Авъяаслаг, загварлаг Шарль Н`Зогбиагийн сураг алдарсан замнал

Авъяаслаг, загварлаг Шарль Н`Зогбиагийн сураг алдарсан замнал

“Астон Вилла”-гийн академийн хөвгүүн Льюис Кинселлд Зул сараар Шарль Н`Зогбиа  байнга дугтуйтай мөнгө өгнө. Гэхдээ энэ бол зүгээр өгч буй хэрэг биш улирлын турш пүүзийг нь угааж, цэвэрлэж өгсний ачийг хариулж буй нь юм.

Кинселлийг ресторан юмуу Бирмингэм хотын аль нэг бааранд байхыг харвал Шарль дуугүй очоод л мөнгийг нь төлчихнө, эсвэл дахиад нэг грушик шар айраг аваад өгчих жишээний. Энэ мэт түүхийг нь яриад байвал Шарль Н`Зогбиаг тааруухан эр гэлтгүй. Харин хөлбөмбөгчийн замналыг нь бодвол “Астон Вилла”-д очоод алдаршсанаас илүү алдарч, арилж алга болсон гэвэл ононо.

2016 онд Н`Зогбиа  талбайд бараг гарахаа больсон байлаа. Сайхан авъяастай, гоё хууралттай, хурдтай жигүүрийн хагас хамгаалагч харагдахаа больжээ. Цагтаа Английн шигшээгийн зүүн захын хамгаалагч явсан Стивен Уорнок түүнтэй хамт тоглох ямар байдгийг сайн мэдэх нэгэн. “Уиган”-д гялалзаж буй франц залууг “Астон Вилла”-д ирсэнд баярлаж байсан Уорнок “Заримдаа ч хамт тоглоход хэцүү санагддаг байлаа. Талбай дээр огт байхгүй юм шиг болчихно. Тэгснээ гэнэт бэлтгэл дээр ердөө гүйцэгдэхгүй. Дараа нь тоглолтод гараад “алж” өгнө. Тийм их авъяасыг үгүй хийсэн нь харамсалтай” хэмээн өгүүлжээ.

Уорнок нэг удаа Шарлийг одоо хаана явааг олж мэдэхээр гүүгэлджээ. Гэтэл “Вилла”-гаас явсаныхаа дараагаар хаана ч бүртгүүлээгүй байх юм. Ор мөргүй, оготно сүүлгүй манан шиг замхран алга болжээ. Н`Зогбиа Бирмингэмийн клубээс явсаныхаа дараагаар хаана ч тоглоогүй юм билээ. Уг нь дөнгөж 30 шүргэж байлаа шүү дээ.

“Вилла” түүний таван жилийн гэрээ дуусгавар болсны дараагаар Грек АЕК-т өгөх гэсэн юм билээ. Гэвч Н`Зогбиа  өөрөө татгалзжээ. “Сандерлэнд”-д очиж нэг шалгуулсан ч Дэвид Мойес бэлтгэлийг нь хараад гэрээ санал болгохоос татгалзсан байна. Дараа нь Францын “Нант”-д очих тухай яриа гарсан ч зүрхний асуудалтай гээд авсангүй.

Одоо Н`Зогбиа  34 настай. Тогловол тоглохоор л нас. Гэвч тэр дөрвөн жилийн өмнө хөлбөмбөгөө хаяж одсон. Зүрхнээс болсон уу? эсвэл тоглох хүсэл нь унтарсан уу? гэдгийг хэлэхэд бэрх. Учир нь өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Өөртэй ярья гэхээр утасны дугаарыг нь, хаана байгааг нь мэдэх хүн байхгүй. Олон нийтийн сүлжээн дэх хаягийг нь хайж харвал 2015 оноос хойш нэг ч пост оруулаагүй байх жишээтэй.

Францад байж магадгүй л гэсэн сураг сонстоно. Агенттай нь харилцах гэтэл утас нь салгаастай. Утсаа асаасан ч авахгүй. Найз нөхөд гэж хэдэн эр байх ч тоймтой юм хэлэхгүй. Францын спортын хэдэн сэтгүүлч Н`Зогбиаг хайж цөхөөд ор мөргүй алга болсон хүмүүсийн тоонд бүртгүүлэх хүртлээ цөхөж буй гэнэ. Н`Зогбиаг ямархуу байгааг тоймоор харуулах ганц зураг WhatsApp-т харагдах нь хурц нарны дотор навчих тамхи чимхээд сууж байх аж. Зургийг нь харвал дажгүй сайн л яваа бололтой.

Цагтаа асар их ирээдүйтэй гэгдэж байсан энэ хөлбөмбөгч замналынхаа тухай юу бодож явдгийг таахаас л өөр зам үлдсэнгүй. Францын шигшээдээ анх тоглосноос нь хойш 11 жил өнгөрлөө. Магадгүй “Астон Вилла”-д очоод хөлбөмбөг тоглох хүсэл эрмэлзлэл нь унтарчихсан ч байж мэдэх юм. Ингээд Н`Зогбиаг хайж, түүний талаар хэд хэдэн хүнээс тодруулжээ.

Түүнийг Англид анх тоглуулсан хүн бол Сэр Бобби Чарльтон. 18 настай хүү байхад нь 2004 онд “Шаазгайнууд”-даа авч, тоглуулсан юм. Харин скаутуудад түүний тухай ямар ч мэдээлэл байгаагүй билээ. Зүгээр л нэг бороотой өдөр агент нь Сэр Бобби Чарльтонтой уулзаад, авъяаслаг залууг харуулснаар намтар нь эхэлнэ. Тэр даруй л гэрээ байгуулж, мэргэжлийн хөлбөмбөгч болжээ.

“Ньюкасл”-ын скаутын албаны даргаар ажиллаж байсан Пол Монтгомери “Тийм авъяастай залуу өөрөө бидэн дээр хүрээд ирсэн нь их азтай явдал. Довтолгоог дэмжихдээ маш сайн, хууралт мундагтай хурдан зүүн жигүүрийн тоглогч байлаа. Төрөлхийн авъяастай. Тийм авъяасыг академид хэдэн жил сураад ч олж авч чадахгүй л дээ. Бөмбөгтэй маш гайхалтай харилцдаг” хэмээн магтлаа.

“Зөв дасгалжуулагч, урам өгч чаддаг хүнтэй байсан бол Н`Зогбиа оргилд гарч мэдэх байлаа. Миний мэдэх хамгийн авъяаслаг хөлбөмбөгчдийн нэг шүү” гэж Сэр Бобби Робсон өгүүлжээ. Робсоныг явсаны дараагаар Грэм Сунесс “Ньюкасл”-ыг удирдах болсон. Сунесс Н`Зогбиагийн тухай бодлоо хэлэхдээ “Зарим хүнд үргэлж урам өгч, сайхан үг хэлж байх хэрэгтэй байдаг. Тэвэрч, хайрлаж, магтвал тийм хүмүүс улам л цэцэглээд, дэвжээд байдаг. Н`Зогбиа  яг л тийм залуу” хэмээн тодорхойлжээ.

2005 оны есдүгээр сард Алан Ширерийн замналын сүүлчийн тоглолтын баатар нь Н`Зогбиа болсон юм. “Блэкберн”-д нэг гоол оруулж, хоёр гоолын боломж үүсгэсэн билээ. “Ер нь үе үехэн их авъяас нь бултайж гарч ирдэг тийм тоглолтуудынх нь нэг” гэж Монтгомери дурслаа.

Гэвч 2008 онд 22 настай Н`Зогбиа  “Шаазгайнууд”-аас явахаар шийджээ. Энди Кэрроллтой барилцаж авч, туслах дасгалжуулагч Жо Кинниртэй маргасны дараагаар түүнд явахаас өөр зам үлдсэнгүй.

Ингээд ердөө долоо хоногийн дараа гэхэд “Уиган”-д оччихлоо. 2010/11 оны улирлын төгсгөлд Н`Зогбиа таван гоол оруулж, багаа Премьер лигт үлдэхэд нь маш их тус болов. “Одоогоор Вильфрид Заха л гэсэн үг. Заха “Кристал Пэлас”-ын аврагч болж байна шүү дээ. Түүнтэй адил “Уиган”-ы аврагч нь Н`Зогбиа байлаа. Тэдний гол зэвсэг нь байсан” хэмээн Монтгомери цохон тэмдэглэжээ.

Н`Зогбиад хөлбөмбөгөөс гадна өөр нэг дурладаг зүйл байдаг нь загварын ертөнц. Ер нь Парисын загварын долоо хоногийн шоуг “Уиган”-ы умгар өрөөнд зөөж авааччих шахна. Хамтдаа тоглож явсан Эммерсон Бойс дурсахдаа “Юу ч гэмээр юм бэ дээ, их хурц тод хувцасладаг. Хачин жигтэй ч гэмээр. Өөрийгөө загварыг тодорхойлогч гээд бодчихсон. Аймшигтай гэмээр харагдлаа ч тоохгүй. Хүмүүс инээлдэж шоолж байхад ч анзаараагүй мэт байдаг. Өөр хүн байсан бол ичээд маргаашнаас нь энгийн хувцаслах байсан биз. Гэтэл Н`Зогбиа бол маргааш бүр эгдүүтэй юм өмсөж ирдэг байсан” гэжээ.

Н`Зогбиа загварын шинэ хувцастай зурагаа олон нийтийн сүлжээнд оруулах бүрийд Шэй Гивен, Мика Ричардс хоёрт шоолох ажил гарч ирдэг байжээ. Гэвч хувцаслалт дээр ийм ч гэсэн авъяас чадварт нь бол эргэлзэхийн аргагүй байв.

Алекс Маклиш “Астон Вилла”-д Н`Зогбиаг авахдаа Францын шигшээгийн гоолтой жигүүрийн хагасыг авчихлаа гэж олзуурхсан нь гарцаагүй. Гэвч олон жилийн дараагаар эргээд сонины хуудас эргүүлэхэд “Клубын түүхэн дэх хамгийн нүдээ олоогүй наймаанууд” гэх материалын нэлээн дээгүүр бичигдэж үлдсэн юм.

Маклиш бол тоглогчоо өмөөрөх гэдэг юм билээ. “Эшли Янг, Стюарт Даунинг хоёрын сул үлдээсэн орон зайг нөхөх маш хэцүү үүргийг Н`Зогбиа  хүлээсэн юм” гэж өмөөрдөг. Үнэхээр түүнээс их амжилт хүлээсэн ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр юм болжээ.

Шарль “Уиган”-д багийнхаа лидер байсан бол “Вилла”-д өөр олон лидер байлаа. Тэнд өөрийнхөө эерэг бус сөрөг чанаруудыг хангалттай харуулж эхэлсэн байна. Шүүмжлэх төдийд л уурлаж, өрвөлзөнө. Бүр өмсгөлөө тайлаад шидчихнэ. Нэг түүх ярья л даа. Габриэль Агбонлахор бол багийнхаа гол шооч наргианчдын нэг. Түүний нэг яриаг хүргэе. “Бид нар баасан гариг бүр “Залуус”-“Ахмадууд” гэж хоёр хуваагдаад тоглодог байлаа. Хожигдсон багийн хамгийн муу тоглосон хөлбөмбөгчид долоо хоногийн турш шар футболка өмсгөнө. Түүн дээрээ “Дэмий гонзгой” гэх юмуу “Хэрэггүй хог” эсвэл “Илжиг” гэж бичиж даапаална. Гэхдээ хамгийн муу тоглосныг нь биш хамгийн их эмзэг хүлээн авч, өрвөлзөж буйг сонгох нь олонтаа. Нэг удаа Н`Зогбиад бид шар футболка угласан юм. Тэгсэн тайлж шидээд, галзуу юм шиг хашгирч гарсан. “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэх мэтээр хараан хашгирахад бид инээлдэн шооллоо. Ер нь Н`Зогбиаг уурлуулж бухимдуулах шиг амархан юм байгаагүй” хэмээн Агбонлахор өгүүлжээ.

Магадгүй энэ түүхийн дараагаар “Багийнхан нь элдэвлээд тоглуулаагүй юм биш үү” гэж зарим уншигчид бодох байх. Гэвч Н`Зогбиад өөрийгөө харуулах, байр сууриа олох хангалттай хугацаа байсан. Маклишийн дараагаар гурван ч дасгалжуулагч солигдоход хэн нэгнийх нь хайртай тоглогч болох боломж байсан л байж таарна. Гэвч хэн нь ч түүнийг гол тоглогчоо болгоогүй юм.

Н`Зогбиа “Астон Вилла”-гийн төлөө анхны гоолоо оруулахад хүмүүс түүнийг их баярлаж, инээгээд ярилцлага өгөх байх гэж тааж байв. Гэвч хэвлэлийнхнээс дөлсхийн, стадионы арын хаалгаар гараад зугтчихжээ. Н`Зогбиа тэр үед улирлын өмнөх бэлтгэл дээр л аз жаргалтай харагддаг болчихсон байв. Багийнхаа бэлтгэлийн үеэр дуугаа хурааж, булан бараадаж зогсоно. Харин хувцаслалт нь бол хуучин хэвээрээ. Маш хурц тод.

“Тийм ээ, надад Зул сараар чамгүй их мөнгө дугтуйнд хийж өгдөг байлаа. Мөн шинэ пүүз бэлэглэнэ. Байнга инээлгэж, урам хайрлах гэдэг” хэмээн Льюис Кинселл одоо ч дурсан ярьж байна. “Астон Вилла”-д эвээ олоогүй болохоос муугүй залуу гэж хэлэх хүн олон. Магадгүй Брюс, Роберто Мартинес хоёрын удирдлага дор довтолгоо голчилдог “Уиган”-д байхдаа хамгаалалтад анхаардаг “Астон Вилла”-гаас илүү чөлөөтэй сайн тоглох боломж олддог байсан биз.

“Бөмбөггүй бол Н`Зогбиа байхгүйтэй ялгаагүй. Харин жаахан урам өгчихвөл “алаад” өгнө. Миний бодлоор бол дасгалжуулагч хүн түүнийг сайн тоглуулья гэвэл “Хүссэнээ хий” гэж хэлээд гаргах ёстой байсан байх. Тэрнээс тэнд тогло, тэгж болохгүй гэвэл тэгээд л гал нь унтарчихна” хэмээн Монтгомери дүгнэн ярилаа.

2016 оны төгсгөлд Н`Зогбиаг авахаар гурван баг санал тавьсан юм билээ. Гэвч гурвууланд нь татгалзжээ. Талбайд гарахаа больсон тул төгөлдөр хуур дарж суух нь элбэгшиж, долоо хоногийн 64 мянган паундын цалингаа халаасалсан хэвээр байв.

Эммерсон Бойс одоо хүртэл Н`Зогбиагийн замналыг бодохоор бухимддаг гэнэ. “Уур хүрэх шиг болдог юм. Хэзээ, яг юу нь болохоо больсныг хэлж мэдэхгүй. Юунаас ч юм болоод л гэнэт унтарчихсан. Өөрөө ч гэсэн одоо замналдаа сэтгэл дүүрэн явдаггүй л байх. Учир нь юунд хүрч чадах байснаа тэр мэдэж байгаа. Нэг их муугүй замнал ч гэлээ үүнээс хавьгүй дээр байж чадах байсан” хэмээсэн Бойсын үгсээр нийтлэлээ өндөрлөе.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.