Тоглолгүйгээр Дэлхийн аварга болсон хөлбөмбөгчид

Тоглолгүйгээр Дэлхийн аварга болсон хөлбөмбөгчид

Хөлбөмбөгийн ноён оргил бол Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн билээ. Европын Аваргуудын лигт асар их мөнгө эргэлддэг ч гэсэн хөлбөмбөгчдийн хувьд төдийгүй дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын хувьд хамгийн эрхэм, хамгийн том тэмцээн бол ДАШТ. Тиймээс ч ДАШТ аугаа хөлбөмбөгчдийн шандсыг сорьсон тэмцээн болдог.

Хөлбөмбөгч бүр Пеле шиг ДАШТ-д 17 настайдаа олон оруулж, “Алтан дагина”-ыг гурвантаа гардаж чадахгүй нь тодорхой. Гэтэл бас огт тоглолгүйгээр Дэлхийн аварга болчихсон хөлбөмбөгчид бишгүй бий. Тэднээс наймыг нь онцлон дурьдая.

Роналдо /1994 он/

Бразилын домогт довтлогч, эдүгээ Испанийн “Вальядолид”-ын эзэн мөн ерөнхийлөгч Роналдо ДАШТ-д хоёр түрүүлж /1994, 2002/, нэг аман хүзүүдсэн /1998/ амжилттай.

Тэрбээр 17 настайдаа яг л Пелегийн нэгэн адилаар ДАШТ-д очсон нь 1994 он юм. Гэхдээ Пеле 17 настайдаа зургаан гоол ДАШТ-д оруулсан бол Роналдо талбайд гараагүй. Гаргаагүй гэх нь зөв байх л даа. Ромарио-Бебетогийн ялагдашгүй хослол тухайн үед Бразилын шигшээ багийн довтолгоонд гарсан тул Роналдод минут ч олдоогүй юм.

Пепе Рэйна /2010 он/

Шигшээ багтаа багтан ДАШТ-д очсон хоёр, гуравдугаар хаалгачид талбайд гарах боломж тун хомс. 2010 оны ДАШТ-д оролцож түрүүлсэн Испанийн шигшээгийн нэгдүгээр хаалгач нь Икер Касильяс, хоёрдугаар хаалгач Виктор Вальдес, харин гуравдугаар хаалгач нь Пепе Рэйна байлаа. Яагаад Пепе Рэйнаг энд онцлон дурьдав гэвэл 2010 оны Дэлхийн аварга Испанийн шигшээ багийн уур амьсгалыг үргэлж хөгжилтэй, халуун дулаан байлгахад түүний хөгжилтэй зан чанар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Адиль Рами /2018 он/

2018 оны ДАШТ-ий үеэр телевизийн камер байсхийгээд л цагтаа секс-бэлэг тэмдэг гэгдэж явсан Памела Андерсоныг чиглэж байлаа. Памела сэтгэлт хархүү Адиль Рамигаа дэмжихээр стадионд очиж, харин камер тэр агшныг нь алдалгүй буулгахыг чармайж байв. Гэвч хамгаалагч Адиль Рамиг Дидье Дешам нэг ч тоглолтод гаргалгүй суулгасаар таарсан.

Гэхдээ Рамигийн сахал Францад аз авчирсан гэх яриа байдаг. Тоглолтын өмнө Рамигийн сахалд нэг хүрээд гарахад аз авчирна гэж Дешам хүртэл итгэж сүжиглэжээ. Энэ утгаараа Рами багийн амжилтад багагүй нөлөө үзүүлсэн байна.

Дида /2002 он/

Дахиад нэг хаалгач. Хоёр, гуравдугаар хаалгачид ДАШТ-д гаралгүй өнгөрөх нь элбэг гэж дээр өгүүлсэн. Дидаг дурьдахын учир нь гэвэл шигшээ багийнхаа сэтгэлзүйч шахуу болсон юм билээ. Багийнхаа гол од Роналдогийн тархийг “базаж”, сэтгэл санааг нь ирлэж, анхаарлыг нь төвлөрүүлэх үүргийг Дида гүйцэтгэсэн гэдэг. Ялангуяа финалын тоглолтын өмнө Роналдо 1998 оны финалд Францад 3:0-ээр хожигддог шиг юм болохвий гэж сэтгэл нь шаналж, тогтворгүй болсон юм билээ. Энэ үед Дида дэргэд нь байж, сэтгэл санааг нь тайвшруулж чадсан байна. “Дида бид хоёр хэдэн цаг юм ярьдаг байлаа. Тэр надад их дэм өгсөн. 98 оны финалыг санах тусам сэтгэл тавгүйтэж буй тэр мэдэрч, надад шаналах боломж өгөөгүй юм” хэмээн Роналдо өгүүлсэн байдаг.

Эрик Дурм /2014 он/

2014 онд Эрик Дурм Германы шигшээтэй дэлхийн аварга болсон. Харин таван жилийн дараагаар “Хаддерсфилд”-тэй хамт Премьер лигээс унаж байлаа. Их найдвар тавьж байсан залуу хөлбөмбөгчийг Юрген Клопп “Боруссиа Дортмунд”-ыг удирдаж байхдаа “Манай багийн хамгийн сайн тоглогч” гэж хүртэл магтаж байв. Гэлээ ч Дурм Германы шигшээд ердөө 7 тоглолтод гарсан юм. 2014 оны ДАШТ-ий шигшээд багтсанаас хойш дахиж дуудагдаагүй. Гэхдээ л тэр дэлхийн аварга.

Франко Барези /1982 он/

Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Франко Барези 1982 оны дэлхийн аварга. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн тоглогчдын тоонд зүй ёсоор нэрлэгддэг Барезиг 1982 оны ДАШТ-д Италийн шигшээгийн дасгалжуулагч Энцо Беарзот авч очсон юм. Гэвч түүний байрлал дээр Гаэтано Ширеаг илүү сайн гэж тооцон тоглуулсаар Барезиг талбайд гаргалгүй өнгөрчээ. Беарзотыг шигшээ багаас явсны дараагаар Барези гарааны тоглогч болсон юм. 1994 оны ДАШТ-ийн финалд пенальти цохиход Франко Барези цохилтоо алдсан ч түүнийг биш Роберто Бажогийн алдсаныг хүн бүр санадаг.

Даниель Пассарелла /1986 он/

1978, 1986 онд Аргентины шигшээ Дэлхийн аварга болоход ганц Даниель Пассарелла л хоёр багт хоёланд нь байсан юм. Гэхдээ 1986 оны Мексикт болсон ДАШТ-д тэр талбайд гараагүй. ДАШТ-ий үеэр бие нь өвдсөн учир талбайд гарах боломж олдоогүй юм билээ. Уг нь тэр ДАШТ-д Пассарелла Аргентины шигшээгийн ахлагчаар очсон ч бие нь өвдсөн учир Диего Марадонад ахлагчийн туузыг өгсөн байдаг. Марадонатай тун таагүй харилцаатай тул ахлагчийн тууз өгсөнд Пассарелла их эгдүүцэн уурлаж байсан гэдэг. Гэхдээ Марадона багаа чирсээр Дэлхийн аварга болгож чадсан түүхтэй.

Пепе /1958, 1962/

Пепе шиг довтолгооны тоглогч ДАШТ-д хоёр удаа очоод ганц ч гаралгүйгээр хоёуланд нь Дэлхийн аварга болно гэдэг нэн ховор. Уг нь Пепе “Сантос”-ын төлөө 400 гаруй гоол оруулчихсан, Бразилын шигшээгийн зүүн жигүүрийн гол тоглогч байж. Гэвч ДАШТ эхлэхийн өмнөхөн л гэмтчихнэ. Тийм учраас 1958, 1962 оны ДАШТ-д шигшээ багийнхаа мэдүүлэгт багтсан ч талбайд гарч чадаагүй юм. Мөн 1958, 1962 оны ДАШТ-д оролцсон хэрнээ талбайд гараагүй өөр нэг хөлбөмбөгч Бразилын шигшээд байдаг нь хаалгач Карлос Кастильо юм. 1934, 1938 оны Италийн шигшээгийн сэлгээний хаалгач Гвидо Мазетти мөн талбайд гараагүй ч Дэлхийн хошой аварга болсон байдаг.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.