Диего Костад юу тохиолдов?

Диего Костад юу тохиолдов?

“Багийнхантайгаа эргээд хамт талбайд гарах боломж олдсонд би чин сэтгэлээсээ баярлаж байна” хэмээн Диего Коста хэдхэн хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд Movistar Plus сувагт өгсөн бичил ярилцлагадаа бахархалтайгаар мэдэгдэж байв.

“Амьдрал амаргүй эд. Гэхдээ би үргэлж урагшлах хүч тэнхээтэй байж чаддаг. Тийм ээ, надад хэцүү үе зөндөө таарсан. Гэвч сэтгэлийн тэнхээтэй байгаа цагтаа тэмцэх л болно. Би өөрийгөө аливаа зүйлд үргэлж 100 хувь бүрэн зориулдаг” хэмээн “Эльче”-д гоол оруулчихаад “Атлетико Мадрид” Ла лигийн магнайд гарч ирэхэд Диего Коста мэдэгдсэн нь саяхан.

Диего Коста зүтгэн адран байж “Челси”-гээс “Атлетико Мадрид”-д буцан ирэхэд багийнхан нь ч, өөрөө ч үнэхээр их баяртай байсан мөчийг хөлбөмбөгийн хорхойтнууд мартаагүй нь лав. Түүнийг буцаан авахын тулд “Атлетико Мадрид” багагүй мөнгө буюу 60 сая евро гаргасан. Тухайн үед Диего Коста хөлбөмбөг тоглох эрхээ бас хэдэн сараар хасуулчихсан байсныг санавал Мадридын баг түүний төлөө байдгаа шавхаж, сэтгэл гаргасан нь ойлгомжтой харагддаг.

Эргээд очсон даруйдаа Диего Коста онцгой сайн байлаа. Урьдынхаасаа ч илүү болчихсон мэт сэтгэгдэл төрүүлсэн. Амжилтын оргил нь Европын Супер цомын тоглолтод оруулсан гоол нь болж, үнэхээр хүчтэй байлаа. Энэ бол түүний хөлбөмбөгчийн замналын хамгийн шилдэг агшин гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Харин үүнээс хойш ямар нэгэн саад тотгор ээлжлэн таарах болов. Гэмтэл бэртэл гээд юу эс тохиолдсон гэхэв. Эдгээд тоглох гэхээр л дахиад өөр нэг гэмтэл авчихна. Энэ мэтээр үргэлжлэх тусам өөрт нь ч, мөн багт нь ч төвөгтэй, хэцүү болж ирлээ. Арай ядан талбайдаа буцан гараад гялалзах гэтэл шүүгч түүнд улаан хуудас өгөхөөр нь уурлаж бухимдсандаа болчимгүй үйлдэл хийгээд найман тоглолтоор торгуулчихлаа.

Үүгээр дууссангүй ээ. Болчимгүй зантай дэггүй довтлогчоо Мадридын клуб ч сургаж өгөхөөр шийдэн шийтгэл ногдуулсанд нэмж гомдов. Гомдсондоо болоод бэлтгэлээ тасалж эхэллээ. Тэр өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч фанатуудын хувьд Диего Коста өндөр үнэлэгдэхээ больж, явуулсан ч яахав гэх бодол гүн бат сууж эхэлсэн юм. Гялалзахаа больсон адайр ааштай эрд жилийн 8.5 сая еврогийн цалин өгөхийг гүйцэтгэх захирал Мигель Анхель Хиль ч хүсэхээ болилоо.

Ингээд нэг л өдөр хоёр тийш болох мөчийг хоёр тал хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй. 2019 оны өвөл Хятадын нэгэн клуб өндөр үнэ төлж, татгалзахааргүй цалингаар оосорлоод яг авдгийн даваан дээр өмнөд хөршийн хөлбөмбөгийн лиг дэх легионеруудын бодлого гэнэт өөрчлөгдсөнөөр наймаа бүтсэнгүй.

Зун нь “Атлетико Мадрид” уругвай довтлогч Эдинсон Каваниг авахыг хүссэн ч Диего Костаг заавал эхэлж зарах шаардлага тулгарсан тул наймаа бүтсэнгүй. Энэ мэтээр багтаа тээр саад болж эхэллээ.

Ахлах дасгалжуулагч яахав хэвлэлийнхний өмнө довтлогчоо өмгөөлж, магтаж үг хэлнэ. “Диего үлдээсэй, байнга тоглоосой гэж би хүсдэг. Тэр яг амжилт гаргадаг насан дээрээ явна. Би түүнд бүрэн итгэдэг” гэх мэтээр Диего Симеоне уянгын халилтай үгсээ хэвлэлээр урсгана.  Энэ бол 2019 оны хавар юм л даа.

Гэвч “үргэлж” тоглоход нь “байнгын” гэмтэл саад болсоор байлаа. Диего Симеоне ч итгэж буйгаа харуулж, Аваргуудын лигийн шөвгийн наймын “РБ Лейпциг”-тэй хийх чухал тоглолтод гараанд гаргаж үзлээ. Үүнд нь эгдүүцсэн Альваро Мората “Ювентус”-аас явахаар эргэлт буцалтгүй шийдсэн ч гэдэг.

Гэтэл өнгөрсөн зун “Атлетико Мадрид” Луис Суаресийг “Барселона”-гаас аваад ирэх нь тэр. Суарес ирмэгцээ иртэй, догшин чигээрээ гэдгээ харуулж, гоолыг угсруулж эхлэв. “Нэг нь хаздаг, нөгөө нь нударгалдаг хоёр нэг багт тоглоно гэдэг янзын юм тэ” хэмээн Диего Коста хоёулаа гоол оруулсан тоглолтын дараа мушилзан өгүүллээ. “Манай багт Луис байгаа нь азтай хэрэг. Ийм тоглогчийг “Барселона” яагаад явуулсныг ойлгох ч юм алга” хэмээн мөн нэмж өгүүлэхдээ тэр инээмсэглэж байсан ч аажимдаа нөхцөл байдлын улмаас инээмсэглэл нүүрнээс нь арилахад хүрсэн юм.

Удалгүй Диего Коста өөрийнхөө жинхэнэ бодлыг дэлгэлээ. “Би юу хүсч буйгаа клубын удирдлагад тодорхой хэлсэн. Намайг зарах гэж байгаа тухай сонслоо. Би гарааны эрхийн төлөө тэмцмээр байна. Гэхдээ зарья гэж байгаа бол буянаараа болно биз. Бүр зээллэгээр ч явсан яахав дээ. Надад мөнгөө л төлж байвал барав. Ер нь товчхондоо бол миний хувь заяа тэдний гарт” гэж мэдэгдлээ. Иймэрхүү мэдэгдлийнхээ дараагаар гарааны эрхийн төлөө тэмцэх гэсэн ч дахиад гэмтчихэв. Ийм тохиолдолд Луис Суарес гарааны довтлогчоор дархлагдахаас аргагүй. “Диего бол манай орлуулшгүй тоглогч” гэж Диего Симеоне магтаалын үг дайсаар байсан ч ажил хэрэг дээр яг эсрэгээр эргэж байлаа. Залуу довтлогч Анхель Корреа, Маркос Льоренте хоёрт Диего Симеоне бүрэн итгэж найдахад хэцүү тул хашир туршлагатай Луис Суарес гарааны довтлогч боллоо. Тэгж байтал бас “Наполи”-гоос Аркадиуш Миликийг авах тухай яриа гарч эхлэв.

2020 оны арванхоёрдугаар сарын 26-нд “Атлетико”-гийнхон бүлээрээ цуглахад ямар нэгэн асуудал гэхээр зүйл анзаарагдсангүй. Харин маргааш нь бэлтгэл дээр Диего Коста харагдсангүй. Яагаад харагдаагүй гэхээр яг тэр өдөр өмгөөлөгчтэйгээ уулзаж, клубтэй гэрээгээ цуцлах тухай ярилцсан юм билээ.

Болж буй үйл явдлыг Диего Симеоне мэдэхийн дээдээр мэдэж байсан ч энэ удаад хэрэг явдалд оролцохгүй нь дээр гэж үзжээ. “Атлетико Мадрид”-ын удирдлага ч гэрээ цуцлахад дуртай байлаа. Диего Костаг явуулна гэдэг гэрээний дагуу үлдсэн хугацаанд төлөх ёстой 30 сая еврогоо хэмнэнэ гэсэн үг. Гэхдээ бас гэнэн хонгор зангаар гуяа алгадаад явуулчихья гэсэнгүй. Ла лигийн юмуу эсвэл Аваргуудын лигт оролцож буй багт очвол тэр багаас нь 15 сая евро авна гэж Мадридынхан гэрээ цуцлахдаа тусгаж өгчээ. Энэ нь “Барселона”-гаас Луис Суарес өөрсдөд нь ирсэн шиг явдлыг давтуулахгүй гэсэн “муу санаа” байлаа.

Ийнхүү Диего Коста чөлөөт агент боллоо. Түүнд тулгасан болзол бий ч гэлээ олдсон боломж өчнөөн олон. Одоо хүссэн багтайгаа дураараа очих эрхтэй. Бразил, Хятад, Саудын Араб мөн Английн Премьер лигийн багууд ч эргүүлдэж буй сурагтай.

Нэг л зүйл их тодорхой байгаа нь энэ өвлийн наймааны цонхоор Диего Коста шиг өндөр зэрэглэлийн довтлогчийг үнэгүй авна гэдэг өөрөө их аз завшаан юм.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.