ЗҮДҮҮ ДҮҮРГИЙН ЯДУУ ХӨВГҮҮД НАМАЙГ ХАРААСАЙ!

ЗҮДҮҮ ДҮҮРГИЙН ЯДУУ ХӨВГҮҮД НАМАЙГ ХАРААСАЙ!

Монгол Улсаа бид Азийн цээжинд оршдог гэж ярьдаг шиг Африк тивийн тархинд, Газрын дундад тэнгисийн бөөрөнд Алжир хэмээх хүн амаараа дэлхийд дээгүүр ордог улс оршино. Эртний араб гаралтай, бербер хэлээр ярих энэхүү ард түмнээс дэлхийд хамгийн алдартай нь Зинедин Зидан хэмээх хөлбөмбөгч юм. Хэдийгээр Зидан Францын шигшээд тоглож дэлхийн аваргын цомыг өргөсөн ч уг гарвалыг нь алжир л гэж дурсдаг. 1962 онд тусгаар тогтнолоо олох хүртлээ энэ улс олон жилийн турш тэмцэл хөдөлгөөн, бослого, хувьсгал гарсан юм. Түүний эхлэл нь 1954 он. Бүр тодруулбал, 1954 оны арваннэгдүгээр сарын эхний өдөр.

Энэ өдөр Смаил Зидан хэмээх жирийн нэгэн малчны гэр бүл орон гэрээ орхин, харь орон руу дүрвэхэд хүрсэн юм. Алжир даяар тусгаар тогтнолын төлөө хувьсгал өрнөж, босогчид улаан галан дундуур тэмцэж эхлэхэд жирийн олон сая иргэн хэрхэн дайны хөлөөс дайжих тухайгаа бодож байлаа. Тийм л жирийн иргэдийн нэг бол Смаил Зидан. Агэмүн тосгон дахь гэрээ орхин гарч, Газрын дундад тэнгисийг гэтэлж л чадвал амар амгалан магадгүй бүр аз жаргалтай амьдралтай золгох найдлага байсан хэрэг. Ингээд олон мянган иргэдийн нэгэн адилаар тэр замд гарчээ. Завинд олуулаа чихэлдэн сууж бүтэн тэнгис гатлахаар зоригсод энэ удаад гайд уналгүй, тэнгисийн ширүүн шуурганд шилбүүрдүүлэлгүй нөгөө эрэгт хүрч чадсан байна.

Смаил өөрийгөө цэвэр алжир хүн гэж боддоггүй. Харин бербер буюу араб гаралтай учир тэр дайн утгагүй, түүнд оролцох нь бүр ч дэмий санагдсан аж. Ингээд эргийн нөгөө талд гарч, Францын Парисын ойролцоохь Сен-Денид төвхнөжээ. Тэнд хэдэн найз нарынхаа хамт өрөө түрээслэн амьдарч эхлэв. Амьдрал хэвийн авч 1962 он гарч, Алжир Улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар боомт хот Марселиар дамжин нутаг руугаа буцъя гэж Смаил шийджээ. Ингээд Алжир хүрэх онгоцонд суухаар очтол тэнд нүдэнд туссан нэгэн сайхан бүсгүй олж хараад бодлоо орхиж, Марсельд үлдэхээр болсон нь эдүгээ түүний гэргий юм. Малика хэмээх тэр бүсгүйтэй Смаил удалгүй гэрлэж, таван хүүхэд төрүүлсний отгоныг Зинедин Язид буюу бербер хэлээр бол “Итгэл үнэмшлийн үлэмж үзэсгэлэн” хэмээх нэр хайрлажээ.

“Бидний өссөн дүүрэг тайван тухтай газар байгаагүй л дээ. Гэхдээ хаана биш харин хэнтэй хамт амьдарч байгаа нь чухал байдаг. Миний 20 найз дунд уудаг, хар тамхи хэрэглэдэг хүн нэг ч байгаагүй. Шашин шүтлэгийн үнэт зүйл, гэр бүлийн хүмүүжил, найз нөхдийн хүрээлэл чамайг өсвөр залуу насанд тэнэг үйлдэл хийхээс их сэргийлдэг жамтай” хэмээн Зинедин Зидан эдүгээ ярьж байна.

Зиданы өссөн дүүрэг бол Марселийн Кастеллан буюу ядуу амьдралтай, цагаачдын хүрээлэл юм. Тэнд хэрэг төвөг бишгүй л гарна. Тэндэхийн байшингуудын ар өврийн хаалгууд гэдэг барагтай мөрдөн байцаагчийг маллаж чадахаар төөрдөг байшин шиг эд. Тэдгээр хаалгуудын нэгийг Зидан онгойлгож, тэдний гэр бүл олон жил амьдарчээ. Зиданыхан тэндээс нүүснээс хойш буюу олон жилийн дараагаар тэндэхийн муур хулганын хөөцөлдөөн мэт олон хаалгатай байшингуудыг нураах шийдвэрийг Марсель хотын удирдлага гаргасан юм билээ. Тэгж байж л хар тамхины хууль бус наймааг хумиж авах боломжтой гэж тооцсон байна.

Зинединий аав Смаил гэр бүлийнхээ төлөө хоногт хоёр ажил хийнэ. Өдөр нь ачигчаар, харин орой нь супер маркетад ажиллана. Орой бүр хүүхдүүддээ Смаил нэг зүйлийг сануулдаг нь “Цагаачид бид энгийн иргэдээс хоёр дахин илүү ажиллах ёстой шүү!” гэх үгс. Тэгээд л зурагтаа унтраачихна. Зурагт үзэж зугаацах бус ирээдүйдээ бэлдэж, ажил хийх ёстойг ухааруулах гэж тэр.

Харин Малика хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж буйд маш сайн анзаарч, болохгүй нэгнээс нь холдуулна. Тэгэхгүй бол хар тамхи нэвччихсэн боомт хотын тэрхүү сараалжнаас хөвгүүд нь үүрд өлгөгдөх гээд байж.

Зинединийг гэрийнхэн болон найзууд нь Яз гэнэ. Язид гэдгийн товчлол. Яз үе үе гэртээ хонохгүй. Юу хийж, хаана яваа нь мэдэгдэхгүй. Заримдаа бүр хэдэн хоногоор алга болчихно. Гэхдээ Тартаны талбайгаас цааш хэрхэвч явж болохгүй шүү гэсэн ээжийнхээ зарлигийг хэзээ ч зөрчөөгүй гэнэ билээ. Тартан бол махны худалдаа, эмийн сан хоёрын дунд байрлах талбай. Зиданы гэрийн цонхоор тэр талбай алган дээр байгаа мэт харагдах тул ээж нь ийм зарлиг буулгажээ. Гэртээ хоноогүй ч гэсэн тэр талбайд өдөртөө үзэгдэх үүрэг хүлээсэн Яз тэр талбайд бөмбөг өшиглөөд зогсож байна. Хичээлээс ирээд цүнхээ ор руугаа шидмэгцээ л бөмбөгөө аваад тийш гүйчихнэ. Харин хүүгийн орны дээхнэ хананд Уругвайн алдарт хөлбөмбөгч Энцо Франческоли болон Алжирын нэрт хөлбөмбөгч Жамель Зиданы хөрөг зураг байх ажээ.

Азаар Марселийн хэрэг төвөгт ертөнцийн сүлжээс Зиданы гэр бүлийг дайрч бус тойрч гарсан юм. Зиданы өөрийнх нь ярьдгаар бол тэр тэнд ганц л удаа хууль бус үйлдэл хийсэн гэдэг. Ээжүүдийн баярын өдрөөр ээждээ бэлэг авах гэтэл халаас хов хоосон. Ингээд ойролцоохь нэгэн байшингийн цонхны тавцан дээрээс жигтэйхэн гоё будсан цэцгийн хоёр сав тэврээд гэнэт зугтаачихжээ. Одоо ч энэ үйлдлээсээ ичиж гэмшдэг гэнэ билээ.

Эцэг нь түүнд “Манай гэр бүлийн нэр төрийг гутаах эрх чамд байхгүй шүү” гэж хатуу сануулсан гэдэг. Ер нь Смаил хүүхдэд хүмүүжил олгож, ухааруулж чаддаг эр. Хүүхдүүдээ дагуулаад төрөлх тосгондоо очиж, тэнд амьдрал ямар байдгийг биеэр нь үзүүлсэн өдрүүд ч байдаг аж. Нэг талдаа төрөлх эх орноо үзэж мэдрэг, нөгөө талдаа амьдрал ямар байдгийг мэдрэг гэж тэр. Эцгийнхээ үгэнд орж Зидан найзууд нь янз бүрийн болчимгүй зүйл хийхэд оролцолгүй хөндлөнгөөс харж зогсдог байж. Гэхдээ зүгээр ч нэг зогсох биш цагдаа ирж буй эсэхийг чагнах, ажиглах, анхааруулах үүрэг хүлээж байжээ.

“Хичээлээс ирмэгцээ л би эргээд гарна. Шоколадны булан, хэрчим талх аваад хөлбөмбөг тоглохоор гүйчихнэ. Миний насны 10-аад хөвгүүн нөхөрлөнө. 8-12 насныхан л даа. Хэдүүлээ нийлээд харсан хамгийн гоё хууралт хөдөлгөөнийг хийж сурах гэж хичээнэ. Ерөнхийдөө хэн нь хамгийн гоё хууралт хөдөлгөөн хийх вэ гэдэг уралдаан маягийн зүйл. Нэг хөдөлгөөнийг давтан давтан хийсээр хамгийн сүүлд ганцаараа үлдсэн нь ялагч болдог байлаа. Ингээд байхаар бөмбөгөөр юу ч хийж чадмаар санагддаг байж билээ. Юу юу ч хийж байсан юм бэ дээ. Одоо бодоход ч гайхмаар. Ингээд л халтар царайлаад гудамжинд өдрийн уртыг өнгөрүүлдэг байлаа” хэмээн Зидан дурсан ярьжээ.

Берберүүдийн хувьд гэр бүл хамгийн үнэ цэнэтэй. Смаил Зидан үүнийг хүүхдүүдийнхээ тархи зүрхэнд гүн бат суулгаж өгч чадсан юм. Зинединий ах Фарид, Нордин нар дүүдээ хаа нэгтэйгээс шинэ өмсгөл аваад л ирнэ. Харин эгч Лила амттанаар дүүгийнхээ амыг дүүргэчихнэ. Яз ах нараасаа хурдан явахын тулд дөрвөн настайдаа ааваасаа нэг зүйл гуйжээ. Тэр нь дугуйн хоёр талд түшлэг дугуйнууд хийх өгөх. Ингэвэл уналгүйгээр ах нартайгаа уралдаж чадах гээд байж. Мэдээж, Смаил үлгэр жишээ эцгийн хувьд бага хүүгийнхээ хүсэлтийг биелүүлжээ.

Зиданы гэрийн гал тогооны өрөө их жижигхэн тулд хүүхдүүд ээлж ээлжээрээ орж хооллодог байсан гэдэг. “Гэр нь яасан жижигхэн юм, хүн нь яасан олон юм” гэж таньдаг нэгэн эр тавлаж л байсан юм гэнэ билээ.

Ах Нордин нь хөлбөмбөг шаггүй сайн тоглодог тул Яз түүнийг дуурайна. Нордин хөлбөмбөгийн унаган авьяастай ч түүнийгээ амьдрал дээр амжилт болгож чадаагүй сая сая эрчүүдийн нэг юм.

Зинедин хүүгийн спортод дурлан тэмүүлж буйг анзаарсан сургуулийн багш нар нь хичээлээр дарья гэж нэг их бодохгүй. Тэр багш нарынхаа ачаар гэрийн даалгавраа хийсэн хийгээгүйн дундуур сарааччихаад өнөөх эрээн бөмбөгөө элдээд гүйчихнэ.

Зинединий эрч хүч гэдэг үеийнхэнтэйгээ харьцуулшгүй. Багаасаа дугуй унаж, скейтбордоор хичээллэж, жүдо бөхөөр барилдаж явсны хувьд спортын өгөгдөхүүн нь овоорон хөвчирчээ. Жүдогийн тухайд бол Зидан нэгэн бямба гаригийн өглөө тэмцээнд ороод бас ч үгүй медалийн тавцанд зогссон байна. Гэтэл маргааш өглөө нь хар үүрээр буюу 5 цагт хөлбөмбөгийн нэг тэмцээн эхлэх ёстой байдаг. Дуртай болохоор ядарсан ч гэсэн босоод алхтал гэрийнхээ үүдэн дээр ухаан алдаж унаад, 15 минут орчлонгийн юмсыг үл ухааран нүдээ үл нээжээ. Эмч нар хүүгийн биеийг үзээд “Бие организм нь маш их ачаалал авч, эцэж цуцсан байна” гэж аавд нь хэлсэн гэдэг. Ингээд Смаил хүүдээ нэг сонголт тулгасан нь “Жүдо, хөлбөмбөгийн аль нэгийг сонго” гэж. Хоёулангаар нь хичээллэбэл нэгд амжилт олохгүй, хоёрт биеийн эрүүл мэндэд нь хортойг бүгд харсан болохоор тэр. Тэгэхэд Яз хүү огт эргэлзээгүй юм билээ.

“Залууст би үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Ялангуяа Марселийн ядуу дүүрэгт зүдүүхэн амьдарч буй хөвгүүд намайг хараасай гэж би боддог. Тэр хөвгүүдийн нэг нь ч болтугай “Би Зидан шиг болохыг хүсдэг” гэж хэлж, тэмүүлж байвал би чин сэтгэлээсээ баярлах болно” хэмээн Зинедин Зидан өгүүлсэн нь бий.

Зиданы аз таарахад өсвөр насанд нь Марселийн тэр олон төөрдөг байшингаас хөлбөмбөгийн авьяас хайж явсан скаутууд таарсан юм. “Сен Анри” хэмээх хагас мэргэжлийн багийн скаутууд Тартаны хавьцаа тоглож буй хөвгүүдийг ажиглаж, сонжиж явсан гэнэ. Тэгтэл үеийнхнээ хачин жигтэй гэмээр хуураад, хөнгөхөн аргалаад буй бужгар хүүг олж харж. Ингээд Зиданыг тэд урьж, хожим нь “Сетем ле Валлон”-ы хүүхдийн багт тоглох болжээ. Энэ багийн эзэн нь хөлбөмбөгт зүрхээ зарчихсан эр Робер Сантенеро. Маш амжилттай бизнесмэн энэ эр хөлбөмбөгийн багийнхаа хөвгүүдийг өөрийнөө машинаар яг л автобус шиг зөөдөг байж. Үнэтэй “Рено” хүлэглэсэн хөвгүүд л багийнхаа бэлтгэл, тоглолтод ирэх нь тэр. Бэлтгэл тоглолтын дараагаар нөгөө хэдэн хөвгүүдээ машиндаа чихэж аваад пиццаны газар аваачиж дайлна. Ийм л өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан тулдаа Зиданы өмнөх өргөн зам нээгджээ.

Хэдэн жилийн дараагаар хотынхоо өсвөрийн хамгийн шилдэг багт тоглох боллоо. Эхлээд түүнийг яагаад ч юм жигүүрийн хагас хамгаалагчаар гаргасан юм билээ. Төрөлхийн гойд хурдгүй хүү жигүүрт дээрэлхүүлэлгүй яахав. Хажуугаар нь хүүхдүүд пуужин шиг л давхилдаад өнгөрнө. Ингэхээр нь зэрэг хамгаалалт руу шилжүүлжээ. Гэтэл Зидан төвийн хамгаалагч хэрнээ өрсөлдөгчөө хуурах гэж байгаад бөмбөгөө алдаж, багаа сайхан хөөдсөн байна. Гэлээ ч яг тэгж хөөдсөн тоглолтыг нь “Канн”-ы скаут үзээд маш өндөр сэтгэгдэлтэй буцжээ. Удалгүй Зинедин Зидан “Канн”-д очсон юм.

Зидан мэргэжлийн хөлбөмбөг тоглож эхэлсний анхны цалингаа аваад ээждээ, ахдаа, эгчдээ бэлэг авсан юм билээ. Харин хэдэн жилийн дараагаар “Бордо”-гоос ашигтай саналыг нь хүлээн авмагцаа гэр бүлээ Марсель дахь хэрэг төвгөөрөө зартай газраас татан авчээ.

Зидан Францын шигшээгийн нас насны ангилалд тоглосоор ирсэн түүхтэй. Үеийнхнээсээ биерхүү, овортой түүнийг Францын өсвөр насны баг бүрийн дасгалжуулагчид хамгийн түрүүнд дууддаг байлаа.

17 нас ч хүрээгүй байхдаа буюу 1989 оны тавдугаар сарын 18-нд Зидан анх мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьжээ. Францын лигийн тэр улирлын сүүлчийн тойргийн өмнөх тоглолтын 78 дахь минутад Мартинесийг сэлгэн нэгэн хүү талбайд гарсан нь Зинедин Зидан. 1991 он гэхэд Зидан багийнхаа үндсэн тоглогч болчихсон байлаа. “Канн” доод лиг рүү унахаар болоход ирээдүйтэй 19 настай хүүд “Бордо” санал тавьж авсан юм.

Сонирхолтой нь 1992/93 оны улиралд “Бордо”-гийн шилдэг мэргэн буучаар 10 гоолтой Зидан бичигдсэн байдаг. Тэр улиралдаа баг нь лигтээ дөрөвдүгээр байр эзэлж, Европын цомын эрх авсан нь Зиданыг Европ даяар таниулах эхний алхам болж өгчээ. Бөмбөгийг хөлөөсөө салгадаггүй, талбайг маш гярхай хардаг залуу тоглогчийн чадварыг Европын грандууд олж харав.

1996 оны зун “Бордо”-гоос Италийн “Ювентус” 3 сая еврогоор худалдан авч, урт хугацааны гэрээ байгууллаа. Турины багт ирсэнээр Зиданы мандан бадралт эхэлсэн юм. Гэр бүлийн тухайд бол “Канн”-д тоглож байхдаа 17 настайдаа Испанийн Авероноос гаралтай бүсгүй Вероника Фернандестай танилцаж, одоог хүртэл хамтдаа амьдарч, дөрвөн хүүтэй болсон. Хүмүүсийн хэллэгээр “жинхэнэ хайр” гэдэг энэ. “Генералтай суухын тулд дэслэгчтэй гэрлээд, 20 жилийн турш цэргийн ангиудаар хэсч явах хэрэгтэй” гэх “Амьдрал нулимсанд дургүй” киноны алдартай ишлэлийг энд шигтгэмээр санагдав.

Нялхаараа нийлж, алдрын оргилд гарсан энэ гэр бүлийн хувьд тэргүүн нь Вероника гэдэг. Бүр эхийн эрхт ёс тэднийд ноёлдог гэж хөгжилдөн ярьдаг гэнэ лээ. Нөхөр, болон дөрвөн хүүгийнхээ дунд Вероника Хатан хаан гэсэн үг.  “Миний мэдэх зүйл бол зөвхөн хөлбөмбөг. Гэрийн бусад бүх асуудлыг нэг л хүн мэддэг” гэж нэгэнтээ Зидан ярьсан нь бий.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Зиданы хөлбөмбөгийн сонголтод хүртэл Вероника нөлөөлдөг байж болзошгүй. Италийн “Ювентус”-аас Испанийн “Реал Мадрид”-ыг зүглэсэн нь хөлбөмбөгийн амжилтын учир шалтгаанаас гадна Вероника эх нутагтаа очихоор тэмүүлснийх нь гэдэг.

Вероникагийн тухайд цухасхан өгүүлэхэд, мөн л цагаачийн охин. Багаасаа балетаар хичээллэж, мэргэжлийн аугаа бүжигчин болно гэсэн зорилго тавьж явжээ. Каннд балетын сургуульд суралцахынхаа хажуугаар супермаркетад худалдагчаар ажиллаж байгаад Зидантай танилцсан юм билээ. Зиданыг хармагцаа юу гэж бодсноо одоо ч Вероника давтан ярих дуртай. “Энэ бүрэг хэрнээ аятайхан залууд над шиг л “галзуу” охин хэрэгтэй” гэж би бодсон. Яг түүгээр ч болсон” гээд Вероника инээдэг аж. Зидантай дэр нэгтгэснийхээ дараагаар Вероника балетчин болох мөрөөдлөөсөө татгалзаж, бүх амьдралаа гэр бүлдээ зориулжээ.

“Эмэгтэй хүн хичнээн алдартай балетчин боллоо гээд аз жаргалтай сайхан гэр бүлээс яаж илүү байх билээ дээ” гэж Вероника өгүүлдэг. Таван жил үерхсэний дараагаар Бордо дахь Зиданы гэрт Вероника очиж, тэд хамтын амьдралаа эхлүүлжээ. Нөхрийг нь янз бүрийн бүсгүйчүүдтэй учир ургуулсан тухай цуу яриа дэгдэвч Вероника “Би өөрөөсөө илүүтэйгээр нөхөртөө итгэдэг” гэж товчхон хариулдаг.

Тэгээд ч Зиданд итгэхгүй байхын аргагүй. Энд ганцхан түүхийг товчхон дурьдая. 1998 оны ДАШТ-ий финалд Зинедин Зидан мөргөж хоёр ч гоол оруулаад Францыг түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргын их баярыг мэдрэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн юм. Багийнхан төдийгүй Франц даяар тэр орой баярлан цэнгэж байхад Зидан яасан гээч! Тэр багийнхныхаа баярыг орхин гарч, гэртээ очоод бяцхан хүүгээ бүүвэйлэн унтуулахад нь эхнэртээ тусалсан юм.

Туринд тоглож байх хугацаанд Зидан гэр бүлээ их санана. Заримдаа бүр өдөрт 16 удаа утасдсаныг нь Вероника тэмдэглэн авчээ. “Цаашид тэсэхгүй нь ээ” гэж утсаар хэдэн мянган удаа хэлж. Үүний эцэст Марселиас Вероника хөвгүүдээ дагуулан Италид очиж, нөхрийнхөө сэтгэлийг амраажээ.

1996 онд Аваргуудын лигийн аварга болсныхоо дараагаар Италийн “Ювентус” Зиданыг авсан бол 1998 онд тэрбээр “Алтан бөмбөг” шагналыг гардсан юм.

2001 онд Зиданыг дээр дурьдсанчлан Испанийн “Реал Мадрид” тухайн үеийн хөлбөмбөгийн түүхэн дээд үнэ 75 сая еврогоор худалдан авлаа. Шинэ газар, шинэ багт очоод нэг хэсэг хөлөө олохгүй бэдэрсэн ч гэсэн гоолоо оруулсаар л байлаа. Висенте Дель Боске зөвхөн Зиданыг тойрсон тоглолт бий болгохоор шийдэж, тактикаа ч өөрчилсөн удаатай. Ингээд 2002 онд Мадридын баг Аваргуудын лигийн аварга болоход Зинедин Зидан финалын тоглолтод “Байер Леверкузен”-ийн хаалганд гуядаж гоол оруулсан нь өдгөө хүртэл финалын хамгийн гоёмсог гоолд тооцогдсон хэвээр байгаа билээ. Тэр гоол хожлын байсан тул улам ч их шагшигдан яригдах болсон нь аргагүй.

Тэр цагт Мадридад галактикос буюу оддын бөөгнөрлийг Флорентино Перес үүсгэж, нэг дор Зидантай хамт Фигу, Роналдо, Бекхэм, Рауль, Роберто Карлос нар тоглож байлаа.

2006 оны ДАШТ-ий өмнө Зидан нэгэн цочирдуулсан мэдэгдэл хийсэн юм. “ДАШТ-ий дараа би замналаа өндөрлүүлнэ” гэж. Тэр ДАШТ дээр Зидан гайхалтай байлаа. Бүр алтан медаль хүртэж, Францыг дэлхийн хошой аварга болгох ч тун дөхсөн. Гэвч эцсийн мөч, сүүлчийн тоглолт нь хөлбөмбөг сонирхдог хүн бүрийн мэддэг тэр нэгэн үйл явдлаар өндөрлөсөн юм.

Тэр ДАШТ-ий шувтаргын тоглолтод Зиданаар ахлуулсан Францын шигшээ баг Италийн шигшээтэй өрсөлдсөн юм.

Тоглолтын эхний гоолыг Зидан пенальтиас бөмбөгөө их өндөр хөөргөж өшиглөснөөр Буффоны хаалганд орууллаа. Пенальти заалгах гол бурууг Малудаг торгуулийн талбайдаа Матерацци унагаснаар хийсэн байлаа. Гэвч дараа нь Матерацци булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, тоог тэнцүүлж, гэмээ цайруулж чадав.

Ингээд тоглолтын 110 дахь минут гүйж эхэлсэн байв. Яг энэ үед Матераццигийн хорон үгэнд автаж Зидан хөлбөмбөгчийн замнал дахь сүүлчийн тоглолтдоо сүүлчийн үйлдлээ хийсэн нь мөргөлт байлаа. Матераццигийн хорон үгийг сонссон ч биеэ барьж чадсан юм шиг хэд алхснаа Зидан эргэж очоод цээж рүү нь хүчтэй мөргөж орхив! Ингэж л тэр урдаа улаан хуудас харж, дэлхийн аваргын шувтаргын тоглолтоос хөөгдөн замналаа өндөрлүүллээ. Харин Францын шигшээ баг нэг тоглогч дутуу үлдсэн ч тэнцэж, пенальтид Трезеге цохилтоо алдсанаар Италийн шигшээ дэлхийн аварга болсон.

Зиданы мөргөлтийн түүхийг олон талаас нь харж, сонирхож үзье. Эхлээд аргентин шүүгч Орасио Элисондогийн байр суурийг сонсвол содон байх. “Би Францын шигшээгийн тал руу алхаж явлаа. Гэтэл гэнэт Матерацци уначихсан байгаа үзэгдэв. Юу болсныг хажуугийн шүүгч Дарио Гарсиа надад дуулгасан. Дарио Гарсиа харин дөрөв дэх шүүгч Луис Мединагаас болсон явдлыг мэдсэн юм билээ” хэмээн талбайн шүүгч Элисондоо хожим ярьжээ. Өөрөөр хэлбэл, юу болсон, юу ярилцсаныг тэр хараагүй, мэдээгүй ч хажуугийн шүүгчдээ 100 хувь итгэн, шууд улаан хуудас гаргажээ. Элисондо тэр ДАШТ-ий шилдэг шүүгчээр нэрлэгдсэн юм.

“Тэр явдал тоглолтын хувь заяанд нөлөөлсөн гэж би бодохгүй байна. Зидан “чадуулсан” гэдгээ бол ойлгосон байх. Гэхдээ Матерацци шиг хүмүүс бол хөлбөмбөгийн өвчин юм. Иймэрхүү хүмүүс сөрөг уур амьсгал үүсгэдэг тул хөлбөмбөгт байх ёсгүй” гэж Зиданы хийсэн үйлдлийг багийнх нь анд Лилиан Тюрам өгүүлсэн байдаг.

Мөн алдарт Марадона энэ явдлын талаар тайлбар хийлгүй өнгөрч чадсангүй. “Хөлбөмбөгт хүн байж болох сайн муу бүхэнд бэлэн байх ёстой. Өрсөлдөгч өдөөн турхираад байхад дагаад ашиглуулж болохгүй. Зиданы дургүйг их хүргэсэн үг хэлсэн байх л даа. Гэхдээ тэр тэвчиж өнгөрүүлэх ёстой. Зидан хөөгдсөнөөр багаа хөөдсөн. Тэгээд л аваргын алдраа алдчихлаа. Тэр хөлбөмбөгчийн замналаа ингэж өндөрлүүлэхийг хүссэн гэж үү?” хэмээн Марадона ярьсан байна.

Францын шигшээгийн дасгалжуулагч Раймон Доменек харин Зиданыг шууд шүүмжлэлгүй өдийг хүрсэн юм. “Би Зиданд уурладаггүй ээ. Харин би өөртөө “Зиданыг эртхэн сэлгэчихдэг байж дээ” л гэж хэлдэг” хэмээн Доменек ярьсан удаатай.

Хэдийгээр Зидан хөөгдөх үйлдэл хийж, багаа хөөдсөнд тооцогдсон ч гэсэн францчууд түүнд бараг илүү хайртай болсон гэж хэлж болно. Учир нь 2006 оны Францын хамгийн алдартай хүнээр 48 хувийн саналаар Зинедин Зидан тодорсон юм. Тэгээд ч тэр 1998 онд Франц улсад дэлхийн аваргын алдрыг авчрахад гол үүрэг гүйцэтгэж, шувтаргын тоглолтод өнөөх толгойгоороо хоёр ч гоол мөргөж оруулсан гавьяатан.

2006 оны ДАШТ-ий шилдэг хөлбөмбөгчийн шагналыг 2012 саналаар Зидан хүртэж, түүний дараагаар дэлхийн аварга болсон Италийн шигшээгийн Фабио Каннаваро 1977, Андреа Пирло 715 саналтайгаар ард нь бичигдсэн юм. ДАШТ-ий шилдгээр хөөгдсөн Зидан тодорчихсон тул 2006 оны Дэлхийн шилдгээр түүнийг тодруулахгүй байх тал дээр ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттер хүртэл хошуу нэмсэн удаатай.

“Хэнийг дэлхийн шилдгээр тодруулахыг ОУХХ шийдэхгүй. Гэхдээ тамирчны хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан хүнд энэ шагналыг олгуулахгүй байх талаар ОУХХ анхаарна” гэж Блаттер мэдэгдсэн. Ингээд ОУХХ-ноос нэгэнтээ зодог тайлчихсан Зиданыг гурван тоглолтод оролцох эрхийг хасч, 7500 швейцарь франкаар торголоо. Харин гурван тоглолтын торгуулийг Зидан хүүхдүүдтэй гурав хоног ажиллаж төлсөн байдаг. Марко Матерацциг ч зүгээр өнгөрүүлсэнгүй. Хоёр тоглолтод оролцох эрхийг нь хасч, 5000 швейцарь франкаар торгожээ. Матерацци үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. “Намайг мөргөчихөөд байхад намайг торгоод байх юм” гэж мэдэгдсэн байдаг.

Гэхдээ ДАШТ-ий шилдгээр Зиданыг нэрлэсэн явдлыг Матерацци дэмжсэн юм. “Германд болсон ДАШТ-д хамгийн шилдэг нь Зидан байсан. Би түүнийг биширдэг. Түүний нэг өмсгөл миний цуглуулгад байдаг юм. Би “Перужа”-д, тэр “Ювентус”-т байх үеийнх л дээ” гэж Матерацци өгүүлжээ.

Зиданы мөргөлт ДАШТ өндөрлөснөөс хойш хэдхэн цагийн дараагаар дэлхий даяар олон янзаар яригдаж, дүрслэгдэх болсон. Италийн хэсэг фанатууд “Мөргөлт” нэртэй дуу зохиож тавласан бол Италийн нэгэн зартай загвар зохион бүтээгч мөргөж буй агшинтай футболка гаргаж байлаа. Мөн Nike хүртэл Матераццитай хамтарч тэр агшинд суурилсан реклам хийсэн удаатай. Матерацци ч өөрөө сэтгэж, “Зиданд би юу гэж хэлсэн байж болох вэ?” хэмээх нэртэй, хэлсэн байж болох үгийн 249 хувилбартай, 100 хуудастай ном хэвлүүлэн борлуулж байлаа. Гэхдээ тэрхүү номынхоо орлогыг НҮБ-ын Хүүхдийн санд хандивласныг нь дурьдах хэрэгтэй биз ээ. Мөн хожим 2012 онд Парист Зиданы Матерацциг мөргөж буйг агшныг дүрсэлсэн таван метр өндөртэй хөшөө босгосон юм.

За, ингээд хамгийн сонирхолтой хэсэгтээ оръё. Зиданд Матерацци юу гэж хэлээд тэвчээрийг нь алдагдуулсан бэ? гэдэг асуултад хариулт өгье. Хэвлэлийнхэн үүнийг маш олон янзаар тайлсан. Амны хайрцгаар уншдаг мэргэжилтнүүд “Чи болон танай гэр бүлийнхэн аймшигт үхлээр дуусна” гэж хэлсэн хэмээн мэдэгдсэн. Зарим нь “Дүү охиныг нь янхан, алан хядагч гэсэн юм билээ” гэж ярьж байв. Зиданы эх ч хэрэг явдалд оролцож, Матерацциг үзэн ядаж буйгаа илэрхийлээд тавган дээр махыг нь шарж идэхэд ч бэлэн гэж хэлсэн нь даарин дээр улам давс нэмэв.

Энэ мэтээр дэндүү их цуу яриа тараад байсан тул Зидан Canal+ телевизийн шууд ярилцлагад оролцохдоо яг юу болсныг шулуухан хэлэхээр шийджээ. “Тэр миний өмсгөлөөс зуураад байсан юм. Тэгэхэд нь би “Зуураад байгаа өмсгөлийг чинь би тоглолтын дараа чамд өгч болно шүү” гэж хэлсэн. Үүний дараагаар Матерацци ээж болон дүү охиныг минь хэд хэдэн удаа муухайгаар доромжилсон. Түүний үг дэндүү их доромжилсон өнгө аястай байсан тул би тэсээгүй. Энэ бүхэн маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Гэхдээ би Матерацциг мөргөсөндөө уучлалт гуйхгүй. Хэрвээ би уучлалт гуйвал тэр миний гэр бүлийнхнийг доромжлох эрхтэй гэсэн үг болно шүү дээ” гэж Зидан өгүүлсэн юм.

Матерацци 249 хувилбартай номоо гаргасны дараагаар Зиданд хэлсэн байж болох хамгийн үнэнд ойрхон үгээ хэвлэлд хэлсэн байдаг. Энэ бол “Чиний өмсгөлийн оронд чиний янхан дүүг авсан нь дээр” гэж.

Зидан Матерацци хоёрыг эвлэрүүлэх гэж олон хүн хичээсний дотор ОУХХ ч гар хумхисангүй. Тэд Нельсон Манделагийн 27 жилийн турш хоригдсон Роббен хэмээх арал дээр хоёр хөлбөмбөгчийг уулзуулж, эвлэрүүлэх санаа гаргасан. Гэвч Зидан ийм саналыг хүлээж аваагүй юм.

Матерацци хэлсэн байж болох үгийг нь таасан Daily Star-тай шүүхдэж, багагүй мөнгө халааслаад бас амжсан. Daily Star-ынхан түүнийг “алан хядагч” гэсэн үг ашигласан хэмээн бичсэндээ шүүх дээр очоод ялагдсан юм билээ. Харин Зидан одоог хүртэл тэргүүнээ бардам өргөсөөр яваа. “Матераццигаас уучлалт гуйсны оронд үхсэн минь дээр” гэж тэр хэлдэг.

Ийнхүү Зидан хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүллээ. “Алтан цом”-ын хажуугаар толгой гудайлган өнгөрч, бас хэл амтай өрсөлдөгчөө бух шиг мөргөн унагаж буй зургууд дэлхийгээр нэг цацаастай.

Гэлээ ч Зидан хөлбөмбөгийн ертөнцөө огт орхиогүй. Одоо ч Испанийн “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж явна. Ахлах дасгалжуулагчийн албыг авмагцаа гурван жил дараалан Аваргуудын лигийн цомыг өргүүлсэн ганц мэргэжилтэн бол тэр. Түүнийхээ дараагаар багаа орхиж, мөн л дэлхий дахиныг цочирдуулсан. Тэгээд Мадридын багийн амжилт буурч, замын нохой боргохоор болсон цагт нь буцан ирж, эргүүлэн оргилд гаргахын тулд тэрбээр ханцуй шамлан ажиллаж байна.

“Хөлбөмбөгийн энэ бүх ажлаа дуусгасны дараагаар би аавтайгаа хамт төрөлх Агэмүн тосгондоо очиж амьдарна. Аавынхаа мал маллаж явсан тэр нутгийг би үгүйлээд байдаг юм. Энэ л хөлбөмбөгийн дараахь ганц хүсэл маань” хэмээн Зинедин Зидан өгүүлсэн удаатай.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.