нөгөө нь -70 градуст хадгалах горимтой. Манай улсад -70 градусын горимд вакцин хадгалах хөргүүрийн нөөц байгаа. Үүнийг судалж байна. 

Эхний ээлжинд вакцинд хамрагдах 10 мянган хүнийг нэр усаар нь, цаашид вакцинжуулах хүмүүсийг салбар байршлаар нь тодорхой болгохоор ажиллаж байна. Мөн вакцины дэд бүтцэд үнэлгээ өгч байгаа. Манай улсад байгаа вакцины хөргүүрийн хэд нь ажиллаж байна, хэдийг нь шинэчлэх вэ гэдгийг тогтооно. ХӨСҮТ, Био комбинатад байдаг вакцин хадгалах зориулалттай газруудад хэдэн вакцин хадгалах боломжтойг судалж байгаа. Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл явагдана. Дэлхийн улс орнууд хилээр нэвтрэх хөдөлгөөнөө вакцинтай холбож явах нь. Тиймээс манай улс ч гэсэн вакцин хийлгэсэн хүмүүсийг иргэний бүртгэл, гадаад паспорттой нь уях шаардлагатай. Магадгүй 2021 оны сүүлийн хагаст вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтрүүлнэ гэдэг улс орнуудын шийдвэр гарах байх. Вакциныг хоёр тунгаар хийнэ. ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг Монгол Улс үндэсний бүртгэлдээ бүртгэж байж хилээр оруулж ирэх эрх нь нээгдэнэ. Хувийн хэвшлүүдийг үүн дээр хамтарч ажиллах байх гэж бодож байна. Одоогоор энэ бүх бэлтгэл ажлууд хангагдаж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.