14-тэйдээ хүүхдээ алдсан ч амьдралд бууж өгөөгүй Опра Уинфри

14-тэйдээ хүүхдээ алдсан ч амьдралд бууж өгөөгүй Опра Уинфри

Дэлхийн түүхэнд хар арьст эмэгтэйчүүдээс хамгийн түрүүлж тэрбумтан болсон хүн бол Опра Уинфри. Одоо түүний хөрөнгийн хэмжээг Forbes тооцон гаргахдаа дөрвөн тэрбум ам.доллар гэж цохон тэмдэглэжээ.

“Опра Уинфригийн шоу” нэвтрүүлэг 2011 онд хаагдсан ч одоо хүртэл тэрбээр АНУ-ын хамгийн баян мөн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн магнайд нэрлэгдсээр байна.

Хэвлэлийн том компанийн эзэн, шоу бизнесийн нөлөө бүхий нэгэн болохдоо Опра дардан зам туулаагүй. Тэрбээр ядуу харь арьст охины үзэж болох бүхнийг үзэж, шаналж зовж болох бүхнийг туулсан намтартай. Гэхдээ дэндүү эрт үзсэн зовлон, хэт эрт мэдэрсэн амьдралын хар тал нь илүү хүчтэй, илүү шийдэмгий байх ёстойг зааж өгчээ.

Одоо бол Опра Уинфри жирийн нэгэн ядарсан америкчуудын хувьд үлгэр дуурайлал бахархал болсон нэгэн. Түүний амьдралыг түүхийг хүмүүсийг харж, уншиж өөрийнхтэйгээ зүйрлүүлэн бодож, бүх зүйл дуусчихаагүй, сайхан ирээдүй угтаж болно гэдэгт итгэдэг юм.

Опрагийн ээжийг Вернита Ли гэнэ. Харин аавыг нь Вернон Уинфри гэдэг байж. Тэд хэзээ ч эхнэр нөхөр байгаагүй. Гэрлэлтээ бүртгүүлээгүй, ер нь гэрлэхээр хэмжээнд ч харилцаатай байгаагүй гэдэг. Хэдхэн хоногийн настай амрагийн явдлаас төрсөн тохиолдлын гэх тодотголтой, хүсээгүй жирэмслэлтээс бий болсон охин бол Опра. Ээж нь түүнийг дэргэдээ байлгахыг хүсээгүй учир зургаан настайгаас нь эмээ нь авч өсгөжээ.

Милуокигийн ядуучуудын хороолол гэдэг харж хандах, хамгаалж өмгөөлөх хүнгүй бяцхан охинд бол дэндүү аймшигтай газар. Опраг есөн настай байхад авга ах нь хүчиндсэн тухай тэр хожим нэгэн ярилцлагадаа дурссан юм. Ойрын төрлийн ах нь бяцхан охиныг хүчиндчихээд амыг нь хамхихын тулд зайрмаг өгч, “хүнд битгий хэлээрэй” гэж гуйжээ. Бяцхан охин зайрмаганд хууртаж, хэлсэн ёсоор нь хэлээ тас хазсан байна. Гэтэл 14 насандаа жирэмсэн болж, хүүхэд төрүүллээ. Хүүхэд нь олон ч хонолгүй амьсгал хураажээ. Энэ явдал Опра Уинфрид амьдралаа эрс өөрчлөх бодлыг төрүүлж, аавтайгаа цуг амьдрахаар Теннесси мужийн Нэшвилл хотноо шилжин иржээ. Нэшвиллд ирээд Опра сайн боловсрол эзэмшихээр улайран зүтгэсэн байна. Харин хувийн амьдралын хувьд тэр дахин хүүхэд төрүүлж чадаагүй юм.

Опра сургуулийнхаа сайн сурагчдын тоонд үргэлж багтахын зэрэгцээ уран илтгэгчийн уралдаанд байнга шахам түрүүлдэг байлаа. Тиймээс ч Теннессигийн Их Сургуульд урилгаар тэтгэлэгтэй суралцах эрх олж авч чаджээ.

17 настайдаа Опра Уинфри CBS телевизийн Нэшвилл дэх салбарын хамгийн залуу сурвалжлагч боллоо. Үүнийхээ дараагаар Балтимор дахь WJZ телевизэд шилжжээ. Харин 1986 онд түрүүн дурьдсан “Опра Уинфригийн шоу” хэмээх алдарт нэвтрүүлгээ гаргаж, өөрийн гэсэн эзэнт улсыг дэлгэцнээ бий болгосон юм.

Опрагийн яриа бүр олон түмний зүрх сэтгэлийг онцгой татахын зэрэгцээ тэр чинээгээрээ хөрөнгө орлогыг нь нэмж байдаг. Опра ямар онцгой авъяастай болоод тэгж олны анхаарлыг татдаг юм бол? гэх асуултад тэтгэж торниулсан нь эмээ нь хариулахдаа “Хэлд ороогүй шахам байхдаа л жүжиглэж, хавь ойрын юмстай ярилцаж буй мэтээр тоглодог хүүхэд байсан. Тэрнээс л үүдсэн авъяас байх даа” гэж хэлсэн удаатай. Опра багаасаа л хажуудахь хүүхэлдэй, цонхон дээрх хэрээ гээд юу тааралдсан бүхнээсээ ярилцлага авч байна гэж тоглодог байж. Хожим энэ бүхэн нь биеллээ олж, хэрээнээс бусдаас нь ярилцлага авч чаддаг болсон юм.

Тухайлбал, мангас гэж хэлүүлэхгүйн тулд арьсаа солиулсан Попын Хаан Майкл Жексоныг урьж авчраад нулимс унаган өөрийнхөө тухай ярихад хүргэж чадсан анхны хүн бол тэр. “Би одоо арьсны өвчтэй болсон. Насан туршдаа л ойр ойрхон хагалгаа хийлгэхээс өөр замгүй” хэмээн Майкл Жексон түүний шоу нэвтрүүлгийн үеэр хоолой чичрүүлэн ярьж, Элле ДеЖенерис ижил хүйстнээ сонирхогч гэдгээ түүний л шоугаар анх ил зарласан түүхтэй. Опрагийн шоуны олон түмэнд тэгтлээ хүрсэн гол онцлог чанар бол баячууд, алдартнууд ч гэсэн бусдын адил хүн өвддөг зүрх, уйлдаг сэтгэлтэй, шаналдаг түүхтэй гэдгийг ойлгуулж, харуулж чаддаг нь.

Гаднын нөлөө хичнээн сөрөг, хэцүү байлаа ч гэсэн өөрийнхөө “Би” гэх хүч, өөртөө итгэх итгэлээ бүтэн байлгаж чадвал амжилтад хүрч болдгийг олон түмэнд нотлон харуулсан юм. “Өөдрөгөөр сэтгэж, өөртөө итгэлтэй шийдэмгий бай” гэж Опра Уинфри хэлэх дуртай. Өөдрөг хүнд амьдрал боломж олгодог гэнэ билээ.

 

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.